Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 66

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Эт холбогдох 2030000360068  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Т.Э.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газарт бусадтай архи уух явцдаа П.Дгийн толгой руу мөргөж, эрүүл мэндэд нь “духны  зүүн хэсэгт язарсан шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020.02.23-ны өдөр А манай гэр рүү эхнэртэйгээ ирж манай хөрзөнг гишгэж өгсөн. Буцах гэхэд мотоцикл нь асахгүй байхаар би гэрт нь хүргэж өгсөн. Гэртээ очоод А нэг шил архи задалж өгөхөөр нь тэр архийг уучихаад хөдлөх гэж байхад П.Д ах ирээд “ ахад нь нэг шил архи байна. Хамт ууя “ гээд байхаар нь хамт уусан. Гэтэл П.Д ах, А хоёр хоорондоо муудаад байхаар нь би боль гээд салгасан. П.Д ах намайг заамдаад байхаар нь цохих гэж байна гэж бодоод би цохичихсон юм. Би Аийн гэрт буцаж ороход араас П.Д ах дагаад орж ирсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгасан.  Хоёр хүнийг салгаж байгаад өөрөө буруутан болсон. П.Дд учруулсан хохирлыг төлсөн, эвлэрсэн. Надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Өөрийнхөө хийсэн хэргийг хүлээж байна...гэв.

 

- Яллагдагч Т.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед би хөрзөнгөө гишгэж дуусаад цуг хөрзөн гишгэлцэж өгсөн хүмүүсээ гэрт нь буулгах гээд явсан юм. Тэгээд Аийнд ирээд би сумаас авчирсан 0.75 литрийн ерөөл нэртэй архи 2 шилийг 4-үүлээ хувааж уусан. Тэгээд архи дуусаад явах гэж байтал Д ах мотоцикльтой нилээн согтуу ирсэн. Тэгээд надад нэг шил архи байна, үүнийг ууя гээд буцаад гэр рүү орсон. Тэгээд архиа ууж дуусаад Д ах, А хоёр маргалдаад гэрээс гарсан. Би араас нь гарахад тэр хоёр маргалдаад байж байсан. Тэгээд би голоор нь орж салгахад Д ах цаашаа яваад өгсөн. Тэгээд дээлээ тайлчихаад буцаж ирээд намайг заамдаад авахаар нь намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд би орхичихоод гэр рүү гүйгээд ороход араас дагаад ороод ирсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс биднийг салгасан. Би Д ахыг намайг цохих гэж байна гэж бодоод мөргөчихсөн юм аа. Бид бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Би хүний толгой мөргөж  гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

- Хохирогч П.Дгийн: 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ Ганаа гэдэг залуутай нийлээд 0.5 литрийн 2 шил ерөөл нэртэй архи уусан юм. Тэгээд А гэдэг айлынд хүмүүс байгаа гэхээр нь би очсон юм. Тэднийд архи ууж байгаад А нь агсам тавиад байхаар нь би аваад гарсан юм. Гадаа гараад бид хоёр маргалдаад байж байтал араас Э гэдэг залуу гарч ирээд бид хоёрыг боль гээд байсан. Э нь гэнэт толгойгоороо миний толгой руу мөргөчихөөд гэр рүү буцаад орсон. Би араас нь дагаж ороод Этай маргалдаад бид хоёр хойд орон дээр нь ойчсон. Тэгээд тэнд байсан хүмүүс биднийг салгаад тэгээд бид Аынд бүгдээрээ амарцгаасан...Миний толгой өвдөж байсан. Хамар хавдсан хөндүүрлээд байсан. Зүүн нүдний дээр духанд зүсэгдсэн шархтай байсан. Одоо миний биед өвдөх өвчин байхгүй байна.Бид хоёр архи уусан нилээн согтолттой байсан, гэхдээ болсон үйл явдлыг санаж байна. Э нь надад эм тарианы мөнгө өгсөн. Э нь надаас уучлалт гуйж бид сайн дураараа эвлэрсэн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  Би шүүх хуралд суухгүй. Хэргийг нь хялбаршуулсан журмаар шалгаж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

 

- Гэрч Э.Аийн: 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эын хөрзөнг гишгэж өгөөд 23 цагийн үед намайг буулгах гээд Э нь манай руу явсан.Манайд ирээд Э сумаас авчирсан гээд 0.75 литрийн ерөөл нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд архиа дуусаад Э нь явах гэж байтал Д ах мотоцикльтой нилээн согтуу ирээд надад нэг шил архи байна үүнийг ууя гээд гэр рүү орсон. Тэгээд архиа ууж дуусаад би согтоод ширээгээ цохиод байсан, Д ах намайг боль гээд би болихгүй байсан болохоор намайг аваад гарсан. Э нь гарч ирээд бид хоёрын дундуур орж салгасан. Тэгтэл Д нь Эыг заамдаад авах шиг болтол Э нь Д ахыг мөргөчихөөд гэр рүү орсон. Д ах араас нь орж ирэхэд гэрт байсан хүмүүс салгаад тэгээд амарцгаасан. Өөр асуудал болоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 08/

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-10/

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн эмч Г.Саруулын тодорхойлолт /хх- 11/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 83 дугаартай: “1.П.Дгийн биед “духны зүүн хэсэгт язарсан шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 12/,

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020.02.16-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт /хх-ийн 28/

 

-Т.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 29/

 

-Т.Эын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 26/

 

- Т.Эт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 24/,  

 

- Т.Эын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт.2020.03.03 /хх-ийн 33/  

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай санал/хх- 35/

 

- Хохирогч П.Дд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 25/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газарт бусадтай архи уух явцдаа П.Дгийн толгой руу мөргөж, эрүүл мэндэд нь “духны  зүүн хэсэгт язарсан шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  “ 2020.02.23-ны өдөр А манай гэр рүү эхнэртэйгээ ирж манай хөрзөнг гишгэж өгсөн. Буцах гэхэд мотоцикл нь асахгүй байхаар би гэрт нь хүргэж өгсөн. Гэртээ очоод А нэг шил архи задалж өгөхөөр нь тэр архийг уучихаад хөдлөх гэж байхад П.Д ах ирээд “ ахад нь нэг шил архи байна. Хамт ууя “ гээд байхаар нь хамт уусан. Гэтэл П.Д ах, А хоёр хоорондоо муудаад байхаар нь би боль гээд салгасан. П.Д ах намайг заамдаад байхаар нь цохих гэж байна гэж бодоод би цохичихсон юм...” гэх,

хохирогч П.Дгийн “ Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би гэртээ Ганаа гэдэг залуутай нийлээд 0.5 литрийн 2 шил ерөөл нэртэй архи уусан юм. А гэдэг айлынд хүмүүс байгаа гэхээр нь би очсон. Тэднийд архи ууж байгаад А нь агсам тавиад байхаар нь би аваад гарсан юм. Гадаа гараад бид хоёр маргалдаад байж байтал араас Э гэдэг залуу гарч ирээд бид хоёрыг боль гээд байсан. Тэгээд байж байтал Э нь гэнэт толгойгоороо миний толгой руу мөргөчихөөд гэр рүү буцаад орсон. Би араас нь дагаж ороод Этай маргалдаад бид хоёр хойд орон дээр нь ойчсон. Тэгээд тэнд байсан хүмүүс биднийг салгаад тэгээд бид Аынд бүгдээрээ амарцгаасан.Миний толгой өвдөж байсан. Хамар хавдсан хөндүүрлээд байсан. Зүүн нүдний дээр духанд зүсэгдсэн шархтай байсан “ гэх,

гэрч Э.Аийн “ 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эын хөрзөнг гишгэж дуусаад 23 цагийн үед Э нь намайг буулгаж өгөх гээд манайд ирээд Э нь сумаас авчирсан гээд 0.75 литрийн ерөөл нэртэй архи 2 шилийг 4-үүлээ хувааж уусан. Э нь явах гэж байтал Д ах мотоцикльтой нилээн согтуу ирээд надад нэг шил архи байна,үүнийг ууя гээд буцаад гэр рүү орсон. Тэгээд архиа ууж дуусаад би согтоод ширээгээ цохиход Д ах намайг боль гэхээр нь би өөдөөс нь болохгүй байхаар Д ах намайг аваад гэрээс гарсан. Бид хоёрыг гадаа байхад Э араас гарч ирээд бид хоёрын дундуур орж салгасан. Д ах бид хоёр бие биенийгээ цохисон асуудал байхгүй. Тэгээд байж байтал гэнэт Д ах Эыг заамдаад авах шиг болоход Э нь Д ахыг толгойгоороо мөргөчихөөд гэр рүү орсон. Д ах орж ирэхэд гэрт байсан хүмүүс салгаад тэгээд бүгдээрээ манайд амарцгаасан. Өөр асуудал болоогүй. Бид бүгдээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан ” гэх мэдүүлгүүд,

Яаралтай тусламжийн хуудас /2020.01.26/

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн эмч Г.Саруулын тодорхойлолт,  

Шинжээчийн 83 дугаартай “ 1.П.Дгийн биед “духны зүүн хэсэгт язарсан шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Т.Э нь хохирогч П.Дгийн согтуурхаж өөрийг нь заамдсан үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд уг хэрэг гарахад хохирогчийн согтуурсан зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Тухайлбал, энэ талаар  гэрч Э.А “ Д ах бид хоёрыг гадаа байхад Э араас гарч ирээд бид хоёрын дундуур орж салгасан. Гэнэт Д ах Эыг заамдаад авах шиг болоход Э нь Д ахыг толгойгоороо мөргөчихөөд гэр рүү орсон. Бид бүгдээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан ” гэж гэрчилжээ. 

 

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг мөргөж цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ өөрийг нь заамдаж согтуурхсан хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч Т.Эын, хохирогч П.Дг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Т.Эын үйлдлийн улмаас хохирогч П.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид эмчилгээний зардал буюу эм тарианы мөнгийг нөхөн төлсөн талаар хохирогч нь “ Э надад эм тарианы мөнгө өгсөн, надаас уучлалт гуйж бид сайн дураараа эвлэрсэн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж мэдүүлжээ. 

 

Иймд шүүгдэгч Т.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Эын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, тэрээр хохирогч П.Дгийн согтуурсан үедээ заамдсан зүй бус үйлдлийн улмаас гэмт хэргийг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Т.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

Тухайлбал, шүүгдэгч Т.Эын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,  тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч П.Д “ Э надад эм тарианы мөнгө өгсөн, надаас уучлалт гуйж бид сайн дураараа эвлэрсэн. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Иймд Т.Эт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Эт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч П.Дд учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  

 

 

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН