Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 61

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар

Хохирогч Ш.Б,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Бид холбогдох 1930005270040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын авто машинист мэргэжилтэй, ам бүл 2, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Шаргын ... тоотод  оршин суух хаягтай, тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд цаг уурын техникч ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, С.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 сард иргэн Ш.Баас зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 7.713.000 төгрөгийг авч, бусдад 7.713.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Ш.Б ахтай нэг нутаг усны хүмүүс. Цаг уурт хамт 10 гаруй жил ажиллаж байсан. Би тухайн үед хүмүүст нэлээд өртэй болчихоод байсан. Ш.Б ах архи уусан үедээ надад банкны карт, пин кодоо өгөөд хэдэн төгрөг байгааг шалгаад өг гэж хэлсэн. Ш.Б ахын дансыг шалгахад хүнд 400.000 төгрөг шилжүүлээд 7.600.000 төгрөг үлдсэн байсан. Би Эрдэнэцагаан сумын харьяат Цасчихэр гэдэг хүнд 2.300.000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнийг Ш.Б ахад хэлэхэд “ахаасаа зээлчих, 07 дугаар сарын 10-ны дотор буцааж өгөөрэй ” гэж хэлээд өгсөн. Би энэ мөнгийг нь өгч чадахгүй явсаар байгаад бусад мөнгийг нь мөн үрээд дуусгасан. Ш.Бы картыг 2019 оны 06 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хэрэглэсэн.  Би хүмүүст өртэй байсан. 7.713.000 төгрөгийг өрөндөө голдуу тараасан.Энэ мөнгийг би хэрэглэхгүй ёсгүй, Миний буруу. Би хүнд өртэй байсан учраас мөнгийг өгч чадахгүй болоод ийм байдалд хүрсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Хохирогч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүүхэдтэй нэг нутаг ус, мөн хамт ажиллаж байсан учраас итгэсэн. Урьд манай талийгаачийг амьд байхад манай гэрээр ирж хоол унд иддэг, хоноод явдаг байсан. Тиймээс итгэж байсан. Харин миний энэ итгэлийг хөсөрдүүлсэн байна. 2019 оны 03 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаанд миний хохирлыг төлнө гэж хэлсэн. Би авдаг цалинтай нь танилцсан. Сарын 1.000.000 орчим төгрөг авдаг юм байна лээ. Энэ хугацаандаа миний хохирлыг төлчихвөл өөр надад гомдол байхгүй...гэв.

 

- Яллагдагч С.Бийн: Би Ш.Б ахыг эртнээс танина. Бид 2 Баяндэлгэр сумын Дөхөм багт төрж өссөн нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Сүүлд 2002 оноос хойш аймгийн “Ус цаг уур, орчны шинжилгээний төв”-ийн Баруун-Урт станцад ээлжийн техникчээр цуг ажиллаж байгаад Ш.Б ах 6-7 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан юм. 2019 оны 06 дугаар сарын эхээр /өдрийг  тодорхой санахгүй/  Ш.Б ах бид хоёр Чимгээ гэх эмэгтэйн гэрт очиж архи ууцгааж байгаад харьцгаасан юм. Маргааш өглөө нь Ш.Б ах   руу залгахад утсаа авахгүй болохоор нь 09 цаг өнгөрөөгөөд гэр рүү нь очиход Б ах архи нь гүйцэд гараагүй унтаж байсан. Тэгээд бид хоёр машинтай нь төв   рүү гарч, надад “Хаан” банкныхаа картыг өгөөд, дансанд хэдэн төгрөг байгааг шалгачих гээд картныхаа нууц дугаарыг хэлж өгсөн. Нууц дугаар нь 0810 гэж байсан. Тэгэхэд дансанд нь 7.600.000 /долоон сая зургаан мянга/ төгрөг байсныг мэдсэн юм. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөн Б ахтай архи ууж байгаад “Дүүд нь хэдэн төгрөг хэдэн төгрөг хэрэгтэй байна. Хүнд мөнгө хэрэгтэй байна" гээд төвд бууж үлдэх гэхэд Б ах “Чи надаас зээлж аваад тэр хүндээ өгчих” гэхээр Б ахын картнаас 2.180.000 /хоёр сая нэг зуун наян мянга/ төгрөгийг Эрдэнэцагаан сумын иргэн Б.Ц гэдэг хүний “Хаан” банкны 5630257759 дугаарын данс  руу шилжүүлсэн. Би зээлсэн мөнгөө 2019 оны 07 дугаар сард өгнө гэж авсан боловч зээлсэн мөнгөө өгч чадахгүй, мөн 2019 оны 04 дүгээр сараас эхлэн хэд, хэдэн хүнээс мөнгө зээлчихсэн байсан учир Ш.Б ахад “Би таныг нэг өрөө байранд оруулж өгье. Миний таньдаг Болороо гэдэг хүн эмнэлгийн 38 айлд нэг өрөө байр 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр зарна гэж байна. Та надаас 10.000.000 /арван сая/төгрөг зээлчих. Би таны мөнгийг дээр нь нэмээд тэр хүнээс байр аваад өгье” гэж худал хэлэн Ш.Б ахад итгүүлэн, картанд байсан мөнгийг нь өрөндөө тарааж өгсөн юм. Би Болороо гэдэг хүнтэй байрны талаар огт уулзаагүй...гэх мэдүүлэг  /хх-31-32/

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Бы: Би ганц биеэрээ Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мандахын 3-7 тоотод оршин суудаг юм. 2019 оны хавар 03 дугаар сард манай эхнэр өөд болсон юм. Гэтэл манай Баяндэлгэр сумын, нэг нутаг усны, надтай аймгийн Ус, цаг уурын газарт цуг ажиллаж байсан С.Б гэх эмэгтэй 2019 оны 06 дугаар сарын дундуур надтай таксинд явсан юм. Тухайн үед би “Ах нь ганц бие, галлагаатай байшинд хэцүү байна орон сууцанд, нэг өрөө дулаан байранд орчих юмсан” гэж ярихад С.Б “Ахаа би танд тус болъё. Миний таньдаг хүн эмнэлгийн 38 айлын орон сууцанд нэг өрөө байр зарна гэж байсан. Би таныг тэр байранд зуучилж өгье” гэсэн. Түүнээс хойш арваад хоногийн дараа уулзаж “Та надад хашаа байшингийнхаа гэрчилгээг өгчих, надад байж байг. Муу хөгшин чинь амьд сэрүүн байхдаа ахыгаа харж, хандаж байгаарай гэж их захидаг байсан. Би танд өөрөөсөө 10.000.000 /арван сая/ төгрөг зээлүүлье. Та үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөгийг нь өөрөө байрныхаа хүнд өгөөрэй” гэж хэлээд манай байшингийн гэрчилгээг аваад явсан. Тухайн авах нэг өрөө байр нь 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн үнэтэй байр гэж байсан. Хэд хоногийн. дараа дахин манай  руу ирэхдээ нэг шил архитай ирж бид хоёр хувааж уусан юм. Ингэхдээ намайг картан дахь мөнгөө үрчихнэ гээд миний “Хаан” банкны картыг аваад явсан байна лээ. Би тухайн үед их согтсон байсан учир картаа яаснаа мэдэхгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин уулзахдаа “Та дансан дахь мөнгөө картанд байлгаад хэрэггүй хүү нь ордоггүй юм. Би танд өгөх 10 сая төгрөгтэйгөө нийлүүлээд хадгаламжийн дансанд байршуулчихъя. Хүү нь өсч байхдаа хэдэн төгрөг нь хэрэгтэй. Тэгээд байраа авахдаа мөнгөө гаргаад өгнө” гэхээр нь би итгээд зөвшөөрсөн юм.  С.Б нь надтай уулзах болгондоо байрны чинь хүн ярьж байна гээд миний хажууд утсаар ярьдаг байсан. Тэгээд намар байраа авахаар боллоо гэж байснаа сүүлд нэг ярихдаа 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байраа суллаж өгнө гэж байна гэж хэлсэн. Байр яасан бэ? Юу болсон бэ? гэхээр нөгөө байрны хүмүүс эзгүй байна аав, ээжийгээ хотод эмчлүүлж байна, байр нь цагаан эрвээхийтэй болчихсон олон удаа хор цацаж, ариутгал хийж байна, байрандаа засвар хийж байна гэх зэргээр 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өдийг хүртэл худал ярьж намайг залилж, мэхэлсэн байна. Би 2019 оны 11 сарын 20-ны үед С.Бтэй уулзаад байраа үзье гэхэд “Болороо нөхөртэйгөө хөдөө малд яваад цасанд суучихсан байна гэнэ, одоогоор эзгүй байна’’ гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа над  руу яриад “Болороогийн байр банканд 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн барьцаанд байгаа юм байна. Тэгээд би Болороод 2.1 сая төгрөг зээлүүлчихлээ, одоо тэгээд удахгүй байр чинь бэлэн болчихно” гэж ярьсан. Түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Бтэй утсаар ярьж “Одоо би байрандаа ормоор байна. Өнөөдөр байшингийн гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлмээр байна” гэхэд такси бариад манай  руу ирээд “Би сая Болороотой ярилаа бид хоёрыг захиргаан дээр байж бай” гэсэн гэхээр нь аймгийн захиргаан дээр ирэхэд Болороо нь байхгүй байсан. Тэгээд тэнд Болороог нэг цаг гаран хүлээсэн. Тэр хооронд С.Б Болороотой утсаар ярилаа, хуралтай байна, одоо удахгүй очлоо” гэж байна гээд их удсан. Би сүүлдээ уурлаад С.Бийг дагуулаад Халамж үйлчилгээний газар руу очиж Болороотой уулзана гээд орох гэхэд Бийбиш намайг оруулахгүй “Та ороод хэрүүл хийчихнэ, би ороод ирье” гээд орсноо хуралтай байна гээд гарч ирсэн. Тэгэхээр нь би ажил  руу нь орж үүдний жижүүрээс Болороогийн утсыг аваад ярих гэхэд С.Б миний утсыг шүүрч аваад “Би танд бүх үнэнээ хэлье. Болороо энэ асуудалд ямар ч хамаагүй шүү. Би таныг хуурсан, бүх буруу миний буруу” гээд намайг хуурч, мэхэлж байснаа хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

- Гэрч  Ш.Бгийн: Би С.Б гэх хүнийг сайн танина. С.Б   миний төрсөн эгч Ш.Байгальмаатай аймгийн Цаг уурын орчны шинжилгээний төвд хамт ажилладаг байсан юм. Манай аавынхаар эгчтэй хамт орж гараад явдаг байсан. Тэгээд намайг сайн таньдаг байх. Садан төрлийн холбоо байхгүй. С.Б нь манайхыг эмнэлгийн 38 айлд нэг өрөө байртай гэдгийг мэднэ. Би С.Б гэх хүнд байр зарна гэж огт ярьж байгаагүй. Харин одоогоос нэг жил гарны өмнө танайх байраа зарах уу? гэж асуухад нь би зарахгүй гэж байсан. 2019 оны 12 дугаар сард Ш.Б гэдэг хүний дүү Ш.Хүрэлчулуун гэдэг хүн анх утсаар ярьж “Манай ах танай байрыг худалдаж авсан байна. Байраа хэзээ суллаж өгөх гэж байна вэ?” гэж ярихаар нь би энэ асуудлыг мэдсэн. С.Б нь манай байрыг хүнд зарна гэж худал яриад мөнгө авсан юм шиг байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- Ш.Бы 000287655 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх- 05/,

 

- Ш.Б, Ц.Оюун нарын 000226714 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх- 06/,

 

- С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 33/

 

- С.Бийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх- 36/

 

- С.Бид холбогдох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх- 34/

 

- С.Бид холбогдох Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх- 35/

- С.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 37/

 

- С.Бийн Прокурорын газарт гаргасан хүсэлт.2020.02.12. /хх- 44/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай санал /хх-46/ 

 

- Хохирогч Ш.Бы Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт.2020.02.14.

 

- Шүүгдэгч С.Бийн хохирогчид төлөх төлбөрийн хуваарь, 

 

- Сүхбаатар аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2020.02.18-ны өдрийн 44 дугаартай тодорхойлолт зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сараас 11 сарын хооронд иргэн Ш.Быг “ нэг өрөө орон сууц авахад зуучилж өгнө “ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар төөрөгдөлд оруулан түүний Хаан банкны картыг өөртөө шилжүүлэн авч данснаас нь 7.713.000 төгрөгийг залилан авсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

шүүгдэгч С.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ Би Ш.Б ахтай нэг нутаг усны хүмүүс. Цаг уурт хамт 10 гаруй жил ажиллаж байсан. Би тухайн үед хүмүүст нэлээд өртэй болчихоод байсан. Ш.Б ах архи уусан үедээ надад банкны карт, пин кодоо өгөөд хэдэн төгрөг байгааг шалгаад өг гэж хэлсэн. Ш.Б ахын дансыг шалгахад хүнд 400.000 төгрөг шилжүүлээд 7.600.000 төгрөг үлдсэн байсан. Би Эрдэнэцагаан сумын харьяат Цасчихэр гэдэг хүнд 2.300.000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнийг Ш.Б ахад хэлэхэд “ахаасаа зээлчих, 07 дугаар сарын 10-ны дотор буцааж өгөөрэй ” гэж хэлээд өгсөн. Би энэ мөнгийг нь өгч чадахгүй явсаар байгаад бусад мөнгийг нь мөн үрээд дуусгасан. Ш.Бы картыг 2019 оны 06 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хэрэглэсэн.  Би хүмүүст өртэй байсан. 7.713.000 төгрөгийг өрөндөө голдуу тараасан.Энэ мөнгийг би хэрэглэхгүй ёсгүй, Миний буруу. Би хүнд өртэй байсан учраас мөнгийг өгч чадахгүй болоод ийм байдалд хүрсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Бы “ манай Баяндэлгэр сумын, нэг нутаг усны, надтай аймгийн Ус, цаг уурын газарт цуг ажиллаж байсан С.Б гэх эмэгтэй 2019 оны 06 дугаар сарын дундуур надтай таксинд явсан юм. Тухайн үед би “Ах нь ганц бие, галлагаатай байшинд хэцүү байна орон сууцанд, нэг өрөө дулаан байранд орчих юмсан” гэж ярихад С.Б “Ахаа би танд тус болъё. Миний таньдаг хүн эмнэлгийн 38 айлын орон сууцанд нэг өрөө байр зарна гэж байсан. Би таныг тэр байранд зуучилж өгье” гэсэн. Түүнээс хойш арваад хоногийн дараа уулзаж “Та надад хашаа байшингийнхаа гэрчилгээг өгчих, надад байж байг. Муу хөгшин чинь амьд сэрүүн байхдаа ахыгаа харж, хандаж байгаарай гэж их захидаг байсан. Би танд өөрөөсөө 10.000.000 /арван сая/ төгрөг зээлүүлье. Та үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөгийг нь өөрөө байрныхаа хүнд өгөөрэй” гэж хэлээд манай байшингийн гэрчилгээг аваад явсан. Тухайн авах нэг өрөө байр нь 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн үнэтэй байр гэж байсан. Хэд хоногийн дараа дахин манай  руу нэг шил архитай ирж бид хоёр хувааж уусан. Ингэхдээ намайг картан дахь мөнгөө үрчихнэ гээд миний “Хаан” банкны картыг аваад явсан байна лээ. Би тухайн үед их согтсон байсан учир картаа яаснаа мэдэхгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин уулзахдаа “Та дансан дахь мөнгөө картанд байлгаад хэрэггүй хүү нь ордоггүй юм. Би танд өгөх 10 сая төгрөгтэйгөө нийлүүлээд хадгаламжийн дансанд байршуулчихъя. Хүү нь өсч байхдаа хэдэн төгрөг нь хэрэгтэй. Тэгээд байраа авахдаа мөнгөө гаргаад өгнө” гэхээр нь би итгээд зөвшөөрсөн юм.  С.Б нь надтай уулзах болгондоо байрны чинь хүн ярьж байна гээд миний хажууд утсаар ярьдаг байсан. Тэгээд намар байраа авахаар боллоо гэж байснаа сүүлд нэг ярихдаа 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байраа суллаж өгнө гэж байна гэж хэлсэн. Байр яасан бэ? Юу болсон бэ? гэхээр нөгөө байрны хүмүүс эзгүй байна аав, ээжийгээ хотод эмчлүүлж байна, байр нь цагаан эрвээхийтэй болчихсон олон удаа хор цацаж, ариутгал хийж байна, байрандаа засвар хийж байна гэх зэргээр 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өдийг хүртэл худал ярьж намайг залилж, мэхэлсэн байна. Би 2019 оны 11 сарын 20-ны үед С.Бтэй уулзаад байраа үзье гэхэд “Болороо нөхөртэйгөө хөдөө малд яваад цасанд суучихсан байна гэнэ, одоогоор эзгүй байна’’ гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа над  руу яриад “Болороогийн байр банканд 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн барьцаанд байгаа юм байна. Тэгээд би Болороод 2.1 сая төгрөг зээлүүлчихлээ, одоо тэгээд удахгүй байр чинь бэлэн болчихно” гэж ярьсан. Түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Бтэй утсаар ярьж “Одоо би байрандаа ормоор байна. Өнөөдөр байшингийн гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлмээр байна” гэхэд такси бариад манай  руу ирээд “Би сая Болороотой ярилаа бид хоёрыг захиргаан дээр байж бай” гэсэн гэхээр нь аймгийн захиргаан дээр ирэхэд Болороо нь байхгүй байсан. Тэгээд тэнд Болороог нэг цаг гаран хүлээсэн. Тэр хооронд С.Б Болороотой утсаар ярилаа, хуралтай байна, одоо удахгүй очлоо” гэж байна гээд их удсан. Би сүүлдээ уурлаад С.Бийг дагуулаад Халамж үйлчилгээний газар руу очиж Болороотой уулзана гээд орох гэхэд Бийбиш намайг оруулахгүй “Та ороод хэрүүл хийчихнэ, би ороод ирье” гээд орсноо хуралтай байна гээд гарч ирсэн. Тэгэхээр нь би ажил  руу нь орж үүдний жижүүрээс Болороогийн утсыг аваад ярих гэхэд С.Б миний утсыг шүүрч аваад “Би танд бүх үнэнээ хэлье. Болороо энэ асуудалд ямар ч хамаагүй шүү. Би таныг хуурсан, бүх буруу миний буруу” гээд намайг хуурч, мэхэлж байснаа хэлсэн юм ” гэх,

гэрч  Ш.Бгийн  “ Би С.Б гэх хүнийг сайн танина. С.Б   миний төрсөн эгч Ш.Байгальмаатай аймгийн Цаг уурын орчны шинжилгээний төвд хамт ажилладаг байсан юм. Манай аавынхаар эгчтэй хамт орж гараад явдаг байсан. Тэгээд намайг сайн таньдаг байх. Садан төрлийн холбоо байхгүй. С.Б нь манайхыг эмнэлгийн 38 айлд нэг өрөө байртай гэдгийг мэднэ. Би С.Б гэх хүнд байр зарна гэж огт ярьж байгаагүй. Харин одоогоос нэг жил гарны өмнө танайх байраа зарах уу? гэж асуухад нь би зарахгүй гэж байсан. 2019 оны 12 дугаар сард Ш.Б гэдэг хүний дүү Ш.Хүрэлчулуун гэдэг хүн анх утсаар ярьж “Манай ах танай байрыг худалдаж авсан байна. Байраа хэзээ суллаж өгөх гэж байна вэ?” гэж ярихаар нь би энэ асуудлыг мэдсэн. С.Б нь манай байрыг хүнд зарна гэж худал яриад мөнгө авсан юм шиг байна лээ” гэх мэдүүлгүүд, 

Ш.Бы ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. 2019.0.01- 2019.05.30. /хх- 10-11/, 

Ш.Бы ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. 2019.06.01- 2019.11.28. /хх- 07-09/дансны мэдээлэл зэрэг нотлох баримтууд хамаарна. 

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн С.Бийн хувьд хохирогч Ш.Бы Хаан банкны картан дахь мөнгийг мэдэж, уг мөнгийг өөртөө ашиглах санаа зорилго, сэдэлтээр “Та дансан дахь мөнгөө картанд байлгаад хэрэггүй хүү нь ордоггүй юм. Би танд өгөх 10 сая төгрөгтэйгөө нийлүүлээд хадгаламжийн дансанд байршуулчихъя. Хүү нь өсч байхдаа хэдэн төгрөг нь хэрэгтэй. Тэгээд байраа авахдаа мөнгөө гаргаад өгнө ” гэж хуурч мэхлэн түүний картыг авч 4 сарын сарын хугацаанд 7.713.000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан нөхцөл байдал нөлөөлсөн бөгөөд шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өр төлбөрөө амар хялбар аргаар төлөх санаа зорилго, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Бийн “ хохирогч Ш.Бд байр авч өгнө “ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг хуурч түүний Хаан банкны картыг эзэмшиж 7.713.000 төгрөгийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бд учирсан 7.713.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул уг хохирлыг шүүгдэгч С.Бээс гаргуулж хохирогчид олгохоор тогтооно. 

 

Хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч С.Бийн гаргасан “ 2020 оны 3 сард 500.000, 4 сард 1.200.000, 5 сард 1.500.000, 6 сард 1.400.000, 7 сард 1.500.000, 8 сард 1.500.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг 6 сарын дотор төлж дуусгана “ гэх санал, хуваарийг хохирогч Ш.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба шүүхийн хэлэлцүүлэгт “ 2020 оны 03 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаанд миний хохирлыг төлнө гэж хэлсэн. Би авдаг цалинтай нь танилцсан. Сарын 1.000.000 орчим төгрөг авдаг юм байна лээ. Энэ хугацаандаа миний хохирлыг төлчихвөл өөр надад гомдол байхгүй “ гэж мэдүүлжээ. 

 

Шүүгдэгч С.Бийн “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн ” дээрх санал бодит байдалд нийцсэн, объектив шалгуурыг хангасан байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, шүүгдэгч нь хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн ба тэрээр тогтсон ажил эрхэлдэг, байнгын орлоготой, төлбөрийн чадвартай болох нь тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 202.02.18-ны өдрийн 44 тоот “ Сумъяа овогтой Бийбиш нь тус байгууллагад 17 жил ажилласан бөгөөд сарын 929.487 төгрөгийн үндсэн цалинтай “ гэх албан бичгээр нотлогдоно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ” гэж заасан бөгөөд шүүхээс С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

С.Бийн  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх дүгнэлээ.

Тухайлбал, шүүгдэгч С.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирлыг төлөх хуваарь гаргасныг хохирогч Ш.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, эвлэрсэн, хохирогч нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, мөн тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд С.Бид холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  С.Бийг зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд ялтан С.Бид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Бээс 7.713.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  багийн 5 дугаар багийн иргэн, хохирогч Ш.Б/ЛЮ51081014/-д олгосугай. 

 

5. Шүүгдэгч С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН