| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0054/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 37
2020 02 12 2020/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0054/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М-д холбогдох эрүүгийн 2039... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дүгаар баг Цогт-Өндөр 10 дугаар гудамжны 06 тоотод өөрийн гэртээ иргэн С.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдаж түүний нүүр рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дүгаар баг Цогт-Өндөр 10 дугаар гудамжны 06 тоотод өөрийн гэртээ иргэн С.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаар болох нь:
Хохирогч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн”.... Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, малчдын хороонд төрсөн дүүгийн хүүхэд болох Ш.М-д нүүрэн тус газартаа цохиулснаас болж миний үүдний доод талын хоёр шүдийг мулт өшиглөсөн. Ёзоороор нь мулт өшиглөсөн байна. Мөн дээд доод уруул бага зэрэг дотор талдаа язарсан байна. Ш.М намайг яасан гэж зодсоныг мэдэхгүй байна. Намайг гэрээр нь орохоор гэрээсээ чирч гаргаад, үүдний амбаарт ойчихоор нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөөд авсан. Би өөрийн ээжийн хамт Хэрлэн сумын 6 дугаар багт Ш.М-тай нэг хашаанд амьдардаг. Би Ш.М-д ямар гэм хийснээ мэдэхгүй байна. Би ажил төрөл хийгээд байдаггүй, архи л уудаг хүн. Би Ш.М-д зодуулсандаа гомдолтой байна. Миний биед учирсан өөр гэмтэл шарх байхгүй.Би зодуулсандаа гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/
Гэрч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн”.... Би 2019 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Цогт-Өндөр 10-06 тоотод гэртээ эхнэр Мөнх-Рашаан. хүүхдийн хамт гэртээ байж байтал, манай ээжийн ах С.Б архи уучихсан үнэртүүлж орж ирээд манай 04-06 насны 3 хүүхдийг маань хэл амаар доромжлоод эцгийгээ дуурайсан. эрдэм номгүй, шоронгоор явсан хулигаан гарна гээд нялх хүүхдүүдийг маань доромжлоод байхаар гэрээс чирч гаргаад үүдний амбаарт ойчихоор нь нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн Тэгсэн чинь босож ирээд үүдний шүд уначихлаа гээд байсан Тэгээд цагдаа дуудсан Би С.Б ийн нүүрэн газарт нь өшиглөж үүдний шүдийг нь унагаасан асуудлаа хүлээн зөвшөөрч байна Миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/
Гэрч А.Мөнх-Рашааны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн”....гэтэл Ш.М Бямбадорж ахыг гэрээсээ чирээд гарсан. Тэгээд үүдний амбаарт Бямбадорж ах унасан байсан. Тэгээд Бямбадорж миний шүдийг танай нөхөр өшиглөөд унагачихлаа гэсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10 тал/
Шинжээч эмчийн 33 дугаартай: “...1.С.Б ийн биед үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14 тал/
Шүүгдэгч Ш.Мн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би төлбөрийн чадваргүй, учир торгохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ..” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Мн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ш.Мд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч С.Б нь “би эмчилгээний болон бусал зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 4, 6 тал/ гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Ш.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Мд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргажээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.М-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА