| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0191/э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 58
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мад холбогдох эрүүгийн 1930003700225 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар баг А гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Ш.М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Э гэх газраас иргэн Б.Гийн 1 тооны үхрийг уналга хэрэглэн хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талууд дараах нотлох шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Б.Гийн бяруу манай үхэрт байсан.Үхэртээ мориор явсан, битүүмжилсэн байгаа. Хт бяруу өгөхдөө манай үхэр гэж хэлээд өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа дахин хулгай хийхгүй. Хохирлоо төлсөн. Б.Гт 600.000 төгрөг төлсөн. Х гэх хүнээс зарсан бярууныхаа мөнгөө аваагүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
- Яллагдагч Ш.Мын: 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед манай үхэрт улаан зүсмийн охин бяруу ирж нийлсэн. Би тухайн үед бярууны талаар сум орны удирдлага болон цагдаагийн байгууллагад хандаагүй. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай нутгийн залуу Х надаас идэшний бяруу байвал хямд үнээр авъя гэхээр нь боломжгүй байна гээд өгөөгүй. Хэд хоногийн дараа Х дахин ирж асуухаар нь би үхэр рүүгээ явж нийлсэн байсан улаан зүсмийн зүүн чих дундаасаа баруун чих онь имтэй охин бярууг тууж ирээд Хт 300.000 төгрөгөөр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
- Хохирогч Б.Гийн: Манайх Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Э гэх газраас 2018 оны 12 дугаар сарын эхээр баруун чих араасаа догол, зүүн чих цуулбар имтэй охин улаан бяруу үхрээсээ алдсан юм. Тэр хавиараа хайгаад олоогүй. Гэтэл манайхтай саахалт байдаг Ш.М нь 2018 оны өвөл Б.Х гэдэг хүнд миний алдсан бяруутай адилхан бяруу өгч Х гэдэг хүн өвлийн идшиндээ хэрэглэсэн байсан. Би бяруу алдчихлаа гэж М ахад хэлж байсан. Бяруугаа асуухаар тийм бяруу хараагүй ах нь хүнээс асууж байя гэж хэлж байсан. М ах манайхтай айл сахалт байдаг болохоор манай үхрийн имийг сайн мэднэ. Би Ш.Маас 600000 төгрөгийг бэлнээр авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 06 хуудас/,
- Гэрч Б.Хын: 2018 оны 12 дугаар сарын үед Ш.М ахтай өвөл идэх бяруу бүтээгээд өгөх боломж байна уу гэж утсаар ярьсан. Ш.М ахынд ирээд нөгөө бяруугаа авахаар ирлээ гэхэд үхрээ хурааж ирээд улаан зүстэй зүүн чих дундаасаа баруун чих онь имтэй бяруу зааж хөөгөөд яв гэсэн...гэх мэдүүлэг /хх- 10 /,
- Гэрч Р.Бы: 2018 оны 12 дугаар сарын дундуур манай хадам ах Б.Х ирээд ахдаа идэшний бяруу нядлаад өгөөрэй гэсэн. Өглөө нь гэрт очиход зүүн чих дундаасаа цуулбар, баруун чих араасаа догол имтэй, улаан зүсмийн мухар охин бяруу байсан. Эрдэнэ ууланд нутагладаг Ш.М гэдэг хүнээс худалдаж авсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-11 /,
- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/39 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоол /хх- 17/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг.2019.10.15/ хх-1315-16/.
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үнэлгээний комиссын малын үнэлгээ: эрдэнэ тамгатай хүрэн үрээ, үнэ 400.000 төгрөг /хх- 19/
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үнэлгээний комиссын малын үнэлгээ: Баруун чих догол, зүүн чих цуулбар имтэй охин бяруу, үнэ 500.000 төгрөг /хх- 18/
-Ш.Мын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 хуудас/
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/212 дугаартай тодорхойлолт /хх-32/
-Ш.Мын Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-33/
-Ш.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 34/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.10.13 /хх- 29-30/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг “ Э ” гэх газарт өөрийн үхэр сүрэгт нийлсэн иргэн Б.Гийн эзэмшлийн баруун чих араасаа догол, зүүн чих цуулбар имтэй охин улаан бярууг хулгайлан бусдад зарж борлуулан 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед манай үхэрт улаан зүсмийн охин бяруу ирж нийлсэн. Би тухайн үед бярууны талаар сум орны удирдлага болон цагдаагийн байгууллагад хандаагүй. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай нутгийн залуу Х надаас идэшний бяруу байвал хямд үнээр авъя гэхээр нь боломжгүй байна гээд өгөөгүй. Хэд хоногийн дараа Х дахин ирж асуухаар нь би үхэр рүүгээ явж нийлсэн байсан улаан зүсмийн зүүн чих дундаасаа баруун чих онь имтэй охин бярууг тууж ирээд Хт 300.000 төгрөгөөр өгсөн “ гэх,
хохирогч Б.Гийн “ Манайх Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Э гэх газраас 2018 оны 12 дугаар сарын эхээр баруун чих араасаа догол, зүүн чих цуулбар имтэй охин улаан бяруу үхрээсээ алдсан юм. Тэр хавиараа хайгаад олоогүй. Гэтэл манайхтай саахалт байдаг Ш.М нь 2018 оны өвөл Б.Х гэдэг хүнд миний алдсан бяруутай адилхан бяруу өгч Х гэдэг хүн өвлийн идшиндээ хэрэглэсэн байсан. Би бяруу алдчихлаа гэж М ахад хэлж байсан. Бяруугаа асуухаар тийм бяруу хараагүй ах нь хүнээс асууж байя гэж хэлж байсан. М ах манайхтай айл сахалт байдаг болохоор манай үхрийн имийг сайн мэднэ. Би Ш.Маас 600000 төгрөгийг бэлнээр авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх,
гэрч Б.Хын “ 2018 оны 12 дугаар сарын үед Ш.М ахтай өвөл идэх бяруу бүтээгээд өгөх боломж байна уу гэж утсаар ярьсан. Ш.М ахынд ирээд нөгөө бяруугаа авахаар ирлээ гэхэд үхрээ хурааж ирээд улаан зүстэй зүүн чих дундаасаа баруун чих онь имтэй бяруу зааж хөөгөөд яв гэсэн “ гэх,
гэрч Р.Бы “ 2018 оны 12 дугаар сарын дундуур манай хадам ах Б.Х ирээд ахдаа идэшний бяруу нядлаад өгөөрэй гэсэн. Өглөө нь гэрт очиход зүүн чих дундаасаа цуулбар, баруун чих араасаа догол имтэй, улаан зүсмийн мухар охин бяруу байсан. Эрдэнэ ууланд нутагладаг Ш.М гэдэг хүнээс худалдаж авсан гэж байсан” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үнэлгээний комиссын “ Баруун чих догол, зүүн чих цуулбар имтэй охин бяруу, үнэ 500.000 төгрөг “ малын үнэлгээ зэрэг болно.
Мал хулгайлах гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжих бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг байна.
Шүүгдэгч Ш.Мын хувьд өөрийн үхэрт нийлсэн бярууг нэг нутаг усны, саахалт нутаглах иргэн Б.Гийн үхэр болохыг мэдсээр байж, түүнийг асууж сураглаж ирэхэд мэдэхгүй гэж хэлэн төөрөлдүүлэн, уг бярууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад зарж борлуулсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч Ш.М болон түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Харин улсын яллагч нь шүүгдэгч Ш.Мыг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн эрдэнэ тамгатай хүрэн үрээг унаж буюу уналга ашиглан иргэн Б.Гийн бярууг хулгайлсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд аливаа уналга, тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан уналга, тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
Харин шүүгдэгч Ш.Мын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ уг морийг дээр дурдсан нөхцөл байдлаар болон урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй ба тэрээр Б.Гийн охин бярууг өөрийн үхэрт нийлснээс хойш хэд хоногийн дараа, гэрч Б.Хыг бяруу авахаар ирэх үед дээрх мориороо үхэр сүргээ хөөж ирэн уг бярууг түүнд зааж өгч хөөлгөж явуулсан үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд уналга ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Ш.М нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангахын тулд бусдын өмчлөлийн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ш.Мын бусдын 1 тооны бярууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт учирсан 500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь түүний мөрдөн байцаалтанд өгсөн “ Би Ш.Маас хохирлын мөнгө 600.000 төгрөгийг бэлнээр авсан, надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлгээр нотлогдох ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Малын үнэлгээгээр хохирогч Б.Гийн охин бярууг 500.000 төгрөгөөр үнэлжээ /хх-18/.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Ш.Мын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас буюу өөрийн үхэрт нийлсэн бярууг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Шүүх шүүгдэгчийн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж байгаа, түүний насны байдал зэрэг хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Мыг уналга ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/39 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоолоор түүний өмчлөлийн “ эрдэнэ тамгатай хүрэн үрээг “ битүүмжилсэн ба шүүх дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Мыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг хорих ял оногдуулахгүйгээр 8 /найман /сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Хэрэгт Ш.Мын өмчлөлийн “ эрдэнэ тамгатай хүрэн шүдлэн үрээ”-г битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/39 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Ш.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт учирсан 500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН