| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0076/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/78 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогч: О.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Бод холбогдох эрүүгийн 2012000480054 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн ................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Эын Б/РД:АГ............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Эын Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүнүй голын Магсар гэх газар гэртээ эхнэр О.Бийн хамар, шилбэ зэрэг биеийн хэсгүүдэд гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012000480054 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Бийн өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүний голын Магсар гэх газар гэртээ байж байгаад орой 19 цагийн үед хажуу айл болох Л.Ү эгчийнд орж 22 цаг хүртэл хөзөр тоглож байгаад гэртээ ортол манай нөхөр Э.Б уурлаад чамайг би гэрт чинь аваачиж өгнө өө, чамаар би яадаг юм гээд байсан. Тэгэхээр нь би хоёулаа хэрүүлээр яахав дээ хоёр хүүхдээ бодьё гэтэл намайг чи юундаа хорогдоод байгаа юм манайхаас зайлаач, чи манайхаас ороо авч гараад гадаа унт гэж уурлаж бухимдаад миний дээл хувцасыг авдраас гаргаж шидлээд над дээр ирсэнээ гараараа миний хамар руу цохисон. Тэгэхэд би орон дээр унахад ирээд нэг гараараа миний толгойг дарж байгаад нөгөө гараараа миний толгой руу 3 удаа цохьсон, тэгэхэд нь би хоёр гараа толгой дээрээ барьж өөрийгөө хамгаалсан. Мөн хөлнөөс чирч орон дээрээс газар унагааж миний хоёр хөлний шилбэ хэсэгт хөлөөрөө олон удаа дэвсэж зодчихоод гэрээс гараад явсан. 2 цагийн дараа Э.Б гэртээ орж ирээд чамайг маргааш өглөө эрт гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд өөр юм яриагүй унтаад өгсөн. Маргааш нь өглөө намайг миний ээжийн гэрт хүргэж өгчихөөд яваад өгсөн юм. Энэ нь анх зодож байгаа явдал биш. Өмнө нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүний голын Магсар гэх газар байх хадам аав Эын гэрт нөхөр бид хоёр зурагт үзээд сууж байтал манай нөхрийн ах нь болох Батхолбоо орж ирээд манай бага охин болох 3 настай Сарангэрэлд хандаж мод аваад шид наад гахай руугаа гэж намайг зааж байсан. Тэгэхээр нь би та яахаараа хүүхдэд ийм юм зааж өгөөд байгаа юм гээд уурандаа хүүхдийнхээ барьсан модыг булааж аваад хүүхдээ зөөлөн цохиод авсан чинь манай нөхөр Э.Б чи хүүхэд зодлоо гэж гараараа миний цээж рүү нэг удаа цохьсон. Тэгээд хүүхдээ хөтлөөд хадам аавын гэрээс гараад явахаар нь удаагүй араас нь гарч гэр рүүгээ орох гэтэл гэрийн хаалга дотроос нь цоожилчихоод хоноцын шээс минь, муу гуйлгачин минь би чамайг гэртээ хонуулахгүй, чи гадаа хоно“ гэж хэлсэн. Би удаан хугацаанд гэрийнхээ хаалгыг нүдээд байж байтал хадам ээж Оюунбор нь ирээд манай нөхрийг хаалгаа гэхэд хаалгаа онгойлгосон. Хадам ээж, бид хоёр гэр рүү яваад ортол манай нөхөр Э.Б чи хаалга эвдэлчихлээ гэж уурлаж миний үснээс зулгааж доошоо дараад нүүр рүү өвдгөлж, гараараа нүүр рүү нэг удаа цохиж зодсон. Тэр үед хадам ээж Оюунбор нь хүүхдээ болиулахгүй манай охиныг аваад гэрээс инээгээд гараад явсан. Манай нөхөр Э.Б дахин намайг ална гэж гараа далайгаад зодох гэж дайраад байхаар нь би биеэ хамгаалж
ганжин, хутга хоёр гартаа барихад гэрээс гараад явсан. Тэр үед тэгээд нэг өнгөрсөн. Би нөхөр болох Э.Бтой 2013 онд гэр бүл болж өдийг хүртэл хамт амьдарч байна. Би хоёр охинтой. Манай нөхөр Э.Б надтай гэр бүл болсоноосоо хойш намайг байнга доромжилж, хэрүүл маргаантай байсан. Тэрнээс гар хүрч зоддоггүй байсан. Мөн хадам ах Батхолбоо, хадам дүү Бат-Эрдэнэ, хадам ээж Оюунбор нар нь байнга намайг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэдэг. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зодуулсаны улмаас хоёр хөлний шилбэ хөхөрч хавдсан. Хамар хавдаж хөхөрсөн гэмтэл авсан. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зодуулсаны улмаас баруун зовхи сэтэрч одоо сорви тогтсон, мөн хамар хөхөрч хавдсан байсан. Би хоёр хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Мөн хуулийн дагуу уг асуудлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч Л.Үын өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүннүй голын Магсар гэх газар гэртээ байхад О.Б манай гэрт хөзөр тоглож байгаад гэртээ орсон. Би унтах гээд хэвтэж байтал О.Б уйлаад гэрт ороод ирсэн. О.Б уйлаад гэрт ороод ирсэн. Би юу болов гэж асуухад Э.Б намайг зодоод гэж хэлсэн. Би юу гээд харанхуй шөнө хэрүүл хийгээд зодолдоод байдаг хүмүүс вэ гэж хэлсэн. О.Б манай гэрт хэсэг сууж байгаад гэртээ орсон. Маргааш нь машиндаа хувцасаа ачаад нөхрийгөө намайг хүргэж өг гэж орилж хашгирч байгаад явсан. Биед ил хөхөрч хавдсан зүйл харагдаагүй. Намайг Э.Б зодоод байна гэж уйлаад манай гэрт орж ирсэн. Тэрнээс өөр зүйл яриагүй. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Би 2019 оны 06 дугаар сараас хойш айл байгаа. Энэ хугацаанд л ямар нэгэн зүйл мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/
*Яллагдагч Э.Бын өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүний голын Магсар гэх газар гэртээ манай эхнэр О.Б нь төрсөн хүүхэд болох 3 настай Б.Сарангэрэлийг ямар ч шалтгаангүй нуруу руу нэг удаа гараараа цохиж, хацар руу нь нэг удаа гараараа алгадаж зодохоор нь би уурлаж чи яагаад хүүхэд зодоод байгаа юм гэхэд би өөрийнхөө хүүхдийг зодож байгаа юм чинь яадаг юм гэхээр нь би уурандаа О.Бийн хоёр хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг нэг удаа өшиглөчихөөд гэрээс гараад явсан. Би тэрнээс хойш дахин О.Бтэй юм яриагүй унтаж амарсан. Маргааш нь өглөө эрт адуундаа явчихаад гэртээ иртэл О.Б нь машинд өөрийнхөө хувцасаа ачаад намайг гэрт хүргээд өг гэж над руу орилж хашгираад машины шил, толь хагалчих гээд байхаар нь би машинаа жолоодож О.Бийг ээжийнхэн гэрт хүргэж өгсөн. Тухайн үед ийм явдал болсон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд хоёр шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл учирсан гэснийг би хүлээн зөвшөөрч байна. Харин хамрын нуруу, нурууны зүүн хажуу дээд хэсэгт цус хуралт, баруун дээд зовхинд хуучин нэвчдэст сорви гэмтэл тогтоогдсоныг бол би учруулаагүй. Баруун дээд зовхинд хуучин сорви нь намайг О.Бтэй анх танилцаж байхад байсан сорви юм. Тэр сорви нь хүнд анзаарагдаад байдаггүй. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн төвөөс олж ирэхэд О.Бийн хамар хөхөрчихсөн байсан. Би тухайн үед хамараа яасан юм гэхэд харин хамар ийм болчихоод эдгэхгүй байгаа юм гэж хэлж байсан. О.Б нь нэг уурлахаараа гэрээсээ яваад өгнө, хэдэн сар болоод юу ч болоогүй юм шиг гэртээ ирдэг. Хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр аймгийн төв рүү явчихаад гэртээ ирэхгүй болохоор нь би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн төвөөс олж ирсэн. Би О.Бийг цохиж зодоод, хэл амаар доромжилж, дарамталдаг асуудал байхгүй. Тухайн үед аймгийн төв орж хөөцөлдөх ажилтай гэж 300.000 төгрөг авч явсан. Би хэд хоноод араас нь орж авах гэтэл О.Б би хөдөө явахгүй, Улаанбаатар хот орж ажил хийнэ гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед бид хоёр маргалдаж муудалцсан зүйл огт болоогүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-43 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай“...О.Бийн биед хоёр шилбэний урд хэсэгт цус хуралт, хамрын нуруу, нурууны зүүн хажуу дээд хэсэгт цус хуралт, баруун дээд зовхинд хуучин нэвчдэст сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун дээд зовхины нэвчдэст сорви гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Хоёр шилбэний урд хэсэг, хамрын нурууны цус хуралт гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт, нурууны зүүн хажуу дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүнүй голын Магсар гэх газар иргэн О.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Бт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч О.Бийн”...манай нөхөр Э.Б уурлаад чамайг би гэрт чинь аваачиж өгнө өө, чамаар би яадаг юм гээд байсан. Тэгэхээр нь би хоёулаа хэрүүлээр яахав дээ хоёр хүүхдээ бодьё гэтэл намайг чи юундаа хорогдоод байгаа юм манайхаас зайлаач, чи манайхаас ороо авч гараад гадаа унт гэж уурлаж бухимдаад миний дээл хувцасыг авдраас гаргаж шидлээд над дээр ирсэнээ гараараа миний хамар руу цохисон. Тэгэхэд би орон дээр унахад ирээд нэг гараараа миний толгойг дарж байгаад нөгөө гараараа миний толгой руу 3 удаа цохьсон, тэгэхэд нь би хоёр гараа толгой дээрээ барьж өөрийгөө хамгаалсан. Мөн хөлнөөс чирч орон дээрээс газар унагааж миний хоёр хөлний шилбэ хэсэгт хөлөөрөө олон удаа дэвсэж зодчихоод гэрээс гараад явсан. 2 цагийн дараа Э.Б гэртээ орж ирээд чамайг маргааш өглөө эрт гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд өөр юм яриагүй унтаад өгсөн. Маргааш нь өглөө намайг миний ээжийн гэрт хүргэж өгчихөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Үын”... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүннүй голын Магсар гэх газар гэртээ байхад О.Б манай гэрт хөзөр тоглож байгаад гэртээ орсон. Би унтах гээд хэвтэж байтал О.Б уйлаад гэрт ороод ирсэн. О.Б уйлаад гэрт ороод ирсэн. Би юу болов гэж асуухад Э.Б намайг зодоод гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 64 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хоёр шилбэний урд хэсэгт цус хуралт, хамрын нуруу, нурууны зүүн хажуу дээд хэсэгт цус хуралт, баруун дээд зовхинд хуучин нэвчдэст сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, бөгөөд шүүгдэгч Э.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр О.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч О.Б нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, мөн шүүх хуралдаанд гомдол саналгүй шүүгдэгчтэй эвлэрсэн талаар тайлбарласан, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Э.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч О.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР