Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/54

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э

Шүүгдэгч: Х.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хийн Цд холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  ,,,-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ............гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овогтой Хын Ц/РД:АО............/

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Хийн Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Мухар ам” гэх газар иргэн Д.Цтай маргалдаж улмаар зодолдон баруун хөлийн тахилзуур ясыг хугалж, шагайн үений холбоос салсан гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

           *Эрүүгийн ,,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Цын өгсөн: 

“...Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны үед адуугаа хайж яваад олоогүй замдаа орой 22:00 цагийн өнгөрч байхад Ц гэдэг айлд очсон. Эхнэр нь орондоо ороод унтаж байсан. Х.Ц надад идээ авч өгөөд монгол архи аяганд хийж өгсөн. Бид хоёр Х.Цгийн авч ирсэн жижиг савтай архийг хувааж ууж байснаа миний урд нь алдсан 3 тооны адуу сүүлд нь алдсан 4 тооны адууны талаар маргалдаад би Х.Цд чи миний өмнө нь алдсан 3 адууг авсан байж таараа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад гэрээс гараад би Х.Цг нэг удаа гараараа цохиж авсан. Тэгээд Х.Ц миний баруун талын хөл рүү хавирч миний баруун талын хөл хугарч би газарт унасан. Миний баруун хөлийг хугарсан байхад Х.Ц надад эмнэлэг дуудаж өгөөгүй эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй. Би Х.Цд миний баруун талын хөл хугарсан байна гэж хэлэхэд чи ясны сийрэгжилтэнд орсон юм бишүү гэж намайг доромжилсон. Х.Ц намайг эмнэлэгт үзүүлээгүй эмчилгээний зардал өгөөгүй эм тариа авч өгөөгүй. Би тухайн үед явж чадахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/ 

 

*Хохирогч Д.Цын дахин өгсөн: 

“...Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Цагаан сүм мухрын ам гэдэг газар намаржиж байсан нутгийн айл Х.Ц гэх айлд ороод би идээ цай ууж байгаад нэрмэл шимийн архи бид хоёр хувааж ууж байгаад өмнө манайх адуугаа хулгайд алдаад манай адууг Х.Ц нь хулгай хийсэн байсан. Энэ асуудлаас болж бид хоёр маргалдсан тэгээд бид хоёр гэрийн гадаа гараад бие биеэ заамдаж аваад нэг нэг харилцан цохьсон. Тэгсэн Х.Ц миний баруун хөл рүү нэг удаа хөлөөрөө хавирч унагасан тэгсэн миний хөл явж болохгүй босч болохгүй өвдөөд байсан. Тэгээд хэсэг гадаа нь хэвтэж байгаад Х.Цг би чи хүргээд өгөөч гэсэн хүргэж өгөөгүй би нутгийн залуу Ч.Б гэх залууг дуудаж гэртээ хамт харьсан. Намайг нэг удаа гараараа цохьсон мөн миний баруун хөлийг хавсарч унагаж баруун хөлийн тахилзуур яс шагайн үеийн холбоос салгаж надаа гэмтэл учруулсан өөр гэмтэл бэртэл учруулаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна би гомдолтой байна эмчилгээний зардал болох нийт нэгдсэн эмнэлэгт би хэвтэж хөлийн хагалгаанд орж 450.000 төгрөг төлсөн ор хоногийн мөнгө гэж би 300,000 төгрөг, дээрээс нь би Аймгийн төв гэр хоёрын хооронд хүний машин хөлсөлж 2 удаа 120.000 төгрөгөөр хөлсөлж ирж очсон. Тэгээд ойр зуурын эм тарианы мөнгө гээд зөндөө гарсан яг надаа баримт материал байхгүй байна нийт 990.000 төгрөгийн хохирол гарсан би 1.500.000 төгрөг нэхэмжилнэ өөр надад нэмж ярих зүйл алга байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/ 

 

*Гэрч Д.Оын өгсөн:

“...2019 оны 09 дүгээр сарын 30-нд шөнө 00 цаг өнгөрч байхад манайд Д.Ц ирсэн би босоогүй миний нөхөр Х.Ц босч идээ өгч үйлчилсэн. Х.Ц, Д.Ц нар 2 литр монгол архи уусан. Энэ хооронд Д.Ц миний нөхөр Х.Цг үг хэлээр дарамталсан олон удаа тамхи ороолгуулсан мөн хэд хэдэн удаа цохиж авсан. Намайг юу болоод байгаа юм бэ гэсэн чинь чимээгүи болсон. Тэгээд Х.Ц, Д.Ц нар гараад гадаа хэсэг ярилцаж байгаад Х.Ц гүйж орж ирээд Д.Ц намайг боогоод байхаар нь би гарыг нь салгаад хойш нь түлхсэн чинь газарт унаад хөл , хөл гээд орилоод байна яах вэ гэхээр нь би босоод гараад очсон чинь Д.Ц газар хэвтэж байсан. Босгох гэсэн чинь босож болохгүй байна гээд орилоод байсан тэгээд Д.Цын хүргэн Халь гэдэг хүн машинаар ирээд аваад явсан. Х.Ц Д.Ц нар маргалдаж зодолдоогүй. Д.Ц манайхаар ирж агсам согтуу тавьдаггүй утсаар залгаж дарамталж танай нөхрийг хаа байгаа газар нь буудаж ална умасны хүүхэн минь гэж намайг утсаар зөндөө дарамталж байсан. Тухайн үед Х.Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл гэртээ унтаж амарч байсан. Д.Ц гэдэг хүн манай гэрт орж ирэхэд хөл нь зүгээр байсан. Д.Ц гэдэг хүн манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/ 

 

*Гэрч Ч.Бын өгсөн: 

“...2019 оны 09 дугаар сард он сар өдрийг нь би санахгүй байна над руу Д.Ц ах утсаар яриад Х.Цгийн гадаа байна миний хөл хугарчихлаа чи ирээд намайг аваадах гэсэн. Тэгэхээр нь би очиж Д.Ц ахыг авсан би яг юу болсныг мэдэхгүй хараагүй надад хэлэхдээ Х.Ц намайг хавсарч унагаад миний хөлийг хугаллаа гэж байсан. Би хажууд нь байгаагүй, хараагүй намайг Х.Цгийн гэрт очиж Д.Ц ахыг авахад Д.Ц ах газар доошоо хараад хэвтсэн байсан тэгэхээр нь би машин дээрээ өргөж тавиад гэрт нь хүргэж өгсөн. Өмнө бэртэж гэмтсэн асуудал байхгүй тэдний гэрт очихдоо хөл нь зүгээр байсан. Намайг очиж авахад Х.Цгийн гэрийн гадаа доошоо хараад хэвтсэн байсан баруун хөл гэмтсэн хөдөлж босч явж чадахгүй би өөрийн машин дээрээ өргөж тавиад гэрт нь хүргэж өгсөн. Намайг манай нутгийн хүмүүс Халь гэдэг нэрээр дууддаг. Би энэ хоёрын хоорондын зан харьцааны талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/ 

 

*Яллагдагч Х.Цгийн өгсөн: 

“...2019 оны 09 сарын 30-ны шөнө Архангай аймаг Цэнхэр сум Цэцэрлэг баг цагаан сүмийн Мухарын ам гэх газар байдаг манай гэрт Д.Ц манайд ирээд бид хоёр шимийн монгол архи хувааж ууж байгаад намайг нэг цохино гэсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэсэн удалгүй намайг гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би урдаас нь боож аваад газар түлхэж унагасан. Тэгсэн газар унаад миний хөл дунд чөмөг хугарлаа гэхээр нь би түүний хөлийг гараараа бариад үзэхэд түүний хөлийн баруун талын шагай хэсэг нь хавдсан хөндүүр байсан ёолоод орилоод байсан. Тэгээд би удалгүй гэрийнхээ гадаа болсон асуудлын талаар хэлээд чи монгол архи аваад ир гэж хэлээд архи авчруулж уусан удалгүй Д.Ц өөрийн хамаатны дүүг дуудаад гэр рүүгээ явсан маргааш өдөр би эхнэрийнхээ хамт очоод биеийг нь асуухад миний бие гайгүй байна аймаг орж үзүүлмээр байна гэсэн надаа машин барих үнэмлэх байхгүй байна гэж байсан удалгүй би эхнэрийн хамт харьсан. Тухайн үед би манай эхнэр байсан, өөр хүн байгаагүй. Би намайг гараараа цохиод авахаар нь би гэрийн гадаа гараараа намайг дахин цохиж миний хоолойг боохоор нь би хоёр гарыг алдуулаад газар түлхэж унагасан өөр би ямар нэг үйлдэл хийгээгүй. Бид хоёрын дунд өр авлага таарамжгүй харьцаа байхгүй. Би гараараа цохиогүй намайг хоёр удаа цохиод авахаар нь би гэрийн гадаа гараад миний хоолойг боохоор нь би хоёр гарын барьц тавиулж хойш нь газар нэг удаа түлхэж унагасан. Д.Цын биед учруулсан гэмтлийг би учруулсан, нэг удаа газар түлхэж унагасан түүнээс болж биед нь гэмтэл үүссэн гэж би бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-33 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 569 дугаартай“...Д.Цын биед баруун хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, шагайн үений холбоос салсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үеэр эвгүй хоших үед үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 20 дугаар тал/ 

 

          *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Мухар ам” гэх газар иргэн Д.Ц нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд баруун хөлийн тахилзуур ясны доод гуравны нэг хэсгийн далд хугарал, шагайн үений холбоос салсан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Х.Ц үйлдсэн болох нь хохирогч Д.Цын”...Х.Ц надад идээ авч өгөөд монгол архи аяганд хийж өгсөн. Бид хоёр Х.Цгийн авч ирсэн жижиг савтай архийг хувааж ууж байснаа миний урд нь алдсан 3 тооны адуу сүүлд нь алдсан 4 тооны адууны талаар маргалдаад би Х.Цд чи миний өмнө нь алдсан 3 адууг авсан байж таараа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад гэрээс гараад би Х.Цг нэг удаа гараараа цохиж авсан. Тэгээд Х.Ц миний баруун талын хөл рүү хавирч миний баруун талын хөл хугарч би газарт унасан. Миний баруун хөлийг хугарсан байхад Х.Ц надад эмнэлэг дуудаж өгөөгүй эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй. Би Х.Цд миний баруун талын хөл хугарсан байна гэж хэлэхэд чи ясны сийрэгжилтэнд орсон юм бишүү гэж намайг доромжилсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оын”... Х.Ц, Д.Ц нар 2 литр монгол архи уусан. Энэ хооронд Д.Ц миний нөхөр Х.Цг үг хэлээр дарамталсан олон удаа тамхи ороолгуулсан мөн хэд хэдэн удаа цохиж авсан. Намайг юу болоод байгаа юм бэ гэсэн чинь чимээгүй болсон. Тэгээд Х.Ц, Д.Ц нар гараад гадаа хэсэг ярилцаж байгаад Х.Ц гүйж орж ирээд Д.Ц намайг боогоод байхаар нь би гарыг нь салгаад хойш нь түлхсэн чинь газарт унаад хөл , хөл гээд орилоод байна яах вэ гэхээр нь би босоод гараад очсон чинь Д.Ц газар хэвтэж байсан. Босгох гэсэн чинь босож болохгүй байна гээд орилоод байсан тэгээд Д.Цын хүргэн Халь гэдэг хүн машинаар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”...2019 оны 09 дугаар сард он сар өдрийг нь би санахгүй байна над руу Д.Ц ах утсаар яриад Х.Цгийн гадаа байна миний хөл хугарчихлаа чи ирээд намайг аваадах гэсэн. Тэгэхээр нь би очиж Д.Ц ахыг авсан би яг юу болсныг мэдэхгүй хараагүй надад хэлэхдээ Х.Ц намайг хавсарч унагаад миний хөлийг хугаллаа гэж байсан. Би хажууд нь байгаагүй, хараагүй намайг Х.Цгийн гэрт очиж Д.Ц ахыг авахад Д.Ц ах газар доошоо хараад хэвтсэн байсан тэгэхээр нь би машин дээрээ өргөж тавиад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Цын биед баруун хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, шагайн үений холбоос салсан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 569 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Х.Цгийн бусдын биед, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Цгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн шүүгдэгч Х.Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд “...эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороход 450.000 төгрөг, эмнэлэгт ор хоногийн мөнгө 300.000 төгрөг төлсөн, аймгийн төв гэр  хоёрын хооронд машин хөлсөлж 2 удаа явсан 120.000 төгрөг, ойр зуурын эм тарианы мөнгө нийлээд 990.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой эмнэлэгт хэвтэж, хагалгаа хийлгэсэн талаар баримт ирүүлсэн байна. Иймд түүний хагалгаа хийлгэсэн төлбөр 450.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 300.000 төгрөг нийт 750.000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч Х.Цгээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч Д.Ц нь машин хөлсөлж явсан болон эм тариа авсан гэх зардлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Х.Ц нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар болон ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж  гэж хуульчилсан байна. Шүүгдэгч Х.Ц нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 244 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хийж гүйцэтгэсэн болох нь Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Цд энэ тогтоолоор оногдуулсан ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

 

Шүүгдэгч Х.Цд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах хуульд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогтой Хын Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.Цг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон энэ тогтоолоор оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цгээс 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Цэнхэр сумын .............оршин суух хохирогч Б овогт Дийн Ц/РД:АЮ........../-т олгосугай. 

 

            7. Шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ц нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

           9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ГАНДОЛГОР