Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01117

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00197 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 631 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Т” ХХК

          Хариуцагч: Ж.Сод холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 12.355.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.С 2016-09-27-ны өдөр манай байгууллагатай №ЖА-0021 тоот зээлийн гэрээ байгуулан 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тэрээр зээл авснаас хойших хугацаанд 2016 оны 10 сарын зээлийн хүүд 700,000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн үлдэгдэл хүүг бүрэн төлөөгүй. Зээлийн төлбөрийг төлөх талаар тус байгууллагаас удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй. Зээлдэгч Ж.С нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2016-09-27-ны өдөр ЖА-0021 тоот фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин нь өнөөдрийн байдлаар Ж.Сын эзэмшил ашиглалтанд байгаа бөгөөд автомашиныг манай байгууллагад хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад тэрээр хүлээлгэн өгөхөөс  татгалзаж байгаа юм. Иймд Ж.Соос үндсэн зээл, хүү, алдангид нийт 15 254 200 төгрөг гаргуулах шаардаж байна.  Ж.Сын төлөөгүй үндсэн зээл 10сая төгрөг, 2016 оны 11, 12 дугаар сарын хүү 1,400,000 төгрөг, алданги 2016-12- 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргах  2017-02-06-ны өдөр хүртэл /41 хоногийн нэг хоногийг  2 337 000 төгрөг тооцох, зээлийн график зөрчсөний 18 900 төгрөг байна. Иймд үндсэн зээл 10 сая төгрөг, хүү 1 400 000 төгрөг, алданги нийт 12 355 900 төгрөгийг  Ж.Соос гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан, 10 сая төгрөг хүлээн авсан. Нэг биш, харин  хоёр сарын хүүд 1 400 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 10 сая төгрөг, үлдэх нэг сарын хүү 700 000 төгрөг нийтдээ 10,7сая төгрөг төлөхийг  зөвшөөрнө. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийн тухай тусгагдаагүй тул алданги шаардах эрхгүй. Фидуцийн гэрээнд алдангийн тухай тусгасан ч энэ нь алдангийн тухай тохиролцоо биш. Иймд нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00197 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 286 дугаар 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ж.Соос 12 355 900 төгрөг  гаргуулж Т ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282 844 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 631 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд анзын тухай ямар ч тохиролцоо  байхгүй. Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ёстой. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргаа зээлийн гэрээнд тохирох ёстой ч  гэрээнд тусгаагүй. Т ХХК  барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхтэй хуулийн этгээд бөгөөд Иргэний хуулийн 286.1 дэх хэсэгт зааснаар Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй бөгөөд  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулах ёстой байсан. Талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй. Харин Фидуцийн гэрээ гэх хэлцэл нь агуулгын хувьд барьцааны гэрээний зохицуулалттай, бусдыг төөрөгдүүлсэн, хуульд заасан хэлбэр, агуулгыг зөрчсөн байдаг.иймд  Т ХХК, Ж.С нарын хооронд байгуулагдсан  Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 286.3, 286.4, 286.6-д заасан шаардлагуудыг хангаагүй буюу  хуулийн 56.1-р хүчин төгөлдөр бус юм.  Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхад үндэслэлгүй дүгнэлт хийж  алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 955.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Т” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Соос үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,400,000 төгрөгийг алдангийн хамт нийт 12,355,900 төгрөг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг Ж.Сод 3 сарын хугацаатай сарын 7 хувийн  хүүтэй зээлүүлэхээр 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЖА-0021 дугаартай зээлийн гэрээ /хх 8-10/ байгуулсан байна. 

    Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль шаардах эрхтэй. 

    Т ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагааны хүрээнд Ж.Сод 10,000,000 төгрөг зээлүүлсэн байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийг баримталсан нь зөв болжээ. 

        Зээлдэгч нь  зээлийн гэрээний  дагуу зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүй байх тул Ж.С үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,400,000 төгрөг нийт 11,400,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

        Харин шүүх хариуцагчаас алданги гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцээгүй байна. 

        Т ХХК нь хариуцагчаас алданги шаардахдаа зохигчийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Фидуцийн гэрээ”-г үндэслэсэн бөгөөд уг гэрээгээр хариуцагчийн 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд шилжүүлсэн /хх 14/ үйл баримт тогтоогджээ.  

        Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ  /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тодорхойлжээ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан байна. 

        Үүрэг гүйцэтгүүлэгч “Т” ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох 95-59 УБУ улсын дугаартай LEXUS-470 маркийн автомашиныг гаргуулахыг шаардаагүй, харин мөнгө шаардсан нь нэхэмжлэгч фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэл юм.

       “Т” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээний үүргийг  шаардаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцоо байхгүй тул Ж.Соос алданги гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-г зөрчинө. 

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, Ж.Соос үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,400,000 төгрөг нийт 11,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 955,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 631 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Соос 11,400,000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 955,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...282.844 /хоёр зуун наян хоёр мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг...” гэснийг “...196,810 төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудын хэвээр үлдээсүгэй.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 27.500 төгрөгийг Ж.Сод захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ