| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0054/э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 54
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Э.Гыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Гт холбогдох эрүүгийн 2030000100054 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг “Ш” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй Э.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Г нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас 2018 оны 11 дүгээр сард хохирогч И.Эын 1 үхрийг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын дундуур үхэр хөөгөөд явж байхад А.Б таарч нэг идэшний бяруу өгчих гээд гуйсан юм. Би тэр үед нь бодож үзье гэж хэлсэн. Маргааш орой нь би үнээгээ хураах гээд үхэртээ очиход нэг бяруу нийлчихсэн байсан. Тэгээд үхрээ хөөж ирээд бяруугаа ажиллаад махыг нь жижиглэсэн. А.Б аймаг руу махаа аваад явсан гэв.
Эрүүгийн 2030000100054 дугаартай хэргээс:
Хохирогч И.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Ч” гэх газар мал маллаж аж төрдөг юм. 2018 оны 11 дүгээр сарын дундуур манай үхэр Наран сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газар байсан юм. Нэг өдөр үхрээ бүртгэхэд манай улаан зүстэй шүдлэн гунж зүсээр байхгүй байсан тул би сарнисан байж болзошгүй гэж тэр хавийн бүх үхэрт хоёроос гурван хоног хайгаад олоогүй юм. Т, Г, манай үхэр гээд гурван айлын үхрүүдийн бэлчээр нэг дор байдаг байсан юм. ...Цулгай улаан зүсмийн баруун чих араасаа ганзага зүүн чих дундаасаа цуулбар имтэй шүдлэн гунж байгаа. Би алдсан үхрээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би үхэр хулгай хийсэн Э.Г гэх залуутай уулзаж шүдлэн гунжныхаа оронд бүдүүн насны шарга морь авахаар болсон. Би Э.Гтой сайн дураараа эвлэрсэн хохирлын маргаангүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/
Гэрч А.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгаас Наран сум руу 2018 оны 11 дүгээр сарын эхээр манай мал байдаг ээжийн төрсөн дүү Д ахынд очсон юм. 2018 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна өдөр хоногоо сайн санахгүй байна. Би Гтой уулзахаар Гынд очиж найздаа нэг идэшний бяруу байвал өгчих гэхэд Э.Г бодож үзье гэсэн. Уг өдөр Гтой гэрт нь хоносон. Маргааш орой нь Г тугалтай үнээгээ хөөж ирэхдээ улаан зүсмийн охин үхэр /насыг нь мэдэхгүй байна/ хөөж ирээд гэрийнх нь гадаа бид хоёр янзлаад махыг нь жижиглээд 50 кг уутанд хийхэд 3 уут болсон шиг санаж байна. Уг махыг би хоёр гурав хонуулаад сум руу мотоциклоор зөөж сумаас замын унаанд сууж Баруун-Урт суманд байх гэртээ ирж уг махыг идсэн. Тухайн үед хулгайн мал гэдгийг нь мэдсэн бол янзлахгүй байх байсан. Э.Гоос гуйхад бодож үзье гэж хэлээд маргааш нь үхэр хөөж ирэхээр нь өөрийнх нь үхэр гэж бодсон. Э.Гынх 100 гаран үхэртэй айл байдаг юм. Э.Г нь арьсыг нь гэрийнхээ чингэлгэн дор байсан авдарт боож хийсэн. Толгойг нь яасныг нь мэдэхгүй байна. Би Э.Гын үхэр гэж бодож байсан болохоор асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/
- Сүхбаатар аймгийн Наран суман дахь эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 25 хуудас/
- Шүүгдэгч Э.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 27 хуудас/
- Линзийн өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-42, 44-52 хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Э.Г нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас 2018 оны 11 дүгээр сард хохирогч И.Эын 1 үхрийг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч И.Э, гэрч А.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Э.Гын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Гын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Г нь хохирогч И.Эын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Гыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Э.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нас гүйцсэн шаргал зүсмийн морины үнэ 816,666 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч И.Эод 650,000 төгрөг төлснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Э.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Гыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нас гүйцсэн шаргал зүсмийн морины үнэ 816,666 төгрөгийг Э.Гоос гаргуулж улсын орлого болгосугай.
5. Ялтан Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.Эод учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Ялтан Э.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА