Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 756

 

Я.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Уранчимэг,

          шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Я.Б-д холбогдох 1711 0044 40046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Я-гийн Б, 1975 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 53 дугаар гудамжны, 01 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1991 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1992 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: /;

Я.Б нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны 44-6 тоотод Б.С-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Б-ийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг дурдаж, хохирогч Б.С нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа хэдий ч өөр оногдуулсан торгох ялын хэмжээг миний амьдралын доорх нөхцөл байдлыг үндэслэн багасгаж өгөхийг хүсч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний бие жолооч мэргэжилтэй, хувийн хэвшилд 10-аад жил ажиллаж байгаад 2009 онд элэгний өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл сунгагдсан, холбогдох баримтаа хэрэгт нотлох баримтаар өгсөн. Дээрх хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас миний бие одоогоор 9 жил ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, байнгын эмчилгээ хийлгэж байдаг.

2. Миний бие иргэн Г.А-тай 1993 онд гэр бүл болсон бөгөөд эхнэр маань 2015 оноос эхлэн “Саркоизид” гэсэн өвчний улмаас өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй, зардал өндөр, гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн албан ёсны эмнэлгийн магадалгаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Дээрх нөхцөл байдлын улмаас манай гэр бүл санхүүгийн хүндрэлд орж, эмчилгээний зардал олох бүхий л арга замыг судалж байна.

3. Миний бие ам бүл 4, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хоёр хүүхдийн нэг нь оюутан, нөгөө нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй зөв гарсан, ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...”

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Я.Б нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны 44-6 тоотод Б.С-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.С-ийн “...2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 11 цагийн орчим Я.Б гэх залуутай хашааны үүдэнд таарсан чинь хэл амаар доромжилж байгаад гудамжаар дээшээ өгсөөд яваад өгсөн. Тэр өдөр хэд хэдэн удаа таарахад Я.Б над руу дайраад “чамайг ална шүү” гээд хэрүүл хийгээд байхаар нь зугтаагаад яваад өгсөн. ...юм яриад сууж байхад хаалга тогшихоор нь “хэн бэ” гэж асуухад “Я.Б байна” гэж хэлэхээр нь хаалга тайлж өгтөл Я.Б заазуур барьчихсан зогсож байсан бөгөөд үгийн зөрүүгүй шууд заазуурдсан. Түүнээс биш 3.000.000 төгрөг нэхсэн асуудал огт байхгүй...” /хх-8-12, 13-14/,

Гэрч Д.Э-ийн “...гадаа шатан дээр Я.Б тамхи татаад сууж байсан. Тэгсэн чинь 30 гаран насны халзан толгойтой согтуу залуу ирээд Я.Бат-Эрдэнийг “ална” гээд хэл амаар доромжилж байгаад толгой руу нь цохисон чинь Я.Б газар унаад өгсөн. Ингээд “чамайг орой ална” гэж хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн. ...30 орчим минут юм ярьж байгаад гэрээс гараад явж байсан чинь нөгөө согтуу залуу өөдөөс гараад ирсэн. ...Я.Б “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө залуу урдуур нь зодолдох гэж байгаа юм шиг хөдөлж байгаад газраас чулуу аваад Я.Бат-Эрдэнийн хуйх орчим нь цохисон...” /хх-21-23/,

            Гэрч Р.Д-гийн “...19 цагийн орчим доошоо алхаж байхад Я.Б айлаас гарч ирж байсан. Ингэхэд хажуу талаас нэг согтуу залуу ирээд Я.Б-ийг “алнаа чамайг” гэж хэлсэн. Тэгтэл Я.Б “яахаараа чи хүн алдаг юм” гэж хэлсэн чинь “14 жилийн өмнө чи намайг ТҮЦ-ийн хажууд зодсон биз дээ” гэж хэлээд газраас чулуу аваад толгой орчим нь цохисон...” /хх-24-26/

Гэрч С.Б-ийн “...дүү дээрээ очсон чинь духан дээрээ оёдол тавиулсан байсан, бас духны яс нь цөмөрсөн юм шиг байсан. Дүүгээс асуухад “таньдаг нэг хүн нь үгийн зөрүүгүй гэртээ сууж байхад нь хаалгыг нь цохиод, хаалгаа тайлж өгсөн чинь дух руу нь заазуураар цохисон” гэж байсан. Би тэр цохисон хүнийг нь мэдэхгүй “Яак” /Я.Б/ гэж дууддаг залуу юм шиг байсан...” /хх-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...хохирогч Б.С-ийн биед духны хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 10369 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-37-38/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17, 18-20/, Б.Сүх-Эрдэнийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-62-69/, шүүгдэгч Я.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Гэвч Я.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, түүнчлэн шүүгдэгч Я.Б-ийн биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдагдалтай /хх-61/ байгаа зэрэг түүний хувийн болон ар гэр ахуй амьдралынх  нь байдлуудыг  харгалзан үзэж Я.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хэргийн зүйчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Я.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор яллах дүгнэлтэндээ “...урьд ял шийтгүүлсэн болон ам бүлийн байдлыг...” тодорхой, ойлгомжтой бичиж ирүүлж байх нь зүйтэйг мэдэгдэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Б-ийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Б-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Бд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ