Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 01367

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3-р хороолол, 15-р хороо, 29-1 тоотод оршин суух Ширбазар овогтой Аюурзанын /ЦЕ-64050268 /  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Оюут баг 2-28-3 тоотод оршин суух Машбат овогтой Амарсанаад /ФВ-86073190/ хариуцагдах 16,515,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Баялаг, нэхэмжлэгч Ш.Аюурзана, хариуцагч М.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  Ш.Аюурзана хариуцагч М.Амарсанаад холбогдуулан 16,515,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ш.Аюурзана шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Амарсанаа нь миний охин Ононтой 2013 оноос хамтран амьдарч манайд 2 жил гаран байсан. Энэ хугацаанд Аюурзана надаас эксковаторыг маань барьцаанд тавиулж 9.000.000 сая төгрөг зээлж аваад 840.000 төгрөгний хүүгээ төлөөгүй, жолооны үнэмлэх шинээр авахдаа зээлж авсан 400.000 төгрөгөө ч хүртэл өгөөгүй. Дээр нь Ононг ятгаж УНЦ 0770 дугаартай бенз маркын машиныг иргэн Цэцэнбатад барьцаалж 5%-ийн хүүтэй 5.000.000 сая төгрөг авсан байна. Энэ мөнгөө яасан бэ? гэхээр газар зарна гэж 3 хүн тус бүрээс 2.500.000 төгрөг аваад хүмүүс хэл ам хийгээд байхаар нь 2 хүнд нь 5.000.000 төгрөг өгөөд 1 хүнд нь Э.Оюунтүлхүүрт газрын гэрчилгээ чинь гарсан гэхээр нь шалгуулсан чинь хуурамч болохыг нь мэдсэн байгаа юм. Хуурамчаар хийсэн гэрчилгээгээ өгөөд салжээ. Ингээд 5.000.000 төгрөгний хүүгээ төлөөд 2-3 сарын дараанаас төлөхөө больж утсаа ч авахгүй зугтааж байна. Машиныг нь хэлэлгүй Эрдэнэтэд авчраад олдохгүй болохоор нь Цэцэнбат 2 хүнтэй ирэн хайж явж байгаад олоод Амарсанаагаар өөрөөр нь бариулж хотод авчраад 2015 оны 09-р сард грашт далд хийж 9.770.000 төгрөг төлөхийг шаардсан. Ингээд 2015 оны 09-р сарын 02-ны өдөр би дээрхи мөнгийг Цэцэнбатад төлж машиныг нь авсан. Амарсанаа илгэл эвдсэн үйлдэл олон удаа гаргаж байсан боловч уучилж өнгөрөөж байсан. Найз нь над руу утсаар яриад Амарсанааг дээрэм, булаалт, хулгай гэсэн зүйл ангиар 1 жил 6 сарын тэнсэн авч байсан. Мөн найз нөхдөөсөө мөнгө зээлээд эргүүлж өгдөггүй итгэл эвдсэн гэж ярьсан. Энэ нь манайд амьдарч байх хугацаандаа олон зүйл дээр илэрч байна. Амарсанаагаас 9.770.000 төгрөг, 840.000 төгрөг, 400.000 төгрөг нийтдээ 11.110.000 төгрөгийг, нотариатаар хийсэн гэрээний дагуу алданги тооцоход нийт үнийн дүнгийн 50%-иар бодоход 5.505.00 төгрөг бүгд 16.515.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Амарсанаагийн өмнөөс би Цэцэнбатад 2015-10-1-нд 9,750,000 төгрөг төлж машинаа авсан.Мөн надаас зээлсэн 840 000 төгрөг,400 000 төгрөгөө өгөөгүй байгаа.9 770 000 төгрөгөн дээр зээлийн гэрээ байгуулсан.Уг гэрээгээр үүргээ биелүүлэхгүй бол алданги төлнө гэж тохиролцсон тул 5 505 000 төгрөгний алданги нэмж нэхэмжилж байна.Би машинтай холбоотой мөнгө яриагүй.Авах ёстой мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч М.Амарсанаа шүүхэд гаргасан тайлбартаа  : Би 2013 онд Онон гэдэг охинтой танилцаад уулздаг болздог байж байгаад Ононгийн ээж болох Аюурзана гуайнд хамт амьдарч эхэлсэн.Тухайн үед энержи ресус ХХК-д ажиллаж байгаад уул уурхайн компаниуд толгой дарааллан дампуурч ажилгүй болоод Аюурзана гуайн дэлгүүрт 1 жил гаран тус болдог байсан.2014 онд мэрсэдэс с-класс 500 маркийн автомашин авсан.Аюурзана гуай 9 сая төгрөг гаргаад.Би найз нөхдөөсөө, өөрөөсөө нийт 18 сая төгрөгөөр авсан.Тухайн үед тохироод сайхан машин байна, жаахан бензин идэх байх , гоё машин юм чинь гээд охин Ононы нэр дээр авсан.Хэрвээ авахгүй бол авахгүй л байсан.2014 онд авсан машины ус халаад байхаар нь засварт үзүүлээд кришкны жийрэг солих шаардлагатай гээд сольсон.750,000 төгрөг,удалгүй яндангаас утаа гарч дахиад ус халаад байхаар нь дахин үзүүлэхэд мотор соль гээд 5,000,000 төгрөгөөр сольсон.Зардлыг би төлсөн.Энэ машинд миний зүгээс гарсан зардал 1ш арматизатор 250,000 төгрөг, 4 ширхэг 1,000,000 төгрөг, айр кондишн 450,000 төгрөг, урд 2 гэрэл 900,000 төгрөг, 2 толь АНУ-с захиалж эгч явуулсан 450 доллар, тэр үед доллар 1750 төгрөг байсан.Зөндөө юм хийсэн.Тиймдээ ч Монголд бараг ганц машин болсон.Мерседэс сонирхогчид бүгд мэднэ.0770 УНТ гэсэн дугаартай машиныг.Мөн жижиг эвдрэл сольсоноо бичсэнгүй.Найз охин буюу Ононгийн мөргүүлсэн хэд хэдэн удаагийн засварын хөлс, мөнгөний хүү төл гээд өгсөн мөнгөө бичихийг хүссэнгүй.Бүх зардалыг би өөрөөсөө гаргаж байсан.Одоо бодоод байхад хүний машинд юм хийж засварын хөлс төлчихөөд хамт дундаа авсан машинаа Аюурзана гуайд зарчихаад мөнгө нэхээд байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч М.Амарсанаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна.Би ажилд ороод төлнө гэж хэлсэн.Гэхдээ уг машинд тавьсан мотор,2ш толь,2ш гэрэл,кондейшн,радиатор зэргийн мөнгийг хасуулмаар байна.Аюурзанаас зээлж авсан 840 000 төрөг,400 000 төгрөг зэргийг төлөх ёстой нь үнэн гэжээ.

 

Шүүх хэргээс 2015-9-23-ны өдрийн зээлийн гэрээ,хариуцагчийн гар бичмэл баталгаа зэргийг шинжлэн судлаад

                                                        

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Ш.Аюурзана нь хариуцагч М.Амарсанаад холбогдуулан 16,515,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин үнийн дүнгээс нь Mercedes benz 0770УНТ автомашинд тавьсан сэлбэг хэрэгслийн үнийг хасуулна гэж тайлбарлаж маргасан.

Нэхэмжлэгч Ш.Аюурзана хариуцагчийн бусдад төлөх 9 750 000 төгрөгийг түүний өмнөөс 2015 оны 9 сард төлсөн тул зохигчид “зээлийн гэрээ” гэж нэрлэсэн гэрээ бичгээр байгуулж М.Амарсанаа уг мөнгийг 2015-12-31-ний өдөр буцаан төлөх үүрэг хүлээсэн ба уг  мөнгөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбар,хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан гэрээ,хариуцагчийн гар бичмэл мөнгө төлөх тухай баталгаа зэрэг баримтаар нотлогдсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болон баримтын талаар маргаагүй.Мөн хариуцагч М.Амарсанаа нь нэхэмжлэгчээс зээлж авсан нийт 1 240 000 төгрөгийг төлөөгүй байгаа болохоо хүлээсэн.

Нэхэмжлэгч Ш.Аюурзана бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар үүрэг гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.Мөн хариуцагч зээлж авсан мөнгөө төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.Иймд нэхэмжлэгчийн 10 990 000 төгрөгний шаардлага хангагдах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээний 2.7-д заасны дагуу Амарсанаа нь гэрээнд заасан хугацаанд мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 %иар хоног тутамд алданги тооцож төлүүлэхээр 5,505,000 төгрөг нэхэмжилсэнийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна.

Талууд Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги төлөх талаар гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцсэн ба хариуцагч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй нь алданги төлөх үндэслэл болж байна.

Гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.5 %иар алданги тооцоход 16 087 500 төгрөг болсон ба үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%иас хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцүүлэн 9 750 000 төгрөгний 50 % болох 4875000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр илүү нэхэмжилсэн 650 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1,281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан М.Амарсанаагаас 15 865 000 төгрөг гаргуулан Ш.Амарсанаад олгосугай.

 

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 650 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 240525 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас 237275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногт Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ