Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 46

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ирүүлсэн С.От холбогдох 2030000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр, хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Дөрвөлж ОНӨҮГ-ын дулааны цахилгаан станцад дамжуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С.О. 

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн нутаг дэвсгэр Б бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.Дг зодож, эрүүл мэндэд “хамарт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзтайгаа Б бар руу орсон. Тухайн үед манай найз Э хажуу талын ширээнээс сандал авах гэж байтал нэг залуу сандлыг нь өшиглөсөн. Тэрнээс болж муудсан. Б.Дг цохьсон үйлдлээ санаж байгаа. Надаас эмчилгээний төлбөр нэхэмжлээгүй. Би хохирогчоос уучлалт гуйсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би сарын 400.000 төгрөгийн цалин авдаг,цалингаасаа торгуулийн ялыг төлнө. Харин торгуулийн ялыг 5 сарын хугацаанд цалингаасаа хэсэгчлэн төлөх саналтай байна...гэв.

 

- С.Оын яллагдагчаар өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ний орой найзуудтайгаа хамт Б  баар  руу 22 цагийн үед орж пиво захиалж ууж байтал манай найз Э хажуу талын ширээнээс сандал авах гэтэл тэр ширээнээс нэг залуу авах гэж байсан сандалыг өшиглөсөн. Үүнээс болж хоорондоо маргалдсан. Гэтэл тэр залуу гаръя гээд байхаар нь бид нар гарч үүдэнд муудсан. Д гэх залуу бид нартай маргалдаж муудаж байсан залууг дотогш оруулаад өөрөө орохгүй байхаар нь буцаагаад оруулах гэж байтал тэр залуу орохгүй байхаар нь би нэг удаа цохисон. Өөр дахиж зодож цохисон зүйл байхгүй. Тэгээд тэр залуу бие засах өрөөрүү явсан. Би Дгаас уучлалт гуйсан. Надаас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.../хх-19/,

 

- Хохирогч Б.Дгийн: Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед хоёр найзтайгаа хамт Б баар руу орж 500 граммын шилтэй архи, хүний нэг нэг шил пиво уусан. Бд сууж байгаад гадагшаа гарсан. Гэтэл удалгүй Х ирж танай найз чинь гадаа хүнтэй муудаад байна гэхээр нь би гараад очтол Бд баарны үүдэнд хэсэг залуучуудтай маргалдаж муудаад байхаар нь би салгаад буцаад оруулаад зогсож байтал тэр залуучуудын нэг нь ирээд намайг цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад байхаар нь би бие засах өрөө рүү орж цагдаад дуудлага өгсөн. Сүүлд сонсоход намайг Хгийн найз О гэх залуу цохисон байсан. О намайг нэг удаа цохисон. Нэг удаагийн цохилтоос болж хамар болон урууландаа гэмтэл авсан. С.Оыг танихгүй, урд нь хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. С.О нь надтай уулзаж надаас уучлалт гуйсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- 8 /,

 

- Хохирогч Б.Дд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-24/

 

- Хохирогч Б.Дгийн тодорхойлолт/хх-23/

 

- Гэрч Б.Хын: Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 21 цаг өнгөрөөгөөд Б баар руу орсон. Бааранд бүжгийн талбай дээр зогсож байтал нэг залуу ирээд  манай найз Этай маргалдаж муудсан. Үүнээс болж бид нар баарны үүдэнд хэсэгт очсон. Манай найзуудтай муудаад байсан залуу миний танил Д гэдэг залуутай явж байсан болохоор Дд очиж найз чинь хүмүүстэй муудаад байна гэж хэлсэн. Бид хоёр муудаж байсан хүмүүсийг салгах гэж очсон бөгөөд муудаж байсан хүмүүсийг салгаад баар руу оруултал Д үүдэнд үлдсэн байсан. Гэтэл манай найзуудын нэг нь Дг цохисон байсан. Тухайн үед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Их согтуу бол байгаагүй. Дг оруулах гээд байхад орохгүй байсан. Үүнээс болж О нь Дг  цохисон байх...гэх мэдүүлэг /хх-15х/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Дгийн биед хамарт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь шинэ байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүд нь 2-с дээшгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна... гэжээ /хх-13х/,

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-12х/

-

- С.Оын  Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-20х/

 

- С.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21х/

 

- С.Оын тус аймгийн прокурорын газарт гаргасан “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-29х/

 

- С.От Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-25/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 01 дүгээр сарын сарын 31-ны өдрийн 21 дугаартай санал /хх-30х/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “ Б” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Дг зодож, эрүүл мэндэд нь “ хамарт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий ” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:  

шүүгдэгч С.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Би Д гэх залууг орохгүй байхаар нь нэг удаа цохисон. Өөр дахиж зодож цохисон зүйл байхгүй. Би Дгаас уучлалт гуйсан. Надаас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа буруу зүйл хийснээ мэдээд маш их гэмшсэн” гэх, 

хохирогч Б.Дгийн “ Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой  Бд баарны үүдэнд хэсэг залуучуудтай маргалдаж муудаад байхаар нь би салгаад буцаад оруулаад зогсож байтал тэр залуучуудын нэг нь ирээд намайг цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад байхаар нь би бие засах өрөө рүү орж цагдаад дуудлага өгсөн”гэх,

гэрч Б.Хын “Манай найзуудын нэг нь Дг цохисон байсан. Тухайн үед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Их согтуу бол байгаагүй. Дг оруулах гээд байхад орохгүй байсан. Үүнээс болж О нь Дг  цохисон байх” гэх, 

шинжээчийн 75 дугаартай дүгнэлтэнд: 11. Б.Дгийн биед хамарт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь шинэ байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүд нь 2-с дээшгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна...” зэрэг нотлох баримтууд хамаарна. 

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ хохирогч Б.Дг “ бааранд буцаж орсонгүй “ гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундаа хэрэглэсний улмаас ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Дг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч С.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ. 

 

Шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.    

        

С.Оын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

 

Тухайлбал, шүүгдэгч С.Оын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

 

Иймд С.От холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Оын “ Би сарын 400.000 төгрөгийн цалин авдаг, цалингаасаа торгуулийн ялыг төлнө. Торгуулийн ялыг 5 сарын хугацаанд цалингаасаа хэсэгчлэн төлөх саналтай байна “ гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэж зохицуулсан бөгөөд  шүүгдэгчийн цалин хөлсний хэмжээ, мөн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 550.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо. 

       

Шүүгдэгч С.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.От оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

5. Шүүгдэгч С.О нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН