Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 757

 

О.Т, Б.Б, Н.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

          прокурор Э.Одончимэг,

          шүүгдэгч О.Т-ын өмгөөлөгч А.О, 

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Т, Н.Н, Б.Б нарт холбогдох 2016 2602 0451 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн О-ны Т, 1994 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 2 дугаар баг, Ширхэнцэг, улиастай гудамж, 16 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор оршин суух тодорхой хаяггүй,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1244 дүгээр тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан О.Тын эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор урьд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, /РД:/;

2. Б овгийн Б-ын Б, 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 20 айлын гудамж, 18 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Сонгинохайрхан дүүргийн 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: /;

3. И м овгийн Н-ын Н, 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эд, махны наймаа эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, тоосгоны 33а байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 689 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

1. О.Т нь:

- 2014 онд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт гүн” зочид буудлын 501 тоот өрөөний хаалгаар нууцаар нэвтэрч бусдын 2.000.000 төгрөгийг хулгайлсан,

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр /15-наас 16-нд шилжих шөнө/ Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтэрч Н.Б-ын эзэмшлийн “I Phone 6S” загварын гар утсыг хулгайлан авч 780.000 төгрөгийн, Г.Д-ийн эзэмшлийн “I Phone 5” загварын гар утас, бэлэн мөнгө, арьсан бүс зэргийг хулгайлж 1.022.000 төгрөгийн, нийт 1.802.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр /8-наас 9-нд шилжих шөнө/ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Viva Us” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нэвтэрч Г.Э-ын эзэмшлийн “Acer” брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 5 тоотын вакум цонхыг багажаар хөшиж, цонхоор дотогш нэвтрэн орж М.Ө-ын 630.000 төгрөг, хаш хөөрөг, хутга зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 29.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Н-той бүлэглэж:

- 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а байрны 5 давхрын 61 тоотын дутуу хаагдсан хаалгаар нууцаар нэвтэрч П.О-ийн эзэмшлийн “Тошиба” брэндийн зөөврийн компьютер, түрийвч, “Самсунг Эс 3” загварын гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” зоогийн газрын вакум цонхны төмөр хаалтыг нь төмөр тасдагчаар тасдан дотогш нууцаар нэвтэрч Д.Э-ын эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 904.850 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр /29-нөөс 30-нд шилжих шөнө/ Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нууцаар нэвтэрч орж 312.000 төгрөг, “Dell” брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж С.Ө-т 1.812.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” төвийн 1 давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Миний маркет” хүнсний дэлгүүрийн төмөр сараалжин хаалтны 2 цоожийг лоомоор хөшиж онгойлгон нууцаар нэвтэрч А.Ц-гийн эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.176.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 3 тоотын цонхны төмөр хамгаалтыг хананаас нь мултлан, вакум цонхыг түлхэн орж Б.М-ын эзэмшлийн “I Phone 6” загварын гар утас, 1 ширхэг зэс аяга, 100 ам.долларын дэвсгэрт 2 ширхэг /403 764 төгрөг/, 60.000 төгрөг, “Nokia” загварын гар утас зэргийг хулгайлж 1.573.764 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а дугаар байрны 24 тоот орон сууцны вакум цонхоор нууцаар нэвтэрч 42 инчийн “BSB” брэндийн өнгөт телевизор, “Канон” брэндийн зургийн аппарат зэргийг хулгайлж Э.А-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Н.Н, Б.Б нартай бүлэглэж 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 1 тоотын тагтыг хутгаар хөшиж онгойлгон дотогш нууцаар нэвтэрч Ю.М-ний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж бусдад нийт 46.948.614 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2. Б.Б нь Н.Н, О.Т нартай бүлэглэж 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 1 тоотын тагтыг хутгаар хөшиж онгойлгон дотогш нууцаар нэвтэрч Ю.М-ний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Н.Н нь О.Т-тай бүлэглэж:

- 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баягол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а байрны 5 давхрын 61 тоотын дутуу хаагдсан хаалгаар нууцаар нэвтэрч П.О-ийн эзэмшлийн “Тошиба” брэндийн зөөврийн компьютер, түрийвч, “Самсунг Эс 3” загварын гар утас, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ” зоогийн газрын вакум цонхны төмөр хаалтыг нь төмөр тасдагчаар тасдан дотогш нууцаар нэвтэрч Д.Э-ын эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 904.850 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран” зочид буудлын 305 тоот өрөөний тагтаар нууцаар нэвтэрч орж 312.000 төгрөг, “Dell” брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж С.Ө-т 1.812.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” төвийн 1 давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Миний маркет” хүнсний дэлгүүрийн төмөр сараалжин хаалтны 2 цоожийг лоомоор хөшиж онгойлгон нууцаар нэвтэрч А.Ц-гийн эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.176.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60а дугаар байрны 3 тоотын цонхны төмөр хамгаалтыг хананаас нь мултлан, вакум цонхыг түлхэн орж Б.М-ын эзэмшлийн “I Phone 6” загварын гар утас, 1 ширхэг зэс аяга, 100 ам.долларын дэвсгэрт 2 ширхэг /403 764 төгрөг/, 60.000 төгрөг, “Nokia” загварын гар утас зэргийг хулгайлж 1.573.764 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42а дугаар байрны 24 тоот орон сууцны вакум цонхоор нууцаар нэвтэрч 42 инчийн “BSB” брэндийн өнгөт телевизор, “Канон” брэндийн зургийн аппарат зэргийг хулгайлж Э.А-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Т, Б.Б нартай бүлэглэж 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 1 тоотын тагтыг хутгаар хөшиж онгойлгон дотогш нууцаар нэвтэрч Ю.М-ний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 7 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж бусдад нийт 12.916.614 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: О.Тын үйлдлийг 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт, Б.Б-ын үйлдлийг 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, Н.Н-ийн үйлдлийг 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, О.Тын үйлдлээс 2014 онд “Бишрэлт гүн” зочид буудлын 501 тоот өрөөнөөс 2 сая төгрөг хулгайлсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Н.Н, Б.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 7 жил хорих ялаар, Н.Нийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Б.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.328.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Тт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Нид оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар Б.Бын урьд цагдан хоригдсон 59 хоногийн 1 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгтэй тэнцүүлэн торгох ялыг эдэлсэнд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Н.Нийн цагдан хоригдсон 10 хоногийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар О.Тын урьд цагдан хоригдсон 562 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг куртка, өмдний бүс 1 ширхэг, хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, “Нокиа” загварын гар утас 1 ширхэг, батарей 1 ширхэг, асаагуур 2 ширхэг О.Т-т буцаан олгож, цайвар ягаан өнгийн жижиг чулуу 2 ширхэг, 1 ширхэг төмрийг устгаж, хэрэгт битүүмжилсэн 72-12 УБК улсын дугаартай, “Верна аксент” загварын автомашиныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохиролд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, О.Таас нийт 12.592.487 төгрөгийг гаргуулж 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д, 630.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ө-т, 1.360.000 төгрөг гаргуулж Н.Б-д, 440.000 төгрөг гаргуулж Г.Д-д, 4.000.000 төгрөг гаргуулж Иргэний нэхэмжлэгч Л-д, 1.588.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ц-д, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.О-т, 786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д, 906.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ө-т, 75.000 төгрөг гаргуулж Э.А-д, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.М-д тус тус олгох, Н.Н-оос нийт 5.562.487 төгрөгийг гаргуулж 1.588.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ц-д, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т, 500.000 төгрөг гаргуулж хохирогч П.О-т, 786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д, 906.000 төгрөг гаргуулж хохирогч С.Ө-т, 75.000 төгрөг гаргуулж хохирогч Э.А-д, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.М-д тус тус олгох, Б.Б-аас 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.М-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би анх 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн байцаагч ахлах дэслэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан 2016 2602 0451 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөг хүртэл цагдан хоригдож байх хугацаандаа гэм буруугаа ухаарч, урьд ганцаараа болон бусадтай бүлэглэн хийж байсан Цагдаагийн газарт тэмдэглэгээтэй боловч илрээгүй байсан хэргүүдээ ахлах дэслэгч Д.Т-т сайн дураараа хэргээ хүлээсэн бөгөөд хулгайлсан зарим эд зүйлсийг хохирогч нарт биетээр буцаан өгсөн. Үүнд:

1. Хохирогч М.Ө-ын 29.000.000 төгрөгийн үнэ бүхий цагаан хаш хөөрөг,

2. Хохирогч Н.А-ийн 500.000 төгрөгийн “LCD” брэндийн зурагт,

3. Гэрч Д.Б-аас 300.000 төгрөгөөр худалдаж авсан 72-12 УБК улсын дугаартай, “Верна аксент” загварын автомашин,

4. Хохирогч Ю.М-гийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг буцаасан өгсөн. Нийт 46.000.000 төгрөгийн хохирол байснаас 12.592.497 төгрөг болгож буруулсан ба гэмт хэрэгт шалгагдаж байх үед 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуул өөрчлөгдсөнтэй холбогдуулж прокурорын зүгээс урьд надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасныг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар өөрчилсөн. Уг зүйл ангийг анхан шатны шүүхээс 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар өөрчилж, улсын яллагч Ч.Б- надад 4 жил 9 сарын хорих ял сонсгосон боловч анхан шатны шүүхээс надад 7 жилийн хорих ял оногдуулсан.

Миний бие цагдан хорих 461 дүгээр ангид 1 жил 7 сарын туршид цагдан хоригдож байх хугацаандаа өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож, өөртөө зохих ёсны дүгнэлт хийж, өөрийнхөө сул болон давуу талаа танин мэдэж, маш их зүйлийг эргэцүүлэн бодож ухаарч байна.

Мөн би цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал, зүй бус авир гарган 461 дүгээр ангийн дотоод дэг журам болон сахилга батын зөрчил гаргаж байгаагүй. Цаашид бусдын жишээгээр өөрийн оюун ухаан, хөлс хүч, хөдөлмөрөөр цаашдын амьдралаа босгон, зөв шулуун шударга амьдрах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Өөрийн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулах болно.

Миний бие хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа үнэхээр их гэмшин харамсаж байгаа тул надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж, ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч О.Т-ын өмгөөлөгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч Б.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.328.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж хуулинд заасан нэмэгдэл ялыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийлгүй, торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд хорих ял эдлэх дэглэмийг “нээлттэй”, “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Нид оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул цаашид энэ талаар анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.”  гэж заасан тул анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч О.Т, Б.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул тус шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Т, Б.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч О.Т, Н.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ