Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/59

 

 

 

                          2020/ШЦТ/59

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Г.М 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Гын Мт холбогдох эрүүгийн ,, тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Шн овогт Гын М/РД:АГ.............2/ 

 

                             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Гын М нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 06-09 тоот гэрт иргэн Ж.Бтэй маргалдаж улмаар нүүр орчим нь мөргөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн,,,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ж.Бийн өгсөн: 

“...2019 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө ахын хүүхэд орж ирээд намайг хүүхдүүд дээрэлхээд тэгээд утсаа хаячихлаа тэр хүүхдүүд авсан байх гэж хэлсэн. Тэгээд Р.С ах бид 2 тэр айлыг нь заалгаад очсон хашааны хаалга онгорхой хашаан дотор нохой байхгүй байхаар нь хашаа руу явж ороод нэг гэрийн хаалгыг нь тогшсон онгойлгохгүй байхаар нь хаалгыг нь хүчтэй татсан чинь онгойсон. Тэгээд гэрт нь ороод манай дүү утсаа хаясан байна манай дүүгийн утсыг авсан байж болох хүмүүс танай хашаа руу орсон гэж байна гэж хэлсэн чинь бид нар яаж мэддэг юм бэ гээд  маргалдаж эхэлсэн. Тэгсэн нэг ах гэрийнхээ нэг унийг барьж аваад Р.С ахыг цохих шиг болоод Р.С ах гэрээс гараад явсан би гэрт үлдсэн байсан тэгсэн нэг залуу ирээд намайг мөргөж газар унагаагаад тэгээд дээрээс цохиж зодоод байсан. Тэгээд С ах цагдаа дуудчихлаа гэхээр нь би гэрээс нь гарч ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Намайг тэр Г.М гэх залуу миний нүүр рүү мөргөсөн. Тэр үед би доош тонгойх үед намайг хавсарч унагаагаад тэгээд дээрээс цохиж зодсон. Р.С ахыг нэг танихгүй ах гэрийн униар цохих шиг болсон. Тэгээд Р.С ах гэрээс гараад явчихсан. Р.С ах бид 2 архи уусан байсан тэнд байсан хүмүүс ч гэсэн архи уусан согтуу байх шиг байсан. Миний биед учирсан гэмтлийг Г.М гэх залуу намайг цохиж зодож учруулсан намайг өөр хүмүүс бол цохиж зодоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г.М бид 2 сайн дураараа эвлэрсэн Г.М надад эмчилгээний зардал гэж 490.000 төгрөг өгсөн миний хувьд ямар ч гомдол санал байхгүй энэ хэргийг хурдан түргэн шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар тал/ 

 

*Гэрч Ж.Тийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө манай хүү Т.Ч гэртээ орж ирээд гудамжинд хүүхдүүдтэй маргалдаж байгаад утсаа хаячихлаа гэж орж ирсэн. Тэгээд эргэж гараад хайсан утас нь байхгүй байна гээд манай хүүхэдтэй маргалдсан хүүхдүүдийн орсон айл руу манай нөхөр Р.С манай дүү Ж.Б нар орсон байсан. Би тэд нарыг гэрээс гараад явсны дараа орондоо ороод унтчихсан байсан орой намайг унтаж байх үед 03-04 цагийн үед манай нөхөр Р.С, манай дүү Ж.Б 2 зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Тухайн үед Ж.Бийн толгой нь хавдсан хамар нүүр нь жижиг жижиг зулгарсан байдалтай орж ирсэн. Ж.Б тухайн үед Г.М гэх хүнд зодуулчихлаа гэж байсан. Маргааш нь Г.М гэх залуу над руу өөрөө утсаар залгаад намайг уучлаарай эгчээ би танай дүүг зодчихсон гэж хэлж байсан. Тэгээд манай дүү танай хүүхдийн утсыг гудамжинд байх үед нь олсон байна шүү гээд авч ирж өгсөн. Тухайн үед манай дүү Ж.Бийн толгой нь хавдсан нүд нь хөхөрсөн хамарнаас нь цус гарсан байсан. Манай нөхөр Р.Сийн зүүн гар нь бага зэрэг хавдсан байсан. Ж.Бийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Г.М гэх залуу цохиж зодож учруулсан гэж Ж.Б болон Г.М нар хэлж байсан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед манай нөхөр Р.С, манай дүү Ж.Б манай хүү Т.Ч, тэгээд Г.М болон түүний эхнэр мөн өөр 2 хүн байсан гэж ярьж байсан би хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Би ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй. Тэр үед Р.С болон Ж.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуухан байсан. Манай хүү Т.Чын хэлж байгаагаар гудамжинд найз нартайгаа явж байгаад хүүхдүүдтэй таараад тэр хүүхдүүдтэйгээ маргалдаж байх үедээ гар утсаа газар унагаачихаад тэгээд хайгаад олоогүй учраас тэр маргалдсан хүүхдүүдийг авсан гэж бодоод аав ах хоёртоо хэлсэн байсан. Тэгээд манай нөхөр манай дүү 2 тэр хүүхдүүдийн орсон гэх хашаа руу явж ороод Г.М болон түүнтэй хамт байсан хүмүүстэй маргалдаад улмаар зодоон болсон байсан. Маргааш нь Г.М гэх залуу манай хүүхдийн гар утсыг манай дүү гудамжнаас олсон байна гэж авч ирж өгсөн. Манай дүү, манай нөхөр хоёрын хэлж байгаагаар Г.М архи уусан байсан гэж хэлж байсан. Г.М нь Ж.Бийн эмчилгээний зардал гэж 490.000 төгрөг бэлнээр өгсөн байсан. Манайхны зүгээс Г.Мт ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/ 

 

*Гэрч Р.Сийн өгсөн: 

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө би найз нартайгаа архи уусан халамцуухан байсан тэр үед манай хүргэн дүү Ж.Б шинэ жилд орж ирээд бас халамцуухан байж байсан. Тэгсэн манай хүү Т.Ч гаднаас гэртээ орж ирээд гудамжинд хүүхдүүдтэй маргалдаж байгаад утсаа хаячихлаа тэгээд эргэж гараад хайсан утас нь байхгүй байна тэр хүүхдүүд аваад гэртээ орсон байх гэж хэлэхлээр нь Ж.Б бид 2 тэр айлыг нь заалгаад гэрт нь орох гэтэл гэрийнх нь хаалга дотор талаасаа хаалттай байсан. Хаалгыг 2 татсан чинь үүд нь онгойсон тэгсэн тэнд байсан хүмүүс хаалга үүд цоожтой байх үед орж ирлээ гэж уурласан тухайн үед манай хүүхэд гар утсаа гээсэн байна танай хашаа руу утсыг нь авсан байж болох хүүхдүүд орсон байна гэж хэлсэн чинь тэд нар уурлаад хэрүүл маргаан үүссэн тэгсэн тэр Г.М гэх залуу нь манай дүү Ж.Бийг мөргөж газар унагаагаад дээр нь гарч ирээд зодоод байсан.  Тэнд байсан нэг залуу намайг гэрийн униар нэг удаа гар руу цохисон тэгээд би тэр гэрээс гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй харин Ж.Бийн биед гэмтэл учирсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь аваад цагдаа дээр ирсэн. Тухайн үед манай дүү Ж.Бийн хамар амнаас цус гарсан байсан. Миний биед гэмтэл бэртэл гэх зүйл учраагүй. Ж.Бийн биед учирсан гэмтлийг Г.М гэх залуу мөргөж, унасан байх үед нь дээрээс нь цохиж зодож учруулсан. Тухайн үед Ж.Б ба манай хүү Т.Ч байсан тухайн гэрт Г.М болон түүнээс гадна 2 хүн хамт байсан. Манай хүү Т.Чын хэлж байгаагаар гудамжинд найз нартайгаа явж байгаад хүүхдүүдтэй таараад тэр хүүхдүүдтэйгээ маргалдаж байх үедээ гар утсаа газар унагаачихаад хайгаад олоогүй учраас тэр маргалдсан хүүхдүүдийг авсан байх гэж бодсон байсан. Тэгээд Ж.Б бид 2 тэр утасны асуудлыг шийдэх гэж тар айлд ороод хэрүүл маргаан болсон. Г.Мтай хамт байсан гэх хүмүүс Ж.Бийг цохиж зодсон эсэх талаар мэдэхгүй. Тэр хамт байсан хүмүүсийн нэг нь гэрийн унь бариад намайг миний зүүн гар орчимд нэг удаа цохисон тэгээд би цагдаа дуудах гээд тэр айлаас гараад явсан эргээд ороод ирэх үед Ж.Бийг тэр Г.М гэх залуу доороо оруулчихсан зодож байсан. Тухайн үед хамар амнаас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/ 

 

*Насанд хүрээгүй гэрч Т.Чын өгсөн: 

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө найз нарынхаа хамтаар Бортолгойд явж байсан чинь гэрлийн утас унжсан байсан тэр утсан доогуур нь бид нар гараад явж байсан чинь тэр айлаас хэдэн хүүхдүүд гарч ирээд гэрэл тог тасалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь бид нар гэрэл тасдаагүй ш дээ гэсэн чинь тэнд байсан нэг хүүхэд та нараас өөр хэн тасалдаг юм гээд байсан тухайн үед миний гар утсыг манай найз Төгөлдөр барьчихсан явж байсан чинь тэр нэг танихгүй хүүхэд ирээд Төгөлдөртэй маргалдаад Төгөлдөрийг цохих гээд байсан чинь Төгөлдөр миний гар утсыг газар хаячихаад зугтаачихсан. Тэгэхээр нь бид нар ч гэсэн Төгөлдөрийг дагаад зугтаасан тухайн үед тэнд утсаа үлдээгээд зугтаасан байсан. Тэгээд би Төгөлдөрөөс утсаа авъя гэж хэлсэн чинь би тэнд газар хаячихаад зугтаачихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар хэсэг хугацааны дараа нөгөө газраа эргэж ирээд үзэхэд миний утас байхгүй байхаар нь би гэртээ ирээд аав ах хоёрт болсон асуудлын талаар хэлээд нөгөө хүүхдүүд гарч ирсэн хашааг зааж өгсөн. Манай аав Р.С, ах Ж.Б 2 тэр айлын хашаа руу орсон. Тэр үед хашаан дотор нийт 3 айл байсан ба 2 гэр нэг байшин байсан тэгээд аав ах 2 хажуу талын гэр рүү ороод хүүхдийнхээ утсыг авъя гэж хэлсэн чинь хэрүүл маргаан болоод тэнд байсан нэг ах гэрийн унь аваад манай аавын зүүн гар орчимд цохисон. Тэгсэн тэнд байсан Г.М гэх ах Ж.Б ахыг барьж аваад нэг удаа мөргөөд газар унагаагаад тэгээд дээр нь гараад цохиж зодоод байсан тэр үед манай аав гэрээс гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн байсан нэг их удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Миний гар утсыг маргааш нь Г.М гэх ах манай дүү гудамжнаас олсон байна гээд авч ирж өгсөн байсан. Миний утас эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан.  Миний гар утас тухайн үед Төгөлдөрт байсан ба тэр үед тог тасалсан таслаагүй гээд хэрүүл маргаан хийж байх үед нэг оюутан гэх ах ирээд 10 жилийн банди нар ингэж явдаг болсон юм уу гээд зодох гээд байх үед Төгөлдөр зугтаах үедээ миний гар утсыг тэнд хаяад зугтаасан байсан. Би тухайн үед зугтаах үедээ Төгөлдөрийг аваад явсан гэж бодож байсан чинь Төгөлдөр тэнд хаяад зугтаасан байсан эргээд ирсэн утас байхгүй байсан. Миний гар утсыг хүч хэрэглэж булааж авсан зүйл байхгүй. Ж.Б ахын биед учирсан гэмтлийг тэр хамгийн залуу Г.М гэсэн ах цохиж зодож учруулсан. Надад огт гар хүрээгүй учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай “...Ж.Бийн биед зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт жижиг зулгаралт, зүүн мөрний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь нийтдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын нурууны зулгаралт, зүүн мөрний ар хэсгийн цус хуралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 11 дүгээр тал/ 

 

           *Яллагдагч Ш.Мын өгсөн: 

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны орой гэртээ байж байсан тэгсэн гаднаас Ж.Б, Р.С гэх 2 хүн гэрт орж ирээд манай хүүхэд хэсэг хүүхдүүдтэй маргалдаж байгаад утсаа алга болгосон байна тэр хүүхдүүд нь танай хашаа руу орсон гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй юун утас яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь учиргүй манай дүүгийн утсыг хүүхдүүд аваад танай хашаа руу орсон байна гээд уурлаад намайг дагуулж гэрээс гараад Ж.Б намайг нэг удаа хөлөөрөө хавсрах гэхээр нь би урдаас нь түүнийг нэг удаа нүүр рүү нь мөргөөд газар унахаар нь нүүр толгой орчимд нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн тэр Ж.Бийн хамраас цус гарсан байсан. Тэгээд гэрт дагуулж оруулаад хамрын цусыг угаалгах гэж байх үед хамт ирсэн Р.С гэх ах гарч гүйгээд тэгээд цагдаад дуудсан байсан удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Тухайн үед гэрт орж ирээд Ж.Б надад янз бүрийн юм яриад томроод байсан тэгээд намайг хөлөөрөө хавсрах гэхээр нь би түүний нүүр рүү нэг удаа мөргөөд газар унахаар нь толгой орчимд нь нэг удаа өшиглөсөн. Би Ж.Бийг нэг удаа нүүр рүү нь мөргөж нэг удаа нүүр толгой орчимд нь өшиглөсөн. Бид хоёрыг гадаа зодоон хийх үед хамт хүн байгаагүй. Би тэр үед бага зэрэг л халамцуухан байсан. Ж.Бийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Ж.Бийг надаас өөр зодож гар хүрсэн хүн байхгүй. Ж.Б намайг цохиж зодоогүй. Миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-42 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 50, 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 06-09 тоотод иргэн Ж.Б нь бусдад зодуулж, биед нь зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт жижиг зулгаралт, зүүн мөрний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.М үйлдсэн болох нь хохирогч Ж.Бийн”... Тэгээд гэрт нь ороод манай дүү утсаа хаясан байна манай дүүгийн утсыг авсан байж болох хүмүүс танай хашаа руу орсон гэж байна гэж хэлсэн чинь бид нар яаж мэддэг юм бэ гээд  маргалдаж эхэлсэн. Тэгсэн нэг ах гэрийнхээ нэг унийг барьж аваад Р.С ахыг цохих шиг болоод Р.С ах гэрээс гараад явсан би гэрт үлдсэн байсан тэгсэн нэг залуу ирээд намайг мөргөж газар унагаагаад тэгээд дээрээс цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Тийн”... Би тэд нарыг гэрээс гараад явсны дараа орондоо ороод унтчихсан байсан орой намайг унтаж байх үед 03-04 цагийн үед манай нөхөр Р.С, манай дүү Ж.Б 2 зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Тухайн үед Ж.Бийн толгой нь хавдсан хамар нүүр нь жижиг жижиг зулгарсан байдалтай орж ирсэн. Ж.Б тухайн үед Г.М гэх хүнд зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Сийн”... Хаалгыг 2 татсан чинь үүд нь онгойсон тэгсэн тэнд байсан хүмүүс хаалга үүд цоожтой байх үед орж ирлээ гэж уурласан тухайн үед манай хүүхэд гар утсаа гээсэн байна танай хашаа руу утсыг нь авсан байж болох хүүхдүүд орсон байна гэж хэлсэн чинь тэд нар уурлаад хэрүүл маргаан үүссэн тэгсэн тэр Г.М гэх залуу нь манай дүү Ж.Бийг мөргөж газар унагаагаад дээр нь гарч ирээд зодоод байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Чын”... Манай аав Р.С, ах Ж.Б 2 тэр айлын хашаа руу орсон. Тэр үед хашаан дотор нийт 3 айл байсан ба 2 гэр нэг байшин байсан тэгээд аав ах 2 хажуу талын гэр рүү ороод хүүхдийнхээ утсыг авъя гэж хэлсэн чинь хэрүүл маргаан болоод тэнд байсан нэг ах гэрийн унь аваад манай аавын зүүн гар орчимд цохисон. Тэгсэн тэнд байсан Г.М гэх ах Ж.Б ахыг барьж аваад нэг удаа мөргөөд газар унагаагаад тэгээд дээр нь гараад цохиж зодоод байсан тэр үед манай аав гэрээс гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн байсан нэг их удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт жижиг зулгаралт, зүүн мөрний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Мын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Г.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Ж.Б нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Г.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ж.Б нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Г.Мын хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ш овогт Гын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

            5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.ГАНДОЛГОР