| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0077/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/79 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Эт холбогдох эрүүгийн ,,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын ............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дийн Э/РД:АЗ...../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдрүүдийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, Зураа гэх газарт хохирогч С.Гын 1 тооны шүдлэн үхрийг хууль бусаар буудаж устган, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Д.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой өөрийнхөө үхрийг С.Гын үхэртэй хамт хураахад С.Г ахын үхэр нь дутуу байхаар нь үлдэгдэл үхрийг нь хөөж ирсэн чинь бор шүдлэн зугтаагаад үхэртэй нийлэхгүй болохоор нь гэрийнхээ гадаа хөөж авч ирээд буудаж алсан...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2012000730069 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч С.Гын өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, Цагаанчулуу гэх газар өвөлжиж байгаа, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Зураа гэх газар Д.Эын хаваржих байсан газар очиж өөрийн эзэмшлийн үхэр сүргийг авчирч Д.Эт захиад үлдээсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө үхрээ авах санаатай цэнхэр будгаар ууц хэсгээр нь будаад байж байтал манай бор зүсмийн сарлагийн үхэр үхсэн байсан. Очоод хартал дух хэсэг рүү нь буудсан бололтой үхсэн хэвтэж байсан. Удалгүй Д.Э ирсэн, би Д.Эаас манай бор шүдлэн үхсэн байна гэж асуухад юм ярихгүй зогсоод байсан. Тэгээд би хашаанаас гурвуулаа чирээд гаргаж урд хэсэгт авчирч хаяъ гэхэд шувуу нохой эргэлдээд салахгүй миний мотоциклиор зам гаргаад хаяъ гэхээр нь мотоциклийн ард нь тавьж өгөөд хараад байж байтал хөдлөөд явсан. Тэгээд би үхрээ туугаад явсан. Манайх хар зүсмийн голдуу 20 тооны үхэр байдаг. Манай үхрүүд зөв талын чихийг хөндлөн хайчилсан. Манай үхэр духан хэсэгт жижигсэн цагаан үстэй хойд баруун талын доод хэсэгт цагаан үстэй зөв чих нь хөндлөн хайчилсан. Би сарлагийн шүдлэн үхрийг 700.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
*Гэрч Ж.Цгийн өгсөн:
“...Миний нөхөр Г 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үхэрүүдээ тууж Зураа гэдэг газарт Д.Э гэдэг хүнд үхрүүдээ хүлээлгэж өгөөд нийлүүлчихлээ гээд орой ирсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө хүргэний хүү Улаанайгийн хамт үхрүүдээ будгаар будаж тэмдэглэхээр Зураа гэх газарт очоод үхэрүүдээ тэмдэглэж дуусаад ирлээ үхрүүдээ авч ирэх гэсэн чинь нэг бух байхгүй болохоор нь үлдээчихлээ манай бор зүсны охин хязаалан үхэр үхсэн байна гэж хэлэхээр нь би яагаад үхчихсэн юм болоо үхэхээргүй үхэр байгаа юм даа гэсэн чинь буудсан юм шиг жижигхэн нүх духан дээр нь гарсан байна гэхээр нь чи духныхан арьсыг өвчөөд харсан уу? гэж асуусан чинь үгүй гэсэн. Тэгээд Г хутга авч буцаж яваад толгойг нь тасдаад аваад ирлээ сумны нүх шиг нүх гарсан байна гэхээр нь би харсан чинь үхрийн духан дээр сумны нүх шиг жижиг дугуй нүх гарсан байсан. Би Д.Э гэдэг хүнийг танина, садан төрлийн холбоо байхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Д.Э Зураа гэх газарт оторт ганцаараа жижиг гэртэй байсан. Би Д.Эыг галт зэвсэг үүрсэн явж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч Б.Пын өгсөн:
“...Би 2020-оны 01-сарын 10-нд хамаатан С.Г нь намайг гэртээ байж байхад үхэр тэмлэгдээд өг гээд дуудсан. Тэгээд би С.Г ахынд ирээд маргааш нь С.Г ахтай мал тавьсан айл Д.Эынд өглөө 08 цагийн үед үхэр будаж тэмдэглэх гэж хамт очсон чинь нэг үхэр хашаан дотор нь үхсэн байсан. Тэгэхээр нь би С.Г ахад хэлсэн тэгээд очиж харсан чинь духнаас нь цус гарсан байж магадгүй юм шиг байна гэж С.Г ах хэлсэн. Тэгээд байж байсан чинь Д.Э нь ганцаараа гэрээсээ ирсэн тэгээд С.Гт ах Д.Эт хандан чи яахаараа миний үхрийг бууддаг юм гэж байсан. Тэгээд Д.Эын мотоциклын ард нь тавиад засмал зам гаргаж хаясан тэгээд би гэртээ харьсан өөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би С.Г ах тэгээд Д.Э араас ирсэн бид 3 байсан. Ямар санаатай алсан талаар би мэдэхгүй байна. Буугаар буудсан байна гэж С.Г ах хэлсэн би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/
*Яллагдагч Д.Эын өгсөн:
“...2020 оны 01 дүгээр 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын багийн иргэн С.Г нь Архангай аймгийн Тариат сумын Зураа гэх газар гэрээрээ үхрээ харж байхад С.Г нь үхрээ тууж ирээд гэрийн гадаа авчраад үхрийг хараарай гэж хэлэхээр нь би чадахгүй би өөрийнхөө үхрийг хурааж байна гэж хэлэхэд үхрээ хараарай хүүхэлдэй минь гэж хэлээд үхрээ орхисон. Тэр бас гэр рүүгээ явсан. Манайх Зураа гэдэг газар жижиг гэрээ бариад үхрээ хураад их гэр рүүгээ орой нь яваад өгдөг. Манай том гэр өвөлжөөн дээр буюу Архангай аймгийн Тариат сумын Долоон мод гэх газарт байдаг. Тэгээд 2020 оны 01 дүгээр 10-ны орой өөрийнхөө үхрийг С.Гын үхэртэй хамт хураахад С.Г ахын үхэр нь дутуу байхаар нь үлдэгдэл үхрийг нь хөөж ирсэн чинь бор шүдлэн зугтаагаад үхэртэй нийлэхгүй болохоор нь гэрийнхээ гадаа хөөж авч ирээд буудаж алсан. Маргааш нь С.Г ах ирээд мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хэлсэн гэж байсан. С.Г ахын бор шүдлэн үхэр нь орой болсон байхад үхэр дагуулаад, үхэртэй нийлүүлэх гэхээр зугтаагаад байсан болохоор нь уур хүрээд буудаж алсан. Би бор шүдлэн үхрийг толгой хэсэгт нь урдаас нь ойртож очоод калибарь маркийн 100 хараатай буугаар буудаж алсан. Манай тэнд чоно нохой ихтэй байдаг учраас Калибарь маркийн буу нь манай аав надад хотондоо дугаргаж бай гэж өгсөн. С.Г ах надтай үхрээ хөлсөөр харах талаар тохироогүй. Юм яриагүй байж байгаад гэнэт үхрээ туугаад ирсэн. Надад хүний мал харах шаардлага байхгүй. Би хүний малыг хөлсөөр харж байгаагүй. Өөрийнхөө хэдэн малыг малладаг. Би хохирлоо барагдуулсан. Үхрийнх нь оронд насных нь үхрийг өгсөн. Би гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-44 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаартай”...сарлагын шүдлэн үхрийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/
*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 3-5 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдрүүдийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, Зураа гэх газарт хохирогч С.Гын 1 тооны шүдлэн үхрийг буудаж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг Д.Э үйлдсэн болох нь хохирогч С.Гын”... 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Зураа гэх газар Д.Эын хаваржих байсан газар очиж өөрийн эзэмшлийн үхэр сүргийг авчирч Д.Эт захиад үлдээсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө үхрээ авах санаатай цэнхэр будгаар ууц хэсгээр нь будаад байж байтал манай бор зүсмийн сарлагийн үхэр үхсэн байсан. Очоод хартал дух хэсэг рүү нь буудсан бололтой үхсэн хэвтэж байсан. Удалгүй Д.Э ирсэн, би Д.Эаас манай бор шүдлэн үхсэн байна гэж асуухад юм ярихгүй зогсоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Цгийн”...Манай бор зүсны охин хязаалан үхэр үхсэн байна гэж хэлэхээр нь би яагаад үхчихсэн юм болоо үхэхээргүй үхэр байгаа юм даа гэсэн чинь буудсан юм шиг жижигхэн нүх духан дээр нь гарсан байна гэхээр нь чи духныхан арьсыг өвчөөд харсан уу? гэж асуусан чинь үгүй гэсэн. Тэгээд Г хутга авч буцаж яваад толгойг нь тасдаад аваад ирлээ сумны нүх шиг нүх гарсан байна гэхээр нь би харсан чинь үхрийн духан дээр сумны нүх шиг жижиг дугуй нүх гарсан байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Пын”...Тэгээд би С.Г ахынд ирээд маргааш нь С.Г ахтай мал тавьсан айл Д.Эынд өглөө 08 цагийн үед үхэр будаж тэмдэглэх гэж хамт очсон чинь нэг үхэр хашаан дотор нь үхсэн байсан. Тэгэхээр нь би С.Г ахад хэлсэн тэгээд очиж харсан чинь духнаас нь цус гарсан байж магадгүй юм шиг байна гэж С.Г ах хэлсэн. Тэгээд байж байсан чинь Д.Э нь ганцаараа гэрээсээ ирсэн тэгээд С.Гт ах Д.Эт хандан чи яахаараа миний үхрийг бууддаг юм гэж байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Батболдын бусдын малыг буудсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч С.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Эын бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Г нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын санал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Галт зэвсэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгүүлсэн этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглах эрхгүй гэж заасан тул шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоз-8 маркийн гол төмөр ABN-1674, замаг-1284 дугаартай бууг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Эыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Тоз-8 маркийн гол төмөр ABN-1674, замаг-1284 дугаартай бууг Архангай аймаг аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР