| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0062/э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 63
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох 2030000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Ө” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй А.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Б нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 09 дүгээр сард иргэн М.Гын 4 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнгөний хэрэг гараад адуу авсан Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирлоо төлсөн. 8.000.000 төгрөг өгсөн. Цаашид хулгай хийхгүй.Гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй... гэв.
- Яллагдагч А.Бын: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газраас хүрэн азарга зөв гуяндаа /хэвтээ хайруул/ тамгатай, хонгор гүү зөв гуяндаа /ланзан/ тамгатай, шаргал гүү зөв гуяндаа /ча/ тамгатай, хээр гүү зөв гуяндаа /жад/, алаг гүү зөв гуяндаа /ча/ тамгатай, хонгор унага, хүрэн унага, хээр алаг унага гэсэн 8 тооны адуунаас хээр гүү, шарга гүү, хүрэн азарга, хонгор гүүтэй нь 4 тооны адууг өөрийн Хаужин маркийн хятад мотоциклоор тасдаж хөөж ирж хаваржаан дээрх хашаанд оруулж байгаад барьж орхисон. Тэгээд 2 хоногийн дараа хаваржаан дээрээ ганцаараа ирж тухайн 4 тооны адууг Дорнод аймаг руу өөрийн 16-39 СҮА улсын дугаартай бонго машинаар оруулж аймгийн зүүн талд байдаг бойнд 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр зарсан. Үлдсэн алаг гүү, шарга даага, гурван унага нь тэндээ үлдсэн. Би энэ хэргийг үйлдэхдээ өөр ямар нэг хүнтэй хамтраагүй ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /39-40/
- Хохирогч М.Гын: Би 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас азарга, гүү нийлсэн 4 тооны адуугаа хулгайд алдсан. Миний адууг Дорнод аймгийн харьяат А.Б нь хулгайлсан байсан. А.Б нь надад орны адууг нь өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирлыг барагдуулсан тул хохирлын маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5/
- Гэрч Э.Агийн: Би ганц хүүтэй хүн байгаа юм. Манай хүү Б уг нь надтай хамт Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Ө” гэх газар өөрийнхөө хэдэн малыг хардаг юм. Манайх уг өөрсдөө 2019 онд 1000 гаран мал тоолуулсан айл. Манай хүү Б надад өөрөө нарийн бол яриагүй, цагдаа чамайг юу гэж дуудаад байгаа талаар асуухад хүний адуу хулгайлж Дорнод аймаг руу зарчихсан юм гэж надад хэлсэн. Тэгээд би хүүгээ яагаад ийм юм хийчихвээ гэж бодоод олохгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 10/
- “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/12 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 11/
- “Л” ХХК-ийн шинжээчийн Г/А/20/01/05 дугаартай “ Хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү 750.000 төгрөг, шарга зүсмийн нас гүйцсэн гүү 750.000 төгрөг, хээр гүү 750.000 төгрөг, хүрэн азарга 800.000 төгрөг, нийт үнэлгээ 3.050.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 14- 21/
- “Л” ХХК-ийн шинжээчийн Г/А/20/01/05 дугаартай “Хаужин мотоцикл 1.925.000” гэх дүгнэлт /хх-ийн 27-33/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/
- А.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/
- А.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/
- А.Бын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 45/
- А.Бын Малын А данс /хх-ийн 46-47/
- А.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газраас иргэн М.Гын ча тамгатай хул хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү, ча тамгатай шарга зүсмийн нас гүйцсэн гүү, жав тамгатай хээр гүү, хөндлөн хайруул тамгатай сартай хүрэн азаргыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Мөнгөний хэрэг гараад адуу авсан Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирлоо төлсөн. Цаашид хулгай хийхгүй.Гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй ” гэх,
хохирогч М.Гын “Би 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас азарга, гүү нийлсэн 4 тооны адуугаа хулгайд алдсан. Миний адууг Дорнод аймгийн харьяат А.Б нь хулгайлсан байсан. А.Б нь надад орны адууг нь өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирлыг барагдуулсан тул хохирлын маргаан байхгүй ” гэх,
гэрч Э.Агийн “ Би ганц хүүтэй хүн байгаа юм. Манай хүү Б уг нь надтай хамт Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Ө” гэх газар өөрийнхөө хэдэн малыг хардаг юм. Манайх уг өөрсдөө 2019 онд 1000 гаран мал тоолуулсан айл. Манай хүү Б надад өөрөө нарийн бол яриагүй, цагдаа чамайг юу гэж дуудаад байгаа талаар асуухад хүний адуу хулгайлж Дорнод аймаг руу зарчихсан юм гэж надад хэлсэн. Тэгээд би хүүгээ яагаад ийм юм хийчихвээ гэж бодоод олохгүй байна” гэх мэдүүлгүүд,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,
“Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” 5/12 дугаартай Прокурорын тогтоол,
“Л” ХХК-ийн шинжээчийн Г/А/20/01/05 дугаартай “ Хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү 750.000 төгрөг, шарга зүсмийн нас гүйцсэн гүү 750.000 төгрөг, хээр гүү 750.000 төгрөг, хүрэн азарга 800.000 төгрөг, нийт үнэлгээ 3.050.000 төгрөг” гэх дүгнэлт,
“Л” ХХК-ийн шинжээчийн Г/А/20/01/05 дугаартай “ Хаужин мотоцикл 1.925.000” гэх дүгнэлт зэрэг болно.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч А.Б нь зарж борлуулан ашиг олох буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч М.Гын 4 тооны адууг бэлчээрээс нь өөрийн мотоциклиор хөөж туун барьж бусдад зарж борлуулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч А.Бын бусдын 4 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Б болон өмгөөлөгч Т.Хүдэр нар гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
А.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч М.Год учирсан 3.800.000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн талаар хохирогч М.Г “А.Б нь надад орны адууг нь өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирлыг барагдуулсан тул хохирлын маргаан байхгүй ” гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд А.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
“Л” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Гын “ хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүүг 750.000 төгрөг, шарга зүсмийн нас гүйцсэн гүүг 750.000 төгрөг, хээр гүүг 750.000 төгрөг, хүрэн азаргыг 800.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Малын үнэлгээгээр М.Гын 3 тооны гүүг тус бүр 900.000 төгрөгөөр, 1 тооны азаргыг 1.100.000 төгрөгөөр нийт 3.800.000 төгрөгөөр үнэлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.
Энэ хэрэгт мөрдөгч нь хохирогч М.Гын “ хонгор зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү, шарга зүсмийн нас гүйцсэн гүү, хээр гүү, хүрэн азарга ”-ны үнэлгээг тогтоолгохоор 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “ Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай “ тогтоол гаргаж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй “ Л “ ХХК-нийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайлбал, шинжээчийн дүгнэлт гаргах дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжилгээ хийлгэнэ “ гэх зохицуулалтанд нийцсэн бөгөөд “ Л “ ХХК-ний захирал Ц.Энхжаргал нь хуульд заасан журмын дагуу томилогдож, хууль сануулагдаж, өөрийн тусгай зөвшөөрөл, тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд үнэлгээний тайлан гаргажээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Бын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ “ гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн, шүүгдэгч нь эхийн хамт хоёул амьдардаг, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
А.Б нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Хуажун загварын мотоциклийг ашигласан байх тул хуульд заасны дагуу уг тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Л ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр дээрх мотоциклийг 1.925.000 төгрөгөөр үнэлжээ /хх-ийн 26-33/.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл А.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикль нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарах бөгөөд уг мотоциклийг улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна ” гэх зохицуулалтанд нийцэх юм.
Шүүгдэгч А.Б нь биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, бод малын жин, хэмжээ, тоо ширхэг, биет байдал зэргээс шалтгаалан уналга, тээврийн хэрэгсэлгүйгээр адууг хөөж, туух боломжгүй учраас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Хуажун загварын мотоциклийг ашигласан байх бөгөөд тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй буюу тээврийн хэрэгсэл нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.
Шүүх шүүгдэгч А.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гаргуулахаар тогтоосон тул уг мотоциклийг битүүмжилсэн 20120 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр тогтоолоо.
Шүүгдэгч А.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Быг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 720/долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1.925.000 төгрөгийн үнэтэй, улсын дугааргүй Хуажун загварын улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.
5. Шүүгдэгч А.Бын эзэмшлийн улсын дугааргүй Хуажун маркийн улаан өнгийн мотоциклийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Шүүгдэгч А.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.Год учирсан 3.800.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН