Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/65

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Л.Ц 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Лгийн Цд холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .... .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, О овогт Лгийн Ц/РД:АЭ......../ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Лгийн Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн ....тоотод эхнэр Б.Нийн биед тархи доргилт болон бугалга, дал, хацар зэрэг биеийн хэсгүүдэд олон тооны гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн .... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Нийн өгсөн:

“...2019 оны 11 сарын 12-ны өдөр миний нөхөр болох Л.Ц нь архи уусан байх үедээ намайг зодсон. Намайг байшингийн блокон хана руу мөргүүлсэн мөн гараа атгаж байгаад толгой болон нүүр рүү хоёроос гурван удаа цохьсон. Үүний дараа би зочны өрөөнд сууж байтал татаж газарт унагаад гараараа цохиж хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Мөн орой нь намайг унтлагын өрөөнд оруулж байгаад хана мөргүүлсэн, модон сандал гартаа барьж байгаад цохьсон, гал түлэхээр бэлдэж тавьсан түлээгээр зодсон. Мөн гартаа хутга бариад нүүрэн дээр хутгаа тулгасан. Энэ байдал нь 2019 оны 11 сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 сарын 13-нд шилжих шөнийн турш үргэлжилсэн. Би 2019 оы 11 сарын 13-нд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг хүнтэй утсаар “чат” бичсэн байна гэж хардаж зодсон. Миний тархинд маш их хаван үүссэн, хүзүү гажиж далийсан, гар болон бусад газруудад зөөлөн эдийн гэмтэл учирсан. Уг гэмтлээс болж би эмнэлэгт хэвтэж байна. Би эмнэлэгт хэвтэж байгаа. Тухайн үед миний 5 настай хүү болох Ц.Б байсан, өөр хүн байгаагүй. Өмнө зодож байсан. Архи уухаараа байнга агсам тавьдаг. Намайг зоддог талаар хоёр талын хамаатан садан мэддэг. Би ах дүү хамаатан садандаа хэлж байсан. Би 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж байсан. Би уг хэргийг хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-14 дүгээр тал/ 

 

           *Хохирогч Б.Нийн дахин өгсөн: 

           “...Манай нөхөр Л.Ц намайг урд өмнө зодож байгаагүй. Энэ талаар мэдэх хүн байхгүй. Манайх 4 настай, 6 настай хоёр хүүхэдтэй. Намайг урд өмнө зодож байгаагүй учраас би цагдаагийн байгууллага болон эмнэлэгт хандаж байгаагүй. Энэ талаар үзүүлсэн баримт материал надад байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/ 

 

*Гэрч Л.Агийн өгсөн: 

“...2019 оны 11-р сарын 13-ны өдөр манай эгч Л.Б утсаар яриад Л.Ц Б.Нийг зодсон гэнэ Б.Н аймаг орж эмнэлэгт үзүүлж харуулах гээд явсан байна Л.Цыг цагдаа аваад явсан гэнэ гэж хэлсэн. Би Б.Нтэй утсаар ярих гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан дараа нь ажлын зав гарахаар нь залгасан чинь утас нь дуудаад авахгүй байсан. Оройхон би Б.Нийн утас руу залгаад ярьсан чинь өдөр харин та залгасан байна лээ гээд ярьсан их оройхон Б.Н рүү би залгасан чинь би мэдүүлэг өгч байна их удах юм шиг байна дуусаад би тань руу яръя гэсэн. Тэгээд мэдүүлэг өгч дууссан юм байлгүй над руу яриад та хүрээд ирэх үү гэхээр нь би цагдагийн газар дээр ирсэн. Тэгээд манайх руу явж байх замдаа Б.Н манай нөхөр Л.Ц архи уугаад урд шөнө намайг зодлоо гэж ярьж байсан. Тэгээд манайд хоноод өглөө эмнэлэгт үзүүлнэ гээд явсан.  Толгой руу нь ямар ч байсан цохьж зодсон, баруун гарын булчин руу нь юугаар гэлээ дээ юмаар цохьсон гэж ярьсан. Сэрээ, сүх барьсан гэж надад Б.Н ярьсан. Баруун гарын булчин нь хөхөрсөн байсан. Аль талыг нь санахгүй байна нэг далан дээрээ хөхөрсөн байсан. Нэг нүднийх нь доор жижигхэн хөхөрсөн, шанаа нь жижигхэн шалбарсан байсан. Өөр хаана нь яаж гэмтэл учирсаныг би мэдэхгүй. Толгой өвдөөд байна гэж ярьж байсан. Б.Н аймаг руу ажиллаар ирэхдээ ер нь манайд ирж хонодог ирээд надтай юм ярьж байхдаа ямар ч байсан нэг удаа Л.Ц архи уучихсан согтуу ирээд агсам тавьсан гэж ярьж байсан. Бид нар эмэгтэй хүмүүс болохоор нь энэ архи нь ядаж байхад яасан ч их элбэг байдаг юм гээд ярьж байсан. Хол байдаг болохоор хэзээ яаж агсам тавьж зодож цохьсон талаар нь мэдэхгүй. Сая аймагт ирээд манайд хонохдоо надад урд шөнө зодсон гэж ярьсан. Л.Ц ер нь архи уудаг архинд жаахан дуртай. Архи уусан үедээ ямар ааш авиртайг нь мэдэхгүй нэгдүгээрт хол байдаг, хоёрдугаарт архи уусан үедээ манайхаар нэг их ирээд байдаггүй ямар ч байсан нэг удаа согтуу манайхаар ирээд явлаа гэж манай гэрийнхэн ярьж байсан ирэхдээ ямар нэг асуудал гаргаагүй гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/, 

 

*Гэрч П.Жы өгсөн: 

“...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Л.Ц, Б.Н 2 манай гадаа ирээд намайг дуудахаар нь би гарсан чинь Л.Ц надаас юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь би яасан юу болсон бэ гэсэн чинь тэгж байгаад тэр хоёр явсан өдөр намайг уулзах хэрэг байна гэхээр нь би Л.Цтай уулзаад юун талаар яриад байгааг нь мэдсэн. Тэгээд би Л.Цд үнэхээр надаас болсон бол уучлаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр салаад явсан гэтэл өдөр утсаар яриад би айлд байна хүрээд ир гэхээр нь очсон чинь Л.Ц сонин сонин юм яриад байхаар нь би яваад өгсөн. Маргааш нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны үүрээр би аймаг руу явсан тэгээд аймагт байж байтал өглөө 09 цагийн үед байх Б.Н над руу утсаар яриад цагдаа Алтанхуяг та хоёрт дуудлага өгсөн янз бүрийн юм болох юм бол өөрсдтэй чинь ярина шүү гэж хэлэхээр нь би цагдаа Алтанхуяг руу утсаар яриад Л.Цынд нэг юм болоод байх шиг байна очоодох гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь цагдаа Алтанхуягаас юу болсон талаар нь асуухад Л.Ц эхнэр Б.Нийгээ зодсон байна би Л.Цыг аваад аймаг руу гарах гэж байна гэж надад хэлсэн. Би Б.Н рүү зүгээр шохоорхлын журмаар чат бичсэн харин Б.Н над руу хариу бичээгүй. Миний хувьд шохоорхлын журмаар чат бичсэн нь үнэн. Харин Б.Н над руу ямар нэг хариу чат бичээгүй. Б.Н нуруутай юм байна лээ энэ асуудал гарснаас хойш хэд хоногийн дараа Л.Ц манай эхнэр Өлзийсайхантай утсаар яриад нөхрөө маллахад яадаг юм бэ гэсэн юм ярьсан гэсэн манай эхнэр намайг хот явж байхад утсаар надад Л.Ц утсаар ярьсан гэж хэлсэн. Бид гурав зүгээр найз нөхдийн харьцаатай байдаг. Б.Н сургуульд нийгмийн ажилтан хийдэг би тэр үед сургуульд химийн багшаар ажилладаг байсан. Хоёулаа давгүй хүмүүс байдаг. Л.Ц жаахан архи уудаг архинд дуртай энэ асуудлаас хойш намайг байхгүй хойгуур манайд хэд хэдэн удаа согтуу очсон байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/ 

 

*Л.Бийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө манай хүү Л.Ц утсаар яриад намайг Б.Н цагдаад бариад өгчихлөө аймаг авч явна гээд байна та хоёр хүрээд ирээч гэхээр нь сумын төв рүү орж ирээд шууд эмнэлэг дээр очсон тэр үед манай хүү Л.Цын том хүү нь гүйлгээд бөөлжөөд байна гээд эмнэлэгт хэвтсэн байсан очтол манай бэр Б.Н урд шөнө Л.Ц намайг зодоод, толгой руу цохиод хана мөргүүлээд, хутга бариад ална гээд байсан, модоор гар руу цохьсон одоо миний хамаг бие өвдөөд байна одоо аймаг явж эмнэлэгт үзүүлж харуулах гээд байна гэж хэлээд аймаг явахаар болсон нөхөр бид хоёр хүүхдийг нь хараад тэр өдрийн үдээс хойш эмнэлгээс гаргаад гэрт нь ирсэн. Юунаас болж маргалдсан талаараа надад болон манай нөхөрт хэлээгүй. Ил харагдах гэмтэл янз бүрийн юм байхгүй. Өөрөө хувцасаа тайлаад мөрөн дээрээ хөхөрсөн байсныг харуулж байсан тэрнээс өөр гэмтэл бэртэлээ үзүүлж харуулаагүй. Манайд цохьж зодсон асуудал байхгүй. Манай бэр ер нь ааш зангийн хувьд нэг тиймэрхүү хүн гэртээ гэрийн ажил хийнэ гэж байхгүй. Өөрөө сургуульд нийгмийн ажилтан хийдэг. Манай хүү архи уудаг ч гэсэн гэрийнхээ бүх л ажлыг амжуулдаг өөрийн болон хүүхдүүдийнхээ хувцасыг угааж цэвэрлэх, гэр орноо цэвэрлэх, хүүхдүүдээ цэцэрлэгээс авах гээд бүх л ажлыг амжуулдаг. Архи дарс уудаг. Эрүүлдээ болон архи дарс уусан үедээ ямар нэг ааш авир гаргаад байдаггүй. Ер нь бол хонь шиг л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/ 

 

*Яллагдагч Л.Цын өгсөн: 

“...Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг руу ажил хийхээр яваад 11-р сарын 09-ний өдөр буюу хагас сайн өдөр Чулуут суманд гэртээ ирсэн намайг ирсний маргааш өдөр нь манай том хүү гүйлгээд бөөлжөөд зүгээр болохгүй байсан бүтэн сайн өдөр зүгээр болохгүй болохоор нь эмнэлэгт үзүүлсэн чинь эмнэлэгт хэвтүүл гэхээр нь эмнэлэгт хэвтүүлээд манай эхнэр Б.Н хүүгээ сахиж хоноод Даваа гарагийн өглөө манай эхнэр ирээд ажилдаа явсан. Би эмнэлэг дээр очоод хүүгээ харж өнжсөн тэр өдрөө би хүүгээ сахиж хонохоор болоод 21 цагийн үед би хүүдээ аав нь харьж хоолоо идчихээд ирье гээд гэр рүүгээ явсан гэртээ харихад манайд хүн байгаагүй би эргээд эмнэлэг дээр иртэл манай эхнэр бага хүүг дагуулаад эмнэлэг дээр ирсэн байсан эхнэр бид хоёр замдаа зөрсөн байсан. Манай том хүү эмнэлэгт ганцаараа 1 тасагт хэвтэж байсан. Тэгээд би эхнэр бага хүү хоёроо жаахан байж байгаад яв гэсэн чинь манай эхнэр эртхэн явж амармаар байна гээд яараад явсан. Гэртээ очоод над руу утсаар яриад унтах гэж байна гэж ярьсан би 23 цаг өнгөрч байхад фэйсбүүкт ороход манай эхнэр фэйсбүүкт орсон байхаар нь би унтаагүй юм уу гэж чат бичсэн чинь хариу бичээгүй маргааш өглөө нь би 7 цагт гэртээ ирэхэд манай гэр гаднаасаа цоожтой байхаар нь эхнэр рүүгээ залгаад би ирсэн байна гэсэн чинь манай эхнэр цонхоор надад түлхүүр авч өгөөд өөрийнхөө утсыг унтраасан намайг байхгүй хойгуур манайхан гаднаасаа цоожлоод цонхоороо ороод унтаад өгдөг юм. Би гэртээ ороод байж байгаад чиний утас цэнэггүй болчихсон байна цэнэглэе гээд авсан чинь надтай утсаа булаацалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би булааж аваад утсыг нь цэнэглэсэн тэгсэн чинь манай эхнэр гадуур хувцасаа өмсөөд миний утсыг аваад гараад явсан. Тэгээд би яагаад утсаа булаацалдаад байгаа юм бол гээд утсыг нь асаагаад үзсэн чинь урьд шөнийн бичсэн чат нь байсан. Тэгсэн чат нь П.Ж гэдэг хүнээс ирсэн чат байсан манай эхнэр хариу чат бичсэн байсан П.Ж гэдэг хүнээс хайраа хайртай шүү сайхан амраарай гээд өөрийнхөө зургийг явуулсан, манай эхнэр зураг явуулсан байсан манай эхнэрийн явуулсан зураг нь харанхуй байсан юмуу яасан юм харагдахгүй байна лээ. Тэгээд би эхнэрийнхээ араас гараад аавын дүүгийн нөхөр Энхжаргал ахынд очиход манай эхнэр тэнд байсан. Тэгээд би эхнэрээ авч гарч ирээд П.Жы гэрт нь ороод П.Жыг уулзъя гээд авч гараад би юу болоод байгаа юм бэ манай эхнэр яахаараа чиний хайр болчихдог юм бэ гэсэн чинь чи юу яриад байгаа юм бэ гэхээр нь би эхнэрийнхээ утсанд ирсэн чаатыг чи энийгээ үзчих гээд үзүүлээд чи адилхан гэр бүлтэй байж гэж хэлчихээд эхнэрээ дагуулаад гэртээ ирсэн. Ирээд би эхнэрээсээ яасан юу болсон юм бэ гэсэн чинь чамайг ажилд явснаас хойш над руу мессэж бичээд байдаг болсон би чамд хэлэх гээд айгаад хэлж чадаагүй юм гэж надад хэлсэн тэгээд манай эхнэр эмнэлэг рүү явсан би гэртээ байж байтал П.Ж миний утас руу залгаад хаана байна гэхээр нь би гэртээ байна гэсэн чинь гадаа чинь ирчихлээ гараад ир гэхээр нь гэрээсээ гарсан чинь машинтай ирсэн байсан би машинд нь суусан чинь за найзыгаа уучлаарай муухай юм боллоо гэхээр нь би нэг их юм яриагүй би уг нь чамайг найзаа гэж бодож явсан юм гэж хэлээд машинаас нь буугаад гэртээ орсон. Тэгээд байж байтал манай эхнэр эмнэлгээс ирээд ажил руугаа явсан би гэртээ байж байтал П.Ж над руу дахин яриад уулзах хэрэг байна гэхээр нь би гэрээсээ гартал П.Ж машинтай ирсэн байхаар нь би машинд нь сууж явсаар байгаад ЗДТГ-ын гадаа очсон. Явах замдаа бүх юм миний буруу намайг уучлаарай гэж ярьсаар байгаад ЗДТГ-ын гадаа очсон. Би тэндээс цагдаагийн хэсэг дээр очиж цагдаатай уулзчихаад замдаа Лхагвабаяр ахын дэлгүүрээс 1 шил архи аваад гэртээ ирээд тогоон дээр жаахан мах үйчихээд Ганаа гэдэг айлд очоод тэнд нөгөө архиа уусан. Тэгээд гэртээ ирээд хажуу талд байдаг Баяраа гэдэг айлын дэлгүүрээс 1 шил архи аваад орж гарангаа ганц нэг уусан нөгөө чанаж байсан махаа гаргаад байж байтал манай эхнэр гэртээ ороод ирсэн. Манай эхнэр хутгаар яах гээд байгаа юм бэ гэхээр нь эхнэрээ айгаад байгаа юм байна гэж бодоод хутгаа тогооны авдар дээрээ тавьсан. Тэгээд бид хоёр маргалдсан маргалдаж байгаад манай эхнэр над руу сандал аваад шидсэн чинь миний толгой руу оносон тэгэхээр нь би зөрүүлээд шидсэн чинь хана цохиод унахдаа эхнэрийн гар дээр оносон байсан. Миний уур хүрээд очоод эхнэрээ толгой руу нь 3 удаа цохьсон. Манай эхнэр гараад явсан би бага хүүтэйгээ үлдсэн болохоор хойноос нь гарч чадаагүй. Утсан дээрх чат янз бүрийн юмыг нь хараад би хардаад зодсон. Манай эхнэр надад хэлэхдээ чамайг ажил хийх гээд явснаас хойш над руу мессеж бичээд байсан чамд хэлэх гээд айгаад хэлж чадаагүй юм гэж ярьсан. Тухайн маргаанаас болж өөрөөр цохьж зодсон зүйл байхгүй. Баруун талын мөрөн дээр нь хөхөрсөн байсан сандал шидэхэд ханан дээр оноод буцаад унахдаа эхнэрийн мөрөн дээр оносноос болсон өөр гэмтэл мэдэгдээгүй. Би архи уух нь уусан байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Хэрэлдэж маргалдаж байсан зодож цохьж байгаагүй. Би мах гаргаж байхдаа хутга барьсан байсан тэрийг тэгж ярьж байгаа байх тэрнээс би хутга тулгаж хагалсан түлээгээр цохьж, хана мөргүүлсэн асуудал байхгүй. Манай эхнэр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгаа 2 хүүхдээ аваад өөрийнхөө аав ээж дээрээ очсон байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-75 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 538 дугаартай“...Б.Нийн биед, тархи доргилт, баруун ба зүүн гарын бугалганд, баруун дал орчим, баруун ба зүүн хацарт зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний доор, баруун хөлийн гуяны гадна талд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, баруун ба зүүн гарын бугалганд, баруун дал орчим, баруун ба зүүн хацарт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн нүдний доор, баруун хөлийн гуяны гадна талд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Уг гэмтлүүд нь шинж байдлаараа шинэ гэмтэл байх тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Наран хорооллын 3-4 тоотод хохирогч Б.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Л.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Нийн”... 2019 оны 11 сарын 12-ны өдөр миний нөхөр болох Л.Ц нь архи уусан байх үедээ намайг зодсон. Намайг байшингийн блокон хана руу мөргүүлсэн мөн гараа атгаж байгаад толгой болон нүүр рүү хоёроос гурван удаа цохьсон. Үүний дараа би зочны өрөөнд сууж байтал татаж газарт унагаад гараараа цохиж хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Мөн орой нь намайг унтлагын өрөөнд оруулж байгаад хана мөргүүлсэн, модон сандал гартаа барьж байгаад цохьсон, гал түлэхээр бэлдэж тавьсан түлээгээр зодсон. Мөн гартаа хутга бариад нүүрэн дээр хутгаа тулгасан. Энэ байдал нь 2019 оны 11 сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 сарын 13-нд шилжих шөнийн турш үргэлжилсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Агийн”...2019 оны 11-р сарын 13-ны өдөр манай эгч Л.Б утсаар яриад Л.Ц Б.Нийг зодсон гэнэ Б.Н аймаг орж эмнэлэгт үзүүлж харуулах гээд явсан байна Л.Цыг цагдаа аваад явсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд манайх руу явж байх замдаа Б.Н манай нөхөр Л.Ц архи уугаад урд шөнө намайг зодлоо гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Л.Цын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 538 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Л.Цын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нарантуяагийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт, баруун ба зүүн гарын бугалганд, баруун дал орчим, баруун ба зүүн хацарт зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний доор, баруун хөлийн гуяны гадна талд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг мөн байна. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Л.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Нарантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, бөгөөд шүүгдэгч Л.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Цын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Б.Нарантуяагийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Нарантуяа нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Цыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Ц нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч О овогт Л гийн Ц ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.Цыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР