| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0064/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/70 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Д.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Ц.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Цийн Цд холбогдох 1,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 5 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .............2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Э овогт Цийн Ц/РД:АЭ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 3-21а тоотод байх хохирогч Д.Цийн гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 42 инчийн зурагт, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Ц.Цгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед би найзтайгаа таараад архи уусан. Тоглож байсан болохоор мөнгөгүй болчихоод мөнгө зээлэх гэж л очсон байх. Гэхдээ хулгай хийх санаа байгаагүй, нөхөртэй нь уулзах гээд очсон. Айлд орох гээд үүдийг нь татахад онгорхой байхаар нь яваад орсон, харин гэрт хүн байгаагүй. Хүн орж ирэхийг нь хүлээгээд сууж байгаад ирэхгүй болохоор нь зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг авсан. Мөн тогооны авдар дээр нь байсан цоожийг цуургатай нь аваад гарсан. Тэгээд буцаж ирээд мотоциклио аваад явсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Д.Цийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа явах гэж яараад гарсан. Дараа нь бодоод байхад гэрээ түгжээгүй байсан. Тэгээд гэртээ ирэхэд зурагт, гар утас, монгол цоож, дунд гарын мөнгөн аяганууд зэрэг эд зүйлс алга болсон байсан учраас цагдаагийн газарт дуудлага өгсөн. Одоо 2 мөнгөн аягаа авчихвал гомдол саналгүй, бусад зүйлсээ буцаан авсан...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1912007100331 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Цийн өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагт ажилдаа яваад орой 18 цагт гэртээ ирсэн чинь гэрийн цоож байхгүй, гэрт орсон чинь хойморт байх тавилга дээр байсан 42 инчийн shinco маркийн хар өнгийн зурагт, Эл Жи маркийн цагаан өнгийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гэрийн монгол цоож зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Ийм хэргийн учир цагдаад дуудлага өгсөн. Би зурагтаа 2018 онд 550.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгөн аягануудыг манай ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд эрдмийн баяраар авч өгч байсан, гар утсыг нь би хуучин барьж байсан. Манай зурагт урдаа “shinco” гэсэн бичигтэй 42 инчийн хар өнгийн дээд хоёр өнцөгтөө цуурсан байгаа, өөр содон шинж тэмдэг байхгүй, мөнгөн аяганы нэг нь Мөнгөн завъяа гэсэн бичигтэй нөгөө аяга нь цулгүй аяга байгаа, гар утас нь хуучирсан цагаан өнгийн Эл Жи маркийн утас байсан. Гэр цоожилсон байсан цоож нь монгол цоож байсан. Би зурагтаа 550.000 төгрөгөөр, гар утасыг 20.000 төгрөгөөр, мөнгөн аягыг тус тус 150.000 төгрөгөөр, цоожоо 20.000 төгрөгөөр үнэлж байна. Би зүүн талынхаа айлын камерыг шүүж үзэхэд ягаан дээлтэй, түрүүтэй гуталтай, мотоцикль унасан хүн бичигдсэн байсан тэр хүнийг сэжиглэж байна, би алдсан зүйлээ олоод авчихвал гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/,
*Гэрч Э.Бын өгсөн:
“...Би Д.Ц гэх хүнийг танина. Манай бага хүүхдийн ангийн багш нь байгаа юм. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай бага хүүхэд 1 дүгээр анги төгсөж А үсэг заасан анхны багшид нь эцэг эхчүүдээс зориулж мөнгөн аяга авч өгсөн. Тухайн үед 2 ширхэг мөнгөн аяга өгсөн. Өгөх үед эцэг эхчүүд бүгд байсан. Би өөрөө гардаж эцэг эхчүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвийн Нийтийн худалдааны төвийн 2 давхараас худалдаж авч байсан. Том гарын мөнгөн аягыг 510.000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягыг 300.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Одоо баримт нь байхгүй, харин тухайн үед байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 83-86 дугаар тал/,
*Яллагдагч Ц.Цгийн өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хороололд байх хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна миний хохирогч болох Д.Цийн аав Дамбаринчэнгийн гэрт даалуу тоглож байгаад гэрээс нь гарч явсан юм. Тухайн үед би архи уусан байсан. Тэгээд би Д.Цийн хашаанд орсон чинь нэг гэр байсан. Гэрийн цоожийг татсан чинь цүү нь сул татсан сугараад гараад ирсэн. Тэгээд гэрт нь орсон чинь хойд мөлхөө тавилган дээр хар өнгийн Чинсо гэсэн бичигтэй зурагт, мөн хажууд нь жижиг цагаан өнгийн гар утас байхаар нь энэ хоёрыг аваад гарсан. Тэгээд өөрийн өмсөж явсан яагаан өнгийн дээлэндээ нөгөө хулгай хийсэн зурагтаа ороогоод гэр рүүгээ харьж гэрийн урд байх модон амбаартай нөгөө хулгай хийсэн зурагтаа тавьсан. Тэгсэн Ихтамир сумын нэг үл таних залууд нөгөө гар утсыг үзүүлсэн чинь охиндоо аваад өгдөг юм билүү гэхээр тэгээч гээд 40.000 төгрөгөөр нөгөө залууд зарсан. Тэгээд 3 хоногийн дараа нөгөө хулгай хийсэн зурагтаа гэртээ оруулж эхнэр Мөнхдэлгэрт сая ламборднаас худалдаж авлаа гэж худлаа хэлж гэртээ оруулж тавьсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Согтуу байхдаа ийм зүйл хийсэн байна. Би хар өнгийн 42 инчийн зурагт, жижиг цагаан гар утас зэрэг эд зүйлс хулгай хийсэн. Өөр эд зүйлс хулгай хйигээгүй. Утасны марк загварыг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн багаж, хэрэгсэл байгаагүй. Тухайн айлын хаалгыг татсан чинь цүү нь сул байсан. Тэгээд тухайн айлын хаалга онгойсон. Тэгээд гэрт орж хулгай хийсэн. Би явган явж өөрийн гэртээ хулгай хийсэн эд зүйлээ тавьчихаад буцаж ирж мотоциклио унаж харьсан. Би ганцаараа хулгай хийсэн. Ямар нэгэн хүнтэй хамтарч хулгай хийгээгүй. Би хохирогчид учирсан хохирол төлбөрөө бүрэн гүйцэд барагдуулсан. Би мөрдөгчийн дуудсан цагт болон гэрийн хаяг утасны дугаар солигдсон, гадагш дотогшоо явахаар бол мөрдөгч таньд заавал хэлж байх болно. Хэрэв мэдэгдээгүй явсан тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй. Би урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...’’гэх мэдүүлэг/хх-ийн 29-32 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Дгийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 258 дугаартай:
“...42 инчийн зурагт 400.000/дөрвөн зуун мянга/ төгрөг, дунд гарын мөнгөн аяга 300.000/гурван зуун мянга/ төгрөг, хуучин гар утас 60.000/жаран мянга/ төгрөг, хуучин монгол цоож 15.000/арван таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 21 дүгээр тал/
*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 3-6 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэр зургууд /хх-ийн 40-43 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 33 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 3-21а тоотод байх иргэн Д.Цийн гэрээс эд зүйлс алдагдаж, түүнд 775.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ц үйлдсэн болох нь хохирогч Д.Цийн”...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагт ажилдаа яваад орой 18 цагт гэртээ ирсэн чинь гэрийн цоож байхгүй, гэрт орсон чинь хойморт байх тавилга дээр байсан 42 инчийн шинко маркийн хар өнгийн зурагт, Эл Жи маркийн цагаан өнгийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гэрийн монгол цоож зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” , гэрч Э.Бын”... 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай бага хүүхэд 1 дүгээр анги төгсаж А үсэг заасан анхны багшид нь эцэг эхчүүдээс зориулж мөнгөн аяга авч өгсөн. Тухайн үед 2 ширхэг мөнгөн аяга өгсөн. Өгөх үед эцэг эхчүүд бүгд байсан. Би өөрөө гардаж эцэг эхчүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвийн Нийтийн худалдааны төвийн 2 давхараас худалдаж авч байсан. Том гарын мөнгөн аягыг 510.000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягыг 300.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Цгийн мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 3-21а тоотод хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч Ц.Цгийн хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Цг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас алдагдсан зүйлсээс хоёр мөнгөн аяга аваагүй, бусад эд зүйлийг хүлээн авсан талаар мэдүүлсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авсан бөгөөд хохирогчид учруулсан хохирлын бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Цийн Цг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР