Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 44

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, 

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Ад холбогдох 2030000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт түр оршин суух, Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багт оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, ял шийтгэлгүй, Э.А 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Х гэх газраас хохирогч У.Сын итгэмжлэн хариуцуулсан малаас 2 адууг завшиж 850 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Эрүүгийн 2030000000036 дугаартай хэргээс: 

 

Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2019 оны өвөл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газар У.С гэх хүний 700 гаран адууг сарын 300.000 төгрөгийн хөлсөөр харж байсан. 2019 оны 02 дугаар сарын дундуур тэнгэр муухайрч манай адуу гэрээсээ урагшаа 30 гаран километр уруудаж “А” гэх газраас татаж авсан. Ингэж явахдаа би  тэнд байдаг А.Б гэж айлд нэг шил архи ууж хонохдоо С гэж хүнтэй танилцсан. Маргааш нь явахдаа У.С ахын хээр азаргатай адуунаас хар халзан зүсмийн зөв талын хүрээтэй Ж үсгэн  тамгатай шүдлэн байцийг барьж Бд бэлгэнд өгсөн. Мөн шаргал азаргатай адуунаас тамгагүй хүрэн зүсмийн охин даага барьж Сд бэлгэнд өгсөн. Тэгээд би адуугаа хурааж очоод С ахад дээрх хоёр адууг алга болсон гэж худлаа хэлсэн нь үнэн. Би Сын 2 адууны оронд нь адуу өгсөн”.....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/

 

Хохирогч У.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газар байдаг. 2019 оны 02 дугаар сард тэнгэр муухайрч адуу урагшаа уруудаж, адуучин А адуугаа татаж ирэхэд хар халзан зүсмийн цагаан үсэн хүрээтэй Ж тамгатай байдас, сартай зээрд охин даага байхгүй болсон байсан. Тэр 2 адууг А бусдад бэлгэнд өгсөн байгаа юм. Э.А надад орных нь 2 адууг өгсөн,одоо надад гомдол санал байхгүй. Атай эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй”....гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 хуудас/

 

Гэрч А.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын дундуур цагаан сар болоод удаагүй байсан. Манайд Сын адуучин бас нэг танихгүй хүнтэй ирж хоносон юм. Тэр хоёр ирэхдээ уруудсан адуундаа явж байгаа гэж байсан. Тэгээд би нэг шил архи гаргаж өгөөд тэрийг уучихаад унтацгаасан. Өглөө манайхаас гараад Түвшинбат ахынд очоод архи ууж байхаар нь би араас  нь очоод бид хамт хэдэн боргио пиво ууцгаасан. Тэгсэн урдаасаа Тэгшээ ахын хүү С ирээд хамт байж байгаад адуунд дээр нь очтол надад тамгагүй сартай охин хүрэн даага бэлгэнд өгсөн. Ст болохоор цагаан үсэн загсан тамгататай хар халзан зүсмийн байдас өгсөн. Тэгээд тэр 2 гэр  рүүгээ явлаа гээд адуугаа хөөгөөд явсан. Бид хоёр Ст өгсөн хар халзан байдсыг миний өөрийн 16-39 СҮА Бонго-3 маркийн автомашинаар Дорнод аймагт миний танил Баяраа гэж хүнд 350.000 төгрөгөөр зарсан. Надад өгсөн хүрэн даага нь байдсан гүү болчихсон манай адуунд байгаа. Миний өөрийн адуу гэж хэлсэн. Ст бол өмнө нь адуу өгнө гэж хэлсэн юм билээ. Хэрэв өөрийнх биш гэдгийг мэдсэн бол би авахгүй байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/

 

Гэрч Т.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны өвөл Сын адуучин А манайд ирж хоноод надад нэг адуу өгнө гэж хэлж байсан. Тэгсэн 2019 оны 02 дугаар сард тэнгэр муухайрч манай байдаг “А” гэх газраар С гэх хүний адуу орж ирээд А татаж яваа гээд таарсан юм. Тэгсэн надад адуугаа өгнө гээд хар халзан зүсмийн хүрээтэй “Ж” үсгэн тамгатай байдсан гүү өгөөд явсан юм. Ингэж явахдаа Бт бас нэг хүрэн охин даага бэлгэнд өгсөн. Өгөхдөө бол бид хоёрт миний өөрийн адуунууд гэж хэлсэн. Тэгээд тэр байдсыг Б бид хоёр Дорнод оруулаад Баяраа гэж ахад 350.000 төгрөгөөр зарсан. Охин хүрэн даага нь Бын адуунд одоо байгаа байх.....” гэх мэдүүлэг 

 

- Шүүгдэгч Э.Агийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 31 хуудас /

 

-  Шүүгдэгч Э.Агийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 33 хуудас/ 

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малын үнэлгээ /хх-ийн 21 хуудас/

 

- Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-20хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Х гэх газраас хохирогч У.Сын итгэмжлэн хариуцуулсан малаас 2 адууг завшиж 850 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.С, гэрч А.Б, Т.С нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Э.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Агийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

 

Шүүгдэгч Э.Аийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Аийн бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Э.А нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Э.А нь хохирогч У.Сод гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 850 000 төгрөгийг төлснийг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн хэргээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйж, эвлэрсэн, одоог хүртэл хохирогч У.Сын адууг маллаж байгаа зэрэг түүний хувийн байдлыг нь харгалзаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүгдэгч Э.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Э.Агийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч У.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

 Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах  нь зүйтэй байна. 

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ад тэнссэн хугацаанд  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ад мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Шүүгдэгч Э.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг төлсөн, хохирогч У.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА