| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оросоогийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 135/2015/00875/и |
| Дугаар | 201 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 201
Д.С-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2015/00875/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1244 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Харчу овогт Доржийн С-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Булгадар овогт Бадарчийн Д-д холбогдох
“Зээл, хүү, алданги 34.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг
Хариуцагч Б.Д-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Д.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.С- нь Б.Д-д 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3.500.000 төгрөг зээлж, хүүнд 100.000 төгрөг төлнө гэж анх зээлсэн. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг мөн нэмж зээлсэн. Хүүг 10 хувь гэж тохирч байсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг нэмж авсан байдаг. Ингээд нийт 17.000.000 төгрөгийг Б.Д- нь зээлж авсан бөгөөд энэ хугацаандаа нэг ч төлбөр төлөөгүй бөгөөд сүүлийн 10.000.000 төгрөг зээлэхдээ талууд бичгээр гэрээ байгуулан, сар тутам 10 хувийн хүүтэй төлөхөөр тохирсон. Зээл авахдаа энэ хоёр нь бичгийн хэлцэл хийсэн. 10.000.000 төгрөг зээлэхдээ хуульд зааснаар гэрээ байгуулсан. Б.Д- нь зээлийн төлбөрөөс төлөөгүй одоо 8.500.000 төгрөгийн хүү, төлөөгүй үлдсэн төлбөрөөс 0.5 хувийн алданги тооцож 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 4 сар 24 хоног, нийт 144 хоногийн алдангийг, өдрийн 85.000 төгрөг бодож 12.155.000 төгрөг болж байгаа ба үүнийг хуулинд нийцүүлэн, үндсэн зээлийн 50 хувиар бодоход 8.500.000 төгрөг, нийт 34.000.000 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж байгаа. Зээлийн гэрээ хийхдээ барьцааны гэрээ давхар хийсэн бөгөөд барьцааны зүйл болох Дархан сум, 5 дугаар багт байрлах 5 дугаар бракын ард байрлах 28 мкв талбай бүхийн хувийн орон сууц, 590.1 мкв талбай бүхий газрыг худалдан борлуулж, борлуулсан үнээс 34.000.000 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Б.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.С-гаас 3.500.000 төгрөгийг Олон улсын худалдааны төвд лангуу түрээслэхээр авсан. Тухайн үед энэ мөнгөний хүүнд 100.000 төгрөгийг төлөхөөр тохирсон. 3-4 хоногийн хугацаанд төлнө гэж ярилцсан байсан. Би банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан. Гэвч банкнаас зээл бүтээгүй учир дахин Д.С-гаас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг зээлсэн. Гэтэл банкны зээл 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түдгэлзсэн тул төлбөрийг төлж чадаагүй. 2014 оны 10 дугаар сард миний бизнесийн үйл ажиллагаа дампуурсан. 2015 оны 5 дугаар сард рапс тарихаар болоод Д.С-гаас 10.000.000 төгрөгийн зээл авсан. Д.С- энэ мөнгийг өгөхдөө өмнө өгсөн 7.000.000 төгрөгөө нэмээд нийт 17.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулъя гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд гэрээг байгуулсан. Тухайн үед зээлийн үндсэн төлбөр болон хүү нь нийт 25.000.000 төгрөг болгож өгье гэж тохиролцсон боловч гэрээнд энэ талаар тусгаагүй. 2015 оны 10 дугаар сард миний тарьсан рапс ургаагүй байсан учир би Д.С-г дагуулж очиж тарьсан талбайгаа харуулсан. Би тэр жил зарж байсан бараанаас хямдруулаад 870.000 төгрөгийн барааг 570.000 төгрөгөөр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. Хавар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхөөс өөр арга байхгүй гэж хэлэхэд нь би энэ үнийн дүнгээрээ эвлэрье гэж Д.С-д хэлсэн. Д.С- хадгаламжаасаа 17.000.000 төгрөг аваад надад өгсөн гэж хэлж байсан. Энэ гэрээгээр хүү алданги тооцох боломжгүй гэж үзэж байгаа. 25.000.000 төгрөг Д.С-д өгөхөд түүнд ямар нэгэн хохиролгүй, тэр хүнийг хохироохгүйн тулд би 8.000.000 төгрөгийг хүүнд өгөхийг зөвшөөрч байгаа. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг авахдаа хүү алданги төлөхөөр гэрээ байгуулсан, 7.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр авсан. Барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Боломжийн мөнгөөр тохирвол мөнгөө төлөөд хашаа байшингаа авна гэж бодож байгаа. Иймд үндсэн зээл 17.000.000 төгрөг, хүүнд 8.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1244 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Б.Д-гаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 34,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болохДархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 5 дугаар брак байрны ар талд байрлах 28,0 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003013130 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 0153719 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 080121469 дугаар бүхий 590,1 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 327.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Д- давж заалдсан гомдолдоо:
17.000.000 төгрөгийг 34.000.000 төгрөг болгож өгөх боломжгүй, зээлсэн мөнгөний хүүнд 8.000.000 төгрөг өгнө. Нэмж алданги, төлж чадахгүй анхнаасаа тэгж ч тохироогүй, урьд нь авсан 7.000.000 төгрөгийн хүү төлнө. Надад ганцхан орон гэр минь, 2 өнчин хүүхэд минь үлдсэн. 25.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү, алданги тооцсон 9.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Зохигчдын дунд зээлийн гэрээнээс маргаан үүссэн бөгөөд уг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч зээл болон хүүг төлнө харин алдангийг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар, мөнгө өгч авалцсан баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар үнэлсэн нь хууль хэрэглээний хувьд буруу боловч хэргийн нөхцөл байдлаас эд хөрөнгө/мөнгө/ шилжсэн тохиолдолд түүн дээр нэмж өгсөн мөнгөтэй нэгтгэж зээлийн гэрээ байгуулсныг үгүйсгэх уг гэрээний улмаас шаардах эрх үүсэхгүй гэж тайлбарлах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд талууд нийт 17 сая төгрөгийн зээлийн гэрээнд хүү алдангийг тооцохоор 2015 оны 5 сарын 5 ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж эсхүл гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт цугларсан баримт болох зээлийн гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцсон тооцоолбор зэргийг судлан үзвэл нэхэмжлэгч болон шүүх 2015 оны 10 дугаар сарын 10 наас хойш өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж гэрээний нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй үеэс эхлэн төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс /зээл болон хүүгийн нийлбэр/ алданги тооцсон нь Иргэний хуулийн зээлийн гэрээний холбогдох заалтууд болон гэрээний нэг талын эрх ашигийг зөрчсөн шударга ёсны болон тэгш эрхийн зарчимд харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх байдлаар хариуцагчийн 2014 оноос эхэлж цувуулж авсан бичгээр хүү тохироогүй үеийн гэрээний үүргийн үнийн дүнд алданги тооцож намайг хохироолоо гэх тайлбар нь няцаагдаж байна.
Харин тухайн хугацааны зээлийн хүүгийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд энэ талаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Давж заалдах гомдлыг хангаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
О.НАРАНГЭРЭЛ