| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01034/и |
| Дугаар | 1329 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01034/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан ****** дугаар баг, Уурхайчдын ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ы хүсэлттэй,
Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ****** дүгээр баг, Хайрхан, ****** давхар ****** дугаар байрны ****** тоот, ****** өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь иргэн *******аас Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан, 2 давхар 27 дугаар байрны 16 тоот, 1 өрөө орон сууцыг 2006 онд худалдан авсан. Тухайн байр нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй байсан. Би 2006 оноос хойш одоог хүртэл тус байрыг эзэмшиж байна. Одоогоор миний охин амьдарч байна. Байрны гэрчилгээг хөөцөлдөх гэхээр цахилгаан, ус дулааны өр төлбөртэй гээд боломжгүй байсан юм. Би тус байрны бүх тооцоог дуусгаад хувьчилж авахаар өргөдлөө орон сууц хувьчлах товчоонд гаргасан боловч шударга эзэмшигчээр тогтоолго гээд байна. Иймд дээрх байрны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан, 2 давхар 27 дугаар байрны 16 тоот, 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа орон сууцыг нэхэмжлэгч Ц.******* нь 2006 оноос хойш эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан Шарын гол сумын Засаг даргаас олгосон Ц.*******ы орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ, тус багийн Засаг даргын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, 2006 оны 09 сарын 11-ний өдрийн Ц.*******ы байрны үнийг *******т шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/548 дугаартай “тус газрын эд хөрөнгийн бүртгэлд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан 27 байрны 16 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн албан бичиг, *******аас Ц.******* тус байрыг худалдан авсан тухай 2006 оны 06 сарын 14-ний өдрийн гэрээ гэх баримт, Дулаан шарын гол ТӨХК-ийн 2016 оны 08 сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, гэрч *******ын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.******* болон түүний гэр бүл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1–д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тул шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна гэсний дагуу өөрийн эзэмшилд байлгаж, орон сууцтай холбоотой төлбөрийг зохих байгууллагатай гэрээний дагуу төлж байсан байна.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1–д зааснаар Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заажээ.
Иймд Ц.*******ыг Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан, 2 давхар 27 дугаар байрны 16 тоот, 1 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* нь Дархан-Уул аймгийн Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан, 2 давхар 27 дугаар байрны 16 тоот, 1 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ