| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 01
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******-д холбогдох 1923001990126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Т-ийн *******- /Регистрийн дугаар: ИЙ*******/ Шүүгдэгч Т.*******- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн М.*******ын алдсан 2 тооны адууг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч М.*******ын 2 тооны адуу нь 2019 оны 9 дүгээр сард өөрийн ижил сүргээсээ тасарч хэн нэгний хариулгагүйгээр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “ Жаргалантын ам” гэх газар байсан болох нь хэрэгт авагдсан 2 адуу нь унаган адуундаа ижилсэхгүй тасарч үлдсэн талаар мэдүүлсэн хохирогч М.*******ын “...2019 оны 09 сарын сүүлээр манай хоёр тооны хязаалан насны хээр азраган үрээ, шүдлэн насны хөх бор үрээ нар багийн “Жаргалантын ам” гэх газар адуунаасаа салсан байсан юм хайгаад ямар нэгэн сураг гарахгүй болхоор нь хулгайд алдлаа гэж бодоод ...******* сумын , , , багийн нутаг дэвсгэрээр 4-5 өдөр мориор эрж хайсан...” гэсэн мэдүүлгээр, өөрийнх нь намаржиж байсан газрын ойролцоо ижил сүргээсээ тасарсан 2 тооны адуу байсан талаар мэдүүлсэн гэрч Н.ын “...2019 оны 09 сарын эхээр манайх унагаа тамгалахад гэдэг хүний ...2 үрээ манай адууны ойролцоо байсан юм, тэгээд манайх сумын төв рүү нүүгээд тэр 2 үрээ манай адууны ойролцоо Жаргалантын нуруунд хоцорсон. ...Хязаалан насны хээр азраган үрээ, шүдлэн насны хөх бор үрээ байсан, хоёулаа зөв талын гуян дээрээ онгин тамгатай адуунууд байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх 2 тооны адууг Т.*******- өөрийн адуу биш гэдгийг мэдсээр байж ******* суманд адуу худалдан авч байсан иргэн Б.*******ад худалдсан болох нь энэ талаар мэдүүлсэн гэрч Б.*******ын мэдүүлгээр тогтоогдож байна. Т.*******-ийн үйлдлийн улмаас М.*******ад 1150000 төгрөгний хохирол учирсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба алдуул мал олсон этгээд Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “ алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд Т.*******-ийн алдуул малыг бусдад худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна Иймд шүүгдэгч Т.*******-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгаар мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна Шүүгдэгч Т.*******-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Т.*******-ийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ба тэрээр тэнссэн хугацаа дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн учир тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах боломжгүй. Шүүгдэгч Т.*******-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй Шүүгдэгч Т.*******- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Т-гийн *******-ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс дунд цагийн даваа толгойтой манан хөөргийг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5/92 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ