Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 736

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Лонжид овогтой Б ийн А 

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалын Б.А д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Б ийн А миний бие 1991 онд цагдаагийн ахлагчаар цагдаагийн албыг хааж эхэлсэн бөгөөд цагдаагийн хурандаа цолтойгоор Тусгай ажиллагааны газрын даргын албыг хашиж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулж, мөн Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн.  

Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг зөв хэрэглээгүй, агуулгын хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.” хэмээн заасан атал нэг тушаалаар сахилгын хоёр шийтгэлийг давхардуулан ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй. Уг тушаалыг гаргах үндэслэл нь алба хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-ийг зөрчсөн гэж үзсэн ба 13.1.1-д заасан “хуулийг сахин биелүүлэх” үүргийг зөрчөөгүй, 13.1.4-т заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” заалтыг зөрчөөгүй, тодруулбал удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй. Иймээс хууль зүйн үндэслэлгүй, зөрчил гаргасан талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн шаардлагыг хангаагүй хууль бус тушаал гэж үзэж байгаа болно. 

Иймээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хууль зүйн үндэслэлгүй дээрхи тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах тухай гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга тэргүүн комиссар Ө.Энхтөрд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Гомдол гаргаснаас хойш буюу 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс мэдэгдлийг надад ирүүлсэн. Энэхүү мэдэгдлийн агуулга нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 тоот тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар томилж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн” тухай дурьдсан байв. Ингэхдээ мэдэгдэлд дурьдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/151 тоот тушаалыг танилцуулаагүй, танилцах хүсэлтэд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга татгалзсан хариу өгсөн тул тушаалын агуулга, өмнө гаргасан Б/51 тоот тушаал хүчингүй болсон эсэхийг өнөөдрийг хүртэл мэдэх боломжгүй хэвээр байгаа билээ. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтсээс мэдэгдлийн агуулгаас үзэхэд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 тоот тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч миний хууль ёсны эрхийг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулж, эрх зүйн байдлыг дордуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст тасгийн даргаар томилсон нь өмнө эрхэлж байсан албан тушаалын ТТ-15 зэрэглэлээс ТТ-12 зэрэглэлийн албан тушаалд алба хаагчийн өөрийн саналыг эс харгалзан томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус тушаал гэж үзэж, энэ тухай гомдлоо 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга цагдаагийн хурандаа Ө.Энхтөрд хандан гаргасан.

Миний өгсөн хоёр гомдлын хариуд Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 08 тоот тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр надад ирүүлсэн. Уг тогтоолын тогтоох хэсэгт “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, албан тушаалаас  чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. 

Ингээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 тушаалын түүнд холбогдох хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал бууруулан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст тасгийн  даргаар томилсон нь хууль зүйн үндэстэй байх тул 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 тушаалыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан” байна.

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолын албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл гэж үзсэн хоёр зөрчил болох 24 мод хууль бусаар ойгоос шилжүүлсэн, алба хаагчийн ажил амралтын цагийг баримтлаагүй тухай бүр харгалзах, үндэслэх нөхцөл байдлын талаар тодорхой тайлбарыг гаргаж өгсөн, тиймээс 3 сарын хугацаатай цалингийн 20 хувь бууруулах шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэж байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс дээр дурьдсан тогтоолоор 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын ажлаас халах үндэслэлгүй байсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан мөртлөө ажилд нь эгүүлэн томилолгүй, надад өнөөдрийг хүртэл танилцуулаагүй 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 тоот тушаалаар өмнө эрхэлж байсан албан тушаалын зэрэглэл болон цалингийн шатлалыг гурваар бууруулан, алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр гаргалаа.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Б.А д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуулийн дагуу нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдлийг /докторын зэргийн, удаан жилийн, тусгай албаны/ гаргуулахыг даалгах, улсын тэмдэгтийн хураамж болон өмгөөлөгчийн хөлсийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хангаж өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ шүүх хуралдаан дээр нэмж тайлбарлахдаа: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Б.А д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуулийн дагуу нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдлийг /докторын зэргийн, удаан жилийн, тусгай албаны/ гаргуулж өгнө үү. 

Тусгай ажиллагааны газрын чиг үүрэг бол зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, барьцаалагдсан хүн болон объектыг чөлөөлөх, зэвсэглэсэн гэмт этгээдийг аюулгүй болгох, шаардлагатай тохиолдолд төрийн өндөр албан тушаалтныг хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах, гудамж, талбайд тавьсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох гэсэн үндсэн чиг үүрэгтэй.

Би цагдаагийн байгууллагад 1991 онд цагдаагаар орж Тусгай ажиллагааны хэлтэст 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдаагаар ажиллаж байх хугацаанд докторын зэрэг хамгаалахаар 2005 оноос 2010 оны хооронд 5 жил завсардсан. 2010 онд Тусгай ажиллагааны хэлтсийн дэд даргаар томилогдож ажилласан. Тусгай ажиллагааны газрын даргаар 2012 оны 09 дүгээр сард томилогдсон. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэв журмын албаны даргаар томилогдож 2 сарын дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тусгай ажиллагааны даргаар буцаж томилогдсон. Тэгээд 2015 оны 5 сард ажлаас чөлөөлөгдсөн. Үүнтэй маргалдан шүүхээр яваад шүүхийн шийдвэрээр 2016 оны 04 сард буцаж томилогдсон.  

Тусгай ажиллагааны газарт ажилладаг хүмүүсийг нийгэмд бүдүүлэг албан хаагчид гэж ойлгодог. Тухайн үед намайг томилохдоо цагдаагийн дарга уг албан хаагчдыг зөв, боловсон хүмүүжүүлээрэй гэсэн. Уг зарчмын дагуу албан хаагчдаа боловсруулж, хүмүүжүүлж, боловсон төрийн албан хаагч болгохоор өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажилласан. Албан хаагчдын байр шинээр баригдаж уг байрыг тохижуулах ажлыг хийсэн. 

Ер нь албан тушаалаас бууруулж, сахилгын арга хэмжээ авахдаа сахилгын зөрчил тооцох хугацаа өнгөрсөн байхад авсан ч агуулга нь доод албан тушаалтнаа 20 хоног ажиллуулсан гэх үндэслэлийг нэмж яриад байгаа юм. Би уг албан хаагчийг 20 хоног ажиллуулаагүй. Тухайн ажлын байран дээр хонуулсан нь үнэн боловч 10 гаруй хоног л ажиллуулсан. Төрийн албан хаагчийг ажлын байран дээр хонуулах болсон шалтгаан бол уг албан хаагч нь ажилдаа маш сайн боловч хувийн амьдралдаа асуудалтай, мөн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан учраас ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвшилцөөд согтууруулах ундаа хэрэглэн гадуур хонож байхаар ажлын байран дээрээ хоол ундтай, амрах газартай, бэлтгэлээ хийгээд байж байг гэж бодон байлгасан. Гэтэл миний ажлын байрыг авахын тулд хуулиар мушгих боломж дээрх асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарт олдсон юм. 

Учир нь би өмнө нь Хууль зүйн сайдад таалагдаагүй гэх үндэслэлээр өмнөх Цагдаагийн Ерөнхий газрын дарга намайг ажлаас чөлөөлж байсан. Тухайн үед би ингэж ажлаас чөлөөлөгдөх ёсгүй, яагаад чөлөөлсөн талаар асуухад “чи дээд албан тушаалтан, дарга нарын үгэнд ордоггүй” гэж тайлбар хэлж ажлаас чөлөөлсөн. Тусгай ажиллагааны алба хаагчдыг үе үеийн улс төр, төрийн захиргааны өндөр албан хаагчид хуулийн хамгаалалтад буюу өөр газрууд руу болон хууль бус зүйл рүү дагуулж авч явах сонирхол их байдаг байсан үйлдлийг би таслан зогсоосон. Хууль зүйн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тамгын дарга гээд бүгд тус бүрдээ 2 хүн хамгаалалтад авч явдаг байсан учраас манайх  үндсэн ажлаа хийх боломжгүй болсон. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдалын зөвлөлд танилцуулаад гарч иртэл ажлаас чөлөөлсөн байсан. Иймэрхүү байдлаар уг албыг хөгжүүлэх гэж явсан нь эргээд дээд албан тушаалтан болох дарга нар бид нарыг хувийн байгууллагын бэлтгэгдсэн хамгаалагчид болгох гэж байсныг нь эсэргүүцсэнээр би удаа дараа албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

Мөн одоо би модны хулгайч мэт болчихоод байна. Би гомдол гаргахаар хүний нөөцийн албаны дарга н.Намсрайжав гэх хүн надад “иргэн Б.А танд” гэж хариу өгдөг. Гэтэл миний цолыг хураасан ямар нэгэн тушаал байхгүй. Цагдаагийн албан хаагчдын дотоод сүлжээгээр тухайн өдөр болсон процессын талаар мэдээлэл тараадаг. “Тусгай ажиллагааны хэлтсийн дарга Б.А хулгай хийсэн тул албан тушаалаас нь чөлөөлж, цолыг нь хураан, эргэж орох эрхгүйгээр ажлаас халав” гэсэн мэдээлэл, танилцуулга тараагаад “чи яасан юм бэ” гэж холбоо барьдаг албан хаагчид зөндөө байна. Ажлаас халсан гэсэн тушаал гаргаад гомдол гаргахаар чамайг өөр албан тушаалд томилсон гэдэг. 

Намайг албан тушаалаас чөлөөлчихөөд гудамжинд тэнэж явсан Пара таеквондогийн холбооны тэргүүн гэх залууд дэд хурандаа цол өгч манай хэлтсийн даргаар томилсон. Намайг ажлаас чөлөөлөхөд гар бие оролцож байгаа бас нэг дарга нь өөрийнхөө хүнийг буюу Монгол болон Солонгосын хооронд машины наймаа эрхэлдэг залууд ахлах офицер цол олгож цагдаагаар тавьсан. Цагдаагийн байгууллагыг хувийн компани шиг ажиллуулж буруу зүйл хийж байгааг нь хэлж байгаа нэг нөхөр байгаад байхаар уг хүнийг зайлуулахгүй бол болохгүй гэх үүднээс намайг ажлаас чөлөөлөөд байгаа юм.

Модны асуудлын хувьд 9 сараас 12 сар хүртэл байгууллагын гадна талбайн тохижилтын ажил хийсэн. Тухайн үед 09 дүгээр сард тохижилтын ажил хийж байгаад хэсэг талбайд зай үлдэхээр нь мод шилжүүлэн суулгахаар тохиролцсон. Тэгээд манай албан хаагч амралтаа авахаасаа өмнө мод тарих асуудлыг дуусгана гээд Гачууртад ойн цагдааг танина гээд явсан. Гэтэл дараа нь “өөр газраас мод авч байгаад баригдчихлаа” гээд надруу залгахаар нь би “өөрөө зохицуул” гэж хэлсэн. Тэгсэн 14 цагийн үед ойн байцаагч гэх 2 хүнтэй манай алба хаагч ирсэн. Тэдгээр байцаагч нар нь хаана юу тарих гэж байгааг харна гээд хамт ирсэн байсан. Нийт авчирсан модноос 7 модыг ажлын хашаанд суулгасан. Үлдсэн модыг тарих гэтэл барилгын хог материал ачаагүй байснаас тарих зайгүй байсан. Уг материалуудыг зайлуулаад газар суллахаар үлдсэн модоо суулгах гэхээр зулзаган мод үхүүлж байхаар тэр болтол манай зуслангийн газарт түр хугацаагаар суулгахаар авч яваад манай хашаанд нийт 13 мод суулгасан. Албаны хашаанд суулгасан 7 модны 1 нь хугараад 1 нь алга болсон байсан. Сүүлд очиж харахад нарс, хуш гэх модыг суулгасан байсан. Манай алба хаагч “ойн байцаагч дуудаад байна та 700.000 төгрөг өгөөч модны хураамж төлөхөөр боллоо” гэсний дагуу би 700.000 төгрөгийг өгсөн. 

Тэгсэн манай залуу ойн байцаагчид 400.000 төгрөгийг өгөөд, 300.000 төгрөгийг нь өөрөө хэрэглэсэн байсныг тухайн үед би мэдээгүй байсан. Уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд ойн байцаагчид намайг хээл хахууль өгсөн мэтээр шалгасан. Дараа нь дахиад модны хураамж гэж 700.000 төгрөгийг нэхэмжлэхээр нь би өгсөн. Нийт 1.400.000 төгрөг модны хохирлын үнэд төлсөн. 

Надад холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон талаар надад мэдэгдсэн, тухайн үед өмгөөлөгчтэйгөө очсон. Үүнээс хойш надад холбогдох хэргийг сэргээгээгүй, ахиж уг эрүүгийн хэргийн талаар надруу ямар нэгэн төрийн байгууллагаас мэдэгдэл ирээгүй.  Сэргээсэн бол Авилгатай тэмцэх газар намайг дуудаж танилцуулж, байцааж, шалгах ёстой. Гэтэл одоог хүртэл дуудаагүй байгаа.

Хуучин Эрүүгийн хууль болон шинэ Эрүүгийн хуулиар мод шилжүүлэн суулгах нь эрүүгийн гэмт хэрэг биш. Нөгөөтээгүүр мод бэлтгэх, шилжүүлэн суулгах гэдгийг ялгах хэрэгтэй байна. Мод бэлтгэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тайлбар дээр ашиг олох зорилгоор буюу аж ахуйн зориулалтаар модыг түлээний болон үйлдвэрлэл аж ахуйн зориулалтаар уулнаас бэлдэхийг хэлдэг. Мод шилжүүлэн суулгах гэдэг нь Ерөнхийлөгчийн зарилгаар жил болгон хавар, намар иргэд, байгууллагууд мод шилжүүлэн суулгадаг. Мод зарж байгаа газруудаас дагалдах бичгээ өгнө үү гэхэд байдаггүй. Бүх байгууллага хавар, намрын улиралд ойгоос мод шилжүүлэн суулгадаг ч зөвшөөрөл авдаггүй.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын “Цагдаагийн байгууллагын ойн хүрээнд тохижилтын арга хэмжээ хий” гэсэн төлөвлөгөө байгаа. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Ой угтсан төлөвлөгөөний 5 дээр нь “Ой угтсан ажилд алба хаагчдыг өргөнөөр оролцуулж, тэдний идэвхи санаачлагыг дэмжиж ажил ..., ажлын байр тохилог орчин, хөдөлгөөн өрнүүлж дүгнэх” гэж байгаа юм. Үүнийг хариуцсан хүн нь тухайн үеийн санхүүгийн албаны дарга н.Амарсайхан байсан. Цагдаагийн Ерөнхий газрын шинэ барьсан өргөтгөлийн газрыг өөрсдийн албан хаагч болон найз нөхдийнхөө дэмжлэгээр бүрэн засвар хийсэн. Манай залуучууд 10 хүний бүрэлдэхүүнтэй. Намайг уг албан хаагчдыг 24 цаг унтуулж амраахгүйгээр ажиллуулсан мэтээр ярьдаг. Дуудлага гараагүй үед амрах зориулалттай амралтын 2 өрөө байдаг. Бэлтгэлийн тоног төхөөрөмжтэй өрөө байдаг. Тэнд бэлтгэлээ хийгээд амардаг. Үүнийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга нар мэднэ. Ажлын үр дүнгээ танилцуулахаар ямар ч хариу үнэлгээ байдаггүй. Тэгснээ дотоод хяналт шалгалтын нэг хүн ирээд гражид байгаа цахилгааны үүсвэр дэлбэрэх аюултай учраас гарга гэдэг бөгөөд уг шаардлагыг нь биелүүлэхгүй болохоор арга хэмжээ авах гэсэн тал байдаг. Тэгэхээр нь Цагдаагийн ерөнхий газраас уг асуудлыг шийдвэрлэх санхүүг асуутал, санхүү байхгүй гэсэн. Бид ажил дээрх төмрийн хог хаягдлыг цуглуулж байгаад Япон технологиор байгууллагын ард 13 метрийн урттай, 6 метрийн өндөртэй граж барьж, үүн дотор цахилгаанчин найзаа гуйгаад уг цахилгааны үүсгэврийг тусад нь өрөөнд байрлуулсан. Өмнөх болон одоогийн Цагдаагийн ерөнхий газрын даргад хийсэн ажлаа тайлагнаж дүгнүүлэх гэхээр танилцлаа гээд орхидог дүгнэдэггүй. 2016 оны жилийн эцэст ажил дүгнээд сайн ажилласан гэж цалингийн 60 хувиар шагнасан хирнээ ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэлд намайг ажлын байрны дүгнэлтэд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн байгаа юм. Миний ажлын байрны үр дүнгийн гэрээг дүгнэхээр намайг нэг ч удаа дуудаж байгаагүй. Миний хийсэн ажлыг хэрхэн яаж дүгнэсэн талаар надад огт танилцуулаагүй. 

Зөвлөлийн хурлаас оройн 20 цагт хүмүүсээ цуглуул гэж холбогдсоны дагуу очтол Тэргүүн дэд дарга, Хүний нөөцийн дарга н.Бат-Өлзий 2 хоосон хавтас барьснаа “Б.Алтанбаганыг ажлаас чөлөөлсүгэй. Дарга тэргүүн комиссар н.Чингис” гэж уншин тушаал танилцуулж байгаа юм. Тэр үед н.Чингис дарга чөлөөлөгдөөд н.Энхтөр дарга томилогдсон байхад хоосон цаас уншихдаа андуурсан. Тэгээд уг өдөр н.Ганбат багш бид 2 ажлаа хүлээлгэж өгсөн. н.Ганбат багш ур чадвартай, ухамсартай уг албанд хэрэгтэй хүн байсан. Ардын багш хүн бие бялдар, хүчний ажил хийдэг хүмүүсийг оюун ухаанаар нь төлөвшүүлэх ажлыг хийдэг, анхаардаг мундаг сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм. н.Ганбат багш ажлаас чөлөөлөгдсөн үеэс хойш манай залуус маш их эрүүгийн хэрэгт холбогдож байна. Дотоод хяналт шалгалтын н.Ууганбаяр гэх хүн цагдаагаас хээл хахууль авч ажлаас халагдаж байсан хүн манай залуусаас байцаалт авахдаа “танай даргад эрүүгийн хэрэг үүссэн, дарга чинь ажилгүй болно, удахгүй шоронд орно” ингэж хэл, тэгж хэл гэж залуусыг минь дарамталсан байгаа юм. 

Цагдаагийн түүхэнд байгаагүй 19 хүний бүрэлдэхүүнтэй албаны шалгалт явагдсан. Манай залуус даруухан, байцаалтын үеэр өөрсдийн хэмжээнд хариулах ёстой зүйлээ ярьсан байхад нэмж дарамталсан байдаг. Хяналт шалгалтын үеэр байцаалт авч байхдаа асуух зүйлээ асуухгүй дарамталж байгаа юм. Манай залуус над руу залгаад “эд нар өргөдөл дээр хуурамчаар гарын үсэг зурчихаад “яагаад өргөдөл гаргасан юм” гээд байцаагаад байх юм, даргаа яах вэ” гэж хүртэл над руу залгасан. Тэгэхээр нь би “миний дүү нар хэлэх зүйл байвал өөрсдийнхөө бодож байгаагаар бол, ажиллагаа явагдаж байхад та нарт тайлбар хэлэх ёс зүй ахад нь байхгүй, ах нь шалгалт дуустал та нартай харьцахгүй” гэж хэлээд холбоогоо тасалсан. Би хяналт шалгалтын албанаас өргөдөл өгсөн хүмүүсийн нэрийг өгөөч гэхээр надад гаргаж өгдөггүй. 

Учир нь 10 гаран хүн өргөдөл өгсөн гэдэг боловч 80-аас 90 хувь нь хуурамч гарын үсэгтэй байгаа юм. Манай залуус өргөдөл гаргаагүй гэдэг. Цагдаагийн Ерөнхий газрын даргад үүнийг хэлэхээр хүлээж авдаггүй юм. Сүүлдээ намайг цол болон шагналаа хуурамч авсан гэх зэргээр шалгасан. Би ажлын үр дүнгээрээ шагнагдаж байсан.

2016 онд бид маш их ачаалалтай ажилласан. Би гэхэд албан өрөөнөөсөө гаралгүй 11 хоног ажилласан. Үүнийг юугаар зохицуулах вэ гэхээр Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан үйл ажиллагааны журам байгаа. Баяр наадмаар морины талбай дээр очиж алба хаагчид 4-өөс 7 хоногоор хонож ажилладаг. Би албан хаагчаа ажлын байран дээр хонуулсан. Гэхдээ үүнээс авч үзэхэд адилхан Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуульд хонуулж болно, болохгүй гэсэн заалт байхгүй. 

Тухайн үед 2016 оны 08 дугаар сард н.Отгонбаатрыг ажлын байран дээр хонуулсан гэж үүссэн асуудлыг 12 сард илрүүлж дараа оны 02 сард арга хэмжээ авсан. 

Гүйцэтгэх ажиллагааны тоглолт хийж намайг өөр хууль бус ажиллагаа хийлгэх гэж хүртэл оролдсон, цагдаагийн хурандаа хүртэл намайг мөнгөн усны найманд оролцуулах гэсэн зэрэг хууль бус гүйцэтгэх ажиллагаа байнга болж байгаа. Надтай хамааралгүй этгээдүүдийг дарамталж, оролдож байгаа. Үүний ард шударга ажлаа хийж байгаа олон албан хаагч байгаа. 

Тусгай ажиллагааны газрын дотоод албаны шалгалтын материалд 2016 оны эхнээс дугаарын бүртгэл хөтлөөгүй гэх асуудлын хувьд Б.А нь Б.А д хамааралгүй.

Дотоод хяналтын журам зөрчсөн буюу дугаар алгасан, нөхөн бүртгэсэн гэдэг нь надад хамааралгүй асуудал юм. Шүүхээр маргаж байгаад 2016 оны 04 дүгээр сард ажилдаа эгүүлэн томилуулсан ба үүнээс өмнөх бүртгэлийн дугаартай холбоотой нөхөн бөглүүлсэн асуудал нь хамааралгүй. Манай байгууллагын төлөвлөлт хариуцсан залуу нь хүний нөөц хариуцсан залуугаас арай илүү чадвартай учраас хийлгэсэн юм. Нөгөөтээгүүр шахаагаар орсон ажил хийдэггүй 1 нөхөр ажил хаяж яваад Төв аймгийн наадамд барилдаж начин болсон үйлдлийг нотолж ажлаас чөлөөлөх саналыг би оруулсан учраас намайг буруутгаж байгаа юм. Мөн өөр нэг залуу амралтаа аваад явж байхдаа модноос унаад бэртчихсэн байхаар нь эмнэлгээр хамт явтал ажлаас халагдах өргөдөл өөрөө өгсөн. Эдгээрийг харгалзаж намайг ажилчиддаа хайхрамжгүй хандсан гэж байгаа юм. Мөн Тусгай ажиллагааны газарт ямар ур чадвартай хүнийг авна гэж заасан юм бол, тийм зохицуулалт байхгүй байхад намайг Тусгай ажиллагааны газрын даргаар ажиллах ур чадваргүй гэсэн байгаа. Би Оросын холбооны улсад зохион байгуулагдсан тусгай албадын дунд зохиогдсон тэмцээнд орж тэргүүн байр эзэлсэн, такеовондогийн хар бүс 2 дугаар даамтай, эрүүгийн чиглэлийн Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй. Би ямар шалтгаанаар тусгай албаны ажлын байранд тэнцэхгүй байна вэ? Яагаад ур чадвар хангаагүй гэж байгааг ойлгохгүй байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Алтанбаганы Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 13.2-т цагдаагийн төв байгууллага нь Цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангаж ажиллахаар заасан. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Тусгай ажиллагааны газрын үйл ажиллагаанд шалгалт явуулсан. 

Шалгалтын хүрээнд тус газрын дарга Б.А 2016 оны 09 дүгээр сард цагдаагийн дэслэгч Б.Дэжидсүрэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Батцэнгэл, цагдаагийн ахлах дэслэгч Н.Эрдэнэ-Ундрах нарт хууль бус үүрэг өгөн, 24 ширхэг зулзаган нарс модыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Гүнтийн амны ойгоос авхуулж,  өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Жигжид зуслан  /17 мод/, Тусгай ажиллагааны газар /5 мод/-ын хашаанд тус тус суулгасан нь Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагч А.Ганболд, улсын байцаагч Д.Батхуяг нарын материал, цагдаагийн алба хаагчдаас гаргасан тайлбар, бусад баримтаар тогтоогдсон.

Мөн бүлгийн ахлах офицер, цагдаагийн ахмад Н.Отгонбаатарыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амралтгүй 20 хоног буюу 480 цаг томилгоонд ажиллуулсан, дотооддоо явуулсан албаны шалгалтыг Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”, уг журмыг хэрэгжүүлэх чиглэлээр ЦЕГ-ын Дэд даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/759 дүгээр албан бичгээр хүргүүлсэн үүргийг зохион байгуулж ажиллаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн.

Өөрийн удирдлагал ажилладаг алба хаагчдад хууль бус үүрэг өгч ойгоос мод бэлтгүүлж, хувьдаа ашигласан асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоолгохоор Мөрдөн байцаах албаны Тусгай субъект үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн бөгөөд уг үйлдэлд  2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар эрүүгийн 201726010438 дугаартай хэргийг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Шалгалтын хүрээнд тогтоогдсон Б.Алтанбаганы дээрх үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.4 дэх заалтын “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 04 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийн “Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна”, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийн “Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4-р зүйлийн 4.1.1 дэх заалтын “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах” гэснийг тус тус зөрчсөн байна.

Мөн Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаал /ажлын байрны/-ын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын гуравт заасан “Хуулиар болон дүрэм журмаар хүлээлгэсэн ажлын байрны зорилгод нийцсэн бусад үүргийг хэрэгжүүлэх”, Ажлын байрны гуравдугаар үндсэн зорилтод 3.1-д заасан “Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас гаргасан хууль тогтоомж, тушаал шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөө,  үүрэг даалгавар, ажлын чиглэлийг хэрэгжүүлж, биелэлт, үр дүнг тооцож, тайлагнах” үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

Шалгалтаар тогтоогдсон дээрх асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Б.Алтанбаганыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4 –д заасныг зөрчсөн тул албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс чөлөөлсөн бөгөөд мөн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар томилсон. Б.Алтанбаганыг албан тушаал бууруулан томилохдоо 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Б.Алтанбаганы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Уг эрүүгийн хэргийг сэргээж Нийслэлийн Байгаль орчны газрын ажилтаны авсан 400.000 төгрөгийг авлигад авсан гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Мөрдөн байцаах албаны танилцуулга 10 дугаар сарын 09-ны өдөр ирсэн. Б/51 дүгээр тушаалын хувьд Б.А д Төрийн албаны тухай хуулийн 26.1.2 дахь заалт буюу сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл хамааралтай.  Өмнө нь хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулиар эрүүгийн хэрэг үүссэн боловч шинэ Эрүүгийн хуулиар энэ үйлдэл эрүүгийн хэрэг биш болсон байгаа. Авилгатай тэмцэх газар одоо ойн байцаагчийн 400.000 төгрөгийг авлигад авсан талаарх асуудал дээр сэргээж байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор Авилгатай тэмцэх газар н.Батбаяр гэх хүнтэй хамааралтайгаар шалгаж байгаа. Б.А даргад хамааралтай үүссэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, байцаан шийтгэх ажиллагаа одоогоор байхгүй. Б/151 дүгээр тушаалын үндэслэл нь албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тул дээрх эрүүгийн хэрэгтэй хамааралгүй. 

Б.Отгонбаатарыг 20 хоног томилгоонд ажил хийлгүүлсэн шалтгаанаа ар гэрийн хүсэлтээр, хэрэг зөрчилд орох гээд байдаг учраас харж, хандаж байсан гэж байна. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар нь эрх хүүхдийг саатуулдаг газар биш. Тэнд байгаа ажилчид хууль мөрдөж, хуулийн дагуу ажиллаж, Хөдөлмөрийн хуульд зааснаараа ажиллаж, амарч байх ёстой. Ийм утгагүй тайлбар тавьж болохгүй. Ер нь Б.Отгонбаатар нь эрүүгийн хэрэгт холбогдсон ч бай, холбогдоогүй ч бай энэ нь түүнийг 20 хоног тасралтгүй ажиллуулахтай ямар ч хамааралгүй. Тусгай ажиллагааны газар нь болж бүтдэггүй, сахилгагүй хүүхдийг саатуулдаг газар биш.

Ойгоос мод бэлтгэсэн ч байсан, шилжүүлэн суулгасан ч байсан энэ асуудал нь хууль зүйн үр дагавар үүсгээд өнөөдрийн байдалд хүрч байна. Ойн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гээд эрх зүйн баримт бичгүүдийг зөрчөөд ийм асуудалд хүрээд байна. Нэгэнт эрх бүхий байгууллага буюу прокуророос Б.А нь Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн байна гээд тогтоосон байгаа.

Хууль зүйн сайдын албаны шалгалт явуулах журам зөрчсөн. Шалгалт явуулах ёстой хүн нь чадвартай эсэх нь хамаагүй. Тухайн үед албаны шалгалтын дугаар олгодог, албаны шалгалт явуулж байгаа үйл ажиллагаанд хууль болон эрх зүйн актыг зөрчсөн болоод шалгагч нар нь ийм дүгнэлт гаргаад байгаа. Эдгээр 3 асуудлаас гадна алба хаагчдын гаргасан зөрчил байгаа. Ажлын байрны тодорхойлолтоор заасан үүргээ биелүүлээгүй. Хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл баримт албаны шалгалтаар тогтоогдсон. Үүнийг шүүх харгалзан үзэж шийдвэр гаргах байх гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд Б.А гэдэг хүний албан тушаалыг нь бууруулахын тулд Цагдаагийн Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар гүйцэтгэх ажил явуулаад байгаа зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Харин Б/51 дүгээр тушаалын хувьд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байсан учраас залруулсан байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалын Б.А д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тодорхойлсон бөгөөд энэ шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын удирдлагын үйл ажиллагаатай танилцах, 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэсэн байдалтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, Цагдаагийн ерөнхий газрын даргын нэр дээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус газрын нэр бүхий алба хаагчдаас  гаргасан өргөдлийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Тусгай ажиллагааны газарт дотоод албаны шалгалт явуулжээ.

Шалгалтын ажлын хэсгээс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулгыг, 01 дүгээр сарын 25-ны өдөр удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, албан хаагчдаас гаргасан гомдол, мэдээллийн дагуу явуулсан албаны шалгалтын танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн байна.

Танилцуулгын дүгнэлт, саналаас үзвэл шалгалтаар нэхэмжлэгч буюу тус газрын дарга Б.Алтанбаганыг 1/ 2016 оны 09 дүгээр сард цагдаагийн дэслэгч Б.Дэжидсүрэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Батцэнгэл, цагдаагийн ахлах дэслэгч Н.Эрдэнэ-Ундрах нарт хууль бус үүрэг өгөн, 24 ширхэг зулзаган нарс модыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Гүнтийн амны ойгоос хууль бусаар бэлтгүүлж,  өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Жигжид зусландаа тарьсан нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг, 2/ Бүлгийн ахлах офицер, цагдаагийн ахмад Н.Отгонбаатарыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амралтгүй 20 хоног буюу 480 цаг томилгоонд ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг, 3/ Дотооддоо явуулсан албаны шалгалтыг Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”, уг журмыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/759 дүгээр албан бичгээр хүргүүлсэн үүргийг зохион байгуулж ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах, ажлын байр өөрчлөх саналыг түүнийг томилох эрх бүхий этгээдэд оруулжээ.

Шалгалтын дүнг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар зарим албан хаагчдад арга хэмжээ авсны дотор Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь 2 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг албан тушаал бууруулж мөн өдрөөс Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар томилж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн байдаг. 

Б.А Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дээрх тушаалуудын талаар 2017 оны 3 дугаар сарын 09, 4 дүгээр сарын 05-ны өдрүүдэд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл дээрх гомдлуудыг нэгтгэн хэлэлцэж 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна, “албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байсан”-ыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасан үндэслэлээр албан тушаал бууруулж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар томилсон нь, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” хэмээн дүгнэж  2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Шалгалтын дүнгийн танилцуулгаас үзвэл Б.Алтанбаганыг 12 асуудалд холбогдуулан шалгаснаас дээрх 3 асуудлаас бусад асуудлын хувьд шалгалтаар тогтоогдоогүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн, өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэл болоогүй тул тэдгээр асуудлын тухайд шүүх дүгнэхгүй. 

Хэдийгээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Б.Алтанбаганыг албан тушаалаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн ч тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас чөлөөлсөн дээрх тушаал болон албан тушаал бууруулсан  2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаал аль аль нь хүчинтэй байгаа, эдгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул дээрх тушаалуудын Б.А д холбогдох хууль зүйн үндэслэлийг шүүх дүгнэнэ. 

Албаны шалгалтын танилцуулгад дурдагдаж түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон зөрчил тус бүрээр дүгнэвэл:

1. 2016 оны 09 дүгээр сард цагдаагийн дэслэгч Б.Дэжидсүрэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Батцэнгэл, цагдаагийн ахлах дэслэгч Н.Эрдэнэ-Ундрах нарт хууль бус үүрэг өгөн, 24 ширхэг зулзаган нарс модыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Гүнтийн амны ойгоос хууль бусаар бэлтгүүлж,  өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Жигжид зусландаа тарьсан нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Тусгай ажиллагааны газрын дарга Б.Алтанбаганыг алба хаагчдад хууль бус үүрэг өгч ойгоос хууль бусаар мод бэлтгүүлж, хувьдаа ашигласан асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоолгохоор Мөрдөн байцаах албаны Тусгай субъект үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлснээр 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар эрүүгийн 201726010438 дугаартай хэргийг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 517 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, захиргааны зөрчлийн шинжтэй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд “байгууллагын гадна талбайг цэцэрлэгжүүлэх зорилгоор  ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахаар шийдвэрлэсний дагуу ... 19 тооны шилмүүст зулзаган модыг үндсээр нь сугалан авч албаны ... автомашинаар  тээвэрлэхдээ зохих байгууллагын зөвшөөрлийг аваагүй нь Нийслэлийн Ойн газрын даргын 2009 оны 87 дугаар тушаалаар батлагдсан “Ойгоос мод шилжүүлэн суулгах журам” болон Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасан “байгалын ойгоос зулзаган мод эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь захиргааны зөрчил болох нь тогтоогдсон” гэж дүгнээд дээрх зөрчлийн улмаас байгаль экологид учирсан хохирол (Ойн судалгаа, хөгжлийн төвийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр үнэлснээр) 1 400 000 төгрөгийг (үүнээс 700 000 төгрөг төлснийг хасч тооцохоор) төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Өөрөөр хэлбэл ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахдаа зохих байгууллагын зөвшөөрлийг аваагүй зөрчлийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Шилжүүлэн суулгахаар ойгоос зулзаган мод авахдаа зохих байгууллагын зөвшөөрлийг аваагүй нь байгаль экологид хохирол учруулсан төдийгүй, зарим модыг өөрийн эзэмшлийн хашаанд суулгасан, уг үйлдэлдээ албаны автомашин, шатахуун зарцуулж, албаны нэр хүндийг ашигласан зөрчил гаргасан нь ийнхүү тогтоогджээ.

Хэдийгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр түүнд холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “хуульд дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргийг зөрчсөн үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. 

2. Бүлгийн ахлах офицер, цагдаагийн ахмад Н.Отгонбаатарыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл амралтгүй 20 хоног буюу 480 цаг томилгоонд ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагчаас ирүүлсэн Тусгай ажиллагааны газрын Бэлэн байдлыг хангаж ажиллах бүрэлдэхүүний томилгоо, аюулгүй ажиллагааны заавар, зааврыг танилцуулсан тэмдэглэлээс үзэхэд Тусгай ажиллагааны газрын даргын баталсан томилгоогоор цагдаагийн ахмад Н.Отгонбаатарыг жижүүрийн бэлэн байдлыг хангаж ажиллах бүлэгт 2016 оны 8 дугаар сарын 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 9 хоног буюу 216 цаг амралтгүй томилж ажиллуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 “Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна”, 74 дүгээр зүйлийн 74.3 “Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж хариуцагч үзсэнийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Б.А дээрх нөхцөл байдлыг “Н.Отгонбаатар нь бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан, түүнийг согтууруулах ундаа хэрэглэж дахин гэмт хэрэгт холбогдох байдлаас сэргийлж түүний ээж болон ахын хүсэлтээр жижүүрийн томилгоонд ажиллуулсан, жижүүрийн байр нь бэлтгэлийн болон амралтын өрөөтэй, бэлтгэлээ хийгээд амрах боломжтой” гэж тайлбарлах хэдий ч ахлах офицер, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэх тайлбар нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 144-4/3484 тоотоор үгүйсгэгдсэн, түүнчлэн бэлтгэлээ хийгээд амрах боломжтой байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн зохицуулалтыг зөрчиж томилгоо хийснийг зөвтгөх үндэслэл болохгүй. 

3. Дотооддоо явуулсан албаны шалгалтыг Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”, уг журмыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/759 дүгээр албан бичгээр хүргүүлсэн үүргийг зохион байгуулж ажиллаагүй гэх зөрчлийн тухайд: 

Танилцуулгад дурдсанаар Тусгай ажиллагааны газар 2016 онд албаны 9 шалгалт явуулсанаас албаны шалгалтын дугаарын бүртгэлийг оны эхнээс хөтлөөгүй, нөхөж бүртгэсэн, дугаарыг алгасаж олгосон, албаны шалгалт явуулахдаа алба хаагчийн хувийн байдлыг тогтоогоогүй, шалгалтын танилцуулгыг журамд заасны дагуу бичээгүй, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, хуулийн заалтыг тодорхой заагаагүй, холбогдох алба хаагчид танилцуулаагүй, зарим албаны шалгалтыг эрх бүхий этгээд хийгээгүй, нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, албаны шалгалтын мэдээг хугацаанд нь бичээгүй, нөхөж ирүүлсэн, албаны шалгалтын дугаар олгох, хяналт тавих ажлыг журамд зааснаар хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид хариуцуулаагүй, төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр гүйцэтгүүлсэн зэрэг зөрчил нь Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журмын 6.17, 6.18 дахь заалтыг зөрчсөн, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасныг зөрчсөн хэмээн үзжээ.

Нэхэмжлэгч “2016 оны 4 дүгээр сард Тусгай ажиллагааны газрын даргаар буцаж томилогдсон, албан шалгалтын оны эхний дугаар олголтын зөрчил надад хамааралгүй, төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн нь хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчаас илүү чадвартай тул албаны шалгалтын дугаар олгох, хяналт тавих ажлыг хариуцуулсан” гэх хэдий ч энэ нь дээрх зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй, тэрээр өөр үндэслэл болон баримтаар дээрх зөрчлүүдийг үгүйсгээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосныг буруутгахгүй.

Ийнхүү дээр дүгнэснээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “хууль дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.4 “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй үндэслэлээр мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр энэхүү тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байжээ. Учир нь уг тушаалд ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл буюу холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буйгаа заагаагүй, хуульд үндэслээгүй байна.

Иймээс ч түүний гомдлоор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл “уг тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон” талаар дүгнэж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалаар албан тушаал бууруулж, ажилд томилсон шийдвэр гаргасан байна. 

Гэхдээ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ч, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга ч Б/51 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгоогүй төдийгүй, ажлаас чөлөөлсөн уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр хууль зүйн үр дагавар үүсгэсээр байхад ажлаас чөлөөлөгдсөн Б.Алтанбаганыг албан тушаал бууруулан томилсон нь ойлгомжгүй болжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 “албан тушаал /ажлын байр/-ын зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Б.Алтанбаганыг албан тушаал бууруулсан байна.   

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 754 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Б.Алтанбаганыг Тусгай ажиллагааны газрын даргаар эгүүлэн тогтоосноор Б.А нь Тусгай ажиллагааны газрын даргаар томилогдож, төсвийн шууд захирагч Цагдаагийн ерөнхий газрын даргатай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан, уг гэрээний 6.1-т зааснаар Тусгай ажиллагааны газрын дарга Б.А 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар тайлагнасан ч эрх бүхий этгээд гэрээг дүгнээгүй байна. 

Цагдаагийн ерөнхий газрын дарга 2016 онд Б.А тай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 376 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн ... шагнаж урамшуулах ... асуудлыг шийдвэрлэнэ”   гэж заасныг баримтлан “2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн” Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбаганыг үндсэн цалингийн 60 хувиар урамшуулсан, ийнхүү үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн 2016 оны жилийн эцэст урамшуулсан атлаа 2017 оны 3 дугаар сард “албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” хэмээн албан тушаал бууруулсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй болжээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах үндэслэл болно.  Гэтэл эрх бүхий этгээд илтгэх хуудсаар тайлагнасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй, дүгнээгүй атлаа ямар үндэслэлээр албан тушаалын зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн тодорхойгүй байна. 

 

Иймд дээрх дүгнэлтүүдээр хууль зүйн үндэслэлгүй гарсан, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хуулиар тогтоосон баталгааг зөрчсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “Б.Алтанбаганыг ажлаас чөлөөлсөн” хэсгийг, мөн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Б.Алтанбаганыг Тусгай ажиллагааны газрын даргаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл 8 сар 1 хоногийн хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар ТТ-15 шатлалаар үндсэн цалин 821 016 төгрөг дээр онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын зэргийн нэмэгдлүүдийг тооцон хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.    

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх заалтын 4-т заасан даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын санд урьдчилан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг цагдаагийн албан хаагч болон ажил олгогч урьдчилан төлдөггүй, харин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлдэг, санхүүжилтийг нийгмийн даатгалын санд улсын төсвөөс шилжүүлдэг, өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагч болон ажил олгогч нь алба хаасан хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, улсын төсвөөс төлөгддөг тул ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүсгэсэн эрүүгийн 201726010438 дугаартай хэргийг прокурорын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 517 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, захиргааны зөрчлийн шинжтэй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш Б.А д холбогдох үйлдэл холбогдлыг сэргээсэн талаар баримтгүйн дээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/51, 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр тушаалуудын хууль зүйн үндэслэл нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасантай хамааралгүй тул хэргийг шийдвэрлэсэн болно.  

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатарыг жижүүрийн бэлэн байдлыг хангаж ажиллах бүлэгт 2016 оны 8 дугаар сарын 15-наас 23-ны өдрүүдэд 9 хоног томилолтоор ажиллуулсан, 2016 оны 9 дүгээр сард ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахдаа зохих зөвшөөрөл аваагүй, албаны шалгалт явуулахдаа холбогдох журмыг хэрэгжүүлээгүй зөрчлийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл шалгаж 2017 оны 1 дүгээр сарын 17, 25-ны өдөр албан хаагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчил гаргасан хугацаанаас ч, түүнийг илрүүлсэн хугацаанаас ч тооцсон сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. Учир нь зөрчлийг илрүүлсэн хугацааг зөрчлийн талаар сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдэд танилцуулсан хугацаагаар тооцно. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “Б.Алтанбаганыг ажлаас чөлөөлсөн” хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/151 дүгээр тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.Алтанбаганыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай ажиллагааны газрын даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 8 сар 1 хоногийн хугацааны цалинг ТТ-15 шатлалаар үндсэн цалин 821.016 төгрөг дээр онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын зэргийн нэмэгдлүүдийг тооцон олгож, энэ хугацааны эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн шаардлагаас “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан” хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА