| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0057/э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 57
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч О.Б, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн 1930005480009 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик оношилгоо мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн ... тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг Сэргэлэнгийн ... тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, РД:ЛЮ92011439, Э.Г
Хоёр. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг “Ө” гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй,РД:ЛИ90102572, О.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.Б, Э.Г нар бүлэглэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө иргэн Б.Оын 2 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талууд дараах нотлох шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би машин дээр мотоциклоо ачиж явж байгаад хашаан дээрээ ирээд машинаа орхиод мотоциклтой 10 гаруй километр газар яваад тухайн адууг хөөж ирсэн. Тэр адуунаас хүрэн гүүг барьж аваад эрээн цаасаа дэвсээд ажилласан. Хүрэн гүүг ажиллаж дуусаад арьсанд нь боож тавиад ягаан гүүг барьж авсан. Би хохирогчид зүслээд адуу өгсөн. Хээлтэй нэг гүү, нэг сарваатай өгсөн. Хохирогч одоо авахаар гүү нь хээлээ хаячихна гээд хавар авъя гэж хэлээд аваагүй. Мотоцикл нь О.Бийн мотоцикл.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
- Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Машинтай явж байгаад машин дээрээсээ мотоциклоо буулгаад адуунд явсан. Зүүн хойшоо 10 гаруй километрт “Бу” гэдэг газарт байсан адууг хөөж ирж хашаад хүрэн гүү, ягаан гүү хоёрыг ажилласан. Хоёр адууны махыг идшиндээ хэрэглэсэн. Хохирогчид бид 2020 оны хавар унага гүү, сарваа нийт зургаан адуу өгөхөөр тохирсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгай хийхгүй. Би эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг, бага нь ой гарантай, нөгөө нь зургаан настай. Би хөдөө айлын мал хөлсөөр хариулдаг. Э.Г манайд ирээд явъя гэхээр нь хамт явсан юм. Унаж явсан мотоцикл миний мотоцикл... гэв.
- Яллагдагч Э.Гийн: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг “Х” гэх газар нутаглах найз О.Бийнд очсон юм. Тэгээд О.Бийг гарч уулзъя гэж гэрээс нь гаргаж машинд оруулж суулгаад Бөд “найз нь хоёр гурван адуугаа алдаад олдохгүй байна, хоёулаа зүрх гаргаад адуунд мордъё, алдсанаар нь нөхье” гэж хэлэхэд “би ч гэсэн идэшний адуу байхгүй байгаа нэг удаа зүрхэлбэл зүрхэлье” гэхээр нь “чи гэртээ байж бай” гэж хэлээд сумын төв явсан. Сумын төв ороод хэсэг байж байгаад шатахуун түгээх станцаас 40.000 төгрөгөнд түлш нэмээд гэртээ байж байгаад 21 цагийн үед сумаас гарч Бийнд 22 цагийн үед очиж Бийн “Хайрхан” нэртэй улаан өнгийн мотоциклийг өөрийн эзэмшлийн 82-94 УНГ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад “Б” гэх газар руу явсан юм. Уг газар очоод шууд адуу хаших хашааг үзэхэд хаших боломжтой байхаар нь мотоциклоо машинаас буулгаад машинаа уг газар үлдээгээд хашаанаас зүүн хойш Буын нурууны баруун урд энгэрт байх 4- 5 азарга адуун дээр очиж үзэхэд дандаа таньдаг адуу болохоор нь авахаа болъё гээд буцаад хашаа руу явах гэтэл уг адуунуудын захад танихгүй азарга адуу байхаар нь мотоциклоороо хашаа руу нь хөөж очиж адууг хашаад машинаа ухрааж аман дээр нь тавьж Бийн гэрээс авсан урт цагаан мяндсан бугуйлаар бугуйлдаж хүрэн гүүг барьж ногтлоод, ягаан гэх үү бор гэх үү зүсийг нь сайн мэдэхгүй зүстэй байдсыг барьж бугуйлаар ногтлоод машинаа хөдөлгөөд адууг нь байсан зүг буюу зүүн хойш нь гаргаж орхиод эрээн цаас дэвсэж байгаад хүрэн гүүгээ уг хашаанд нь янзлаад арьсанд нь боож машин дээрээ ачаад, дараа нь ягаан байдсыг янзлаад арьсанд нь боож гэдсийг нь 50 кг-ийн уутанд нэг нэгээр нь хийж авч толгой шийрийг нь ачаад Их лагийн худаг дамжуулаад Түвшинширээ сум орж өөрийн эзэмшлийн адууны жүчээн дээр буулгаж эрээн уутныхаа цусыг хашаандаа цасан дээр нүх ухаж асгаад ягаан буурал байдсыг махыг нь гэртээ буулгаж буцаж жүчээ дээр очиж хүрэн гүүний махыг эрээн уутандаа боогоод хүрэн гүү болон ягаан байдасны ширэн дээр нь цус болсон цас болон баасыг нь ачаад жүчээн дээрээс хөдлөөд хогийн цэгт толгой, шир, шийрийг нь, болон баас цустай цас зэргийг нь хаяж тэндээсээ шууд Бийнд очиж адууных нь махыг нь Бтэй буулгаад сумын төвд байх гэртээ буцаж ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,
- Яллагдагч О.Бийн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Э.Г манай гэрт ирж манайд хоол идчихээд гарч уулзъя гэж дагуулж гараад машиндаа суулгаад “адуу хулгайлахаар явъя” гэхээр нь би “тэгье” гэсэн. Тэгээд намайг буулгаад гэртээ байж байгаарай би сум орж бензин авчихаад ирье гээд явсан. Тэгээд орой 22 цагийн үед байх ирээд миний мотоциклийг ачиж хөдлөөд “Бу” гэх газар очсон байх. Нэг хашаан дээр очиж адуу хашиж болох үгүйг хараад болохоор хашаа байхаар нь машинаас мотоциклоо буулгаад хашаан дээр машинаа үлдээгээд, хашаанаас зүүн хойш явж олон азарга адуу байснаас нэг азарга адууг нь мотоциклоор хөөж хашаан дээр очоод адуугаа хашиж хашааны амыг таглаж машинаа ухруулж тавиад миний цагаан өнгийн мяндсан бугуйлаар бугуйлдаж хүрэн гүү барьж Гийн ногоон мяндсан ногтоор ногтлоод, ягаан бор байдсыг бугуйлаараа ногтлоод машинаа хашааны амнаас Г холдуулахаар нь би адууг нь гаргатал зүүн урагшаа явахаар нь хөөж ирсэн зүг буюу зүүн хойшоо толгойг нь эргүүлж орхиод хүрэн гүүгээ янзалж махыг нь машин дээрээ арьсанд нь боож тавьсан. Дараа нь ягаан бор байдсыг янзлаад мөн арьсанд нь боож машин дээрээ тавьж 50 кг-ийн уутанд гэдсийг нь нэг нэгээр нь хийж эрээн уутандаа адууны баасыг нь боогоод толгой шийрийг нь ачаад хөдлөөд Түвшинширээ сум явж шууд Э.Гийн жүчээнд очоод эрээн цаасаа цасаар цэвэрлээд ягаан байдасны махыг нь Э.Гийнд буулгаад буцаж жүчээн дээрээ очиж, хүрэн гүүний махыг нь эрээн уутанд боож машин дээрээ ачаад хоёр адууны арьсанд баасыг нь болон эрээн уутнаас унасан бохирыг нь цуг ачаад сумын хогон дээр хаяад манай гэр рүү явсан. Тэгээд би хүрэн гүүний махыг гэртээ авч буусан бөгөөд Э.Г явсан. Улсын дугааргүй улаан өнгийн Хүлэг нэртэй тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм”...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/
- Хохирогч Б.Оын: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газар өвөлжиж байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө манай адуунаас 2 тооны адуу хулгайд алдагдсан. 3ах зээлийн ханшаар үнэлнэ. Хоёулаа артай тамгатай, хүрэн гүү, ягаан бор байдас байгаа. Малаа алга болсон талаар сонсоод эрж хайж 5 хоног 1000 орчим км явсан. Хайж явсан зардлаа төлүүлэх хүсэлтэй байна. Мөн миний алдагдсан хоёр адууны нөхөн төлбөр болгож Э.Г болон О.Б нар 2020 оны хавар унагатай сарваатай нийт 6 адуу надад өгнө гэж илэрхийлсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Гэрч Б.Оийн: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт сумын төвөөс нөхрийн найз Э.Г ирж хоол идчихээд явсан. Харин орой 22 цагийн үед Г цагаан өнгийн ачааны машинтай ирээд О.Бийг аваад явсан. Юунд явж байгааг нь би мэдээгүй. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн үед Г, Б хоёр ирэхдээ унаж явсан машинаасаа манай нөхрийн мотоцикл болон адууны арьс, толгойгүй, шийргүй, шалдан өрөөлдсөн мах буулгаад Э.Г шууд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 03-07/
- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/10 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоол /хх-ийн 22-23/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг 2020.01.08./ арлын дугаар KNCWJZ74AAK452674, 82-УНГ улсын дугаартай Бонго 3 маркийн автомашин / хх-ийн 28-30/,
- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/11 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоол /хх-ийн 24/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг. 2020.01.08./ аралын дугаар 4YLLGK000335, моторын дугаар 162F-MJ17011226, Хүлэг маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл/ хх-ийн 30-31/
- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 007 дугаартай “ 1. Хэргийн газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. “Хэргийн газраас олдсон тээврийн хэрэгслийн мөн тэнхлэг хоорондын хэмжээ харуулсан байдал 3.1” гэсэн бичигтэй тээврийн хэрэгслийн мөрний тэнхлэгийн хэмжээ нь гэрэл зургаас харагдахгүй байх тул шинжилгээнд ирүүлсэн машины тэнхлэг хоорондын зайтай харьцуулах боломжгүй байна. ” гэх дүгнэлт /хх-ийн 34-38/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 006 дугаартай ” Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр гэрэл зургийн аппаратаар бэхжүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь хувийн онцлог содон шинж тэмдгүүд нь хангалттай тод дүрслэгдээгүй байх тул гэрч О.Бийн өмсөн байгаа гэх Хос зулга монголд үйлдвэрлэв гэж бичсэн архирч байгаа чонын зурагтай гуталтай харьцуулах боломжгүй байна ” гэх дүгнэлт /хх-ийн 41-45/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний 005 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр гэрэл зургийн аппаратаар бэхжүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь хувийн онцлог содон шинж тэмдгүүд нь хангалттай тод дүрслэгдээгүй байх тул гэрч Э.Гийн өмсөн байгаа гэх түрий дээрээ хээтэй этэн гуталтай харьцуулах боломжгүй байна ” гэх дүгнэлт /хх-ийн 48-54/
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Үнэлгээний комиссын “ 7 настай бүдүүн гүү, үнэ 1.000.000 төгрөг, 4 настай хязаалан байдас 800.000 ” гэх малын үнэлгээ /хх-ийн 99/
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90/
- О.Бийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 97 хуудас/
- О.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/
- О.Бийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 84-87/
- Шүүгдэгч О.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 119-121/
- А ХХК-ний 1000341 дугаартай үнэлгээний тайлан: 0000 улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн YC150-2FC маркийн, улаан өнгийн мотоцикл /хх-ийн 101-102/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/ О.Б/ /хх-ийн 80-81/
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91/
- Э.Гийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 96 хуудас/
- Э.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/
- 02638937 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /82-94 УНГ улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн машин//хх-ийн 98/
- А ХХК-ний 1000340 дугаартай үнэлгээний тайлан: 2010 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монгол улсад орж ирсэн, арлын дугаар KNCWJZ74AAK452674, 82-УНГ улсын дугаартай Бонго 3 жи маркийн автомашин /хх-ийн 104-105/,
- Шүүгдэгч Э.Гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн113-118/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. Э.Г./хх-ийн 78-81/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г, О.Б нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас иргэн Б.Оын артай тамгатай хүрэн гүү, ягаа бор байдасыг мотоцикль ашиглан хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч Э.Гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би машин дээр мотоциклоо ачиж явж байгаад хашаан дээрээ ирээд машинаа орхиод мотоциклтой 10 гаруй километр газар яваад тухайн адууг хөөж ирсэн. Тэр адуунаас хүрэн гүүг барьж аваад эрээн цаасаа дэвсээд ажилласан. Хүрэн гүүг ажиллаж дуусаад арьсанд нь боож тавиад ягаан гүүг барьж авсан. Мотоцикл нь О.Бийн мотоцикл ” гэх,
шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Машинтай явж байгаад машин дээрээсээ мотоциклоо буулгаад адуунд явсан. Зүүн хойшоо 10 гаруй километрт “Бу” гэдэг газарт байсан адууг хөөж ирж хашаад хүрэн гүү, ягаан гүү хоёрыг ажилласан. Хоёр адууны махыг идшиндээ хэрэглэсэн. Унаж явсан мотоцикл миний мотоцикл ” гэх,
хохирогч Б.Оын “ Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газар өвөлжиж байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай адуунаас 2 тооны адуу хулгайд алдагдсан. 3ах зээлийн ханшаар үнэлнэ. Хоёулаа артай тамгатай, хүрэн гүү, ягаан бор байдас байгаа. Малаа алга болсон талаар сонсоод эрж хайж 5 хоног 1000 орчим км явсан. Хайж явсан зардлаа төлүүлэх хүсэлтэй байна. Мөн миний алдагдсан хоёр адууны нөхөн төлбөр болгож Э.Г болон О.Б нар 2020 оны хавар унагатай сарваатай нийт 6 адуу надад өгнө гэж илэрхийлсэн байгаа...гэх,
гэрч Б.Оийн” 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт сумын төвөөс нөхрийн найз Э.Г ирж хоол идчихээд явсан. Харин орой 22 цагийн үед Г цагаан өнгийн ачааны машинтай ирээд О.Бийг аваад явсан. Юунд явж байгааг нь би мэдээгүй. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн үед Г, Б хоёр ирэхдээ унаж явсан машинаасаа манай нөхрийн мотоцикл болон адууны арьс, толгойгүй, шийргүй, шалдан өрөөлдсөн мах буулгаад Э.Г шууд яваад өгсөн “ гэх, мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/10 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоол,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг 2020.01.08./ арлын дугаар KNCWJZ74AAK452674, 82-УНГ улсын дугаартай Бонго 3 маркийн автомашин /,
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/11 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоол,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг. 2020.01.08./ аралын дугаар 4YLLGK000335, моторын дугаар 162F-MJ17011226, Хүлэг маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл/,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Үнэлгээний комиссын “7 настай гүүний үнэ 1,000,000 төгрөг, 4 настай хязаалан байдас 800,000” гэх малын үнэлгээ
А ХХК-ний 1000341 дугаартай үнэлгээний тайлан/ 0000 улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн YC150-2FC маркийн, улаан өнгийн мотоцикл / зэрэг болно.
Мал хулгайлах гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжих бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.Г, О.Б нар өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах буюу адуу хулгайлах зорилгоор О.Бийн эзэмшлийн мотоциклиор хохирогч Б.Оын адуу бэлчээрлэж байсан газарт очиж, уг мотоциклиор адууг хөөж, хашаанд хашиж 2 тооны адууг барьж нядалж, өөрсдийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдох бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч нар нь мотоциклиор адууг хөөж туун ирж 2 адууг барьснаар буюу адууг нядлах, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр тэдгээрийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг төгсчээ.
Шүүгдэгч нар гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангахын тулд бусдын өмчлөлийн адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Э.Г, О.Б нарын бусдын 2 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.От учирсан 1.800.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул уг хохирлыг Э.Г, О.Б нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 900.000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор тогтоолоо.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Үнэлгээний комиссоос Б.Оын 7 настай гүүг 1.000.000 төгрөгөөр, 4 настай хязаалан байдасыг 800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний талаар хохирогч маргаагүй байна.
Хохирогч Б.О нь “ Малаа эрж хайж 5 хоног 1000 орчим км явсан. Хайж явсан зардлаа төлүүлэх хүсэлтэй байна “ гэж мэдүүлэх боловч энэ талаарх тодорхой тайлбар, нотлох баримт, нэхэмжлэлийг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хохирогч нь дээрх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдъя.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Хүдэр нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчим, мөн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ “ гэж заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.
Шүүгдэгч Э.Г, О.Б нарт ял шийтгэх оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч нарын гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Э.Г, О.Б нар нь амар хялбар аргаар, хувийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Г, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Э.Г, О.Б нар нь О.Бийн эзэмшлийн улсын дугааргүй Хүлэг маркийн мотоциклоор адуу эрж хайн, улмаар хохирогч Б.Оын азаргатай адууг 10-аад км-ээс хөөж туун авчирч хашаанд хашиж 2 адууг авч, гэмт хэргийг үйлдэхдээ мотоцикл ашигласан байх тул хуульд заасны дагуу уг тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл Э.Г, О.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарах бөгөөд уг мотоциклийг улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна ” гэх зохицуулалтанд нийцэх юм.
Шүүгдэгч Э.Г, О.Б нар нь биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, бод малын жин, хэмжээ, тоо ширхэг, биет байдал зэргээс шалтгаалан уналга, тээврийн хэрэгсэлгүйгээр адууг хөөж, туух боломжгүй учраас О.Бийн эзэмшлийн улсын дугааргүй Хүлэг маркийн мотоциклийг ашигласан байх бөгөөд тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй буюу тээврийн хэрэгсэл нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.
А ХХК-ний 2020.01.13-ны өдрийн автомашин, техникийн үнэлгээний 1000341 үнэлгээний тайлангаар уг мотоциклийг 800.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Г, О.Б нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гаргуулахаар тогтоосон тул уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр тогтоолоо.
Харин шүүгдэгч нар нь Э.Гийн эзэмшлийн 82-94 УНГ улсын дугаартай Бонго-2 маркийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдэлдээ ашиглаагүй байх тул уг тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч нар нь уг машин орхисон газраас 10 гаруй км-т малын бэлчээрт О.Бийн эзэмшлийн улсын дугааргүй Хүлэг маркийн мотоциклоор хүрч, адуу эрж хайн, хохирогч Б.Оын азаргатай адууг хөөж туун авчирснаар хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн ба гэмт хэрэг үйлдсэний дараа буюу эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг бүрдүүлсний дараа өөрийн эзэмшилдээ авсан малын махыг зөөж тээврлэж байгааг машин механизм ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Э.Г, О.Б нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
О.Б нь өөрийн эзэмшлийн Хүлэг маркийн мотоцикл, Э.Г нь 82-94 УНГ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг А ХХК-р тогтоолгохдоо холбогдох зардлыг өөрсдөө төлсөн болох нь А ХХК-ны 2020.01.13-ны өдрийн 0003768, 0003767 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тус тус нотлогдоно /хх- 100, 103/
Шүүхийн шатанд Э.Г, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б, Э.Г нарыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Э.Г нарыг 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч О.Б, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Э.Г нараас гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 1,800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 900,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн иргэн хохирогч Б.От олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь адуу эрж хайхтай холбоотойгоор өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэтэй, аралын дугаар 4YLLGK000335, моторын дугаар 162F-MJ17011226, Хүлэг маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулж, уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/11дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Э.Гийн эзэмшлийн цагаан өнгийн 82-94 УНГ улсын дугаартай Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/10 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч О.Б, Э.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН