| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0057/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 40
2020 02 18 2020/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0057/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г. Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Ч.О ,
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч К.К
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А д холбогдох 1939... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 45 минутын үед тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан У.Б-д андуурч буруу тариа хийж, болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: энэ сувилагч эмнэлгийн стандартаа зөрчиж тарих гэж байгаа тариагаа уншилгүй, эмчийн бичиж өгсөн өвчтөний түүх /истори/-тэй тулгаж үзэлгүй буруу тариаг андуурч тариад миний ханийг нас барахад хүргэсэн тул гэм буруутай. Маш их гомдолтой. Хуульд заасан хорих ялыг нь эдлүүлмээр байна. Буруу зүйл хийснийхээ хариуг зохих ёсоор хүртэх ёстой гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А : Миний буруу. Маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчийн гэр бүлээс дахин дахин уучлал гуйж, эмгэнэн гашуудаж байгааг минь хүлээн авна уу гэж гуйж байна гэв.
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 45 минутын үед тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан У.Б-андуурч буруу тариа хийж, болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О ын мөрдөн байцаалтад өгсөн”.... Сувилагч тариа андуурч хийгээд миний 30 жил ханилсан У.Б гэдэг хүн нас барсан. Талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой бүх зардлыг нэхэмжилнэ....маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг,/хх-ийн 7-9 тал/
Иргэний нэхэмжлэгчээр Ч.О ын мөрдөн байцаалтад өгсөн:...Талийгаачийн ажил явдалд 30.435.717 төгрөг зарцуулсан учраас гэмт буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би мөн өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгч байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 11-12 тал/
Иргэний хариуцагчийн төлөөлөгч К.К ы мөрдөн байцаалтад өгсөн:... манай байгууллагаас уг хэрэгт байгууллагыг төлөөлж оролцуулахаар томилсон...гэх мэдүүлэг, /хх-ийн 15 тал/
Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих үүрээр 06 цагийн үед манай ээж Оюунтуул утсаар залгаад аавын чинь бие гэнэт муудлаа гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиход аав У.Б амьсгал хураасан байсан. Манай ээж Оюунтуул аав У.Б ийг сахиж хоносон. Нэгдсэн эмнэлгээс эм, тариа хүрдэггүй болохоор гаднаас бид эм тариагаа авдаг байсан. Гэхдээ эмчийн ав гэсэн эм тариаг авдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчим манай ээж Оюунтуул эмнэлэг дотор байдаг эмийн сангаас бензатин пенцилин, цефатоксим гэдэг тариаг гаднаас авсан. Цефатоксим тариаг 3 ширхэг авсан. Бензатин пенцилин тариаг 1 ширхгийг авсан. Цефатоксим тарианы 2 ширхгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аав тарьсан. Үлдсэн 1 тариаг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт тарих байсан. Энэ тариаг судсаар хийдэг гэж байсан. Бензатин пенцилин гэх тариаг шарх цэвэрлэхээр авсан. Энэ тариаг тарихгүй гадна шарханд хуурайгаар түрхэж хэрэглэх байсан. Бензатин пенцилин тариаг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт намайг эмнэлэг дээр очиход өглөө 06 цагт хийх ёстой тариаг хийгээгүй аавын хэвтэж байсан орны дэргэдэх шүүгээний булан дээр бүтнээрээ байсан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шарханд түрхэж хэрэглэх Бензатин пенцилин гэх тариа байхгүй байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эмнэлгийн хогийн савыг ухахад хатуу цаасан хайрцаг байсан, уг хайрцаган дээр гараар МЭС-2, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэж бичсэн байсан. Би цаасан хайрцагыг задалж үзээд цагаан тарианы үлдэгдэлтэй тариурыг олж авсан. Бензатин пенцилин гэдэг тариаг цагаан өнгөтэй гэдгийг би мэдэж байсан учир уг тариурыг авсан. Манай аав У.Б-ийн биеийн байдал хэвийн байсан. Энэ 7 хоногийн баасан гаригаас эмнэлгээс гарна гэж байсан. Ухаан санаа эрүүл өөрөө босоод явж байсан. Гэнэт нас барсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Гэрч Б.Болортунгалагын мөрдөн байцаалтад өгсөн:....Би өөрөө их эмч мэргэжилтэй одоо Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр төв эмнэлэгт ажилладаг юм. Би аавд ямар эм тариаг хийж байгааг байнга асууж холбоотой байдаг Улаанбаатар хотоос эм тариаг нь явуулдаг байсан. Би ирээд аавын хэрэглэж байсан эм тарианууд хаана байна гэж асуухад манай ах Ганзориг эмнэлгээс авчирсан эм тариаг гаргаж ирээд аавд 06 цагт хийх ёстой тариаг хийгээгүй энэ байна гэж Цефатоксим тариаг гаргаж ирсэн. Тэгээд яагаад өглөө 06 цагт хийх ёстой тариаг хийгээгүй байна гэж асуулгахад манай ээж Оюунтуул 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө тариа хийсэн сувилагч андуураад тариагаа хийчих шиг болсон гэж хэлсэн би тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Би тэгээд ямар эм тариа андуурч хийдэг юм та хаанаас ямар эм тариа авсан юм гэхэд надад эмийн баримт гаргаж ирсэн. Би эмийн баримтыг харахад цефатоксим, бензатин пенцилин гэх тариа авсан байсан. Цефатоксим гэх тариаг 8 цагийн зайтай хийдэг юм. Манай ээжийн эм авсан баримтыг харахад өдөр 15 цагт тариа авсан байсан. Тариаг 16 цаг, 22 цаг 06 цагт хийх ёстой байсан. Ээж цефатоксим тариаг 3 ширхгийг авсан байсан. Тэгээд нэг ширхэг цефатоксим тариа илүү байсан. Харин бензатин пенцилин гэх тариа нь байхгүй байсан. бензатин пенцилин гэх тариаг ил шарханд түрхэж хэрэглэдэг мөн бэлгийн замын өвчин тэмбүү, гонроо, үе мөчний зэрэг өвчинд булчинд тарьдаг юм. Бензатин пенцилин тариаг хэзээч судсанд хийдэггүй тариа байгаа юм. Харин цефатоксим тариаг булчин болон судсаар хийдэг юм... Бензатин пенцилин тариаг өгзөгөнд хийгээд хялгасан судас дайрахад л хүн шоконд ордог юм. Судсаар хийхэд шууд үхнэ....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
Гэрчээр Б.А-н өгсөн:.... Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон анх ажилд орохдоо сувилагчаар ажилд орсон. Өдрийн эмчилгээнд 5 сар сувилагч хийсэн. 2018 оны 12 дугаар сараас эмэгтэйчүүдийн кабинетад эх баригч эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилласан. Би уг нь эх баригч мэргэжилтэй юм. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс амбулаторийн цахим дээр ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эмэгтэйчүүдийн тасагт ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мэс заслын 2 дугаар тасаг дээр сувилагч дагаж ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 8 цагаар бие дааж сувилагчаар ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой 16 цаг 30 минутаас 16 цагаар ээлжид гарч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутад буусан....У.Б гэдэг хүн мэс заслын 2 дугаар тасагт хэвтэн эмчлүүлж байсан....2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 45 минутын орчим өвчтөн У.Б ийн өрөөнд орсон. Өвчтөн унтаж байсан сахиул нь бас хажууд хэвтэж байсан. Сахиурт нь эгчээ тариаг хийе гэж хэлсэн. Сахиур нь өвчтөнг тариагаа хийлгээрээ гээд дуудсан өвчтөн У.Б сэрсэн. Би дуслын системээ угсарч тавиад сахиураас цефатоксим тариа нь хаана байгаа вэ гэж асуухад тэнд байгаа гэж заасан надад ил тариа харагдахгүй байсан.....Би тэгээд хаана байгаа юм гэхэд өвчтөн цаасан хайрцаг авч өгсөн. Би тэгэхээр нь цаасан хайрцгийг нээгээд дотроос нь тариаг нь аваад 20 граммын тариурт хийж шингэлээд бэлдэж тавьсан. Тэгээд бэлдэж тавьсан дуслаа өвчтөнд залгасан дуслаа хаагаад дуслын хоолойг салгаж байгаад өвчтөний судсанд хийсэн байсан дуслын зүүгээр тариагаа хийж эхэлсэн би 20 граммын тарианы 10 грамм орчмыг өвчтөнд судсаар хийсэн байх тэгээд тариагаа салгаад дуслаа буцаагаад залгаад дуслын системээ нээсэн Дусал нээнгүүт өвчтөний биеийн байдал муудаад сонин дуугараад царай нь сонин болоод эхэлсэн. Сахиур эгч юу болов оо эмчээ дуудаач ээ гэсэн. Хажуу өрөөнд амарч байсан боолтны сувилагч Мөнхцацралыг сэрээсэн. Би Амбог сувилагч Мөнхцацрал авчирж өгчихөөд эмчийг дуудахаар явсан. Сэхээний сувилагчийг гар утсаар дуудсан. Амбо гэж хүчил төрөгчийн аппарадыг хэлж байгаа юм. Ганболд эмч ирээд өвчтөнг массажлаж чагнуураар чагнасан. Ганболд эмч сахиур эгчид гэрийхнийгээ дуудаарай гэж хэлсэн. Сахиур эгч гэрийхнийгээ утсаар дуудаад байсан. Сахиур эгч яаж байна гэж эмчээс асуусан эмч зүрх нь зогссон байна гэж хэлсэн. Өвчтөн У.Б 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 55 минутын орчим нас барсан...Би өвчтөн У.Б өд Бензатин пенцилин гэдэг тариа тарьсан байсан. Анх тариа тарихдаа бол би Бензатин пенцилин тариа тарьж байна гэдгээ мэдээгүй. Өвчтөнд тийм тариа байгааг мэдээгүй. Цефатоксим гэх тариаг байх гэж бодоод шууд харалгүй тарьчихсан. У.Б гэх хүний нас барснаас нь хойш хийсэн тарианыхаа шилийг харахад бензатин пенцилин гэх тарианы шил байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 тал/
Гэрч Д.Ундрахын мөрдөн байцаалтад өгсөн:...Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилогдсон....Б.А-г хөтөч сувилагчаар ажиллуулахаар болоод Анударийг дуудсан боловч намайг байхгүй үед өрөөнд ирээд арга зүйч Оюунцэцэг дээр очсон байсан. Оюунцэцэг над руу утсаар яриад Анударь сулраад гараад ирлээ Мэсийн 2 дугаар тасагт сувилагч дутагдалтай байна Анударийг мэсийн 2 дугаар тасагт өгчих үү гэсэн би тэг гэж хэлсэн. Би тухайн үед ээлжийн амралтаа авах гэж байсан....2019 оны 10 дугаар сарын 23-ны оройн ээлжинд 16 цагаар бие дааж сувилагчаар гарч ажилласан....Тухайн үед Анударийг шилжүүлэн томилсон тушаал гараагүй. Тухайн үед хүний нөөцийн менежер ажлаа өгсөн дараагийн хүн томилогдоогүй байсан. Нэгдсэн эмнэлгийн дарга Улаанбаатар хотод сургалтад явж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
Гэрч Г.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад би ажилдаа ирсэн. Тэгсэн жижүүр эмч Ганболд таараад Мэсийн 2 дугаар тасагт өнөө өглөө 06 цагт сувилагч буруу тариа андуурч хийгээд хүн нас барчихлаа би эмчилгээ эрхэлсэн орлогч даргад танилцуулахаар явж байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь мэс заслын 2 дугаар тасагт орсон. Энэ үед хүн нас бараад ширилаа гаргасан байсан. Анударь сувилагчийн өрөөнд байсан. Би тариа андуурч хийсэн юм уу тарианы сав нь хаана байна гаргаад ир гэж Анударьд хэлсэн. Анударь шургуулганаас тарианы шил гаргаж ирсэн. Уншаад үзэхэд Бензатин пенциллин тариа байсан. Би Анудариас чи энэ тариаг найруулаад судсаар хийсэн үү гэхэд хийсэн гэж байсан. Бензатин пенциллин гэх тариаг хэзээ ч судсаар хийж болдогүй....Анагаахын сургууль эм зүйн хичээл дээр тарианы талаар болон тариаг хаана хийх талаар заадаг. Эм тарианы нэршлийг цээжилдэг юм....гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
Гэрч Л.Мэндбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:... Би нэгдсэн эмнэлгийн мэс заслын 1 дүгээр тасагт эмч ажилтай Өвчтөн У.Б 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэс заслын 2 дугаар тасагт хэвтэн эмчлүүлсэн У.Б нь өмнө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэдэсний цочмог түгжрэл өвчний учраас хэвтэн эмчлүүлж нарийн гэдсийг зориудаар гадагш гаргах мэс засал хийгдсэн Биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэвлийн голын шархнаас идээрхэг шүүстэй байсан тул өвчтөнийг давтан хэвтүүлж антибиотик болон хордлого тайлах, хэсгийн цэвэр боолт зэрэг эмчилгээнүүд хийгдэж байсан Би эмчлэгч эмч нь байсан...У.Б ийн биеийн байдал дунд ухаан саруул, өөрөө чөлөөтэй босож явна, хаяа тэргэнцэр дээр сууж нойл болон бусад өрөөгөөр чөлөөтэй явж байсан. Өвчтөн эмнэлгээс гаргах гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
Гэрч Ч.О ын мөрдөн байцаалтанд өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө үүрээр У.Б намайг дуудаад шээмээр байна гэсэн би босоод шээлгэсэн. У.Б сайхан унтаж амарлаа гэж байсан. Талийгаач одоо цагийн тариа дөхөж байна даа гэж хэлсэн. Би тэгэхээр одоо тариа хийх гэж байгаа юм чинь гээд халуун цай У.Б өд уулгасан. Талийгаач намайг хэвт гэсэн би тэгээд орон дээр хэвтээд байж байтал сувилагч орж ирээд өрөөний гэрэл асаасан. Би сувилагчийг орж ирэхэд нь хэвтэж байсан. Сувилагч надаас цагийн тариа нь хаана байна гэж асуусан би шүүгээний булан дээр байна гэж хэлсэн. Сувилагч за гэж байсан. Бид өөрсдөө цагийн тариаг худалдаж авч байсан. Сувилагч дуслын системээ залгаж байсан. Би сувилагчийг дуслын системээ залгаж байхад нь босоод өмдөө өмсөөд оймсоо өмсөж байтал манай нөхөр У.Б гэнэт сонин дуугарсан. Би яав гээд хартал нэг сонин болчихсон байсан шүдээ зуугаад сонин дуугараад амьсгаа авах шиг болсон би тухайн үед их сандарсан. Би яасан вэ миний хөгшөөн гэхэд талийгаач шүдээ зуугаад амьсгаагаа татаад гэдийгээд байсан. Би сувилагчаа чи яачих ваа юу хийчих вээ гэхэд энийг хийсэн гээд сувилагч хогийн савнаас тарианы шил гаргаж ирсэн тэр тарианы шил талийгаачийн шарханд түрхэх гэж авсан тариа байсан. Талийгаачид тарих ёстой байсан тариа нь шүүгээний булан дээр бүтнээрээ байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 тал/
Гэрч Э.Оюунцацралын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн”... 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 50 цагийн орчим сувилагчийн өрөөндөө унтаж байхад надтай хамт гарч байсан сувилагч Анударь өрөөнд орж ирээд У.Б гуай эвгүй болчихлоо гэж хэлсэн Би тэгэхээр нь босоод өвчтөн У.Б ийн хэвтэж байсан өрөөнд орсон Өвчтөн У.Б ийн ил хэсэг нь хөхөрсөн нас барсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/146 дугаартай Б.А-г ажилд түр томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 72-77 тал/
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Цогцост хийсэн №106 дугаатай”....1.Талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. 2. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна. 3.Талийгаач эмийн бодисын шалтгаант хэт мэдрэгшлийн шокын улмаас нас баржээ...гэх дүгнэлт /ХХ-ийн 43-46 тал/,
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлтээр 1”...Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 заалт, Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд МNS4621:2008 стандарт 4.4.1, 4.4.2 заалтуудыг тус тус зөрчсөн байна...гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх-ийн 67-69 тал/
Эмчилгээ, оношилгооны түгээмэл стандарт /хх-ийн 146-156 тал/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.А-н шүүх хуралдаанд өгсөн: “... Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна”... гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.К.К ы шүүх хуралдаанд өгсөн: “Ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Манай байгууллагын ч бас буруутай үйл ажиллагаа байгаа. Түнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Б.А нь залуу хүн түүнд нэг удаа боломж олгооч гэж хүсэж байна”... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.А д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг мөн бөгөөд Б.А-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.” гэж заасан. Шүүгдэгч Б.А нь өөрийн хайнга, хариуцлагагүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас амь хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой, бусдын амь насыг болгоомжгүй хохироосон. Тус хэрэг нь Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тул Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй адилтгаж үзэх нь зүйд нийцэхгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол их, хор уршгийн шинж чанар нөхөж баршгүй тул шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ялыг 5 жилийн хугацаатай хэрэглэх, 3 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн энэ үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Гэм буруугаа ойлгож, гэмшин, хохирлоо төлж байгаа, цаашид төлөхөө илэрхийлсэн, бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байна уу” гэсэн өмгөөллийг хүлээн авах боломжгүй байна.
Оршуулгын зардалд 30.435.717 төгрөг, өмгөөлөгчийн хөлс хоёр сая төгрөг нэхэмжилсэн байна. Оршуулгын зардлын хувьд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О ын хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, нотлогдож буй хохирол 13.672.915 төгрөг байна. Үүнээс шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Б.А-н хохиролд өгсөн 5.000.000 төгрөгийн баримтыг хасаж, үлдсэн 8.672.915 төгрөгийн хохирлыг адил тэнцүү 2 хуваан шүүгдэгч Б.А , иргэний хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд тус тус 4.336.457 төгрөг 50 мөнгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний дотор гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О д олгуулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэв.
Ажил явдлын үеэр 100.000, 1 сая төгрөг гэх мэт цуваргаж өгч байсан мөнгийг шүүгдэгч болон түүний талаас хохирогчийн гэр бүлд өгсөн, авсан, үүнийг оршуулгын зардал, гэм хорын хохиролд оруулж тооцохгүй талаар талууд санал нэг, маргаагүй тул шүүгдэгчээс төлсөн хохирлын дүнд оруулж тооцоогүй болно.
Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 13.672.915 төгрөгийн бодит зардал учирсан гэж үзээд үүний 2/3-ийг нь гэм буруутай этгээд болох Б.А-с, 1/3-ийг нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар түүний ажил олгогч, иргэний хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөн хуульд зааснаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь дараа иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.А-с байгууллагад учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.
Тухайн хэрэг гарахад ажил олгогч байгууллага болох Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Шүүгдэгч Б.А нь эх баригч бага эмч мэргэжилтэй, сувилагчаар ажилласан туршлага багатай байхад мэс заслын тасагт сувилагчаар ажиллуулсан.
Нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 16.762.802 төгрөгийн нэхэмжлэл /хх-ийн 174, 175 мах авсан гэх баримт, 176, 177, 178, 188, 189/ нь нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заажээ. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор” заасан байна. Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх бөгөөд төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын, чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.А-г тохиолдлын шинж чанартай гэмт хэргийн анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирлыг зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, бага насны охин болон дүү нараа асарч халамжилдаг түүний хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.А-н асрамжинд насанд хүрээгүй хүн буюу түүний охин 5 настай Доной овогтой Анударийн Алтанагь байгаа ба Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж... асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй... хүүхдийг хамруулан ойлгохоор заасан, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээг харгалзан Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан... арга хэмжээг авна.” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д “эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох” тухай журмыг, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д сумын засаг дарга “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах” эрхтэй талаар зохицуулсан байх тул шүүгдэгчийн асрамж халамжинд байсан насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагчийг хуульд заасан журмын дагуу томилж тогтоохыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 граммын тариур 1 ширхэг, benzathine penicillin g for injeition 264 mega гэсэн бичигтэй хоосон тарины шил, cefotaxme sodium гэсэн бичигтэй шилтэй тариа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.А-г цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь оногдуулсан 3 жил хорих ялыг эдэлж дууссаны дараа түүний эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг хасах ялын 5 жилийн хугацааг тоолж эхлэхийг мэдэгдсүгэй.
6. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар шүүгдэгч Б.А-н охин 5 настай Доной овогтой Анударийн Алтанагийн асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу даруй шийдвэрлэхийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд шүүгдэгч Б.А , иргэний хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тус 4.336.457 төгрөг 50 мөнгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний дотор гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О д олгуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 16.762.802 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 граммын тариур 1 ширхэг, benzathine penicillin g for injeition 264 mega гэсэн бичигтэй хоосон тарины шил, cefotaxme sodium гэсэн бичигтэй шилтэй тариа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, биеийн байцаалттай нь холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА