| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0055/э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 60
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бэд холбогдох 1930005150010 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 2, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ... тоотод оршин суух хаягтай, 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 17 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн, М.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.Б нь Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн иргэн М.Эы 1 тооны адууг Халзан сумын 3 дугаар багийн нутаг “С” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хулгайлж 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Халзан сумын С гэдэг газраас хээр морийг хэлэхгүй авчираад аймагт ирээд хүнд зарсан. Мөнгөний хэрэг гараад авсан. Хохирогч М.Э нь миний төрсөн ах юм. Морь зарсан хүнээсээ морио буцааж аваад ахдаа өгсөн. Ахаасаа уучлалт гуйсан. Өөрийн үйлдлийн хор уршгийг ойлгож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
1930005150010 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч М.Бийн: Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө аймгийн төвд хөдөө явах унаа эрээд явж байтал Бтай таараад хөдөө яваад өг ирээд мөнгийг нь өгнө гэж хэлээд өөрийн ахын хүү Мийнх рүү хонь авахаар очсон юм. Тэгээд дүүгээс нэг хонь гуйж авчихаад байж байтал хонь нь айлын хоньтой нийлчихлээ гээд дүү эхнэрээ сундлаад явсан. Тэгэхээр нь араас нь Б бид хоёр машинтайгаа очиж хонийг нь дутуу ялгаж өгөөд би Бд дүү хээр морио надад өглөө гэж худал хэлээд гэр рүү нь ирээд гаднаас нь хээр морийг нь ачиж аймаг дээр ирээд нэг танихгүй хүнд 700.000 төгрөгөөр өгсөн. Хонио болохоор 80.000 төгрөгөөр бас тэр хүнд өгсөн. Мөнгийг нь Бын картаар авсан. Тэгээд надад Б 480.000 төгрөг тоолж өгсөн. Би явахдаа эхнэрээс нь 40.000 төгрөг зээлсэн байсан. Явж байхад машиных нь амортизатор нь хугарсан гээд тэрийг нь би төлөхөөр болсон. Тэгээд түлшний мөнгө гээд 100.000 төгрөг, хонины 80.000 төгрөгийг түр хэрэглэе, дараа нь өгнө гээд авахаар болсон, тэгээд явж өгсний хөлс гээд нийлүүлээд 300.000 төгрөгийг нь Б авсан. Ингэж явахад Бын эхнэр Сарангуа гэж хүүхэн хамт явсан. Би явахдаа 40.000 зээлсэн байсан. Тэгээд надад 480.000 төгрөг өгсөн гэж мөнгө өгсөн би өөрөө тоолж мэдэхгүй, Г гэж найздаа 100.000 төгрөг өгсөн. бусдаар нь хүмүүстэй архи уусан. Би архи уух гээд мөнгөний хэрэг гараад байсан юм. Би хохирлоо барагдуулсан байгаа.Би хийсэн зүйлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Хохирогч М.Эы: 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү гадаа унаж байсан хээр зүсмийн морь нь эмээл хазаартайгаа алдуураад гаднаасаа алга боллоо гээд эрээд нэг хоносон юм. Тэгсэн тэр өдөр нь манай хүүгийнх рүү манай төрсөн дүү Б очиж хонь гуйж аваад явахдаа гадаа унаж байсан морины эмээлийг нь авч гэрийнх нь ард байсан бараан дор хийж нуугаад морийг нь ачиж аймаг дээр махны ченжид өгсөн байсан. Манайх ер нь ганцхан унаарын морьтой айл байгаа юм. Миний морь өсгий цагаан, хээр зүсмийн зөв талын гэр гуяндаа хөндлөн хайруул тамгатай, 6 настай, тарган морь. Б нь манай морийг аваад эргүүлээд морийг маань өгсөн учир хохирол барагдсан. Одоо гаргах санал гомдол байхгүй. Манай хүү Мөөс адууг нь хулгайлж авч явсан байсан. Гэхдээ уг адуу нь миний морь байгаа юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/
- Гэрч М.Сгийн: 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хадам аавынхаас нөхрийн хамт Баруун-Урт суманд шүү авахаар ирсэн юм. Тэгээд аймаг дээр 2 хоносон чинь манай нөхөр Б гэж хүнтэй танилцсан, тэр хүн нь хөдөө яваад өг гээд байна гэхээр нь хамт явахаар болоод Баруун-Урт сумаас зүүн урагш 30 гаран км очоод нэг айлаас эхлээд нэг эм хонь ачсан юм. Анх явахдаа бол бяруу авна гэж явсан юм. Тэгсэн тэр айлынх нь хонь айлын хоньтой нийллээ гээд бүгдээрээ явцгаасан, төд удалгүй Б ирээд “дүү морио ав гэнээ” гээд гадаа байсан хээр морийг нь ачсан.Тэгэхээр нь “үнэн юм уу, асууж байж больё” гэсэн чинь “зүгээрээ” гээд ачсан.Тэгээд аймаг дээр ирээд нэг танихгүй хүнд морио 700.000 төгрөгөөр зараад, хонио 80.000 төгрөгөөр зарсан.Тэгээд түлшний мөнгө гээд 100.000 төгрөг, амаржин эвдэрсэн гээд 80.000 төгрөг, хониных нь мөнгийг манай хүнд зээлүүлж байгаа гээд 80.000 төгрөг, хөлсөндөө 100.000 төгрөг надаас явахдаа 40.000 төгрөг авч хэрэглэсэн байсан нийлээд 300.000 төгрөг аваад үлдсэн 480.000 төгрөгийг нь өөрөө тоолж авсан. Би Бийг хүний адууг хулгайлж ачсан гэдгийг мэдээгүй. Би яг өөрт нь 24 ширхэг 20.000 мянгатын дэвсгэрт тоолж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/
- Гэрч Э.Мийн: М.Б гэгчийг танина манай аавын төрсөн дүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Би бичиг үсэг мэдэхгүй ч мэдүүлэгтээ ээжийгээ хамт байлгаж байгаад өгнө. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө би хөдөө гэртээ Халзан сумын 3 дугаар багийн С гэдэг газар хонио хараад гэрийнхээ хойд дээр байж байтал хойноосоо аймгийн замаар цэнхэр портертой манай аавын дүү Б танихгүй нэг залуу, хүүхэн хоёртой ирсэн юм. Тэгээд надаас Б ах “ахдаа нэг хонь өгөөч” гэхээр нь аавдаа шөл өгөх гэж байгаа юм болов уу гээд хөх хүзүүтэй эм хонь өгөөд, цай хоол идэж уугаад байж байтал манай хонь зүүн айлын хоньтой нийлчихээд эхнэр бид хоёр хонио ялгахаар авсан юм. Тэгсэн араас ирээд хонь ялгаж байгаад явлаа гээд явсан.Тэгээд гэртээ ирсэн миний хээр морь байхгүй болохоор нь морио эрээд нэг хоног явсан.Тэгээд аймаг руу ээждээ морио алдчихлаа эрээд олохгүй байна гэсэн чинь Б аймаг дээр морь зарсан сураг гараад байхаар нь ирж уулзсан чинь миний морийг хулгайлж ирээд хүнд 700.000 төгрөгөөр зарсан байсан. Манайх ер нь хонь ямаа нийлсэн 100 гаран малтай, мал муутай айл. Миний морийг Б захиран зарцуулах эрх байхгүй, манайх унаарын ганцхан морьтой, тэрийгээ гадаа унаж байхад улаан цайм эмээлийг нь авч орхиод авч явсан байсан. Тэгээд анхандаа морио эмээлтэйгээ алдуураад явчихлаа гээд эрээд байсан чинь эмээлийг нь авч гэрийн ард байсан бараан дор нуугаад морийг минь ачиж явсан байсан. Зах зээлийн ханшаар үнэлж байна. Миний морь 6 настай тарган морь. Морио одоо гэр рүүгээ хүргүүлэх, дээрээс нь морио эрээд 25.000 төгрөгийн бинзен зарцуулсан болохоор үүнийг төлүүлмээр байна. Дээрээс нь гаднаас морь хулгайлж ажил алдуулж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
- Гэрч Ч.Бын: 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Х ахын хашаанаас машинаа асаагаад авч явах үед Б тэднийд ирээд Халзан сумын араас нэг адуу авч ирмээр байна гээд намайг гуйхаар нь түлш тосоо хийгээд яв гэж хэлсэн юм. Тэгсэн Б ирээд адуугаа зараад хөлсийг нь өгөхөөр болоод бид хоёр миний 14-59 СҮЭ улсын дугаартай портер машиныг унаад Халзан сумын зүүн хойно аймгаас 40 гаран км яваад Бийн дүү Мийн гэр рүү очоод гаднаас хамт ороод Б дүүгээсээ нэг хонь гуйж авсан.Тэгээд хоол цай идэж байх хооронд хонь нь айлын хоньтой нийлгээд тэр хэд яваад өгсөн. Тэгээд намайг гэрт нь хүлээгээд байж байтал Б ирээд дүү хээр морио аваад яв гэнээ гээд гадаа нь байсан хээр морийг ачсан.Тэгээд аймгийн төв дээр ирээд ЧДУ дэлгүүрийн гадаа ирээд байж байтал нэг машинтай хүн ирээд морио зарах юм уу гэхээр нь зарна гээд тэр хүнд 700.000 төгрөгөнд өгсөн.Тэгээд надад түлшний мөнгө гээд 300.000 төгрөг надад өгсөн.Түлш 100.000 төгрөг, амаржин хугарсан тэрийг өөрөө төлнө гээд дээрээс нь хонийг нь би мөнгөний хэрэг байна дараа хониор нь төлнө гээд 80.000 зарсан мөнгийг авч нийлээд 300.000 болсон юм. Би хонийг нь мөнгөний хэрэг гараад авсан юм. Амаржин хугарсан чинь өөрөө төлнө гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
- Гэрч С.Тий: 2019 оны 11 дүгээр сарын 25 ны өдөр Баруун-Урт сумын 5 дугаар баг ЧДУ дэлгүүрээс тамхи аваад гарч ирхэд 1 адуу ачсан машин байхаар нь адуугаа зарах уу гэсэн чинь жижиг биетэй залуу нь зарнаа бой мах авахгүй байна, би зээл төлөх гээд мөнгөний хэрэг байна гэхээр нь 700.000 төгрөгөнд авья гэсэн чинь тэг тэг гэсэн тэгээд би мөнгийг нь шилжүүлсэн юм. Би ямар данс руу хийснээ санахгүй байна, тухайн үед надад хэлж байсан. Надад хэлэхдээ би өөрийн адуунаас Асгат сумаас авч ирсэн морь гэж хэлсэн юм. Би энэ адууг хулгайн адуу гэж мэдээгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Үнэлгээний комиссын “ унаарын 7 настай морь 700.000 төгрөг “ гэх малын үнэлгээ /хх-ийн 27/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020.01.13-ны өдрийн 5/28 дугаартай тодорхойлолт /хх-ийн 32/,
- М.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/,
- М.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/
- Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020.01.22-ны өдрийн 15/05 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 29-30/
- Хохирогч М.Эы шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн “ С ” гэх газраас иргэн М.Эы зөв талын гэр гуяндаа хөндлөн хайруул тамгатай, өсгий цагаан, хээр зүсмийн, 7 настай морийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би Халзан сумын С гэдэг газраас хээр морийг хэлэхгүй авчираад аймаг ирээд хүнд зарсан. Мөнгөний хэрэг гараад авсан. Хохирогч М.Э нь миний төрсөн ах юм. Морь зарсан хүнээсээ морио буцааж аваад ахдаа өгсөн ” гэх,
хохирогч М.Эы “ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү гадаа унаж байсан хээр зүсмийн морь нь эмээл хазаартайгаа алдуураад гаднаасаа алга боллоо гээд эрээд нэг хоносон юм. Тэгсэн тэр өдөр нь манай хүүгийнх рүү манай төрсөн дүү Б очиж хонь гуйж аваад явахдаа гадаа унаж байсан морины эмээлийг нь авч гэрийнх нь ард байсан бараан дор хийж нуугаад морийг нь ачиж аймаг дээр махны ченжид өгсөн байсан. Манай хүү Мөөс адууг нь хулгайлж авч явсан байсан. Гэхдээ уг адуу нь миний морь байгаа юм..” гэх,
гэрч С.Тий “ 2019 оны 11 дүгээр сарын 25 ны өдөр Баруун-Урт сумын 5 дугаар баг ЧДУ дэлгүүрээс гарч ирэхэд 1 адуу ачсан машин байхаар нь адуугаа зарах уу гэсэн чинь жижиг биетэй залуу нь “ зарнаа бой мах авахгүй байна, би зээл төлөх гээд мөнгөний хэрэг байна “ гэхээр нь 700.000 төгрөгөнд авья гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд би мөнгийг нь шилжүүлсэн юм. Надад хэлэхдээ би өөрийн адуунаас Асгат сумаас авч ирсэн морь гэж хэлсэн ” гэх,
гэрч Ч.Бын “ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө машинаа асаагаад авч явах үед Б ирээд Халзан сумын араас нэг адуу авч ирмээр байна гээд намайг гуйхаар нь түлш тосоо хийгээд яв гэж хэлсэн юм. Тэгсэн Б ирээд адуугаа зараад хөлсийг нь өгөхөөр болоод бид хоёр миний 14-59 СҮЭ улсын дугаартай Портер машиныг унаад Халзан сумын зүүн хойно аймгаас 40 гаран км яваад Бийн дүү Мийн гэр рүү очоод Б дүүгээсээ нэг хонь гуйж авсан.Тэгээд хоол цай идэж байх хооронд хонь нь айлын хоньтой нийлгээд тэр хэд яваад өгсөн. Намайг гэрт нь хүлээгээд байж байтал Б ирээд дүү хээр морио аваад яв гэнээ гээд гадаа нь байсан хээр морийг ачсан.Тэгээд аймгийн төв дээр ирээд ЧДУ дэлгүүрийн гадаа ирээд байтал нэг машинтай хүн ирээд морио зарах юм уу гэхээр нь зарна гээд тэр хүнд 700.000 төгрөгөнд өгсөн...” гэх,
гэрч М.Сгийн “ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хадам аавынхаас нөхрийн хамт Баруун-Урт суманд шүү авахаар ирсэн юм. Манай нөхөр Б гэж хүнтэй танилцсан, тэр хүн нь хөдөө яваад өг гээд байна гэхээр нь хамт явахаар болоод Баруун-Урт сумаас зүүн урагш 30 гаран км очоод нэг айлаас эхлээд нэг эм хонь ачсан юм. Тэгсэн тэр айлынх нь хонь айлын хоньтой нийллээ гээд бүгдээрээ явцгаасан, төд удалгүй Б ирээд “дүү морио ав гэнээ” гээд гадаа байсан хээр морийг нь ачсан.Тэгэхээр нь “үнэн юм уу, асууж байж больё” гэсэн чинь “зүгээрээ” гээд ачсан.Тэгээд аймаг дээр ирээд нэг танихгүй хүнд морио 700.000 төгрөгөөр зараад, хонио 80.000 төгрөгөөр зарсан...” гэх,
гэрч Э.Мийн “ М.Б манай аавын төрсөн дүү байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Халзан сумын 3 дугаар багийн С гэдэг газар хонио хараад гэрийнхээ хойд дээр байхад хойноосоо аймгийн замаар цэнхэр портертой манай аавын дүү Б танихгүй нэг залуу, хүүхэн хоёртой ирсэн юм. Тэгээд надаас Б ах “ахдаа нэг хонь өгөөч” гэхээр нь аавдаа шөл өгөх гэж байгаа юм болов уу гээд хөх хүзүүтэй эм хонь өгөөд, цай хоол идэж уугаад байж байтал манай хонь зүүн айлын хоньтой нийлчихээд эхнэр бид хоёр хонио ялгахаар авсан юм. Тэгсэн араас ирээд хонь ялгаж байгаад явлаа гээд явсан.Гэртээ ирээд миний хээр морь байхгүй болохоор нь морио эрээд нэг хоног явсан.Тэгээд аймаг руу ээждээ морио алдчихлаа эрээд олохгүй байна гэсэн чинь Б аймаг дээр морь зарсан сураг гараад байхаар нь ирж уулзсан чинь миний морийг хулгайлж ирээд хүнд 700.000 төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Үнэлгээний комиссын “ унаарын 7 настай морь 700.000 төгрөг” малын үнэлгээ зэрэг болно.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч М.Б нь зарж борлуулан ашиг олох буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн төрсөн ахын хүү Э.Мийн гэрийн хүмүүсийг эзгүй байхад гэрийн гадна уяатай байсан М.Эы эзэмшлийн морийг хулгайлж бусдад зарж борлуулсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн адууг гэрийнх нь гаднаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч М.Бийн бусдын 1 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
М.Б нь хулгайлсан морийг биет байдлаар буцаан өгч хохирогч М.Эд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар “ Б нь манай морийг аваад эргүүлээд морийг маань өгсөн учир хохирол барагдсан. Одоо гаргах санал гомдол байхгүй ” гэж хэрэгт мэдүүлжээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Үнэлгээний комиссоос хохирогч М.Эы 1 тооны 7 настай морийг 700.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Бийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй “М.Б нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдолгүй талаар мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Иймд шүүх шүүгдэгч М.Бийн амар хялбар аргаар мөнгө олох, хувийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор гэмт хэргийг үйлдсэн, “ эзэн нь ав гэсэн “ гэж жолоочийг хуурч мэхлэн, төөрөгдүүлэн машинаар нь ачиж ирсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчим харшлахгүй болно.
Мөн дээрх асуудалтай холбоотойгоор гаргаж буй улсын яллагчийн “Шүүгдэгчид оногдуулж байгаа 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч М.Б нь архи уухын тулд өөрийн төрсөн ахынхаа морийг хулгайлсан. Зөвхөн архи уухын тулд хулгай хийсэн болон өөрийн биеэ авч яваа байдлаас нь харахад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзэж байгаа. Иймд М.Бэд эрүүгийн хариуцлагын хувьд өөрийн зан байдалд нь нөлөөлөх, өөрийг нь хүмүүжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.
М.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Бийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 340 /гурван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан М.Бэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.Эд учирсан 700.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН