Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 47

 

2020          03          10                                              2020/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0071/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                             Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                                     Э.А нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-т холбогдох 203900.................дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 1-169 тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хамтран амьдрагч Н.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө согтуугаар Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 1-169 тоотод хамтран амьдрагч Н.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 1-169 тоотод байх гэртээ өөрийн нөхөр А-ын хамт байж байхад ойролцоогоор 13 цагийн үед манай Биндэр сумын Бат-Эрдэнэ гэх залуу халамцуу тал шил ерөөл архитай гэрт маань ирсэн. Тэгээд Э.А бид хоёрыг хамт ууя гэхээр нь Э.А бид хоёр Бат-Эрдэнэд хандан бид хоёр сургууль руу явах ажилтай байна, ирээд болъё гэж хэлсэн. Тэгээд Э.А бид хоёр сургууль руу явсан бөгөөд Бат-Эрдэнэ гэрт маань үлдсэн. Э.А бид хоёр ойролцоогоор 16 цаг өнгөрч байх үед гэртээ буцаж ирээд Бат-Эрдэнэ бид гурав Бат-Эрдэний авчирсан тал архийг нь хувааж ууцгаасан. Тэгээд архи дууссаны дараа манай нөхөр Э.А нь Ундармал гээд найз руугаа утсаар яриад Ундармалд хандан архи аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд Э.А, Бат-Эрдэнэ бид гурвыг гэртээ байж байхад ойролцоогоор 20-21 цагийн үед Ундармал нь манай Биндэр сумын Энхтүвшин эгч, Баярмагнай ах гэх хүмүүсийн хамт гурвуулаа гэрт маань хүрээд ирсэн. Тухайн үед Ундармал нь ирэхдээ 1 шил 0.75-н хараа нэртэй архитай ирсэн байсан. Тэгээд бид хэд уг архийг нь хувааж ууцгаасан. Гэхдээ Баярмагнай ах уг архинаас огт уугаагүй. Тэгээд архи дуусахад манай нөхөр Э.А, Бат-Эрдэнэ нар нь ахиад архи ууя гээд Ундармал нь баарнаас архи худалдаж авч ирэхээр болоод Ундармал, Баярмагнай ах хоёр баар луу архинд явсан. Тэгээд ирэхдээ 1 шил 0.75-н ерөөл нэртэй архи, 1 том пивотой ирсэн. Тэгээд байж байхад Баярмагнай ах гэр лүүгээ явлаа гэхээр нь Энхтүвшин эгч бид хоёр Баярмагнай ахыг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед ойролцоогоор 23 цаг өнгөрч л байсан байх гэж бодоод байна. Яг тодорхой бол цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд буцаад гэртээ ирэхэд манай нөхөр Э.А, Бат-Эрдэнэ, Ундармал нар нь баарнаас сүүлд авчирсан архиа аль хэдийн задалчихсан талд нь оруулаад байж байсан. Тэгээд бид хэд архиа хувааж ууж дуусаад пивоо задалсан бөгөөд пивоо задлаад нилээн уугаад байж байхад манай нөхөр Э.А нь Ундармалд хандан чи өөртөө их, надад бага хийлээ гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлаасаа болоод Э.А, Ундармалд хандан чи манайхаас зайл, та нар бүгдээрээ зайлцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Ат хандан чи юу яриад байгаа юм бэ, зайлмаар байгаа бол чи өөрөө зайлахгүй юу гээд Э.Ат хэлчихсэн юм. Тэгэхэд л Э.А нь маш их уурлаад сууж байснаа босож ирээд хоолны шүүгээний шургуулгыг онгойлгоод дотор нь байсан шар эрээн өнгийн  бариултай хутгыг аваад эхлээд миний зүүн хөлийн өвдөгний орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд дараа нь миний баруун гарын эрхий хурууны арын бүдүүн гол судас болон баруун гарын ар хэсэгт тус тус хутгалж зүссэн юм. Тэгээд би Э.Ат хутгалуулаад ухаан маань балартсан бөгөөд хальт ухаан сэргэхэд гэрт маань цагдаа нар ирчихсэн байж байсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон... Тухайн үед Э.А нь нилээн согтолттой байсан бөгөөд миний бодлоор бараг тасарчихсан л байсан байх гэж бодоод байна. ... Би нилээн уучихсан  байсан ч гэсэн болсон асуудлыг бол нэг бүрчлэн сайн санаж байна. Би тухайн үед өөрийгөө бол аваад явчих чадвартай байсан. ... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...   ”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн   12-14    тал/

            2. Гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хөдөө гэртээ байж байгаад ойролцоогоор 09 цагийн үед Биндэр сумын төвд ирсэн юм. Тэгээд сумын төв дээр ирээд би өөрийн цэргийн он жавынхаа гэрт нь нэг шил архитай очсон. Тэгээд найзтайгаа уг архиа хувааж уух гэсэн боловч найз маань уухгүй байхаар нь би найзынхаа гэрт нь уг архиныхаа тал шилийг нь ганцаараа уучихаад үлдсэн тал шил архиа аваад найзынхаа гэрээс гарч яваад Биндэр сумын төвд байх өөрийнхөө гэрт ирсэн юм. Тухайн үед ойролцоогоор 13 цагийн үе л байсан. Тэгээд гэртээ  ирээд хашаандаа түр буулгасан айл болох Э.Аын гэр лүү нь орсон. Тэгээд авч ирсэн тал шил архиа Э.А, түүний эхнэр Н.Н нартай хувааж уух гэхэд Э.А, Н.Н нар нь сургууль руу явах ажилтай байна гээд гэрээсээ гараад явсан. Тэгэхээр нь би архинаасаа ганц татчихаад Э.Аын гэрт нь унтаад өгсөн. Тэгээд байж байхад ойролцоогоор 16-17 цагийн үед Э.А, Н.Н нар нь гэртээ ирээд бид гурав тал шил архиа хувааж уусан. Тэгээд архи дуусахад Э.А нь Ундармал гэх эмэгтэй рүү утсаар залгаж яриад архи аваад ир гээд байх шиг байсан. Тэгээд байж байхад ойролцоогоор 20-21 цагийн үед Ундармал гэх эмэгтэй Энхтүвшин эгч, Баярмагнай ах хоёрын хамт гурвуулаа 1 шил архитай хүрээд ирсэн. Тэгээд уг архийг нь бид хэд хувааж ууцгаасан юм. Тэгээд би архиндаа согтоод хэсэг хугацаанд унтаад сэрэхэд манай нөгөө хэд ахиад нэг шил архи, нэг том пиво авчирчихсан байсан. Тэгээд уг архинаасаа уулгүй Баярмагнай ах, Энхтүвшин эгч хоёр гэртээ харьлаа гээд яваад өгчихсөн шиг санагдаад байна. Ямар ч байсан алга болчихсон л байсан. Тэгээд Э.А, Ундармал, Н.Н бид хэд уг архи, пивоо хувааж ууцгаасан бөгөөд хувааж уугаад байж байхад Э.А, Н.Н, Ундармал нар нь хоорондоо чи их уулаа, би бага уулаа, чи зайл, би зайл гээд хэрэлдэж маргалдаад байх шиг л байсан. Тэгээд нэг харахад Э.А нь гартаа хутга барьчихсан байж байхаар нь би Э.Аын гараас нь хутгыг нь салгаж авахад Э.А нь уг хутгаараа аль хэдийн Н.Ныг хутгалчихсан байсан. Тэгээд Н.Наас нилээн их цус гарсан бөгөөд Н.Н, Ундармал хоёрын аль нэг нь цагдаа дуудчихсан байсан ба удалгүй л цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна. ...  Э.А, Н.Н, Ундармал нар нь хоорондоо чи их уулаа, би бага уулаа, чи зайл, би зайл гэх утгатай зүйлс яриад л маргалдаж муудалцаад байсан. Тэгж маргалдаж муудалцаж байхдаа л Э.А нь өөрийн эхнэр Н.Ныгаа хутгалчихсан юм шиг байна лээ. ... Э.А нь шар эрээн өнгийн бариултай хутгаар Н.Ныг хутгалж биед нь гэмтэл шарх учруулсан. ... Н.Нын баруун гарын ар хэсэг орчимд ямар ч байсан хутгалагдаж зүсэгдсэн байсан. Өөр гэмтэл шарх учирсан байсан эсэхийг нь би сайн анзаарч хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. ... Үгүй ээ. Ийм асуудал байхгүй. Н.Нын биед учирсан гэмтэл шархыг Э.А нь ганцаараа учруулсан. ... Тухайн үед Э.А, Н.Н нар нь хоёулаа нилээн согтолттой байсан. ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/

            3. Шүүгдэгч Э.Аын мөрдөн шалгах ажилллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 1-169 тоотод байх гэртээ байж байхад манай хашааны эзэн болох Бат-Эрдэнэ нь ойролцоогоор 13 цагийн үед халамцуу тал шил архитай гэрт маань ирсэн. Тэгээд уг архиа хувааж ууя гэхээр нь эхнэр бид хоёр Бат-Эрдэнэд хандан бид хоёр сургууль руу явж хүүхдийнхээ ёолконд нь оролцох гэж байна аа. Уухгүй гэж хэлээд эхнэр бид хоёр гэрээсээ гарч явсан. Тэгээд эхнэр бид хоёр хүүхдийнхээ ёолконд нь оролцчихоод ойролцоогоор 16-17 цагийн үед гэртээ ирэхэд Бат-Эрдэнэ нь манай гэрт байж л байсан. Тэгээд Бат-Эрдэнэ, манай эхнэр Н.Н бид гурав Бат-Эрдэний авчирсан тал шил архийг нь хувааж ууцгаасан юм. Тэгээд архи дуусахад манай эхнэр Н.Н нь өөрийн найз Ундармал руугаа утсаар яриад архи аваад ир гэж хэлсэн. Тэгээд байж байхад ойролцоогоор 20-21 цагийн үед Ундармал нь Энхтүвшин эгч, Баярмагнай ах хоёрын хамт гурвуулаа 1 шил 0.75-н архитай гэрт маань ирсэн. Тэгээд бид хэд уг архийг нь хувааж ууцгаасан бөгөөд архи дууссаны дараа Ундармал, Баярмагнай ах хоёр ахиж архи авчрахаар гэрээс маань гарч явсан. Тэгээд ирэхдээ 1 шил 0.75-н архи, 1 том пивотой ирсэн. Тухайн үед яг хэдэн цаг болж байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд Баярмагнай ах, Энхтүвшин эгч хоёр харилаа гээд манай эхнэр Н.Н нь Баярмагнай ах, Энхтүвшин эгч хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгээд тэр гурвыг явсаны дараа Бат-Эрдэнэ, Ундармал бид гурав сүүлд авчирсан архиа задлаад уугаад сууж байхад манай эхнэр Н.Н нь ирсэн. Тэгээд бид дөрөв үлдсэн архи, пивоо хувааж ууцгаасан бөгөөд би архиндаа согтоод тасарчихсан байсан. Нэг ухаан ороход манай эхнэр Н.Н нь надад хандан чи намайг хутгалчихлаа шдээ гээд орилоод байсан. Тэгээд байж байхад нээх удалгүй л цагдаа нар манай гэрт хүрээд ирсэн. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. ... Би Н.Ныг ямар учраас хутгалсан болохоо сайн санахгүй байгаа юм. Яагаад гэвэл би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байна. Нэг ухаан ороход л манай эхнэр надад хандан чи намайг хутгалчихлаа шдээ гээд орилоод байж байсан юм. ... Би сүүлд нь ухаан ороод харахад өөрсдийн ахуйн хэрэгцээндээ ашигладаг шар эрээн өнгийн бариултай хутгаараа Н.Ныг хутгалчихсан байсан. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. ... Би Н.Ныг хэдэн удаа хутгалсан болохоо бол санахгүй байна. Ямар ч байсан намайг ухаан ороод сэргэхэд Н.Нын баруун гарны орчмоос нь нилээн их цус гараад л байсан. ... Би Н.Нын баруун гарны орчимд нь ямар ч байсан хутгалсан юм шиг байгаа юм. Өөрөөр биед нь ямар нэгэн гэмтэл шарх учруулсан эсэхээ би хэлж мэдэхгүй байна. ... Би лав тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байна. Харин Н.Ныг хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л нилээн  согтолттой байсан байх гэж бодоод байна. ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/

            4. Гэрч Н.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Биндэр сумын төв дээр байх гэртээ байж байгаад ойролцоогоор 20 цагийн үед өөрийн сайн танил болох Ундармал гэх эмэгтэй рүү утсаар ярьж холбогдсон юм. Тэгэхэд Ундармал нь хүүхдэдээ шинэ жилийнх нь юмыг бэлдэх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ундармалд хандан тэгвэл чи манайд хүрээд ирээ, би хамт явъя гэж хэлсэн. Тэгээд нээх удалгүй Ундармал нь манай гэрт хүрч ирээд Ундармал, манай нөхөр Баярмагнай бид гурав гадуур гарсан юм. Тэгээд гадуур явж байхад Ундармал нь нөхөр бид хоёрт хандан Э.А нь нэг шил архи аваад хүрээд ирээч гээд байх юм гэж хэлж байсан. Тэгээд бид гурав гадуур хэсэг явж байгаад дэлгүүрээс 1 шил архи аваад Э.Аын гэрт нь очсон юм. Тухайн үед Э.А, түүний эхнэр Н.Н, Бат-Эрдэнэ гэх залуу гурав байцгааж байсан. Тэгээд Ундармал, манай нөхөр Баярмагнай бид гурвыг ирсний дараа Э.А, Н.Н, Бат-Эрдэнэ нар нь сэрээд бид хэд архиа задлаад ууцгаасан. Гэхдээ нөхөр бид хоёр уг архинаас нь амсаад л өгсөн бөгөөд уугаагүй. Тэгээд уг архи нь дуусахад Ундармал, манай нөхөр Баярмагнай хоёр ахиж архи авчрахаар Э.Аын гэрээс нь гарсан. Тэгээд ирэхдээ 1 шил 0.75-н архи, 1 том пивотой ирсэн. Тэгээд Э.А, Н.Н, Бат-Эрдэнэ, Ундармал нар нь архиа хувааж ууцгаасан бөгөөд удалгүй манай нөхөр гэр лүүгээ харъя гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Н.Н бид хоёр манай нөхрийг гэрт нь хамтдаа хүргэж өгсөн. Тэгээд Н.Н бид хоёр буцаж нөгөө хэд дээрээ очиход Бат-Эрдэнэ, Э.А, Ундармал нар нь архиа хувааж ууцгаагаад л байж байсан. Тэгээд Ундармал нь надад архи, пиво уулгах гээд шахаад байхаар нь би уухгүй гээд Ундармалтай бага зэрэг маргасан юм. Тэгээд л би удалгүй гэр лүүгээ харьлаа гээд ганцаараа Э.Аын гэрээс нь гарч явсан. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна. Надад өөр мэдэх зүйл алга байна. Тухайн үед намайг Э.Аын гэрт нь байхад ямар нэгэн хутга шөвөгний асуудал огт болоогүй. Харин намайг гарсаны дараа л тэр хэд хоорондоо маргалдаж муудалцаад Э.А нь өөрийн эхнэр Н.Ныгаа хутгалчихсан л юм шиг байна. Өөр ч надад мэдэх зүйл үнэндээ алга байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

            5. Гэрч У.Ундармалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Биндэр сумын төвд байх гэртээ байж байгаад ойролцоогоор 19-20 цагийн үед шинэ жилийнхээ саа, хоол хүнсийг цуглуулах зорилгоор гэрээсээ гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад явж байхад миний танил болох Энхтүвшин эгч над руу утсаар залгаж ярьсан. Тэгэхээр нь би Энхтүвшин эгчид хандан дүү нь гадуур шинэ жилийнхээ юмыг бэлдээд явж байна гэж хэлсэн. Тэгэхэд Энхтүвшин эгч би хамт явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за, за гэж хэлээд Энхтүвшин эгчийн гэрт нь очиж Энхтүвшин эгч, түүний нөхөр Баярмагнай нарыг авсан. Тэгээд бид гурав хамтдаа дэлгүүрээр хэссэн бөгөөд би замдаа Энхтүвшин эгчид хандан Э.А, Н.Н хоёр яриад нэг шил архи аваад ир гээд байгаа. Яах уу гэж хэлсэн. Тэгэхэд Энхтүвшин эгч аваад л өгчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд Энхтүвшин эгч Баярмагнай ах бид гурав дэлгүүрээс 1 шил 0.75-н архи худалдаж аваад Э.Аын гэрт нь очиход Э.А, түүний эхнэр Н.Н, Бат-Эрдэнэ гурав бага зэрэг л халамцуу байдалтай байж байсан. Тухайн үед ойролцоогоор 20-21 цагийн үе л байсан байх гэж бодоод байна. Тэгээд бид хэд миний авчирсан архийг задлаад хамтдаа ууцгаасан бөгөөд Баярмагнай ах бол архинаас огт уугаагүй. Тэгээд уг архи маань дуусаад бид хэд ахиж архи авчирч уухаар болоод Баярмагнай ах бид хоёр дэлгүүр лүү явж ахиж дэлгүүрээс 1 шил 0.75-н архи, 1 том пиво худалдаж авсан. Тэгээд уг архи, пивоо Э.Аын гэрт нь авч очоод удаагүй байхад Баярмагнай ах гэр лүүгээ явлаа гээд явсан. Тухайн үед Баярмагнай ахыг Н.Н, Энхтүвшин эгч хоёр гэрт нь хүргэж өгчихөөд буцаад Э.А, Бат-Эрдэнэ бид гурав дээр ирж нэгдсэн. Тэгээд бид тав үргэлжлүүлэн архи, пивоо хувааж ууцгаасан ба нээх удалгүй Энхтүвшин эгч бас явлаа гээд яваад өгсөн. Тэгээд байж байтал Э.А нь Н.Н бид хоёрын ууж байсан пивоноос ууя гээд байсан. Тэгэхэд Н.Н нь Э.Ат хандан чамд өгөхгүй, энийг Ундармал бид хоёр ууна гэж хэлсэн. Тэгэхэд Э.А нь учир зүггүй уурлаад муу гичийнүүдээ та нар надад архи өгсөнгүй, зайлцгаа гэж хэлсэн. Тэгэхэд Н.Н нь бас уурлаад Э.Ат хандан энэ чинь миний гэр, чи өөрөө зайл гээд тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд Э.А нь Н.Нтай маргалдаж муудалцаж байгаад уурандаа шууд шургуулганаас хутга аваад Н.Н руу дайрсан юм. Тэгж байхдаа л Э.А нь Н.Ныг хутгалчихсан байсан. Тэгээд Н.Нын гарнаас нь нилээн их  цус гараад байсан ба намайг Э.Аыг хорьж байх зуур Н.Н нь гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед нэг ийм л асуудал болсон юм. ... Тухайн үед Э.А нь надад архи өгсөнгүй, чи намайг гэрээсээ хөөлөө гээд л уурлаад Н.Ныг хутгалсан. ... Тухайн үед Э.А нь өөрсдийнхөө ахуйн хэрэгцээндээ ашигладаг шар эрээн өнгийн бариултай хутгаараа Н.Нын  биед нь гэмтэл учруулсан. ... Намайг сүүлд нь Н.Нын биеийг харахад Н.Нын баруун гарын эрхий хурууны ар талд, баруун гарын яг ар талд, зүүн өвдөгний гадна талын хажуу хэсэгт тус тус хутгалагдаж зүсэгдсэн байсан. Би өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан байсан эсэхийг нь анзаарч сайн хараагүй. ... Би тухайн үед өөрөө бас архи уучихсан байсан учир Э.А, Н.Н нарыг яг хэр согтолттой байсан болохыг нь хэлж мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/

            6. Гэрч Г.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Э.Аыг сайн мэднэ. Манай ээжийн төрсөн ах Энхбаатар гэх хүний бага хүү нь байгаа юм. Мөн Э.А бид хоёр дунд анги төгсөтлөө Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан. ... Э.А нь архи дарс уугаагүй үедээ их мундаг ажилтай, бага байхын их цэвэрч нямбай хүүхэд байсан. Би бага байхаасаа Э.Аыг сайн мэднэ. Э.А нь архи дарс байнга уугаад байдаггүй юм. Энэ Н.Н гэх хүнтэй нийлснээсээ хойш их архи уудаг болсон. Н.Н нь байнга цуг архи уудаг. Би Э.Ат найз болон хамаатны үүднээс энэ хүнээсээ салаад архи дарс уухаа боль гэсэн зөвлөгөөг өгч байсан. Н.Н Э.А хоёр нь дундаасаа хүүхэдгүй. Н.Н нь 2 дагавар хүүхэдтэй. Байнга архи уудаг хүн. Э.А их үг дуу цөөтэй, даруу төлөв, хүний үгээр хүн. ... Чухам ямар асуудлаас болж эхнэртэй гар хүрсэнийг нь би сайн мэдэхгүй байна...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

            7. Гэрч Б.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Э.А нь төрсөн цагаасаа хойш манайхантай ойр дотно өссөн хүүхэд. Бага байхын их бие муутай хүүхэд байсан. Э.А нь Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийг төгсөөд Дадал суманд ээж аавын хамт амьдардаг байсан. Э.А Дадал суман амьдардаг байгаад Н.Н гэх хоёр хүүхэдтэй хүнтэй суугаад Биндэр суманд ирж суурьшиж амьдрах болсон. Яг хэдэн жил амьдарч байгааг нь сайн санахгүй байна. 5-6 жил болов уу гэж санаж байна. Манай дүү Э.А нь бага байхдаа үг дуу цөөтэй, их ажилсаг, цэвэрч нямбай хүүхэд байсан. Сүүлд Н.Н гэх хүнтэй сууснаасаа хойш хоёулаа нийлж архи уудаг болсон. Э.А бага байхаасаа ээж аав дээрээ өссөн. Гэр бүлийн хүмүүжил төлөвшил сайтай хүүхэд. Урьд өмнө ямар нэг асуудалд холбогдож байгаагүй. Энэ Н.Н гэх хүнтэй нийлснээсээ хойш л асуудалд холбогдож байна. Э.Аыг Биндэр суманд амьдрах болсноос хойш эдний гэр бүлийн амьдралыг би сайн мэднэ. Э.Аыг архи уух болгонд нь эхнэр Н.Н нь хамт уусан согтуу байж байдаг. Э.А Биндэр суманд ирж амьдрахаасаа өмнө архи дарс уугаад байдаггүй байсан. Биндэр суманд ирснээсээ хойш архи уудаг болсон. Аав, ээж нь архи уугаад байгааг нь мэдээд хажуудаа хүртэл аваачаад байлгахад эхнэр Н.Н нь нийлж архи уугаад аав, ээжийг нь загнахад буцаад Биндэр суманд ирсэн. Э.А нь архи дарс уугаагүй үедээ их үг дуу цөөтэй, томоотой хүүхэд. Архи уусан үедээ ч мөн хүн амьтантай хэрүүл хийгээд агсан согтуу тавиад байдаггүй, унт гэхээр унтчихдаг. Чухам эхнэртэйгээ байхдаа ямар байдгийг нь би сайн мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/ 

            8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №30 дугаартай:

            “... 1. Н.Н.Нын биед баруун бугалга, зүүн өвдгөнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.   3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

            5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Э.Аын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Н  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байгаа бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Аыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай 28 см урттай 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ГАНЗОРИГ