| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0049/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/53 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чгийн Бд холбогдох 1,,,,тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,,,,-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ..................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, тус шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, ,145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн аймгийн Хархорин сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 -т зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогтой Чийн Б/РД:АМ............./,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Чимэдцэрэнгийн Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-нөөс 22-ны хооронд Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр Хужрын голын Шар булаг гэх газраас иргэн О.Цийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Цийн өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Хужрын голын Шар булаг гэх газар намаржиж байсан. Тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө гэрийнхээ гадаа байдаг хонины хашаан дотор хашсан байсан үхрүүдээс буруун талын чих нь догол имтэй, улаан зүсмийн 1 тооны сувай монголын үнээ хулгайд алдагдсан. Тэгээд тэр үедээ хайгаад олж чадаагүй. Тэгсэн Ч.Б гэх манай танил залуу хулгай хийж ачиж авч яваад Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаа нарт баригдаад буцааж манай үхрийг авчирч буулгаж хаячихаад явсан байсан. Тухайн үхрийг хашиж хонохдоо хонины хашааны урд жааз буюу хаалгыг нь үхэр гарчиж магадгүй гэж бодоод даавуугаар би өөрөө уясан байсан тэгсэн харин үхэр алга болдог шөнө хашааны уяа нь тайлагдсан, алга болсон үхрээс өөр байсан бусад үхрүүд нь бүгд тоо ёсоороо байсан. Анх Өвөрхангай аймаг Хархорин сумын Цагдаа дээр очих үед цагдаагийн гадаа хөх өнгийн портер дээр манай алдсан сувиа үнээ байсан би хэрхэн таньсан бэ гэвэл чихний им, мөн алдсан үнээ маань сэрвээн дээрээ хэсэг цагаан үстэй үхэр юм түүнийг нь хараад л шууд таньсан тэгээд цагдаа дээр орох гэхэд түүний ах нь битгий гээд гуйгаад байхаар нь орж хэлж чадалгүй буцаад явсан. Тэгсэн түүнээс хойш 2-3 хоногийн дараа урд толгойн өврөөс манай алдсан сувиа үнээ өөрөө гүйгээд ирсэн. Миний алдсан үнээ нь сувиа үнээ байсан ба тарга тээвэргэ дундын сайхан л үнээ байсан учраас 800.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Үхэр алга болсоны дараа буулгаад өөр тийш нь аваад явсан гэхдээ би Хархорин сумаас ирсэн цагдаа нарт хашаа байсан газраа зааж өгч зураг хүртэл авхуулсан. Одоо тухайн хонины хашаа бол одоо өвөлжөөн дээр байгаа. Тухайн асуудлаас нилээн хэд хоногийн дараа түүнтэй таарч уулзахад өөрийнхөө үхэр хулгай хийсэн хүлээн зөвшөөрсөн. Манайх 6 том үхэр, хаврын 2 тугал гээд одоо бол 8 тооны үхэртэй айл. Би шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй мал хунар бөөгнүүлэх гээд ажил их байдаг учраас амжихгүй. Өөрийнхөө хулгайд алдсан үхрээ бүрэн бүтнээр нь олж авсан учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/,
*Иргэний нэхэмжлэгч С.Гийн өгсөн:
“...Миний эзэмшлийн машин байгаа. 2019 оны 09 дүгээр сард манай нөхрийн дүү Ч.Б унаж хэрэглэж байгаад харин хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Би өөрийнхөө машиныг 3 сая төгрөгөөр үнэлж байна, ямарч байсан апаратур эвдэрсэн, винкс араа нь эргэсэн, хойд хоёр дугуй нь дан, дөрвөн дугай нь элэгдэж хорогдсон, мотороо цохиулаад боолгосон, кольц муу, их биеэндээ мастай, өнгө үзэмж муутай будаг, халцарсан, хропондоо араа нь давхцаад орохгүй, их хоёр гэрэл бүдэг асдаг, торомзны улаан гэрэл нь ажиллахгүй машин байгаа. Би өөрийнхөө машиныг л олж авмаар байна, машианаа авчихвал гомдол саналгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
*Гэрч Н.Эгийн өгсөн:
“...6 тооны том үхэр, 2 тооны тугалтай нийлээд 8 тооны үхэртэй айл байгаа юм. Улаан хүрэн зүсмийн хумбан эвэртэй, буруу тал нь догол имтэй, сэрвээ дээрээ жижиг цагаан үнээ байдаг. Тэгсэн тэр үхэр нь намар алга болоод 4-5 хоноод гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд нутгийнхнаас сонсоход Очоо буюу Ч.Б гэх залуу хулгай хийж авч явж байгаад цагдаад баригдаад буцаагаад үхрийг нь өгсөн гэсэн тэр нь үнэн байсан...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 28 дугаар тал/,
*Гэрч С.Оийн өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үед манай нөхөр хөдөө гэрээсээ үнээ ачиж Хархорин сум орж ирж яваад цагдаад баригдсан гэсээр гэртээ ирсэн тэр үед яагаад цагдаад баригдсан талаар би нөхрөөсөө асуухад манай нөхөр надад хөдөө гэрээсээ нэг улаан үнээгээ гарал үүслийн бичиггүй явж байгаад баригдсан гэж ярьж байсан. Тэгсэн маргааш нь намайг цагдаагаас дуудаад машин дээр ачсан нэг улаан үнээ үзүүлээд танай үхэр мөн үү гэж асуусан яг үнэндээ бол би Өвөрхангай аймгийн Хархорин суманд дэлгүүр ажиллуудаг учраас хөдөө гэртээ очоод байдаггүй. Манайх ямар зүстэй үхэр малтайг мэдэхгүй хараад ч танихгүй учраас нөхрийн хэлсний дагуу манай саалийн үнээ гэж анх нөхөр маань цагдаад баригдсан үед асуусан цагдаа хандаж хэлсэн бөгөөд тэр өдрөө манай нөхөр 150.000 мянган төгрөгөөр торгуулаад бид хоёр нөгөө үхэр машинаа аваад сумын төвд гэртээ ирээд манай нөхөр ч нөгөө үнээгээ хөдөө гэр рүүгээ аваад явья өвс усгүй олон хонолоо гээд яараад аваад явсан тэгсэн тухайн асуудлаас хойш нилээн хэд хоногийн дараа цагдаагаас манай нөхрийг дахин барьж аваад явсан түүнээс хойш надтай цагдаагааас хэн ч уулзаагүй. Би анх нөхрийгөө цагдаад баригдаад 150.000 төгрөгөөр торгуулах үед нь бол тус үнээг өөрийнхөө үнээ л гэж бодсон харин сүүлд баригдаад явсаныхаа дараа манай нөхөр надад үнэн учраа хэлсэн одоо тус асуудлаас болж бид хоёрын хооронд маргаантай байна. Манай саадаг үнээ л гэж бодсон. Харин хулгайн үнээ гэж мэдсэнээс хойш надтай цагдаа уулзаагүй. Хөдөө гэрээсээ үнээ ачсан орж ирээд гарал үүслийн бичиггүй гэж 150.000 төгрөгөөр торгуулах үед нь манай үнээ гэж бодсон. Харин түүнээс хойш нилээн хэд хоногийн дараа цагдаа нар манай нөхрийг авч явсан тэгээд нөхөр маань буцаж гэртээ ирэхдээ манай үнээ гээд байсан үнээгээ хулгай хийсэн талаараа ярьсан. Хэрвээ би тухайн үнээг хулгайн үнээ гэдгийг анх тэр үхрийг цагдаа надад үзүүлэх үед нь мэдэж байсан бол би үнэнг хэлэх байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/
*Яллагдагч Ч.Бын өгсөн:
“...Манай өвөлжөө Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Халиар гэх газар байдаг. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портөр машинтай өвөлжөөн дээр очиж юм хийчихээд буцах замд Цийн гадаа үхрүүд нь хашаатай байсан. Би хашааны амыг нийлүүлж уясан байсан даавууг тайлж онгойлгоод тэр үхрүүдээс 1 тооны улаан үхрийг аваад портер машинаа голын эрэг рүү шахаж тавьж байгаад ачсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орж явтал цагдаа таараад баригдаад үхрийг нь буцааж зүсээр нь өгсөн. Архангай аймгийн Хотонт сумын Шар булаг гэх газарт байдаг булагийн эрэг рүү нь машинаа шахаж байгаад ачсан. Тэр газар нь Цийн гэртээ ойрхон байдаг. Тэр үнээ саамгай үнээ байсан болохоор номхон байсан. Улаан зүсмийн саадаг талын буюу буруу талын чих догол имтэй байсан. Зам дээр байж байхаар нь аччихсан. Цийнх намаржаан дээрээ байсан. Хонины хашаандаа үхрээ хашсан байсан. Гэрээс нь зайтайдуу байсан. Би машинаа урд талынх нь жалганд тавьчихаад өөрөө явган очоод үхрээ хөтлөөд ирсэн. Би нэг богинохон мяндасаар эврээс нь уяаад хөтөлж аваачсан. Тэр мяндасыг хаячихсан, одоо байхгүй. Би өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Энэ машин манай бэр Гийн машин байгаа юм. Би энэ машиныг худалдаж авна гэж ярьсан байсан. Би 1976 онд Архангай аймгийн Хотонт суманд Чимэдцэрэн гэдэг хуний 3 дахь хүү болж төрсөн. Бага насандаа Архангай аймгийн Хотонт сумын 10-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1992 онд мал дээр гарсан. 1999 онд эхнэр Отэй гэр бүл болсон. Одоо 3 хүүхэдтэй том хүү Дэлгэрэх Монголын үндэсний их сургуулийн 2 дугаар курсын оюутан, дунд охин 10 дугаар анги, бага хүүхэд 7 дугаар анги, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 12 жилийн сургуульд сурдаг. Манайх бод бог нийлсэн 300 гаран толгой малтай. Би цэргийн алба хаагаагүй...’’гэх мэдүүлэг/хх-ийн 49-52 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2019 оны 11 сарын 24-ний өдрийн 271 дугаартай:
“...Нас гүйцсэн үнээний үнэ 1.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 35 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 67 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 21-нөөс 22-ны хооронд Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр Хужрын голын Шар булаг гэх газраас иргэн О.Цийн 1 тооны үхэр хулгайлагдаж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б үйлдсэн болох нь хохирогч О.Цын”... Тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө гэрийнхээ гадаа байдаг хонины хашаан дотор хашсан байсан үхрүүдээс буруун талын чих нь догол имтэй, улаан зүсмийн 1 тооны сувай монголын үнээ хулгайд алдагдсан. Тэгээд тэр үедээ хайгаад олж чадаагүй. Тэгсэн Ч.Б гэх манай танил залуу хулгай хийж ачиж авч яваад Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаа нарт баригдаад буцааж манай үхрийг авчирч буулгаж хаячихаад явсан байсан. Өөрийн хулгайд алдсан үхрээ бүрэн бүтнээр нь авсан учраас ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Гийн”... Миний эзэмшлийн машин байгаа. 2019 оны 09 дүгээр сард манай нөхрийн дүү Ч.Б унаж хэрэглэж байгаад харин хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Би өөрийнхөө машиныг 3 сая төгрөгөөр үнэлж байна, ямарч байсан апаратур эвдэрсэн, винкс араа нь эргэсэн, хойд хоёр дугуй нь дан, дөрвөн дугай нь элэгдэж хорогдсон, мотороо цохиулаад боолгосон, кольц муу, их биеэндээ мастай, өнгө үзэмж муутай будаг, халцарсан, хропондоо араа нь давхцаад орохгүй, их хоёр гэрэл бүдэг асдаг, торомзны улаан гэрэл нь ажиллахгүй машин байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эгийн”... Улаан хүрэн зүсмийн хумбан эвэртэй, буруу тал нь догол имтэй, сэрвээ дээрээ жижиг цагаан үнээ байдаг. Тэгсэн тэр үхэр нь намар алга болоод 4-5 хоноод гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд нутгийнхнаас сонсоход Очоо буюу Ч.Б гэх залуу хулгай хийж авч явж байгаад цагдаад баригдаад буцаагаад үхрийг нь өгсөн гэсэн тэр нь үнэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Оийн”... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үед манай нөхөр хөдөө гэрээсээ үнээ ачиж Хархорин сум орж ирж яваад цагдаад баригдсан гэсээр гэртээ ирсэн тэр үед яагаад цагдаад баригдсан талаар би нөхрөөсөө асуухад манай нөхөр надад хөдөө гэрээсээ нэг улаан үнээгээ гарал үүслийн бичиггүй явж байгаад баригдсан гэж ярьж байсан. Тэгсэн маргааш нь намайг цагдаагаас дуудаад машин дээр ачсан нэг улаан үнээ үзүүлээд танай үхэр мөн үү гэж асуусан яг үнэндээ бол би Өвөрхангай аймгийн Хархорин суманд дэлгүүр ажиллуудаг учраас хөдөө гэртээ очоод байдаггүй. Манайх ямар зүстэй үхэр малтайг мэдэхгүй хараад ч танихгүй учраас нөхрийн хэлсний дагуу манай саалийн үнээ гэж анх нөхөр маань цагдаад баригдсан үед асуусан цагдаад хандаж хэлсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин .Даваасүрэнгийн 2019 оны 11 сарын 24-ний өдрийн 271 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Бын бусдын малыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Быг мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь хулгайлсан үхрээ буцааж хохирогчид өгсөн талаар хохирогч О.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн/хх-ийн 20 дугаар хуудас/ мэдүүлсэн бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол төлбөргүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Хюндай Портер маркийн 17-16 АРА улсын дугаартай хэрэгсэл нь С.Г гэх хүний эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Баас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Хюндай Портер маркийн 17-16 АРА улсын дугаартай автомашины үнэ болох 3.000.000/гурван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгон, Хюндай Портер маркийн 17-16 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч С.Гт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Ч.Бын хувьд тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Чгийн Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 61 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Хюндай Портер маркийн 17-16 АРА улсын дугаартай автомашины үнэ болох 3.000.000/гурван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгон Хюндай Портер маркийн 17-16 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч С.Г/РД:АМ............../-т олгосугай.
6. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР