Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0859/З |
Дугаар | 221/МА2021/0189 |
Огноо | 2021-04-28 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0189
“ӨСХК” ХХН-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Ч.Э, Т.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “ӨСХК” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр:
“...Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус баримтлан “ӨСХК” ХХН-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, “ӨСХК” ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад-даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус хуулийн дагуу дээрх 38 ажилтнууд-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд тус даатгуулагчдыг үргэлжлүүлэн зохих журмын дагуу хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж...” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо:
“... “ӨСХК” ХХН-ийн тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг доорх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай гомдол гаргаж байна. Үүнд:
1. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж заасан байна.
2. “ӨСХК” ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдаж 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө иргэний эрх зүйн харилцаанд орох эрхгүй байхад “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж “ӨСХК” ХХН-ийг нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулж болно гэж шийдвэрлэсэн нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш бүртгүүлсэн бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаас давуу эрх олгож шударга бус хандсан байна.
Энэ нь “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг зөрчиж байна. Тус хэлтэст 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш байгуулагдаж Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх , ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийн үйлчлэлд хамрагдаагүй 748 аж ахуйн нэгж, байгууллага байна. Хэрвээ “ӨСХК” ХХН нь энэ хуулийн үйлчлэлд хамааруулж болох хуулийн этгээд мөн юм бол тус хэлтэст тайлан тооцоо ирүүлж байгаа эдгээр 748 аж ахуйн нэгж, байгууллага ч мөн дээрх хуулийн үйлчлэлд багтаж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх ёстой болно. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахгүй аж ахуйн нэгж байгууллагыг тодорхой зааж өгсөн байхад шүүх энэ хуулийг улс даяар хэрэгжүүлж байгаагаас өөрөөр тайлбарлаж бусдад давуу эрх олгож байгаа нь шударга бус байна.
3. “ӨСХК” ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өөр ямар нэгэн компанийн хамаарал бүхий, үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа эсэх, охин компани эсвэл толгой компани гэдгээ нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл тухайн 38 ажилтнуудын өмнө нь ажиллаж байсан компанитай ямар нэгэн хамааралгүй, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулаагүй болох нь цуглуулсан нотлох баримтаас харагдаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийг Монгол Улс даяар хэрэгжүүлэхдээ хэрвээ 2020 оны 03 дугаар сарын 25-аас өмнө нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн компанид шинээр 100, 200 ажилтан авч ажиллуулсан ч нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулж байгаа. Харин энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 25-ноос хойш шинээр нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахгүй гэж нэг мөр ойлгон хэрэгжүүлж 1 жилийн хугацаа өнгөрөөд байна.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б нь уг шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсэгт тайлбарлахдаа “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... гэж зөвхөн ажил олгогч хуулийн этгээдийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулахгүй байхаар хуульчилсан байна” гэж хуулийг буруу тайлбарласан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “...өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж нийгмийн даатгалд хамрах хүрээг заасан байдаг бөгөөд “ажил олгогч хуулийн этгээд” гэсэн үг хэллэг Нийгмийн даатгалын тухай хуулийн хамрах хүрээ хэсэгт огт байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтооход л ажил олгогчийн ба даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний тухай ялгаж авч үздэг. Иймд хуулийн хамрах хүрээг буруу тайлбарласан нь энэ шүүхийн шийдвэр алдаатай гэдгийг нотолж байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс ““ӨСХК” ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад, даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож,
Дээрх хуулийн дагуу 38 ажилтнууд-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгуулах” шаардлага гаргасанд анхан шатны шүүх “...хууль болон түүний дагуу гаргасан журамд нийцүүлэн нэхэмжлэгчид ажиллаж буй даатгуулагчдыг нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй...” хэмээн дүгнэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.
Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч “ӨСХК” ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсдыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулах нь хууль зүйн үндэслэлтэй тухайд маргааны гол үйл баримт оршиж байна.
Гэтэл анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй буюу дээрх 38 ажиллагсад, даатгуулагчдын овог нэр, регистрийн дугаар, ямар албан тушаал эрхэлдэг, хэзээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлж, өмнөх байгууллагад ажиллаж байхдаа уг хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан эсэхтэй холбогдуулж, “ӨСХК” ХХН-д ажиллаж эхэлсэнтэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулалгүйгээр буюу тодорхойгүй иргэдийг 38 ажилтан-даатгуулагч гэсэн тоон үзүүлэлтээр Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуульд хамаарна хэмээн шууд дүгнэх нь учир дутагдалтай болжээ.
Мөн уг маргааныг хянан шийдвэрлэхэд Өмгөөллийн “ИЭС” ХХН нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуульд хамаарч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн болон нэхэмжлэгч “ӨСХК” ХХН-д ажиллагч 38 даатгуулагч нь Өмгөөллийн “ИЭС” ХХН-д ажилладаг байсан эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл “ӨСХК” ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдсан ба өмнөх Өмгөөллийн “ИЭС” ХХН-тэй ямар нэг хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг тодруулах үүднээс тус хуулийн этгээдүүдийн үүсгэн байгуулах гэрээ, дүрэм зэргийг нотлох баримтаар цуглуулах нь нэхэмжлэгч “ӨСХК” ХХН болон 38 ажиллагсад Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж заасанд хамаарах эсэхийг тогтооход ач холбогдолтой байна.
Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргааны үйл баримтуудыг нотлох баримтуудыг бүрэн цуглуулан нөхцөл байдлыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА