Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 01368

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11-р хороолол, В-22 байр 35 тоотод оршин суух, Тогоруутан овгийн Долгорсүрэнгийн Даваахүүгийн /ФА-66112008 /  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 02-05 тоотод оршин суух Мэргэн овгийн Хөвсгөлийн Их-Уулд /РЖ-74121817/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох,гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Энхбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Мөнхсувд, хариуцагч Х.Их-Уул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Д.Даваахүү нь хариуцагч Х.Их-Уулд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Д.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даваахүү миний бие Х.Их-Уултай 2004 онд танилцаж, 2004-10-14-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Охин И.Нямхишиг маань 2005-07-24-ны өдөр төрсөн. Одоо 11 настай 8 дугаар сургуулийн зургаадугаар ангид суралцдаг.Х.Их-Уул нь архи уудаг, муухай ааш авир гаргадаг, хэл амаар доромжилдог, худлаа ярьж, хүнийг их гүтгэдэг. Сүүлийн үед цалингаа гэр бүлдээ зориулах нь ховор болсон. Мөн гэрээс юм авч ломбардад тавьж архи уудаг болсон. Намайг маш их дарамтанд байлгадаг. Гадуур хонож, өөр бусадтай явах болсон. Гэртээ ирээд охин бид хоёрт агсам согтуу тавьдаг, заримдаа намайг зоддог.Манай ах дүүсийг гэр орноор оруулдаггүй. Ах дүүс манай гэрээр ороод гарах л юм бол намайг хэл амаар доромжилж, ах дүүсийг маань доромжилж, зүхэж, занадаг. Мөн хэрүүлийн шинжтэй зүйл ярьдаг.Тэр эрүүл үедээ ч архи уусан үедээ ч ялгаагүй гэр орондоо амгалан тайван бус уур уцаартай, хэл амаар доромжилсон байдалтай байдаг. Гэр бүлийн уур амьсгал амгалан тайван бус байдаг.2014 онд би нөхөрөөсөө салахаар шүүх дэхь эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн. Тухайн үед Х.Их-Уул шүүхэд тайлбарлахдаа "... би дахин муу муухай зүйл хийхгүй, эхнэр, охиноо зовоохгүй, нэг удаа харж үзээч...” гэсэн амлалт өгсөн. Би түүнийг хэлсэн амандаа хүрч сайн сайхан амьдрах байх гэж итгэсэн тул тухайн үед уучилж, бид эвлэрч байсан. Энэ хугацаанд зан аашаа татаад засрах байх гэж их харсан ч яг л хэвээрээ. Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл дарамтан дунд 10 гаруй жил эмьдарсан. Охин маань ч надтай адил ийм муу муухай амьдрал дунд бага насаа өнгөрүүлсэн.Цаашдаа охин бид хоёр сайн сайхан зүйлийг хүсэж мөрөөдөж ирээдүйдээ итгэлтэй өөдрөг сайхан амьдрахыг хүсэж байна.Х.Их-Уулын ааш авирыг тэвчин, хамт амьдрах аргагүй болсон.Иймд:Д. Даваахүү, Х.Их-Уул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү.Охин И. Нямхишигийг эх Д.Даваахүү миний асрамжинд үлдээж өгнө үү.Х.Их-Уулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин И.Нямхишигт олгохоор шийдвэрлэж өгнө үү.4. Бидний дундын өмч Орхон аймаг, Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 11 хороолол В хэсэг 22 байр 35 тоотод байршилтай 2 өрөө орон сууц байгаа. Энэ орон сууцыг манай байгууллагаас зээлд хамруулж, надад олгосон юм. Орон сууцыг зээлд хамруулж авахад Х.Их-Уулаас 8 000 000 төгрөг оруулсан. X. Их-Уулд байрны урьдчилгаанд оруулсан 8 000 000 /найман сая/ төгрөгийг нь өгнө. Одоо байрны зээлийн үлдэгдэл 30 100 000 төгрөг үлдсэн, сар бүрийн 517 717 төгрөгний зээл төлөлтийг би өөрөө хариуцан төлсөөр ирсэн. Одоо ч төлж байгаа.Орон сууцыг охин И.Нямхишиг, Д.Даваахүү бидний өмчлөлд үлдээж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Даваахүү яаралтай тархины хагалгаанд орох болсон тул надад итгэмжлэл олгосон.Урьд шүүхийн эвэлрүүлэн зуучлагчид хандаж байсан.Их –Уул амлалт өгсөн боловч түүндээ хүрээгүй.Цаашид амьдрах болможгүй болсон гэж үзэж байгаа тул гэрлэлтийг цуцална уу.Хүүхдийн эхийн асрамжинд үлдээж тэтгэлэг тогтоолгоно.Хөрөнгийн тухайд 2 өрөө байр байгаа .Банкны барьцаанд.Сар бүрийн зээлийг Даваахүү төлдөг.Байрыг авахад Их-Уулд үйлдвэрээс өгсөн 8 000 000 төгрөгийг гаргаж өгнө.Байрыг өмчлөлдөө үлдээнэ гэжээ.

 

Хариуцагч Х.Их-Уул  шүүхэд гаргасан тайлбартаа  : Миний бие Хөвсгөл овогтой Их-Уул нь 2004 онд Долгорсүрэнгийн Даваахүүтэй танилцаж, гэр бүл болоод охин Нямхишиг маань 2005-07-24-ны өдөр  төрсөн.Одоо 11 настай, 6-р ангид суралцдаг.Би уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт гагнуурчин хийдэг.Энэ хугацаанд миний бие эхнэр хүүхдээ зовоож архи ууж байсан.Тэр маань буруу байсан.Гэмшиж байна.Архинаас үүдэлтэй маргаан гардаг байсан нь үнэн.Цаашдаа эхнэр хүүхдээ зовоохгүй, салах болно.Зөвшөөрч байна.Хүүхдийнхээ тэтгэмжийг өгнө.Орон сууц маань эхнэр Даваахүүгийн албан байгууллагаас зээлд хамруулж өгсөн байр.Цаашдаа Даваахүү нь өөрөө байрынхаа зээлийг үргэлжлэн төлөөд явах байх.Миний хувьд үйлдвэрээс надад өгсөн байрны зээлийн хөнгөлөлтийн 8,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна.Орон гэрийнхээ эд хөрөнгө, тавилгыг хоорондоо харилцан тохиролцож, хувааж авах хүсэлтэй байна.Миний хувьд орон сууцыг эхнэр Даваахүү охин Нямхишиг хоёрт үлдээнэ гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө.Замаа бодъёо.Гэхдээ би хохирч л үлдэж байна. Даваахүүд Вокзалд 2 өрөө байр байдаг.Гэрийн тавилга авахад надаас их мөнгө гарсан.Намайг юу ч  үгүй гаргачихаад хүүхдийн тэтгэвэр авна гэж байна.Байр авахад оруулсан 8 000 000 төгрөгөө аваад байрыг Даваахүүд үлдээхэд татгалзах зүйлгүй.Хүүхдийн ээжийнх нь асрамжинд байлгана.Хүүхдийн тэтгэвэр төлөхөд хэцүү байна.Орох оронгүй үлдлээ гэжээ.

 

   Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                  

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Д.Даваахүү хариуцагч Х.Их-Уулаас гэрлэлт цуцлуулах,хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах тухай шаардлага гаргасан. Хариуцагч гэрлэлт цуцалж,хүүхдийг эхийн асрамжинд үлдээхийг,орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж,8 000 000 төгрөг авахыг зөвшөөрсөн,харин хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүнд байна гэж тайлбарласан.

Зохигчид 2004 оны 10 сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулан амьдарсан  ба 2005 оны 07 сарын 24-ний өдөр охин И.Нямхишиг төрсөн, хүүхэд эхийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь №0165298 дугаартай төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар, Бүрэнбүст багаас ирүүлсэн ам бүлийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

Гэр бүлийн доторхи архидалт, хүчирхийлэл дарамтын улмаас харилцаа муудаж нэхэмжлэгч 2014 оны 10 сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар эвлэрлийн гэрээ байгуулж байсан боловч байдал өөрчлөгдөөгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд хандсан ба 7 сарын 01-нээс хариуцагч тусдаа амьдрах болсон байна.

Хариуцагчийн зүгээс гэр бүлдээ хүчирхийлэл дарамттай байдлыг үүсгэж байдгийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй талаар нэхэмжлэгч тайлбарласан ба гэрлэлтийг цуцлахыг хариуцагч зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.2005 оны 7 сарын 24-нд төрсөн охин Нямхишигийг эхийн асрамжинд үлдээж,Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг,эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу Х.Их-Уулаас тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.Хариуцагч “хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүнд байна”гэж тайлбарласан боловч тэрээр Эрдэнэт үлйдвэр ХХК-д ажил эрхэлдэг байдал тогтоогдсон ба тэтгэлэг төлөх боломжгүй өөр нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох “Орхон аймаг, Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 11 хороолол В хэсэг 22 байр 35 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээж,Х.Их-Уулд түүний оруулсан 8 000 000 төгрөгийг гаргаж өгнө” гэснийг хариуцагч маргаангүй зөвшөөрсөн байх тул зохигчдын тохиролцсоны дагуу хөрөнгийг хуваах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Д.Даваахүү, Х.Их-Уул  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин И.Нямхишигийг эх Д.Даваахүүгийн асрамжинд үлдээсүгэй.

 

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2005-07-24-ний төрсөн охин И.Нямхишигийг 16 нас хүртэл / суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Их-Уулаас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

        

           4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1,129.4,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан болох Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11 хороолол В хэсэг 22 байр 35 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг Д.Даваахүү,И.Нямхишиг нарын өмчлөлд хуваарилан үлдээж,Д.Даваахүүгээс 8 000 000 төгрөг гаргуулан Х.Их-Уулд олгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 08 сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Их-Уулаас 26092 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ