Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 764

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А  ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх” тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах хугацааг сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлж урьдчилсан нөхцлийн хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх” тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож уг захиргааны актыг хүчингүй болгуулах, Концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах хугацааг сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөлийн хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих концесс”-ын эрхийг “А” ХХК-д олгосны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрхийн дагуу Нийслэлийн Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих төслийн онцгой эрх /концесс/ олгох” гэрээг байгуулсан.

Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11-т заасан урьдчилсан нөхцөлүүдийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд концесс эзэмшигч биелүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болохоор гэрээнд заасан. Нөгөө талаас концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 2.10-т тус тус заасны дагуу концесс олгогч нь концессын зүйлийг бэлэн болгож концесс эзэмшигчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл концесс олгогч нь уг үүргээ биелүүлээгүйн улмаас концесс эзэмшигч болох “А” ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11-т заасан урьдчилсан нөхцөлийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүйд хүрсэн. Тухайлбал:

1. Концессын гэрээ байгуулснаас хойш Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгад байрлаж байсан Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар нь хуучин барилгыг чөлөөлөлгүйгээр 2016 оны 04 дүгээр сар хүргэсэн.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан гэх иргэн У******* нь дүүргийн барилгатай хана залган өргөтгөл барьж оффисын үйл ажиллагаа явуулан уг барилгаа буулгалгүйгээр өнөөдрийг хүргэсэн.

3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын сантехникийн шугам сүлжээ нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн барилгатай нэгдсэн байдалтайгаар хийгдсэн байснаас шалтгаалан дэд бүтцийг салгах, шинэчлэх ажлыг өнөөдрийг хүртэл гүйцэтгэх боломжоор хангагдаагүй.

4. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь төслийн хүрээнд шинээр баригдах барилгын зураг төслийг батлуулахад шаардлагатай шинэчилсэн кадастрын зургийг баталгаажуулаагүй хугацаа алдсан, дээрх шалтгаануудын улмаас кадастрын зурагт өөрчлөлт оруулах шаардлагатай зэрэг нөхцөл байдлаас үүдэн “А”  ХХК нь концессын гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүйд хүрсэн.

Концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 2.10-т заасан үүргээ “концесс олгогч” биелүүлж дээрх үүссэн нөхцөл байдлыг шийдэж өгөх хүсэлт, шаардлагуудыг “А” ХХК-ийн зүгээс удаа дараа албан бичгээр Нийслэлийн Засаг дарга болон түүний орлогч нарт, Нийслэлийн Эдийн Засаг, Хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж  байсан боловч арга хэмжээ авч ажиллаагүй.

Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Б*******оос концессын гэрээний хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т заасныг үндэслэн концессын гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлсэн.

Уг мэдэгдлийн үндэслэл болсон Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3 дахь зохицуулалт нь концесс олгогчийн зүгээс концессын зүйлийг концесс эзэмжшигчид бүрэн шилжүүлж, хүлээлгэн өгсөөр байхад концесс эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, урьдчилсан нөхцөлийг хангаагүй байх тухай зохицуулалт гэж ойлгож байна. Харин манай тохиолдлын хувьд концесс олгогчийн зүгээс концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 2.10-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй буюу концессын гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд концессын зүйлийг концесс эзэмшигч болох “А” ХХК-д бүрэн шилжүүлж, хүлээлгэн өгөөгүй буюу урьдчилсан нөхцөлийг хангаж үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй мөртлөө гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.12-т зааснаар “Гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй үед концесс олгогч нь шалтгаан нөхцөлийг тодорхойлж, урьдчилсан нөхцөлийн хугацааг сунгах, концессын гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байхад концесс олгогч нь энэхүү эрх хэмжээг хэрэгжүүлэлгүйгээр концесс эзэмшигчийг тайлбар гаргах боломж олгож, урьдчилан мэдэгдэлгүйгээр концессын гэрээг цуцалж байгаа үйлдэл нь хууль бус байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Концессын гэрээг урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэх шалтгаанаар цуцалсныг нэгдүгээрт, эрх зүйн үндэслэлийг зөв үндэслээгүй, хоёрдугаарт, захиргааны акт гаргах журам зөрчсөн гэж үзэж байгаа. 

Эрх зүйн үндэслэлийг зөв үндэслээгүй гэдэг нь Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэсэн байсан. Өөрөө хэлбэл концессын гэрээний урьдчилсан нөхцөлд зааснаар дээрх цуцалсан үндэслэлийг тусгагдаагүй. Концессын гэрээний 1 дүгээр зүйлийг 1.12-т “гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцөлийг тодорхойлж урьдчилсан нөхцөлийг хангах, гэрээ цуцлах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байгаа. Энэ нь шийдвэр гаргахтай холбоотой харагдаж байгаа боловч нөгөө талаас гэрээний талуудын аль нэг нь үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлах асуудал болно гэсэн агуулгыг тусгасан байгаа юм. 

Концессын гэрээний 2 дугаар бүлэгт концессын гэрээгээр талуудын эрх, үүргийг тодорхойлохдоо эрх бүхий этгээд болон зохицуулах байгууллагуудын эрх, үүргийн давхар зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл 2.2-т эрх бүхий этгээд нь концесс эзэмшигчийн гэрээнд тусгасан нөхцөлийн дагуу төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх ёстой. Зохицуулах байгууллагууд гэдэг нь Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “зохицуулах байгууллага” гэж концессыг хэрэгжүүлэхэд  шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг хэлнэ гэж заасан. 

Гэрээний дагуу зохицуулах байгууллага нь Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар юм. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар нь концесс олгогч буюу Нийслэлийн Засаг даргын шууд удирдлага дор түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудлыг зохион байгуулах бөгөөд энэхүү гэрээнээс бусад салбар нэмэлт гэрээг эрх бүхий этгээдийг төлөөлөн байгуулах, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэх шатанд явагдах бүхий л арга хэмжээг авах эрхтэй. Мөн гэрээний 2.10-т Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар нь нийслэлийн төр захиргааны бусад байгууллага, харьяа газартай хамтран ажиллах, энэхүү гэрээ хэрэгжих концессын талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах үүргийг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох ажиллагаанд хяналт тавьж үйл ажиллагааг зохицуулж, чиглүүлнэ, 2.12-т нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон нийслэлийн холбогдох бусад байгууллага, газартай хамтран ажиллаж энэхүү гэрээгээр хэрэгжих концессын талаарх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах, концессын барьж байгуулах нөхцөлийг хангах, дэмжлэг үзүүлэх үүргийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ зохицуулах байгууллага болон нийслэлийн холбогдох бүх байгууллагууд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан концессын гэрээг хэрэгжүүлэх үүргийг хангах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх ёстой. Тухайлбал хариуцагч талаас Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар кадастрын зураг гаргах бусад үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Концессын эрх бүхий этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэхүү шийдвэрийг гаргах эрхгүй учраас уг шийдвэр гарахтай холбоотой хариуцлагыг хүлээхгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа. Гэтэл эдгээр байгууллагууд нь Нийслэлийн харьяа байгууллага гэдэг утгаараа концессын гэрээнд заасны дагуу бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх үүрэгтэй. Эдгээр шийдвэрүүдийг гаргаагүйгээс болоод концессын гэрээ хэрэгжээгүй. Концесс эзэмшигч нь хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлээгүйгээс болоод гэрээ цуцлана гэсэн заалтыг баримталсан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, шийдвэр гаргахдаа эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Концессын тухай хуульд шийдвэр гаргахдаа ямар журам баримтлах тухай тусгайлсан зохицуулалт байхгүй. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн заасан 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Тэгэхээр захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4 “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2 “оролцогчийг сонгох, тайлбар гаргуулах” үүрэгтэй. “А” ХХК нь концессын гэрээний урьдчилсан нөхцөлийг хугацаандаа хангах боломж байгаагүй. Энэ нөхцөл нь өөрөөс нь шалтгаалаагүй гэдгийг нотлох баримтуудыг гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн  24, 25, 26 дугаар зүйлд заасан формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй, шууд бие даан шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчиж байна учраас Нийслэлийн Засаг даргын гаргасан захиргааны акт хууль бус гэж үзэж байна.” гэв.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхээс явуулсан албан бичгийн хариу ирсэн байгаа. У*******ын өргөлтгөлийн барилга нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гэж үзэж байгаа үндэслэл нь өргөтгөлийн барилгын зөвшөөрөл аваагүй, газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч биш гэдэг нь ойлгомжтой байна. Тэгэхээр дээрх шаардлагуудыг хангахгүй байгаа учраас тухайн өргөтгөл үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй гэж үзэх үндэслэл болох тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 онд “А” ХХК-д ирүүлсэн албан бичиг байгаа. Уг албан бичигт тухайн газар нь хуучин барилгын сууриар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа гэсэн тодорхойлолт байгаа бөгөөд бидний зүгээс хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэлийн нэгдэх шаардлагын хүрээнд Нэгдүгээрт, Концессын гэрээний урьдчилсан нөхцөлийг хангах ажлын хүрээнд удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс концессын гэрээгээр үүрэг хүлээсэн зохицуулагч байгууллага нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт уг асуудлаар удаа дараа хандаж байсан. 2016 оны 09 дүгээр сард Засгийн газраас 37 дугаар “Концессын гэрээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулж манай концессын гэрээтэй холбогдох асуудлаар уулзъя гэж Нийслэлийн Засаг даргын орлогчид мэдэгдсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга болон Үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн даргатай 2-оос 3 удаа уулзсан.

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа нь захиргааны актад заасан үндэслэл Концессын тухай хуулиар зохицуулагдсан харилцаа биш юм. Өөрөөр хэлбэл Концессын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг барьж байгаа боловч яг уг заалтын дагуу гэрээг зохицуулах үндэслэлийг концессын гэрээгээр тохиролцоогүй юм. 

Хоёрдугаарт, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Нийслэлийн Засаг даргын концессийн гэрээтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх эрх, үүргийг шилжүүлж авсан. 2016 онд орон нутгийн сонгууль болж түүнтэй холбоотойгоор Нийслэлийн шинэ удирдлагууд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгасан. Татан буулгахдаа ямар чиг үүрэг, эрх хэмжээг нь хаашаа шилжүүлсэн, манайд холбоотой асуудал ямар байгууллага дээр байгаа талаар холбогдох байгууллагаас лавлагаа хүссэн боловч хариу ирээгүй.

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын орлогчид “концессын гэрээний урьдчилсан нөхцөлийн хугацаа сунгах шаардлагатай байна. Учир нь дэд бүтэцтэй холбоотой асуудал үүсэж, өргөтгөлтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй байгааг шийдэж өгнө үү” гэхэд манайх шийдэхгүй гэсэн хариу хэлсэн бөгөөд 2016 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргасан боловч мөн адил уг байгууламжийг буулгах акт гаргаж чадахгүй гэсэн.

“А” ХХК-иас төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр баригдах барилгын зогсоол руу орох хэсэг нь н.У******* гэх хүний өргөлтгөл нь орц, гарц дээр таарч байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар өгсөн боловч 2017 оны 04 сард өгсөн өргөдөлтэй холбогдуулж өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй. Барилга угсралтын ажлын зургийг хийлгэж хянуулсан байгаа. Гэхдээ Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас барилга угсралтын ажлын зураг эцэслэн батлагдаагүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй гэдэг үндэслэлээр өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажлын зургийг батлах ажиллагаа хойшлогдоод байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга урьдчилсан нөхцлийг хангах хугацааг олгосон тохиолдолд бид гэрээний үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна. Тухайн үед концесс нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт бүх баримт бичиг, гэрээг баталгаажуулж өгсөн. Барилга угсралтын зураг төсөл батлагдахад дээрх асуудал тулгараад байгаа юм. 

Барилга буулгах ажиллагаа 2015 оноос эхэлсэн. Барилгын буулгасан материалаас ашиглах боломжтой цонх хаалга зэрэг материалыг тухайн үед Нийслэлийн өмчийн харилцааны газраас концессын гэрээнд заасны дагуу авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргаас мөн албан бичиг ирүүлж шаардлагатай ашиглаж болох материалыг авна гэж үл ойлголцох байдал үүссэн. н.У*******ын өргөлтгөлтэй холбоотойгоор шүүхийн барилгатай залгаа хоолой хэсгийг буулгаагүй. Буулгаж чадахгүй байгаа шалтгаан нь өргөлтгөлийн барилгад түрээсэлж буй хүмүүс нь байнгын үйл ажиллагаа явуулдаг. 

 

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хүрээнд концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангах хугацааг сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох. Концессын гэрээг 2017 оны 10 дугаар сар хүртэл урьдчилсан нөхцөлийг хангах хооронд уг асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна гэж тухайн үеийн удирдлагуудад хүсэлт өгч байсан боловч хариу өгөөгүй. Өмнө нь 2 удаа сунгахдаа албан бичгээр хариу ирүүлж байгаагүй, харин Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас амаар хэлж барилгын зураг төслөө батлуулж уг асуудлаа шийдвэрлэчих, хугацаа тооцогдож байгаа гэж хэлдэг байсан. Тухайн үед Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга уг асуудлыг сайн мэдэж байгаа. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны зөвлөмж  “Барилгын норм ба дүрэм” 520110, 520205 гэсэн төмөр бетон бэлтгэх, ашиглалтад тавих шаардлага гэсэн 2 стандарт байгаа. Мөн MNS:1918, MNS:2122 гэсэн хөнгөн ба сүвэгжүүлсэн бетон, дундаж бетонийг хангах журам дээр “+5 градусаас доош хүйтэрсэн нөхцөлд бетон бүтээц хийхийг хориглосон” байгаа. Тиймээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс наана барилга угсралтын ажлыг гүйцэтгэх  боломжгүй. Өөрөөр хэлбэл урьдчилсан нөхцөлийг хангах хугацааг уялдуулж тооцохгүй гэрээний хугацааг тооцвол концессын гэрээгээр хүлээсэн хугацаанд уг барилгыг хүлээлгэж өгөх боломжгүйд хүрнэ. Иймд Нийслэлийн Засаг даргад концессын урьдчилсан нөхцөл хангагдахгүй байгаа нөхцөлийг тодорхойлж, манай компанитай хамтран хугацаа тогтоон урьдчилсан нөхцөл хангах хугацааг шинээр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нөхцөлүүд арилсан тохиолдолд манай зүгээс концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нийслэлд концессын гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэх бүрэн боломжтой юм.

Барилгын угсралтын зураг төсөл боловсруулагдсан. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, скиз зураг хоёрыг батлуулахаар өгсөн байгаа. Барилгын угсралтын ажлын зургийг хийгээд архитектороор хянуулахаар өгсөн бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, скиз зураг хоёрыг үндэслэж ажлын зургийг батлахаар хүлээгдэж байгаа. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, скиз зургийг батлуулахаар 2016 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын н.Тэмүүлэн даргад өөрт нь өгч байсан. Тухайн нөхцөл байдлыг тайлбарлаж 2 удаа уулзалт хийж байсан бөгөөд мөн оны 3 сард тайлан өгч байх үед Эдийн засгийн хөгжлийн газрын дарга нь солигдож н.Хоролсүрэн гэх хүн болж бидний зүгээс н.Хоролсүрэн даргатай мөн биечлэн очиж танилцуулсан. 

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, скиз зураг батлагдаж байж ажлын зураг баталгаажуулна. Гэтэл концессын зүйлийн доорх газар кадастрын зургаар шүүхийн барилгыг оруулаад дүүргийн Тамгын газрын эзэмшилд байдаг. Кадастрын зургийг салгуулж баталгаажуулахаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бичиг нь явсан боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газар шийдвэрлэхгүй байгаа. Бид газрын эзэмшигч биш учир Газрын албанд энэ талаар хүсэлт өгөх эрхгүй. Тэгэхээр бид төрийн байгууллагад л хандана. Тухайн үед Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт хандаж, тэндээс Өмчийн харилцааны газарт хандсан боловч шийдээгүй. 

Манай компани концессыг гүйцэтгэх эдийн засгийн хувьд чадвартай. Концессын сонгон шалгаруулалтад орохдоо гүйцэтгэлийн баталгаа байршуулдаг. Гүйцэтгэлийн баталгаа концессын гэрээ дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

Мөн буулгасан барилгын хогийг зөөвөрлөх гэтэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс том оврын машин явуулахыг хориглосон шийдвэрийг ирүүлсэн. Хуучин хашааг өндөр болгож барьсан. 

Хуучин барилгыг буулгахад тухайн барилгын зураг төсөл шаардлагатай байсан. Зураг төслийг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас удаа дараа шаардсан. Анх 1940-өөд оны үед баригдаж байсан тул зураг төсөл олдохгүй, сүүлд баригдсан өргөтгөлийн барилгын зураг төсөл олдсон. Зөвхөн барилгын буулгалтын зураг хийлгэхэд бид нар Үндэсний архив болон Нийслэлийн Засаг даргын орлогчоос туслалцаа үзүүлэхийг дэмжсэн санал бүхий бичиг авч анхны 1940 оны зураг төслийг аваад буулгалтын зураг төслийг хийлгэж байсан. 

Мөн Сүхбаатар дүүргийн Тамгын газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрыг нүүлгэх ажил 3 жилийн хугацаатайгаар удааширсан. 

Өргөтгөл барьсан н.У******* “газар ашиглах гэрээтэй. Уг гэрээний дагуу үйл ажиллагаа хийж байна” гэдэг. Уг гэрээгээ үзүүлээч гэхээр бид нарт үзүүлдэггүй бөгөөд тухайн дүүрэгт нь албан бичиг өгөхөөр хариу өгдөггүй. 

Иймд гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх” тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах хугацааг сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлж урьдчилсан нөхцлийн хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих” ажлыг баталсан.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга 2013 оны “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах тухай” А/341 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 6 дахь заалтаар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалтаар барилга барих төсөл”-ийн уралдаант шалгаруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ2012/6-25-7 дугаартай “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг нээсэн бөгөөд тус ажилд “А” ХХК шалгарсан.

2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг дарга болон тухайн төсөл хэрэгжүүлэгч “А” ХХК-ийн хооронд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих төслийн онцгой эрх /концесс/ олгох” гэрээг баталсан.

Концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11 дэх заалтад “Урьдчилсан нөхцөлийг концессын гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд биелүүлснээр концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдсанд тооцогдож энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд тухайн байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б*******ын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1203 дугаар албан бичгээр гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдсэн.

Иймд Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Одоо ашиглаж байгаа өргөтгөлийн барилгад Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл олгоогүй, газар эзэмших эрх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа тул өргөтгөлийн хэсэг нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэх боломжгүй учир бүртгэгдсэн эсэхийг тогтоох шаардлагагүй. 

Нэхэмжлэгчийн зүгээс хуучин Эдийн засгийн хөгжлийн газарт кадастрын зураг салгаж баталгаажуулах хүсэлт өгсөн гэж байна. Тухайн үеийн Өмчийн харилцааны газар нь одоо Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын алба гэж 2 салсан байгаа. Одоо Нийслэлийн Газрын албанд энэ хүсэлтээ гаргаад кадастрын зургаа салгаж хийлгэх боломжтой. Урьдчилсан нөхцөл хангагдах хугацааг сунгах боломжтой. Концессын гэрээнд заасан графикийн дагуу хийгдсэн тохиолдолд гэрээ сунгагдаад явах боломжтой. Сунгаж өгнө үү гэсэн хүсэлтүүд байгаа бөгөөд сунгасан гэсэн шийдвэр одоогоор гараагүй. 

Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан, концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11 дэх заалтад “Урьдчилсан нөхцөлийг концессын гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд биелүүлснээр концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдсанд тооцогдож энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд тухайн байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б*******ын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1203 дугаар албан бичгээр гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх” тухай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах хугацааг сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлж урьдчилсан нөхцлийн хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталсны дотор “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих” ажил батлагджээ. 

“Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих” 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ2012/6-25-7 дугаартай төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад “А” ХХК шалгарч, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор  концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид олгож, дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон тухайн төсөл хэрэгжүүлэгч “А” ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих төслийн онцгой эрх /концесс/ олгох” гэрээг  байгуулжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1203 дугаар албан бичгээр  “Концессын гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээний 1.11 дэх заалт буюу гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдаагүй үндэслэлээр Концессын тухай хуулийн 24.2.3-т заасны дагуу концессын гэрээг цуцалж байгаа тухай” мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь “1/ Концессын зүйл болох буулгах барилгад байрлан үйл ажиллагаа явуулж байсан төрийн байгууллагууд барилгыг хугацаандаа чөлөөлөөгүй, 2/ иргэн У******* нь буулгах барилгад өргөтгөл барьснаас барилгыг буулгах боломжгүй болсон, 3/ Буулгах барилгын инженерийн шугам сүлжээг зэргэлдээ болон залгаа барилгуудын шугам сүлжээнээс салгах ажилд хугацаа шаардсан, 4/ барилгын эзэмшил газрын кадастрын зураг хийгдээгүйгээс барилгын эскиз зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй зэргээс шалтгаалан концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй, энэ нь концесс олгогч болон зохицуулах байгууллагууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйтэй хамааралтай, урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй гэрээг цуцалсан нь үндэслэлгүй” хэмээн маргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх үндэслэлүүдийг тухайлан үгүйсгээгүй бөгөөд “гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул концесс эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан” хэмээн тайлбарлаж байна. 

Талуудын хооронд байгуулсан концессын гэрээний 1.11-т “1.11.1-1.11.14-т заасан урьдчилсан нөхцлийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд биелүүлснээр концессын гэрээ хүчин төгөлдөр болохоор”, 1.12-т “гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй үед шалтгаан нөхцлийг тодорхойлж, урьдчилсан нөхцлийн хугацаа сунгах, концессын гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр” тус тус тохиролцжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс доорх шалтгаануудын улмаас гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж маргаж буй нь дараах байдлаар үндэслэлтэй байна. 

1/ Концессын зүйл болох буулгах барилгад байрлан үйл ажиллагаа явуулж байсан төрийн байгууллагууд буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар барилгыг хугацаанд нь чөлөөлөөгүйгээс барилгыг буулгах ажил саатсан байна. 

Барилгыг чөлөөлөх талаар хүсэлт, мэдэгдлийг холбогдох төрийн байгууллагуудад концесс эзэмшигч “А” ХХК-иас удаа дараа хандаж байжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14/119 тоотоор  “барилгыг чөлөөлөх” талаар, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14/152 тоотоор  “барилгыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх” талаар, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 14/126 тоотоор  “барилгыг чөлөөлөөгүйгээс гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах хугацаа хойшлогдоход хүрсэн” талаар, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14/151 тоотоор  “Нийслэлийн Улсын бүртгэлийн газар барилгыг чөлөөлөх боломжгүй гэсэн” талаар, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/158 тоотоор  “дүүргийн Засаг даргын Тамгын газар барилгыг бүрэн чөлөөлөөгүй, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар барилгыг чөлөөлөх боломжгүй гэсэн” талаар, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/83 тоотоор  “буулгах барилгыг хүлээлгэн өгөх” талаар, 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15/112 тоотоор  “барилгыг чөлөөлөөгүй” талаар, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 169/15 тоотоор  “Нийслэлийн Улсын бүртгэлийн газар байрыг чөлөөлж өгөөгүй бөгөөд 2015 оны 5 сараас барилгыг буулгах ажил эхэлсэн боловч тус газрын үйл ажиллагаа явуулж буй хэсэгт нуралт, цууралт үүсч байгаа тул буулгалтын ажлыг зогсоосон” талаар, мөн Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргад 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15/41 тоотоор  “Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас барилгыг чөлөөлүүлж, актаар хүлээлгэн өгөх” талаар, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15/43 тоотоор  “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрыг нүүлгэн шилжүүлэх” талаар, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/85 тоотоор  “барилгыг хүлээлгэн өгөх” талаар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/83 тоотоор  “барилгыг чөлөөлөх” талаар тус тус хандсан байна. 

Гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдах хугацаанд буулгагдах байрыг чөлөөлөх боломжгүй талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6/1842 тоотоор  концесс хэрэгжүүлэгч А ХХК-д, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4/288 тоотоор  Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт, харин Нийслэлийн Улсын бүртгэлийн газар 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/2371 тоотоор , 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/2429  тоотоор А ХХК-д “2015 оны 4 дүгээр сар хүртэл барилга буулгах ажлыг хойшлуулах” талаар тус тус хариу  өгч хандсан байна. 

Ийнхүү буулгагдах барилгад байрлаж байсан төрийн байгууллагууд барилгыг чөлөөлөөгүйгээс барилгыг буулгах боломжгүй байсан нь концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан болсон нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.  

2/ Иргэн н.У******* буулгах барилга болон түүнтэй залгаа шүүхийн барилгын хоорондох хүзүүвчтэй залган өргөтгөл барьж оффисын үйл ажиллагаа явуулж байгаа гэх бөгөөд үүнээс үүдэн барилгын энэ хэсгийг буулгах, хүзүүвч доторх буулгагдах барилгын болон зэргэлдээ Цагдаагийн хэлтсийн, залгаа баригдсан шүүхийн барилгын цахилгааны нэгдсэн шитийг шилжүүлэх ажил саатсан байна. 

Энэ талаар хүсэлт, мэдэгдлийг холбогдох байгууллагуудад концесс эзэмшигч А ХХК-иас удаа дараа буюу Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15/112 , 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18/115 , 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18/176  тоотоор, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18/25 , 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18/31 тоотоор , Өмгөөлөл хууль зүйн товчоонд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18/26 ,  2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18/38 тоотоор , Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18/39 тоотоор , Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18/48 тоотоор , Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18/156 тоотоор  тус тус хандсан байна. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нэхэмжлэгч компанийн 2016 оны 18/48 тоотоор гаргасан “зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилгыг буулгуулах” талаарх хүсэлтэд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02-07/2012 тоотоор  “түр барилгыг буулгуулах, газар чөлөөлүүлэх асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж шийдвэрлүүл” гэсэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газар нэхэмжлэгч компанийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18/25 тоотоор гаргасан хүсэлтэд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2/1787 тоотоор  “хүзүүвчний барилга балансад бүртгэлгүй” талаар тус тус хариу өгсөн байдаг.

Сүхбаатар дүүргийн шүүх, хуучин дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хооронд баригдсан 1 давхар өргөтгөлийн байр нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрөл аваагүйн  дээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд Сүхбаатар дүүргийн шүүх, хуучин дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хооронд баригдсан өргөтгөлийн байр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэхээргүй байна. Учир нь өргөтгөлийн барилгын доорх газар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байдаг ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг мэдүүлэгт хавсаргахыг шаарддаг, хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог, өөрөөр хэлбэл эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжгүй юм. Түүгээр ч барахгүй эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас байршлын дагуу хаяг авах ёстой бөгөөд тодорхой хаяггүйгээр  эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэх мөн боломжгүй.

Уг өргөтгөлийн барилга нь одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаагаас буулгагдах барилгын шүүхийн барилгатай залгаа хүзүүвчний хэсэг одоог хүртэл буулгагдаагүй, өөрөөр хэлбэл концесс эзэмшигч концессын зүйлийг бүрэн хүлээж аваагүй байна. 

3/ Буулгах барилгатай зэргэлдээ байрших Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон залгаа баригдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн барилгатай нэгдсэн байдалтайгаар хийгдсэн инженерийн шугам сүлжээ /цэвэр бохир ус, дулаан, цахилгаан/-г салгаж тусад нь шийдэх ажил удааширсан байна. 

Энэ нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн барилгыг ус, дулаан, цахилгаанаар хангах хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх шаардлагатай уялдсан болох нь тус компаниас Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14/151 , 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/158 , 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15/112 , 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01/52 тоотоор , Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/159  2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18/39 , 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18/73 тоотоор , Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18/25 тоотоор  харилцаж байснаас тодорхой байна.

Энэ талаар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9ш/5935, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9ш/6173 тоотоор “шугамын ажил шинээр хийхэд цаг хугацаа, төсөв хөрөнгө байхгүй, 2015 оны 5 дугаар сар хүртэл барилгыг буулгах ажлыг хойшлуулах” талаар, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 9и/1164 тоотоор “цахилгааны холболтын талаар уулзалт хийх” талаар “А” ХХК-д хандсан байдаг.

Дээрхээс үзвэл залгаа болон зэргэлдээ баригдсан төрийн байгууллагуудтай нэгдсэн байдлаар холбогдсон буулгагдах барилгын инженерийн шугам сүлжээг салгаж шийдэх ажил ийнхүү хойшлогдож байсан нь гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй бас нэгэн шалтгаан болсон байна.

4/ Концессын зүйл болох шинээр баригдах барилгын эзэмшлийн газрын буюу төслийн газрын хил заагийг баталгаажуулаагүйгээс уг барилгын эскиз зураг, орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг одоог хүртэл нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар батлаагүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1015 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2262 м.кв газрыг конторын зориулалтаар эзэмшиж буйг баталгаажуулж газар эзэмших эрхийн 000437474 дугаартай гэрчилгээ олгосон, кадастрын зураг нь мэдээллийн санд  нэгж талбарын 18643311177693 дугаартайгаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд Тамгын газрын байр, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар байрлах нийслэлийн өмчийн 6 дугаар байр, шүүхийн барилгыг оруулан барилгын сууриар 2262 м.кв хэмжээгээр 2008 онд бүртгэгдсэн нь одоог хүртэл өөрчлөлт ороогүй байна.

Концессын гэрээний дагуу шинээр баригдах барилгын эскиз зураг, орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулахад шинээр баригдах барилгын эзэмшил газрын кадастрын зураг шаардагдсанаар хуучин Засаг даргын Тамгын газрын барилга, нийслэлийн өмчийн 6 дугаар байр болон залгаа шүүхийн барилгын сууриар нэгдсэн байдлаар хийгдсэн кадастрын зургийг концессын гэрээний дагуу баригдах барилгын эзэмших газрын хэмжээгээр шинэчлэн батлуулах асуудлаар концесс эзэмшигч А ХХК нь зохицуулах байгууллага болох Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14/126 , 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15/112 тоотоор , газрын эзэмшигч болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 18/89 тоотоор  “эзэмшил газрын хэмжээ хил заагийг өөрчлөлт оруулах материалыг бүрдүүлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгөх” талаар, газрын мэдээллийн санд нэгж талбарын 18643311177693 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 2262 м.кв газрын кадастрын зургийг хавсарган  хүргүүлж байсан, мөн газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 163/15  тоотоор “концессын гэрээнд зааснаар газар эзэмших эрхийг концесс эзэмшигч болон концесс олгогч талуудын нэр дээр зохих журмын дагуу гаргуулах, газрын бичиг баримт бүрдэлгүйгээс барилгын зураг төсөл батлагдахгүй саатаж буй” талаар хүсэлт гаргасан байдаг. 

Гэвч одоог хүртэл шинээр баригдах барилгын эзэмших газрын байршил, хил заагийг тодорхойлж баталгаажуулаагүйгээс барилгын эскиз зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй хүлээгдэж байгаа бөгөөд гэрээний 1.11.13-т заасан “газар эзэмших гэрчилгээг 10 жилийн хугацаагаар концесс эзэмшигч болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр дээр гаргуулсан байх” концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүйн дээр Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д “концессын зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг бол тухайн газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулна" гэсэн хуулиар тогтоосон нөхцөл хангагдаагүй байна.

Түүнчлэн хуучин барилгыг буулгаж, шинээр барилга барих концессийн гэрээ байгуулагдан уг гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрснөөс хойш буюу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга 3/2789 тоотоор  “конторын барилга, инженерийн шугам сүлжээг акталж данснаас хасах” хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолоор  “дүүргийн Тамгын газрын балансад бүртгэлтэй конторын байр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй нийслэлийн засаг захиргааны 6 дугаар байрны барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг акталж, данс бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрч”, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/415 дугаар захирамжаар  дээрх барилга, шугам сүлжээ, эд хөрөнгийг акталж, данс бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт зөвшөөрч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/180 дугаар тушаалаар  дээрх барилга, шугам сүлжээ, эд хөрөнгийг акталж, данс бүртгэлээс хассанаас үзэхэд концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй бас нэгэн үндэслэл болж байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй, үүнээс үүдэн “А”  ХХК нь концессын гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүйд хүрсэн байх бөгөөд Концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.9, 2.10-т заасан үүргээ “концесс олгогч” биелүүлж дээрх үүссэн нөхцөл байдлыг шийдэж өгөх хүсэлт, шаардлагуудыг “А” ХХК-ийн зүгээс удаа дараа албан бичгээр Нийслэлийн Засаг дарга болон түүний орлогч, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, мөн холбогдох байгууллагууд болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа хандаж  байсан боловч тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй гэж дүгнэхээр байна. 

Концессын гэрээний нэр томъёоны тодорхойлолт, гэрээг тайлбарлах хэсэгт зааснаар “зохицуулах байгууллага” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагууд байна. 

Гэрээнд зохицуулах байгууллагуудыг болон тэдгээрийн гэрээгээр хүлээх үүргийг тодорхой заасан, тухайлбал гэрээний 2.9, 2.10-т зааснаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар концесс олгогчийн шууд удирдлага дор түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гэрээнээс бусад салбар нэмэлт гэрээг эрх бүхий этгээдийг төлөөлөн байгуулах, төсөл хэрэгжүүлэх шатанд бүхий л арга хэмжээг авах, нийслэлийн төр захиргааны бусад байгууллага, харьяа газартай хамтран ажиллах, гэрээгээр хэрэгжих концессын зүйлийн талаарх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах үүргийг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийг олгох ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулж, чиглүүлэх, 2.13-т зааснаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь шинээр баригдах барилгын зураг төслийг хянан баталгаажуулах, 2.14-т зааснаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар, одоогийн Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь концессын зүйлийг барьж байгуулах газрын харилцааг зохицуулах, нийслэлийн өмчид ногдох талбайг нийслэлийн өмчид бүртгэж авах чиг үүрэг хүлээжээ. 

Өөрөөр хэлбэл концессын зүйл болох буулгах барилгыг чөлөөлөх, газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх, шинээр баригдах барилгын зураг төслийг хянан баталгаажуулах зэрэг концессын гэрээний урьдчилсан нөхцлүүд хангагдахад шаардлагатай, одоо хийгдээгүй байгаа дээрх ажиллагаануудыг шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг зохицуулах байгууллагуудад олгогдсон,  энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих төслийн онцгой эрх /концесс/ олгох гэрээний 1.11, 1.12-т “талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцлийг биелүүлснээр концессын гэрээ хүчин төгөлдөр болохоор”, “гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй үед шалтгаан нөхцлийг тодорхойлж, урьдчилсан нөхцлийн хугацаа сунгахаар, эсхүл концессын гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр” 1.4-т “төсөл хэрэгжүүлэх хугацаа 2 жил бөгөөд концессын гэрээний хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхэлж, гэрээ дуусах хүртэл үргэлжлэхээр”, мөн гэрээний нэр томъёоны тодорхойлолт, гэрээг тайлбарлах хэсэгт “гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр”-ийг гэрээний урьдчилсан нөхцлийг биелүүлснээ нотлож эрх бүхий этгээдэд тайлан ирүүлснийг хянан эрх бүхий этгээд гэрээний урьдчилсан нөхцлийг биелүүлснийг хүлээн зөвшөөрсөн өдрөөр, “концессын хугацаа”-г концессын гэрээ байгуулснаас хойш 5 жил, мөн цааш сунгасан хугацаагаар ойлгохоор тайлбарласан байгаагаас үзэхэд гэрээ хүчин төгөлдөр болоогүй байх бөгөөд гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй үед шалтгаан нөхцлийг тодорхойлж, урьдчилсан нөхцлийн хугацааг сунгах боломжтой байна. 

Концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлж, урьдчилсан нөхцөл хангагдах хугацаа сунгуулахаар концесс хэрэгжүүлэгч А ХХК нь концесс олгогч болон гэрээгээр үүрэг хүлээсэн зохицуулагч байгууллагад тухайлбал, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14/126 , 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/83 , 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15/112 , 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 169/15  2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18/115 , 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18/176 тоотоор , Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18/156 тоотоор , нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчид 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 15/134 тоотоор  тус тус хандаж, концессын гэрээний зохицуулагч байгууллага болох Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас концесс хэрэгжүүлэгч А ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01/230 , 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1/17 тоотоор  хугацаа сунгах асуудлаар баримт, материал шаардаж байжээ. 

Гэсэн хэдий ч концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдах хугацааг сунгасан, сунгахаас татгалзсан эсэхийг шийдвэрлээгүй, гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй, дээр дүгнэснээр зохицуулах байгууллагууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй бодит нөхцөл байдлууд тогтоогдож байх тул гэрээний урьдчилсан нөхцөл хангагдах  хугацаа сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлсны үндсэн дээр барилга угсралтын ажил хийх улирлыг харгалзан гэрээний урьдчилсан нөхцлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Ийнхүү гэрээнд заасан хугацаанд гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй нь дээр дүгнэсэнчлэн зохицуулах байгууллагууд үүргээ хэрэгжүүлээгүйтэй хамааралтай байхад гэрээнд зааснаар гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй атлаа “гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дууссан, концессын гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдаагүй үндэслэлээр Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3 “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасныг баримтлан концессын гэрээг цуцалсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1203 дугаартай мэдэгдэл хууль бус байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Учир нь  Концессын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.23-т концессын гэрээний хугацаа, түүнийг сунгах, ... гэрээ, цуцлах, дуусгавар болох үндэслэл, журмыг концессын гэрээнд тусгахаар заасны дагуу “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих концессын гэрээ”-ний 1.11-т гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болохоор тодорхой заасан, өөрөөр хэлбэл гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад гэрээний хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1203 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн нь уг албан бичгээр гэрээний 7.2-т заасан “гэрээг цуцлах” тухай урьдчилсан мэдэгдэл биш, гэрээг цуцалж шийдвэрлэсэн талаараа мэдэгдсэн гэж ойлгохоор байх тул үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэж шийдвэрлэсэн болно.  

Буулгах барилга болон шүүхийн барилгын хоорондох хүзүүвчтэй залгаа баригдсан өргөтгөлийн барилга нь газар эзэмших, ашиглах эрхгүй, өргөтгөл барих зөвшөөрөл аваагүй, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл уг хэргийг шийдвэрлэхэд хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх байдал тогтоогдоогүй тул өргөтгөлийн барилгын эзэмшигч, ашиглагчийг уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэлгүй гэж шүүх үзсэнийг дурьдах нь зүйтэй. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Концессын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.23,  24 дүгээр зүйлийн 24.2.3, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1203 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Нийслэлийн Засаг дарга “А” ХХК хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний төв барих концессын гэрээ”-ний урьдчилсан нөхцөл хангагдах хугацаа сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, концессын гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй шалтгаан нөхцөлийг тодорхойлж гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөлийн хугацаа сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА