Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 62

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Төд холбогдох 203000020063 дугаартай  хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  машин засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг Х гэх газар  оршин суух, ял шийтгэлгүй, Ж.Т. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны  хавар өөрийн адуунд нийлсэн 2 адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Б.Эод 1 400 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Ж.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сард адуу руугаа очиход манай адуунд эзэнгүй хоёр гүү байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр банкны зээлийн хүү хэтэрчихээд хөдөө очиход аав надтай зөрөөд сум явсан. Манай адуунд нөгөө хоёр гүү байхаар нь хийгээд борлуулсан. Дараа нь тэр хоёр гүүг Б.Эын гүү гэдгийг мэдсэн гэв.

 

Эрүүгийн 203000020063 дугаартай хэргээс: 

 

Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Хү” гэх газар мал маллаж аж төрдөг юм. 2019 оны хавар манай соёолон насны хүрэн гүү, соёолон насны хар гүү хоёр ядраад манайхтай ойролцоо нутагладаг Ж гэх хүний адуунд нийлж цуг явж байсан юм. Уг хоёр адууны талаар би Ж ахад утсаар ярьж танай адуунд манай хоёр гүү нийлсэн байна гэдгийг хэлж мэдэгдсэн юм. Тэрнээс хойш би Ж ахын адуугаар орж үзэлгүй явсаар байгаад 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Ж ахын адуугаар орж 2 гүүгээ харсан чинь сайхан таргалчихсан явж байсан болохоор санаанд оролгүй орхисон. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр адуугаа үзэхээр Ж ахын адуугаар ороход манай хоёр гүү зүсээр байхгүй байсан. Хоёулаа зөв талын гуяндаа ширээтэй онгин тамгатай. Өөр содон зүйл байхгүй. Зах зээлийн ханшаар үнэлнэ. Манай адууг Ж ахын хүү авсан байсан. Би Ж.Ттэй сайн дураараа эвлэрч хохирлын маргаангүй болсон тул уг хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуудас/ 

Гэрч Г.Жгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүү Т нэр дээрээ 15 толгой адуу, миний нэр дээр 15 толгой адуу тоолуулсан байгаа. 2019 оны 12 дугаар 15-ны өдөр намайг сумын төвөөс ирэхэд манай хүү Ж.Т хоёр адуу янзалсан байсан. Намайг очихоор зөрөөд адууны махаа ачаад сумын төв явсан юм. Би тухайн үед өөрийнхөө адуунаас янзалсан байх гэж бодоод санаад ороогүй. Гэтэл манай адуунд байсан хүний хоёр адууг янзалсан байсан байна. Манай адуунд хавар ядраад нийлсэн байсан юм. Уг хоёр адууны эзэн болох манай ойролцоо нутаглах Б.Э гэх залуу над руу 2019 оны 06 дугаар сарын дундуур байх яриад манай хоёр адуу байгаа гэж хэлж байсан. Уг хоёр адууг Эрдэнэцогтын адуу гэдгийг Ж.Т нь мэдээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/

 

Гэрч О.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх адуутай гэдэг ч би адуугаа харж байгаагүйт тамга тэмдгийг нь мэдэхгүй. Хар болон хүрэн зүстэй адуу байсан. Тамга бол байсан, би хараад ямар тамга гэдгийг мэдэхгүй. Гэрийнхээ гадаа өөрийн адуугаа хөөж ирээд янзалж байна гэж бодсон. Гэтэл цагдаа шалгаад манай адуу биш гэдгийг хэлснээр би өөрийн адуу биш гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

 

Шүүгдэгч Ж.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     33-р хуудас/ 

 

Л ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-48, 54-61 хуудас/

 

Хохирогч Б.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 107-р хуудас/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 108-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны  хавар өөрийн адуунд нийлсэн 2 адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Б.Эод 1 400 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Тийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Э, гэрч Г.Ж, О.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ж.Төд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Ж.Тийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

 

Шүүгдэгч Ж.Тийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Тийн бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Ж.Т нь алдуул мал завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй. 

 

Улсын яллагчаас Ж.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ж.Тийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.Төд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Ж.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

 Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Тийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ж.Төд оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Ялтан Ж.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  төлсөн, хохирогч Д.Эрдэнэцогт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА