Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01118

 

Т.Рийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00503 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.Р

          Хариуцагч: Нт холбогдох

          Үл өдлөх эд хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.З гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/02891 дүгээр шийдвэрээр Т.Раас 140 111 120 төгрөг гаргуулж, Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр 95 тоот хаягт байрлах 103.6 м.кв 3 өрөө миний өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгийг  албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн саналыг үндэслэн Итгэлт-Эстимэйт ХХК нь 2017-09-08-ны өдөр Т.Рийн өмчлөлийн уг  үл хөдлөх эд хөрөнгийг 290 502 000 төгрөгөөр үнэлж, үүнтэй  мөн  сарын 12-ны өдөр танилцаж, төлбөр төлөгчид мэдэгдсэн болно. Уг орон сууцыг 2011 онд  1 м.кв-ыг 3 200 000 төгрөгөөр тооцож, 331 520 000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ 30-40 хувиар өссөн, уг орон сууцанд 50 сая орчим төгрөгийн нэмэлт засвар хийсэн зэргийг тооцож үзвэл 480 сая орчим төгрөгийн үнэлгээтэй байхаар байна. Дээрх үнэлгээнээс харахад 290 502 000 төгрөгийн 70 хувь буюу 203 351 400 төгрөгөөр анхны, 50 хувь буюу 145 251 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахаар харагдаж байгаа нь гэрээний үүргийн буюу төлбөрийн дүн болох 140 111 120 төгрөгтэй бараг тэнцэж байна. Эдгээрээс дүгнэхэд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт доогуур үнэлэн үнэгүйдүүлсэн, төлбөр авагчид зөрүү төлбөргүйгээр шилжүүлэх хэмжээнд хүрэхээр байгаад гомдолтой байгаа тул Т.Рийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

         Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/02891 дүгээр шийдвэрээр Т.Раас 140 957 525 төгрөг гаргуулж, Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид  шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  95 тоот  орон сууцыг 2017 оны  140/10 дугаар  тогтоолоор битүүмжилж, 2017 оны  140/11 дүгээр  тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад дээрх эд хөрөнгүүдийг шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул хөндлөнгийн шинжээч томилон, Итгэлт эстимейт ХХК-иар үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө 6а байрны 95 тоотод байрлах  3 өрөө орон сууцыг 290 502 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017-09-13-ны өдөр мэдэгдсэн. Иймд  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот хаягт байрлах 103,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Т.Рийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00503 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Орон сууцыг 2011 онд худалдан авахдаа 1 м.кв-ыг нь 3,200,000 төгрөгөөр тооцож, 331,520,000.0 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ 30-40 хувиар өссөн, уг орон сууцанд 50сая орчим төгрөгийн нэмэлт засвар хийсэн зэргийг тооцож үзвэл 480сая орчим төгрөгийн үнэлгээтэй байхаар байгаа тухай нэхэмжлэлд дурдсан. Мөн Т.Рын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр 95 тоот хаягт байрлах 103.6 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Энхтайваны гүүрний зүүн урд, наадам центрийн хойно байрлах ...бөгөөд хотын бүсчлэлийн хувьд А зэрэглэлд хамаарагдах маш өндөр үнэ цэнэ бүхий хөрөнгө юм. Мөн шинжээчийн тогтоосон үнэлгээ 1 м.кв нь 2,804,000 төгрөг болж байгаа бөгөөд одоо зах зээл дээр уг цогцолборт байрлах орон сууцнууд нь 1 м.кв нь 3сая орчим төгрөг, түүнээс ч илүү үнэлэгдэн зарагдаж байгаа билээ. Тиймээс шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 290,502,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. ...шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт ирүүлээгүй, 480сая орчим төгрөгийн үнэлгээтэй гэдгийг баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлах, шаардлагатай бол нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах зэргээр хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж болох байсан боловч тэгээгүй байна. Мөн “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2017-09- 08-ны өдөр Т.Рын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр 95 тоот хаягт байрлах 103.6 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 290,502,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, 290,502,000 төгрөгийн үнэлгээтэй гэдгийг хэрхэн тогтоосон, түүнийгээ нотлох баримтыг шүүх хуралдаанд ирүүлээгүй байхад уг үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьж ижил нөхцөл байдалд нэг талд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, гэвч шүүх хуралдаанд үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээгээ хэрхэн тогтоосныг нотлуулаагүй боловч, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзсэн нь нэг талыг барьж, хуулиар тогтоосон журам зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдсан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Т.Р нь 2017 оны 08 дүгээр сарын 18-ны өдөр Нт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Т.Раас 140,111,120 төгрөг гаргуулж “Бизнес девелопмент ББСБ” ХХК-д  олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах талаар Баянгол, Хан-уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 102/ШШ2016/02891 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар  сарын 20-ны өдрийн 1189 дугаар магадлал, хяналтын шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 001/ХТ2016/01154 дугаар тогтоол гарсан байх бөгөөд уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг хариуцагч явуулсан үйл баримт тогтоогдсон байна. 

       Дурдсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17290039 дүгээр  тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ. 

       Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. Үнэлгээний талаар талууд, өмчлөгч тохиролцоогүй нь шинжээчээр үнэлгээ хийлгэх үндэслэл болно.

       Хариуцагч байгууллага эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ Иргэний хуулийн 177,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-г зөрчөөгүй байна.

      “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №142/08 тоот тайланд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж 6а байр, 95 тоот 103,62 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийг 290,502,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг тогтоохдоо эрх бүхий байгууллага нь холбогдох хууль, дүрмийг зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй болно. Иймд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 177, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-г зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Шинжээчийн үнэлсэн эд хөрөнгө нь 480,000, 000 орчим төгрөгийн үнэлгээтэйг нотлох баримт хэрэгт байхгүй тул хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

       2. Нэхэмжлэгч нь албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийнхээ хөрөнгийг бие даан худалдах эрхтэй тул “...эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн...” гэх гомдол нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй.  

      Эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ эцэслэн тогтоогдсон буюу талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу өөрийн хөрөнгийг шинжээчийн дүгнэлтэд зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах боломжтой байна.

       Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнээс илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх боломжтой бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 63 дугаар зүйлийн  63.1 дэх хэсэг болон 72 дугаар зүйлийг зөрчихгүй. 

        3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02416 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00503 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ