Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00962/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** тоотод байрлах “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, *** тоотод оршин суух Б*** М*** /РД: ***/-т  холбогдох,

 

“Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол нийт 19,136,800 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** , иргэдийн төлөөлөгч С.Н*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*** ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.М*** нь 2016 оны 01 сарын 19-ний өдөр манай компанийн өмчлөлийн вольксваген амарок маркийн *** УНЕ улсын дугаартай автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, байгууллагын машинд 19,136,800 төгрөгийн хохирол учруулсан. Энэхүү хохирлын хэмжээ нь хэрэгт авагдсан *** ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байгаа бөгөөд манай байгууллагын машинд үүнээс илүү хэмжээний зардал гарсан боловч манай зүгээс үнэлгээний хэмжээгээр хохирлоо тооцож нэхэмжилж байна. Иймд Н.М***аас 19,136,800 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Н.М*** шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.М*** нь *** уурхайд үйлчилгээний жолоочоор ажилладаг. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутагт байршилтай сайжруулсан зам дээр 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *** УНЕ улсын дугаартай авто машиныг жолоодож албан үүргээ биелүүлж явж байхад хажуугийн шороон замаас Тоёота Ланд крузер-200 маркийн автомашин жолоодож явсан М.Т*** хурдтай орж ирж, миний хажуу талаас мөргөсний улмаас зам тээврийн осол гарсан. Шинжээчийн дүгнэлтээр М.Т*** г Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн  гэж дүгнэсэн тул зам тээврийн осол зөвхөн Н.М***ын буруугаас гараагүй. Зам тээврийн осол гарах үед Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн газраас шинжээч томилж, *** ХХК-иар үнэлгээ гаргуулахад 5,240,500 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоосон. Н.М***тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул машины хохирол төлөх тухай асуудал байхгүй юм. Мөн хохирлын үнэлгээг хэт өндөр дүнгээр тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

                          

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

“*** ” ХХК нь хариуцагч Н.М***аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд нийт 19,136,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Н.М*** зам тээврийн осол зөвхөн миний буруугаас болоогүй, осол гарах үед томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хохирлын үнэлгээ 5,240,500 төгрөг гаргасан байхад машинаа засуулсны дараа хэт өндөр үнээр хохирлоо үнэлүүлж нэхэмжилж байгаа, мөн тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Хариуцагч Н.М*** нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Вольксваген Амарок маркийн *** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Тоёота ланд круйзер-200 маркийн *** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “... Н.М*** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.10-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замын өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэсэн дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах” тухай тогтоолоор Н.М*** нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.8, 12.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй, тус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн өмчлөлийн автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2016 оны 01 сарын 21-ний өдрийн *** ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, *** ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлан, фото зураг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “*** ” ХХК нь машинд учирсан хохирлын хэмжээг автомашинаа засуулсны дараа гаргасан *** ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон 19,136,800 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү тайлангийн үнэлгээ нь автомашиныг засварлахад бодит гарсан зардалтай нийцэж байгаа гэж тайлбарладаг бол хариуцагч Н.М*** нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *** ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар гарсан 5,240,500 төгрөгийн үнэлгээ нь машин засагдаагүй үеийн бодит хохирол гэж тайлбарладаг болно.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар автомашины сэлбэг, засварын үйлчилгээний зардлын баримтуудыг ирүүлсэн бөгөөд тус баримтуудад худалдан авагч, хүлээн авагчийн нэр дээр *** гэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн өмчлөлийн автомашинд учирсан хохирол буюу түүнийг засварлахад гарсан зардлыг*** ХК барагдуулсан байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохирол арилсан болох нь дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** ийн шүүх хуралдаанд гаргасан “... одоо машин засагдсан компанид ашиглагдаж байгаа” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нөгөө талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “хэрэгт авагдсан баримтууд *** ХК гэсэн нэртэй байгаа учир нь нэхэмжлэгч “*** ” ХХК нь*** ТӨХК-ийг концессийн гэрээгээр удирдлагыг нь хэрэгжүүлж байгаа тул автомашиныг засуулахад гарсан зардлыг*** ХК-иас гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр компаниуд нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байгаа боловч нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн хохирлыг*** ХК барагдуулсан байхад нэхэмжлэгч нь дахин гэм буруутай этгээдээс энэхүү хохирлоо давхардуулан нэхэмжлэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр “*** ” ХХК-ийн хариуцагч Н.М***аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 19,136,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*** ” ХХК-ийн хариуцагч Н.М***аас 19,136,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,634 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Д.АЛТАНТУЯА

                                                                                                З.ТУНГАЛАГМАА