Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 01369

 

 

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 4-7 тоотод оршин суух Боржигон овгийн Давгацэндийн Баасансүрэнгийн /ГВ-51051400/ нэхэмжлэлтэй нөхөн олговор 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Б.Жавхлантуяа, нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Дагвацэнд овогтой Дамдинсүрэнтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,, цагаатгасантай холбоотойгоор нөхөн олговорын мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа тул нөхөн олговор болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг олгох талаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбарлахдаа: Дагвацэндийн Дамдинсүрэнг УДШ-ээс 2012 онд цагаатгасан,цагаатгагдсан иргэдийн нэрсийн жагсаалтад орсон байна.Мөн Баасансүрэн,Дамдинсүрэн нарыг Дагвацэндийн хүүхдүүд болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу 1,0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэстэй гэжээ.

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:   

Нэхэмжлэгч Д.Баасансүрэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговор 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 Д.Баасансүрэнг хэлмэгдэгч Д.Дамдинсүрэнгийн төрсөн дүү мөн болохыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр тогтоож, Зууны мэдээ сонины 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтад Д.Баасансүрэн орсон болох нь, Дагвацэнд овогтой Дамдинсүрэн нь 1956 онд улс төрийн хилс хэрэгт 25 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Улсын Дээд Шүүхээс цагаатгагдсан болох нь тус тус  хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.Иймд Д.Баасансүрэнг нөхөх олговор гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Дагвацэнд овогтой Дамдинсүрэнг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлснийг  УДШ 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар тогтоолоор тогтоосон боловч 2015 оны 12 сарын 15-ны өдөр №17113 тоот цагаатгалын үнэмлэх олгосон байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Д.Баасансүрэн нь хэлмэгдэгч Д.Дамдинсүрэнгийн төрсөн дүү болох нь тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн мөн гэж үзнэ.

           Дээрхи үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан хэлмэгдэгч Д.Дамдинсүрэнгийн төрсөн дүү Д.Баасансүрэнд улсын төсвөөс1,000,000  төгрөгийн нөхөн олговор гаргуулан олгохоор зааж  шийдвэрлэсэн болно.

                Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Д.Баасансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан Д.Баасансүрэнд улсын төсвөөс 1,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулан олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 сарын 09-ний өдөр Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд төлсөн 28,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч,өмгөөлөгч,прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ