| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01020/И |
| Дугаар | 01315 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 01315
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Онцгой байдлын аврах, гал унтраах 56-р ангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн “Эрдэнэт хүнс“ ХХК-д хариуцагдах газрын ажил гүйцэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сэрсэндэмид, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбат ,прокурор Б.Жавхлантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэт хүнс ХХК нь уг байгууллагын дулаанаар хангах шугамд 2015 оны 10 дугаар сард гэмтэл гарсаны улмаас манай байгууллагын хашааны дагуу нийтийн эзэмшилийн хатуу хучилттай 13м, ногоон байгууламжийн 29м нийт 42м газрыг 3 метрийн өргөн 1 метрийн гүнтэй ухаж засварласан уг засварын ажил нь 11 дүгээр сард дуусаж бэлэн болсон ч хүйтний улирал дуусахаар бөглөж өгнө гээд орхисон. 2016 оны 05 дугаар сараас Эрдэнэт хүнс ХХК-ны захирал Д.Сүхбатад удаа дараалан мэдэгдэсэн ч Улаанбаатар хотод ажилтай гэсэн шалтгаар гар утсаа салган хэл сураггүй алга болоод байна. Энэ хүү шугамын нүхийг нэн даруй бөглүүлэхгүй бол манай байгууллагаас төрийн үйлчилгээ авч буй иргэд бэртэх аюултай бас байгууллагын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж гадна тохжилт үйлчилгээний ажилд саад болж улмаар авто машны зогсоол байхгүй болоод байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг нэн даруй шийдвэрлэж өгнө ү гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Онцгой байдлын аврах, гал унтраах 56-р ангиас гаргасан нэхэмжлэл нь тус газрын урд талын хатуу хучилтыг урьдын адил засварлаж тохижуулж хэвийн байдалд оруулах.Нэхэмжлэлд дурдсан зам талбайг2017 оны 2 дугаар улиралд засварлаж хүлээлгэж өгнө ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Орхон аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах 56-р анги нь хариуцагч “Эрдэнэт хүнс“ ХХК-аар газрын ажил гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, ажил гүйцэтгэх хугацааны тухайд зохигчид эвлэрч гэрээ байгуулсан нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй,талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэлээ .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах 56-р анги, хариуцагч “Эрдэнэт хүнс” ХХК эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт хүнс” ХХК-иас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ