| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0064/э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 65
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О.Бт холбогдох 1930004020088 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар баг Г гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, О.Б.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Алтан-овоо гэх газарт хохирогч С.Бийг зодож, эрүүл мэндэд нь 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алиманд цусан хураа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр О гэх найзтайгаа уулзсан. Орой нь дэлгүүрээс архи аваад гарч байгаад тэр хүмүүстэй таарсан. О тэр хүмүүсийн нэгийг нь таньдаг юм байна лээ. Тэгээд тэр хүмүүстэй сумын хойно гарсан. Гэтэл Б гэх залуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд цагдаагийн дэд хурандаа хийж байсан залуу намайг янхан жолооч гэж хэл амаар доромжлоод ханцуйнаас татаж чангаагаад байхаар нь би нүүр нь тус газарт нь хоёр удаа цохисон. Тэгээд бид нар салаад явцгаасан гэв.
Эрүүгийн 1930004020088 дугаартай хэргээс:
Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Б гэх танил маань хүнээс өвс авах гэж байгаа тэрийг хармаар байна гэхээхээр нь Бичигт боомтоос найз Згийн хамт ирсэн. Тухайн өдөр Бийн авах гэж байгаа өвсийг хараад сумын төв рүү орж ирээд Бийн найз гэх айлд орж хоол идэхэд нэг шил архи задалж өгсөн. Тэр архинаас нь бид хувааж уучихаад гадуур ганц пиво уух санаатай Б, З, Бмийн найз байсан. Бийн найз О гэх залуу Эрдэнэцагаан сумын төвд дэлгүүрийн үүдэнд таараад нэг шил архи аваад сумын хойд талын овоо руу бид нар гараад нэг шил архиа задлаад ууж байхад О гэх залуугийн найз гэх нэг залуу цус суусан юм. Тэр залуу машинд суухдаа согтуу байсан бөгөөд уг залуу Зтой үг сөрөөд маргаж байсан. Тэгэхээр нь би бууж ирээд Зтой маргаж байсан залууг машинаас дуудаж буулгаад хоорондоо ойр зуурын юм ярьж байхад тэр намайг гэнэт нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Би тэр үед газар унахад тэр миний дээр гараад намайг хэд хэдэн удаа нүд, нүүр рүү цохисон. Би тухайн үед ухаан балартаад юу болсон талаар сайн санахгүй байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
Гэрч С.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Бид сумын хойд Алтан овооны ард гараад машинд нэг шил архи задлаад ууцгаасан юм. Тухайн үед Бийг зодсон хүн таван толгойд жолооч байсан гэж ярьж байсан. Тухайн үед согтуудаа хоорондоо маргалдсан. Б үл таних залууг уулзъя гээд авч буусан, 10 минут орчмын дараа Б зодуулаад нөгөө залуугийн доор нь хэвтэж байхад нь би толинд хараад буугаад салгасан. Намайг буугаад очиход тухайн залуу Бийг доороо хийсэн хоёр гараараа ээлжлээд цохиж байхад нь би салгасан юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...О нэртэй залуутай таараад ойр зуурын зүйл яриад байж байхад нэг шил архи байна хөдлөх үү гэхээр нь З, Б хоёртой цуг сумын хойд дээр гараад Згийн машинд Б, З, Баасанжав, О бид тав суугаад нэг шил архи тойруулж байсан. Б, Баасанжав хоёр хоорондоо янхан жолооч Өмнөговь аймаг жолоо барьж хэдэн төгрөг авдаг талаараа ярьж байгаад Б Баасанжавыг уулзъя гээд машинаас буулгасан. О, З бид гурав машинд сууж байхад З машинаас буугаад манай найзыг зодчихлоо гээд бахирахаар нь О бид хоёр машинаас буухад Баасанжав нь дээгүүр хувцсаа тайлсан босоод зогсож байсан. Харин Б газар сууж байсан. Тэгээд З манай найзыг зодлоо гээд Баасанжав руу дайрахаар нь О бид хоёр салгасан...”гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 486 дугаартай: С.Бийн биед 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алиманд цусан хураа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдолл. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид эрүүл мэндэд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/
- Шүүгдэгч О.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 39 хуудас/
- Хохирогч С.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 43 хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 27 дугаартай санал /хх-ийн 46-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Алтан-овоо гэх газарт хохирогч С.Бийг зодож, эрүүл мэндэд нь 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алиманд цусан хураа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Бын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч О.Бын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Бын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Бт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан О.Бт оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан О.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА