| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/0075/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/79 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/79
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн,
Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогтой Х-гийн Б-д холбогдох эрүүгийн 1927001870073 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ___ дугаар багийн ___ гудамж ___ тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял эдлэхээс чөлөөлөгдөж байсан Б- овгийн Х-гийн Б- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Х.Б- нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа ___ийн байрны хажууд бариатай байсан гэрт 2019 оны 07 дугаар сарын 11-ний орой хохирогч Б.Б-ын зүүн дал хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Х.Б- нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б- овогтой Б- гэх хүнийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орой 23 цаг 30 минутын орчим нэг удаа хутгалсан нь үнэн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ. /хх-ийн 47 дугаар хуудас/
Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Х.Б- бид хоёр 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хахорин сумын төвд баригдаж байгаа ___ийн барилга дээр ажиллахаар ирсэн. Х.Б- бид хоёр 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 00 минутын орчим ажлаас болж амаараа жаахан маргалдсан. Тэгээд Х.Б- бид хоёр 21 цаг 30 минутын орчим ажлаас тарсан. Тэгээд Х.Б- бид 2 оройн хоолондоо мах чанасан юм. Тэгээд манай найз Х.Б- дэлгүүрээс 2 лааз пиво авч ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд би дэлгүүрээс 75 грамтай “Хар чингис” архи авч ирээд Х.Б- бид 2 чанасан мах идэж нэг шил архи хувааж ууцгаасан. Х.Б- мах идэж архи уух явцдаа нилээд согтож надтай маргалдсан. Тэгээд Х.Б- над руу чанга чанга хашгичаад байхаар нь би Х.Б-д хандаж миний хөгшин унтчих гэж хэлсэн. Тэгээд би гэр дотор модон нааран дээр гараад доошоо хараад хэвтсэн. Харин Х.Б- нааран дээр суучихсан чанасан мах идэж байсан. Тэгээд удалгүй намайг хэвтэж байхад миний зүүн дал хэсэг рүү Х.Б- нэг удаа хутгалсан. Би босч ирээд харсан чинь Х.Б- миний өөдөөс шар иштэй хутга барьчихсан хашгираад зогсож байсан. Тэгээд бид 2 хамт Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг орж эмчид үзүүлсэн. Тухайн үед миний зүүн дал хэсэгт 3-4 ширхэг оёдол тавьсан. Тэгээд миний шарх сайн эдгэхгүй байхаар нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Б- гэх хүнийг 2019 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгийн жижүүр дээр зүүн дал хэсэгтээ шархтай ирж зүүн далны орчим газраа 3-4 ширхэг оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10456 дугаартай дүгнэлт: “...1.Б.Б-ын биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа ___ийн байрны хажууд баирлах гэрт хохирогч Б.Б-ын зүүн дал хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас, гэрч Н.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б- нь гэм буруутай байна, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Х.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б-ын эзэмшлийн 800 000 төгрөгийн үнэ бүхий Galaxy S-8 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 9 см, бариул 9 см нийт 18 см урттай 1 ширхэгийг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Х-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Х-гийн Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-гийн Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Х.Б- нь 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Х.Б- эзэмшлийн 800 000 төгрөгийн үнэ бүхий Galaxy S-8 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эдийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 9 см, бариул 9 см нийт 18 см урттай 1 ширхэгийг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Х-гийн Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х-гийн Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА