| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0251/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 38
2020 оны 02 сарын 12 өдөр 2020/ШЦТ/38 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0251/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г. Отгонзаяа,
Улсын яллагч Ж. Батбаатар,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 2039...дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг, Аврага 501 тоотод иргэн О.Өын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг, Аврага 501 тоотод иргэн О.Өын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт байрлах хүргэн ах Д.Бын гэрт оройн 20 цагийн үед манай эгч болох Өлзийдэлгэрийн нөхөр болох Д.Б нь согтуу орж ирээд эгч бид хоёрыг гэрээсээ хөөгөөд байсан тэгэхлээр нь би гэрээс нь гараад айлд хүүхдээ хүргэж өгөөд буцаж очоод эгчийгээ аваад гарах гэтэл хүргэн ах Д.Б намайг зодсон...Нүүрний хэсэг рүү цохисон тэгээд миний үүдэн шүдний тал нь хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 тал/
Гэрч М.Өлзийдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ны 20 цагийн үед дүү Өлзийтогтохын хамт гэртээ бууз жигнэж идэх гээд байж байтал манай нөхөр Д.Б нь гэрлээ унтраа гээд хэл амаар доромжлоод байсан тэгээд унт гэж хэлтэл манай дүүг яв гээд гэрээсээ хөөгөөд байсан тэгтэл манай дүү уурлаад танай гэрт биш би эгчийнхээ гэрт байна гээд хэрэлдэж байгаад гараад явах гэтэл манай дүүгийн араас цохиод манай дүү хөөгдөөд гараад явсан тэгээд намайг зогсож байтал хамар болон толгой гарны хэсэгрүү цохьсон. Тэгээд манай дүү буцаад орж ирээд намайг дагуулж явна гээд гарах гэтэл Д.Б манай дүүтэй хэрүүл хийгээд нүүрлүү нь цохьсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 14 тал/
Гэрч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний 19 цагийн үед манай эхнэр болох Өлзйидэлгэрийн дүү болох Өлзийтогтох нь гэрлээ унтраа, унты гэж хэлтэл өөдөөс янз бүрээр доромжилж дайраад байсан. Тэгэхлээр нь би чи надтай ингэж ярих болоогүй гээд хэлтэл хойноос ирээд өшиглөөд алгадаад үсдээд байсан.Тэгэхлээр нь би өөрийг нь үсдээд нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 12 тал /
Гэрч Б.Мөнхтуяагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний 21 цагийн үед гэрээсээ дэлгүүр орох гээд гарч байтал Өлзийтогтох хүүхдээ тэврээд урдаас гүйж ирсэн, юу болсон бэ гэж асуутал Д.Б агсан тавиад Өлзийдэлгэр эгчийг зодоод байна цагдаа дууд гэсэн. Буцаад очоод байж байтал Д.Б Өлзийтогтохыг гэрээсээ хөөгөөд байсан тэгээд Д.Б босож ирээд эхнэрийгээ цээжин тус газарт нь 2 удаа цохиод Өлзийтогтох өмөөрөөд дундуур нь ортол Өлзийтогтохыг үс гэзэгнээс нь зулгаагаад нүүр амруу нь цохиод бүгдээрээ зайл гээд үүдээр чирж гаргасан тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №62 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:: “... О.Өын биед үүдэн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” / хх-ийн 28 тал/
Яллагдагчаар Д.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Аваргын 501 тоот гэртээ эхнэр Өлзийдэлгэрийн ангийн залуу болох Зоригоотой хамт нэг шил хараа архи уугаад Зоригоо харьсан. Тэгээд би унтах гээд эхнэрийн дүү болох Өлзийтогтоход гэрлээ унтраа амрая гэж хэлсэн. Тэгээд гэрлээ унтраахгүй болохоор нь гэртээ харь гээд уурласан. Тэгтэл Өлзийтогтох өөдөөс хэл амаар доромжлоод босож ирээд миний толгой руу 2 удаа гараараа цохьсон, тэгэхээр нь би босож ирээд гарынхаа ар хэсгээр нэг удаа алгадчихсан юм. Тэгтэл үүдэн шүд нь хугарчихсан. Тэгээд Өлзийтогтохыг алгадаад гараа таттал эхнэр Өлзийдэлгэр салгах гэж байгаад санаандгүй хамарлуугаа цохиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч О.Ө нь “би эмчилгээний зардалд Д.Б-аас 180.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 130.000 төгрөгийг өгөхөөр тохиолцсон цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 62 тал/ гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, сайн дураараа эвлэрсэн хохирол гомдол санал байхгүй гэсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн 100.000, 100.000, 100.000, 100.000, 100.000 төгрөгөөр төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА