Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 202

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 150/2016/00185/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлтэй

         Хариуцагч Ц.М-,

         Хариуцагч Д.Б- нарт холбогдох                

          “Зээлийн үүргийн төлбөр 8.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Э-, хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э-:

2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Б-д иргэн Ц.М-ийн зуучилснаар Хөтөл тооцооны төв Хас банкны салбараас хадгаламжаа барьцаалж, зээл авч Д.Б-гийн 5048066539 тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн болно. Үүний дараа Ц.М- арваад хоногийн дараа мөн Д.Б-д 10 сая төгрөг зээлдүүлж нийт 15 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж Д.Б-тай хугацааг тохирч гэрээг бичгээр хийсэн болно. Үүнээс хойш 2015 оны 02 дугар сар хүртэл иргэн Д.Б-гаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд 2015 оны 07 сард Ц.М-, иргэн Д.Б- болон түүний нөхөр Н.Тэрбиш нартай 15 сая төгрөгний хүүг 35 сая төгрөгөөр бодож үүнийхээ 27 сая төгрөгөнд 1 өрөө байр авахаар тохирч үлдсэн 8 сая төгрөгийг мөн оны 10 дугаар сарын 01-ний дотор өгөхөөр гэрээ хийгдсэн байдаг. Одоо Ц.М- нь бидний дунд өгсөн 1 өрөө байранд амьдарч байгаа болно. Одоог хүртэл нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй тул үндсэн зээл болон хүүг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.М-:

Миний бие иргэн Д.Б-д 5.000.000 төгрөг нэхэмжлэгч Э.Э-оос авахад зуулчилж өгсөн нь үнэн, гэвч бидний хувьд 10 хувийн хүү тооцож өгөхөөр гэрээ хийхэд иргэн Э.Э- наиайг өөрийнхөө нэрээр хий гэсний дагуу би өөрийнхөө нэрээр хийсэн. Ингээд хүү тооцож явсаар 2 жил гаруй болж шүүх, цагдаагаар удаа дараа явсны дараа нийт 35 сая төгрөг авахаар тооцож төлбөр барагдуулахаар болсон. Ингээд иргэн Д.Б-, Н.Тэрбиш нар 1 өрөө байр, эсвэл Шим худалдааны төвд лангуу авахыг санал болгосон Э.Э-од энэ тухай хэлэхэд 1 өрөө байрыг авч зараад мөнгө болгосон нь дээр гэсний улмаас ингэж тохиролцсон... Мөн үлдсэн 8 сая төгрөгийг 10 дугаар сарын 01-ны өдөр бэлнээр өгөхөөр акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Одоо авах 8 сая төгрөг бол Э.Э-од очих мөнгө...гэжээ.

Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш:

...Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 8.000.000 төгрөгийг би ойлгосонгүй. Ямар учраас нэхээд байгаа юм. Нэхэмжлэгч өөрөө 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.Б-гийн дансанд Ц.М-ийн хэлснээр 5.000.000 төгрөг хийсэн гэж байна. Тэгээд арваад хоногийн дараа Ц.М-, Д.Б-тай 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн гэрээ байна...Бас нэг зүйл яригдаад байна. 10.000.000 төгрөг зээлээд хүү нь 35.000.000 төгрөг болсон  бол Иргэний хуульд  зааснаар хүү алданги нь 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Би Б-гийн өмнөөс гарын үсэг зурж байгаад Ц.М-т байр өгсөн. 2.300.000 төгрөг бэлнээр өгсөн. Байрны засварт 600000 гаруй төгрөг өгсөн. Ингээд бодохоор нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энд Д.Б- ямар ч хамааралгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 8.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна гэсэн тайлбар шүүхэд гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-од олгож, Ц.М-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гаас 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш:

...Зээлийн гэрээг Э.Э- биш Ц.М- өөрийн нэр дээр байгуулж, тооцоог гардан хийсэн талаарх Э.Э-ын болон Ц.М-ийн “Д.Б-д 5 сая төгрөгийг нэхэмжлэгч Э.Э-оос авч өгөөд зээлийн гэрээ хийх гэтэл Э.Э- нь чи өөр дээрээ гэрээг хийж тооц гэсний улмаас гэрээг би өөрийн нэр дээр хийсэн” гэх тайлбар зэргийг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар нь Ц.М- нь Э.Э-ын бие төлөөлөгч буюу төлөөлөхөөр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулж мөн зээлдүүлсэн мөнгийг Э.Э-од хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь тодорхой байхад анхан шатны шүүх нотлох баримтын хувьд үнэлээгүй. Ц.М- нь Э.Э-ыг төлөөлж гэрээг байгуулж зээлийн төлөлтийг Э.Э-од төлөх үүргийнхээ хувьд Д.Б-гаас үндсэн төлбөрт 15 сая төгрөг, зээлийн хүүд 14.6 сая төгрөг нийт 29.6 сая төгрөг авч Э.Э-од өгөлгүй хувьдаа авсныг Ц.М- тайлбарлаж тогтоогдсон байхад Ц.М-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна. Ц.М- нь Д.Б-тай зээлийн гэрээг байгуулж цаашлаад 2.3 сая төгрөг бэлнээр, 27 сая төгрөгийн үнэ бүхий байр, засварын хөлсөнд 600.000 төгрөг тус тус авснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Ц.М-ийг Э.Э-ын бие төлөөлөгч гэж үзээгүй мөн хариуцагч биш гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх хуулийн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “хариуцагч Д.Б-гаас” гэснийг “хариуцагч Ц.М-ээс” гэж, “Ц.М-т холбогдох нэхэмжлэлийг” гэснийг “Д.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна.

                                               ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Э- хариуцагч Ц.М-, Д.Б- нарт холбогдуулан  “зээлийн төлбөрийн үүрэг 8.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Э.Э-, Д.Б- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд Д.Б-гаас 5.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт талуудын гаргаж өгсөн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг судалвал дараах эрх зүйн дүгнэлт хийж болно. Нэхэмжлэгч Э.Э- хариуцагч Д.Б- нарын хооронд иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч Э.Э-  нь хариуцагч Д.Б-тай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж зээл, зээлийн хүү нэхэмжилсэн боловч энэ шаардлага хэрэгжих боломжгүй. Учир нь:

1. Э.Э-, Д.Б- нарын хооронд хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээ байгуулаагүй,

2. Э.Э- нь Ц.М-т хэлцэлд өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэл олгоогүй байгаа тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ыг  Ц.М- төлөөлсөн гэж үзэхгүй.

3. Нэхэмжлэгч Э.Э-, хариуцагч Ц.М- нар бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэхээр хоорондоо ярьж Ц.М- Д.Б-гийн дансыг Э.Э-од өгснөөр түүнд 5.000.000 төгрөг шилжүүлж Д.Б-гийн дансанд 5.000.000 төгрөг орсон  байдаг. Иймд Э.Э- Д.Б-гаас нэхэмжлэх эрхгүй болно.

Хариуцагч Ц.М-ээс 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч Э.Э- хариуцагч Д.Б-гийн хүссэнээр түүнд мөнгө зээлүүлсэн гэж тайлбар гаргадаггүй, Ц.М- Д.Б-гийн дансыг надад өгсний улмаас түүнд 5.000.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Ц.М- өөрөө Д.Б-д 10.000.000 төгрөг зээлдүүлж, нийт 15.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж Д.Б-тай гэрээг бичгээр хийсэн түүний хүүг тооцож 35 сая төгрөгөөр тохирч үүнийхээ 27 саяд нь 1 өрөө байр авсан гэж тайлбарладаг. Д.Б-гийн Э.Э-од төлөх өргүй би хариуцагч биш гэсэн тайлбар, Д.Б- болон Ц.М- нарын хооронд өрийн тооцоогүй гэсэн акт зэргээс үзэхэд хариуцагч Ц.М-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.Э-, хариуцагч Ц.М- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүү 3.000.000 төгрөгийг хариуцагч Ц.М-ээс гаргуулах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон, мөн хариуцагчийг зөв тогтоож чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон хариуцагчийг зөв тодорхойлж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн давж заалд сан гомдлыг хүлээн авсан тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.М-ээс 5.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг, Д.Б-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын:

“хариуцагч Д.Б-гаас” гэснийг “хариуцагч Ц.М-ээс” гэж тус тус   өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй,

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ          

                                          ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА

                                                                                                                 С.ОЮУНЦЭЦЭГ