Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01111

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02587 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 521 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “С” ХХК

          Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

          Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

      Хариуцагчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь С ХХК-ийн харьяа TV-8 ХХК телевизтэй рекламын блок бүрийн эхний байршилд реклам цацуулахаар 1 сарын 1 500 000 төгрөгөөр тохиролцож, 2011 оны 6 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2015 оны 7 дугаар сар дуустал төлбөр цаг хугацаандаа төлөгдөж байсан ч 2015 оны 8, 9 дүгээр сарын төлбөрийг 2015 оны 12 дугаар сард 1 008 000 төгрөгөөр бартер, үлдэгдэл төлбөрийг 2016-05- 25-ны өдөр Хаан банкны дансаар төлсөн, 2015 оны 10 ,11, 12 дугаар сар, 2016 оны 1 сар буюу нийт 4 сарын төлбөр болох 6сая төгрөгийг хариуцагч төлж барагдуулаагүй байна. Энэ талаар мэдэгдлийг цаг тухай бүр нь М ХХК-д хүргүүлж байсан бөгөөд 2016-12-07-ны өдөр М ХХК-ийн нягтлан н.Цацаа гэж хүн хүлээн авсан байсан. Хамтран ажиллах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Өнөөдрийн байдлаар гэрээ цуцлах санал ч гаргаагүй, гэрээг цуцлаагүй байгаа. Хамтран ажиллах гэрээ хэрэгжээд 2015 оны 7, 8, 9 дүгээр сар, 2016 оны 1 дүгээр сард С ХХК нь үйлчилгээгээ үзүүлээд явж байсан. Иймд  хариуцагчаас 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: М шүүс ХХК, TV-8 телевизийн хооронд хийсэн гэрээ, нөгөө нь М ХХК, TV-8 телевизийн хооронд байгуулсан гэрээ байгаа. Энэ 2 гэрээнээс өөр нэхэмжлэгч С ХХК, М ХХК-ийн ямар нэгэн гэрээ огт хийгдээгүй байгаа. Тийм учраас 2 хуулийн этгээдийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ТV-8 телевиз, С ХХК-ийг төлөөлөх эрхийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. С ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр TV-8 телевиз гэсэн нэг ч үг байхгүй. Улсын бүртгэлээс авсан лавлагаанд салбар төлөөлөх гэсэн асуудал байгаа. Үүн дээр хоосон байгаа. TV-8 компани гэрээ хийсэн бол 2 гэрээн дээр TV-8 компанийн захирал н.Отгонмөнх гэрээ хийсэн. н.Отгонмөнх Сэрүүлэгконстрашн ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж байна. Энэ хүн хөдөлмөрийн гэрээгээр байгууллагыг төлөөлөх эрхгүй. TV-8 компани, М ХХК-ийн хооронд хийсэн гэрээн дээр М ХХК-ийг төлөөлж н.Насанхүү гэж байгаад н.Мөнхбат гарын үсэг зурсан. Мөн итгэмжлэлгүйгээр гэрээн дээр гарын үсэг зурсан тул уг гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй. Энэ гэрээ 2011 онд хийгдсэн буюу гэрээний хугацаа нэг жилээр хийгдсэн. 2017 он буюу 6 жилийн дараа нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. М ХХК-ийн сурталчилгаа зурагтаар байнга гардаг. Гэрээ хийгээд сар бүр тооцоо нийлж төлбөрөө төлдөг. Нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02587 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулан С ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 521 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“М” ХХК /3ахирал нь Т.Насанхүү/ болон “ТВ-8” телевизийн байгууллагатай /3ахирал нь С.Отгонмөнх/ нар 2011-06-13-ны өдөр буюу одоогоос 6 жилийн өмнө хийгдсэн “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус үндэслэн нэхэмжлэл гаргажээ. Гэрээний 1.2-т “гэрээний хугацаа нэг жил байна" гэж заажээ. Гэрээ 2011 онд хийгдсэн учраас гэрээний хугацаа 2012 онд дуусгавар болсон, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон 3 жилийн хугацаа өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэл хангагдах биш хэрэгсэхгүй болгогдох учиртай. Компаний хуулийн 6.5. “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заасны дагуу “М” ХХК нь толгой компанийн хувьд охин компани болох “М шүүс'” ХХК-ийн өрийг хариуцахгүй. “М” ХХК болон “ТВ-8” телевиз дээрх гэрээнд “М” ХХК-ийн захирал Т.Насанхүүг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлөн гарын үсэг зурсан учраас хүчин төгөлдөр хэлцэл байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжилж буй 6 сая төгрөгийг “М” ХХК хариуцах үндэслэлгүй тул “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      “С” ХХК 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 6,000,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...рекламыг нэг сарын 1,500,000 төгрөгөөр  цацуулахаар тохирсон... 2015 оны 10, 11, 12 сар, 2016 оны 1 сарын төлбөр төлөөгүй...” гэж тайлбарлажээ. /хх 1/ 

      М ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...гэрээ байгуулаагүй, энэ хэргийн хариуцагч биш...латин үсгээр галиглан бичсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй ...гэрээ байгуулсан М шүүс ХХК нь М ХХК-ийн охин компани бөгөөд уг компаний өрийг толгой компани хариуцахгүй...Сэрүлэгконстракшн ХХК нь ТВ-8 телевизийг төлөөлөх эрхгүй ...”  гэж маргасан байна. /хх 40, 41, 42/

      Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      ТВ-8 телевиз болон “М” ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сард “Хамтран ажиллах гэрээ” гэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ТВ-8 телевизийн эфирийн цагуудаар зар сурталчилгааны блокны эхнээс нь хоёрт “М” ХХК-ийн 5 секундийн рекламын 1 жилийн хугацаатай цацахаар, гэрээний үнэ нэг сард 1,500,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.  

      Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна, гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.  

      Хариуцагч  2015,  2016 онуудад зар сурталчилгааны үйлчилгээг авч байсан нь нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

       С ХХК нь М шүүс ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байх тул шүүх М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулж, С ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д  нийцжээ.

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхив. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02587 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 521 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 111.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ