| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0029/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Батдэлгэрийн Шинэбаярт холбогдох эрүүгийн 2019000320023 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ш.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн гудамжны...тоот хашаанд оршин суух иргэн С.О-ын амбаарт цоожийг нь эвдэн нэвтэрч, хохирогч Д.О-ийн автомашины хучлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 80 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7
дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед... хамаатан О-ын хашаанд очиж машины дугуй хулгайлж түүнийг зараад архи авч ууя гэж бодоод тэр хоёрт болохоор манай хамаатныд миний өөрийн машины дугуй байгаа тэрийг аваад зарж архи ууя гээд тэр хоёрыг дагуулаад О-ын хашаанд очсон...Намайг очиход бол гадуур машины дугуй байхгүй байхаар нь грашийн цоожийг гараараа татсан чинь нээгдчихсэн юм. Тэгээд би дотор нь ороод ууттай машины хучлага байхаар нь түүнийг аваад хашаа давуулаад гаргаж шидсэн. Хашааны гадаа Э, Б нар хүлээгээд байж байсан. Тэр 2 намайг хулгай хийж байгааг бол мэдээгүй, би хэлэхдээ өөрийн дугуй байгаа тэрийг авна гэж хэлээд дагуулаад явсан юм.Тэгээд би хучлага хулгайлчихаад гараад ирэхэд нөгөө 2 “дугуй байгаа гэсэн яасан бэ” гэхээр нь миний дугуй алга байна тэгээд эгчийн машины хучлагыг нь авчихлаа гэж хэлсэн, тэгэхдээ хулгайлсан барьсан гэж бол хэлээгүй, зүгээр авчихлаа л гэж хэлсэн... Сидней худалдааны төвийн гадаа очиж нэг приус маркийн машинтай хүнд 20 000 төгрөгөөр зарахаар болоод Бямбажавыг хамт гэрлүү нь явуулж зарсан...Архи уух гэж л хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Ч нь манай эхнэрийн найз байгаа юм, манайх ер нь тэдний амбаарт эд зүйлээ тавьчихдаг юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө Ч “амбаарт хулгай орсон байна. Та 2 хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Тэгээд очиход Приус 20 маркийн миний тээврийн хэрэгслийн хучлага цэнхэр даавуун уутанд хийгээд тавьсан тэр алга болсон байсан. Би хучлагаа 2018 онд 160 000 төгрөгөөр авч байсан юм... 2020 оны 01 дүгээр сарын 17-ны орой цагдаагаас намайг дуудаад миний хучлагыг олж өгсөн...Одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх- 46 дугаар хуудас /,
Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө ажилд явахдаа амбаар болон машины граш доторхийг шүүрдэж, хөлийн мөргүй болгоод явсан. Оройдоо 20 цаг 30 минутын үед гэртээ ирээд граш болон амбаарын ойролцоох газрыг гар чийдэн тусгаж, харахад ямар нэгэн ул мөр байгаагүй юм. 2020 оны 01 сарын 16-ны өглөө 07 цагийн үед босоод амбаараас мах авахаар
очиход амбаарын цоож нээлттэй, даруулга нь буруу харуулаад хийчихсэн
байдалтай байсан юм. Дараа нь цааш граш руу орж үзэхэд хүний холхисон мөр
үүссэн байсан ба гэртээ орж, эхнэр болох Ч-д хэлчихээд амбаар луу орж
шалгахад манай амбаарт Г гэх хүний манай амбаарт хадгалуулсан байсан
Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хучлага алга болсон байсан учир
цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр О гадаа амбаараас мах авчрах гээд гарсан, тэгээд эргэж орж ирээд амбаарт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хамт гараад хартал манай амбаарын цоожны даруулгыг буруу харуулаад хийсэн байсан. Тэгээд ороод хартал О гэх хүний тавиулсан хар боодолтой зүйл алга болсон байсан. Тэр нь машины хучлага байсан юм... Ш нь манай хамаатан ба манай агуулах буюу амбаар саваар нэвтрэх эрх бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч В.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн үед хүргэнийхээ гэрт байж байгаад 36-34 ДГС улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гараад Залуус хорооллын ойролцоогоос нэг хүн аваад Сидней хүнсний дэлгүүрийн гадаа буулгачихаад явж байхад нэг залуу ирээд “машины хучлага авах уу” гэхэд нь “Юун хучлага вэ хэдээр өгөх вэ?” гэж асуухад “20 000 төгрөгөөр өгчихнө” гэж хэлэхэд нь “Хулгайн эд зүйл биш биздээ” гэж асуухад “бишээ биш” гэж хэлэхээр нь ”хаана байгаа юм бэ үзье” гэж хэлэхэд “манай гэрт байгаа” гэж хэлээд байж байтал цаанаас өөр нэг залууг дуудахад хар куртиктэй өндөр шар залуу ирээд, миний машины арын суудалд суугаад нөгөө хүн нь үлдээд Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 709 тоот хаягт ирээд гэрт нь ороход гэрийнхээ баруун хэсэгт машины хучлага тавьчихсан байсан. Би тэр
хучлагыг аваад бэлнээр 20 000 төгрөг өгөөд “Энэ хулгайн хучлага биш биз дээ” гэж
лавлан асуухад “бишээ манай найз машинаа хуч гэж өгсөн юм” гэж хэлэхээр нь
аваад явахад нөгөө залуу машинд суугаад Сидней дэлгүүрийн гадаа буугаад үлдсэн... 20 000 төгрөгөө нэхэмжлэхгүй ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 49 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н Ш гэх 2 хүний хамт Сидней хүнсний дэлгүүрийн гадаа архи ууж байгаад дуусгаад би өөрийн гэр болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Аюушийн 709 тоотод очоод гал түлээд байж байтал Ш, Н хоёр манай гэрт араас хүрээд ирсэн юм. Бид хэд хоорондоо нэмж архи олж ууя гэж ярилцаад байж байтал Ш хэлэхдээ “хойд талд манай эгчийнд миний машины дугуй байгаа, авах хүн нь бэлэн байгаа, тэрийг авч заръя” гэж хэлээд Н, Ш бид гурав хамт гараад хорооллын хойд талд байх блокон хашааны гадаа очоод Ш хашааг давж ороод Н бид хоёр хашааны гадаа хүн хараад үлдсэн ба 10 гаран минутын дараа хашаа давуулаад цэнхэр өнгийн боодолтой зүйл шидээд араас нь өөрөө даваад гараад ирсэн юм. Тэр боодолтой юмыг нь аваад манай гэрт очоод задалж үзэхэд ногоон эрээн өнгийн жижиг машины хучлага байсан. Тэгээд би “наад хучлагаа хурдан далд оруул, нэг бол байранд нь тавь, би гэртээ байлгахгүй” гэж хэлэхэд Ш “одоо зарчихъя” гэж хэлээд Н, Ш бид 3 хамт гараад Сидней хүнсний дэлгүүрийн гадаа очоод байж байтал Ш машинтай хүмүүстэй уулзаж байснаа саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзчихаад буцаж ирээд “20 000 төгрөгөөр зарахаар болчихлоо, очоод гаргаад өгчих” гэж хэлээд би тухайн машинд суугаад гэртээ очиж, хучлагыг гаргаж өгсөн ба тэр машин яваад би гэртээ үлдсэн... Би Ш-г хулгай хийж байна гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 15-ны өдөр Сидней хүнсний дэлгүүрийн урд талд Б, Ш бид 3 хамт архи уучихаад байж байсан ба Б гэр лүүгээ яваад өгсөн ба араас нь Ш бид хоёр очсон. Б-ын гэрт очоод бид гурав юм ярьж сууж байгаад нэмж архи ууя гэж ярилцаад байж байтал Ш хэлэхдээ “ Манай эгчийн гэр хойно байдаг юм. Тэдний гэрт дугуй байгаа, тэрийг очиж аваад зараад архи ууя” гэж ярилцаад бид гурав хамт гарсан ба блокон хашаатай айлын гадаа очоод “Энд та хоёр сууж бай. Би ороод дугуй аваад ирье” гэж хэлээд уг блокон хашааны зүүн талаар даваад орсон. Тэр хооронд Б бид 2 хэрэгт орчих вий дээ гэж ярилцсан ба эгчийнд байгаа миний дугуй гэж хэлсэн болохоор гайгүй байх гэж бодоод хүлээгээд сууж байсан. 10-20 минутын дараа нэг ууттай юм хашаа давуулаад шидсэн ба араас нь өөрөө даваад гараад ирсэн... Б-ын гэр лүү авч ирээд гэрт нь оруулаад дэлгээд үзтэл ногоон эрээн өнгөтэй жижиг тэрэгний өвлийн хучлага байсан. Дараа нь бид 3 хучлагаа Б-ын гэрт үлдээчихээд Сидней хүнсний дэлгүүрийн гадаа очоод байж байхад Ш машин болгонтой уулзаж явж байснаа цагаан өнгийн жижиг тэргэнд зарахаар болчихлоо гээд Б-ыг уг машинд суулгаад гэр лүүгээ очоод хучлага аваад өгчих гэж хэлээд Ш бид хоёр Сидней хүнсний дэлгүүрийн гадаа үлдсэн. Дараа нь Б ирээд хучлага зарсан гэх 20 000 төгрөгөөр Түмний хишиг гэх 1 литрийн архийг 9000 төгрөгөөр, мөн нарийн тамхи авсан байсан... Би хулгай хийж байна гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
“ Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-820/08 дугаартай: “...машины өвлийн хучлага 80 000 төгрөг...” гэсэн дүгнэлт / хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн гудамжны 621 тоот хашаанд оршин суух иргэн С.О-ын амбаарын цоожийг нь эвдэн нэвтэрч, хохирогч Д.О-ийн автомашины хучлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 80 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Ч нь манай эхнэрийн найз байгаа юм манайх ер нь тэдний амбаарт эд зүйлээ тавьчихдаг юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө Ч “амбаарт хулгай орсон байна. Та 2 хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Тэгээд очиход Приус 20 маркийн миний тээврийн хэрэгслийн хучлага цэнхэр даавуун уутанд хийгээд тавьсан тэр алга болсон байсан. Би хучлагаа 2018 онд 160 000 төгрөгөөр авч байсан юм... 2020 оны 01 дүгээр сарын 17-ны орой цагдаагаас намайг дуудаад миний хучлагыг олж өгсөн...Одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө ажилд явахдаа амбаар болон машины граш доторхийг шүүрдэж, хөлийн мөргүй болгоод явсан...2020 оны 01 сарын 16-ны өглөө 07 цагийн үед босоод амбаараас мах авахаар очиход амбаарын цоож нээлттэй, даруулга нь буруу харуулаад хийчихсэн
байдалтай байсан юм. Дараа нь цааш граш руу орж үзэхэд хүний холхисон мөр
үүссэн байсан ба гэртээ орж, эхнэр болох Ч-д хэлчихээд амбаар луу орж
шалгахад манай амбаарт Г гэх хүний манай амбаарт хадгалуулсан байсан
Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хучлага алга болсон байсан учир
цагдаагийн байгууллагад хандсан юм....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр О гадаа амбаараас мах авчрах гээд гарсан, тэгээд эргэж орж ирээд амбаарт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хамт гараад хартал манай амбаарын цоожны даруулгыг буруу харуулаад хийсэн байсан. Тэгээд ороод хартал О гэх хүний тавиулсан хар боодолтой зүйл алга болсон байсан. Тэр нь машины хучлага байсан юм... Ш нь манай хамаатан ба манай агуулах буюу амбаар саваар нэвтрэх эрх бол байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч В.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн үед хүргэнийхээ гэрт байж байгаад 36-34 ДГС улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ...явж байхад нэг залуу ирээд “машины хучлага авах уу” гэхэд нь “Юун хучлага вэ хэдээр өгөх вэ?” гэж асуухад “20 000 төгрөгөөр өгчихнө” гэж хэлэхэд нь “Хулгайн эд зүйл биш биздээ” гэж асуухад “бишээ биш” гэж хэлэхээр нь ”хаана байгаа юм бэ үзье” гэж хэлэхэд “манай гэрт байгаа” гэж хэлээд байж байтал цаанаас өөр нэг залууг дуудахад хар куртиктэй өндөр шар залуу ирээд, миний машины арын суудалд суугаад нөгөө хүн нь үлдээд Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 709 тоот хаягт ирээд гэрт нь ороход гэрийнхээ баруун хэсэгт машины хучлага тавьчихсан байсан. Би тэр хучлагыг аваад бэлнээр 20 000 төгрөг өгөөд “Энэ хулгайн хучлага биш биз дээ” гэж лавлан асуухад “бишээ манай найз машинаа хуч гэж өгсөн юм” гэж хэлэхээр нь аваад... 20 000 төгрөгөө нэхэмжлэхгүй ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр...Бид хэд хоорондоо нэмж архи олж ууя гэж ярилцаад байж байтал Шинээ хэлэхдээ “хойд талд манай эгчийнд миний машины дугуй байгаа, авах хүн нь бэлэн байгаа, тэрийг авч заръя” гэж хэлээд Н, Ш бид гурав хамт гараад хорооллын хойд талд байх блокон хашааны гадаа очоод Ш хашааг давж ороод Н бид хоёр хашааны гадаа хүн хараад үлдсэн ба 10 гаран минутын дараа хашаа давуулаад цэнхэр өнгийн боодолтой зүйл шидээд араас нь өөрөө даваад гараад ирсэн юм. Тэр боодолтой юмыг нь аваад манай гэрт очоод задалж үзэхэд ногоон эрээн өнгийн жижиг машины хучлага байсан. Тэгээд би “наад хучлагаа хурдан далд оруул, нэг бол байранд нь тавь, би гэртээ байлгахгүй” гэж хэлэхэд Ш “одоо зарчихъя” гэж хэлээд ...“20 000 төгрөгөөр зарахаар болчихлоо, очоод гаргаад өгчих” гэж хэлээд би тухайн машинд суугаад гэртээ очиж, хучлагыг гаргаж өгсөн ба тэр машин яваад би гэртээ үлдсэн... Би Ш-г хулгай хийж байна гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 15-ны өдөр Сидней хүнсний дэлгүүрийн урд талд Б, Ш бид 3 хамт архи уучихаад байж байсан...Ш хэлэхдээ “ Манай эгчийн гэр хойно байдаг юм. Тэдний гэрт дугуй байгаа, тэрийг очиж аваад зараад архи ууя” гэж ярилцаад бид гурав хамт гарсан ба блокон хашаатай айлын гадаа очоод “Энд та хоёр сууж бай. Би ороод дугуй аваад ирье” гэж хэлээд уг блокон хашааны зүүн талаар даваад орсон...10-20 минутын дараа нэг ууттай юм хашаа давуулаад шидсэн ба араас нь өөрөө даваад гараад ирсэн... Б-ын гэр лүү авч ирээд гэрт нь оруулаад дэлгээд үзтэл ногоон эрээн өнгөтэй жижиг тэрэгний өвлийн хучлага байсан. Дараа нь бид 3 хучлагаа Б-ын гэрт үлдээчихээд Сидней хүнсний дэлгүүрийн гадаа очоод...цагаан өнгийн жижиг тэргэнд зарахаар болчихлоо гээд Б-ыг уг машинд суулгаад гэр лүүгээ очоод хучлага аваад өгчих гэж хэлээд Ш бид хоёр Сидней хүнсний дэлгүүрийн гадаа үлдсэн. Дараа нь Б ирээд хучлага зарсан гэх 20 000 төгрөгөөр Түмний хишиг гэх 1 литрийн архийг 9000 төгрөгөөр, мөн нарийн тамхи авсан байсан... Би хулгай хийж байна гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед... хамаатан О-ын хашаанд очиж машины дугуй хулгайлж түүнийг зараад архи авч ууя гэж бодоод тэр хоёрт болохоор манай хамаатныд миний өөрийн машины дугуй байгаа тэрийг аваад зарж архи ууя гээд тэр хоёрыг дагуулаад О-ын хашаанд очсон...грашийн цоожийг гараараа татсан чинь нээгдчихсэн юм. Тэгээд би дотор нь ороод ууттай машины хучлага байхаар нь түүнийг аваад хашаа давуулаад гаргаж шидсэн. Хашааны гадаа Э, Б нар хүлээгээд байж байсан. Тэр 2 намайг хулгай хийж байгааг мэдээгүй, би хэлэхдээ өөрийн дугуй байгаа тэрийг авна гэж хэлээд дагуулаад явсан юм.Тэгээд би хучлага хулгайлчихаад гараад ирэхэд нөгөө 2 дугуй байгаа гэсэн яасан бэ гэхээр нь миний дугуй алга байна тэгээд эгчийн машины хучлагыг нь авчихлаа гэж хэлсэн тэгэхдээ бол хулгайлсан барьсан гэж хэлээгүй зүгээр авчихлаа л гэж хэлсэн... Сидней худалдааны төвийн гадаа очиж нэг приус маркийн машинтай хүнд 20 000 төгрөгөөр зарахаар болоод Бямбажавыг хамт гэрлүү нь явуулж зарсан...Архи уух гэж л хулгай хийсэн...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-820/08 дугаартай: “...машины өвлийн хучлага 80 000 төгрөг...” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, “Ашид Билгүүн” ХХК-ний дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ш-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл хэргийн тохирсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ш нь архи уух мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ эд хөрөнгөө хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б овогт Б Ш-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ш-т ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, бусдад төлөх төлбөргүй байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хавтаст хэргийн 46 дугаар хуудаст хохирогч Д.О: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА