| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01318/И |
| Дугаар | 01374 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 01374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 52а-5 тоотод оршин суух Лхагвасүрэн овогтой Жавхлан /ГЗ-76110917 /,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 52а-5 тоотод оршин суух Чогдон овогтой Хоролсүрэн /ГП-74051205 / нарт хариуцагдах 6,988,307 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гэрлээ, Ц.Бат-Эрдэнэ хариуцагч Л.Жавхлан, прокурор Т.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Лхагвсүрэн овогтой Жавхлан нь 2014 оны 08 сарын 05-нд Төрийн банкны Орхон салбарын Эрдэнэт тооцооны төвөөс № 1311-14/117 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000/Арван таван сая/төгрөг жилийн 12% хүүтэй, 36 сар/3 жил/-ын хугацаагаар, авсан.Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон, БӨ сум, Их залуу баг 52а гудамж 05 тоот 48м2 хувийн сууц, 1043м2 газрын хамт, гэрийн эд хогшил тус тус зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2016 оны 1 сарын 29-ны өдөр, 2016 оны 08 сарын 01-ны өдөр тус тус зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Л.Жавхлан нь зээлийн үндсэн төлбөр 6,382,175,зээлийн хүүгийн өр 153,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,455 төгрөг, нийт 6,988,307 төгрөгийг гаргуулж өгнө үү.УТХ-н төлбөр 126,763 төгрөг, нотариатын хөлс 12,500 төгрөг.Үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2014-04-11-ны 1300/17 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:“....Зээлийн гэрээний дагуу 2016-09-01-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Л.Жавхлан нь зээлийн үндсэн төл 6,832,175 төгрөг, зээлийн хүүгийн өр 300,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,872 төгрөг, нийт 7,135,091 төгрөг.Зээлдэгч Жавхлан нь 2016-09-26-ны өдөр, 2016-09-29-ний өдөр, 2016-09-30-ны өдөр, 2016-10-28-ний өдрүүдэд нийт 1,991,700 төгрөгийн төлөлт хийсэн байна.Зээлд 1,727,541 төгрөг, хүүнд 264,159 төгрөг төлсөн.2016-11-15-ны байдлаар зээлийн үлдэгдэл 5,104,634 төгрөг, зээлийн хүүний өр 38,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417 төгрөг, нийт 5,143,391 төгрөг байна.Улсын тэмдэгтийн хураамж 126,763 төгрөг, нотариатын хөлс12,500 төгрөг, гаргуулж өгнө үү.Улсын тэмдэгтийн хураамж нэмж 5,053.52 төгрөг төлсөн.Нийт 144,316.52.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014-04-11-ний №1300/217 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нараас 5,143,391 төгрөг гаргуулах ,барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна. Мөн нотариатын хөлс12,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж гаргуулна.Зээлийн төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байсан тул 2016 онд 2 удаа мэдэгдэл өгсөн.Эвлэрэх саналыг хүлээ авах боломжгүй.Цаашид гэрээний дагуу төлбөр төлөх найдваргүй байгаа гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Эрдэнэт тооцооны төвөөс Л.Жавхлан, 2014-08-05-нд зээлийн гэрээ байгуулан, 15,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай авсан нь үнэн.Эргэн төлөлтийг энэ гэрээний дагуу хийж амжаагүй хугацаа хэтрүүлсэн.Төлөх ёстой 6,988,307 төгрөгнөөс хугацаа хэтрүүлсэн 8,9 сарын 1,842,000 төгрөгийг төлж барагдууллаа.Одоо үлдэгдэл 5,202,903 төгрөгийг гэрээний хугацаа 2017-08-05-наас өмнө төлж барагдуулж дуусгах болно гэжээ.
Хариуцагч Л.Жавхлан хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан нь үнэн.5,143,391 төгрөгний төлбөрийг төлөх тухайд маргаангүй.Төслийн зээлд хамрагдаж зээл авсан.Миний бизнес улиралын чанартай тул зээлийн төлбөр төлж чадахгүйд хүрсэн.Боломжоороо төлсөн.Банкны ажилтантай уулзсан.Сард төлөх хэмжээг багасгаад зээлийн хугацаандаа төлж дуусгая гэсэн санал тавьсан боловч хүлээж аваагүй.Одоогийн байдлаар бизнес зогссон тул сард 500 000 төгрөг төлөх боломжгүй болоод байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор: Нэхэмжлэлийг хангах үндэстэй гэжээ.
Шүүх хэргээс зээлийн болон барьцааны гэрээ,мэдэгдэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,988,307 төгрөг гаргуулах,зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд 5,143,391 төгрөгийг нотариатын зардлын хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.Хариуцагч нар төлбөрийн хэмжээний талаар маргаагүй,гэрээний хугацаанд багтааж төлөх хүсэлтэй байгаагаа тайлбарласан.
Зохигчдын хооронд 2014 оны 08 сарын 05-нд зээлийн гэрээ байгуулагдаж Төрийн банкны Орхон салбарын Эрдэнэт тооцооны төвөөс хариуцагч нар № 1311-14/117 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000/Арван таван сая/төгрөгийг жилийн 12% хүүтэй, 36 сар/3 жил/-ын хугацаагаар зээлж авсан,зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон, Баян-Өндөр сум, Их залуу баг 52а гудамж 05 тоот 48м2 хувийн сууц, 1043м2 газрын хамт, гэрийн эд хогшил зэргийг тус тус зээлийн барьцаанд тавьсан болох нь тогтоогдож байна.Хариуцагч нар гэрээ байгуулсан талаар маргаагүй.
Мөн хариуцагч нар зээлийн төлбөрийн үүргээ удаа дараа хугацаа хэтрүүлэн зөрчсөн,графикийн дагуу төлбөх ёстой төлбөрөөс 390 227 төгрөг төлөгдөөгүй байгаа, 2016 оны 8 сарын байдлаар зээлийн төлбөрийн хугацааг 37 хоногоор хэтрүүлсэн, санхүүгийн байдал муудаж,бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд орсоны улмаас цаашид зээлийг графикийн дагуу төлж чадахгүй болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож ба энэ талаар хариуцагч маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчлийн хэмжээг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй гэж үзэх боловч хариуцагч төлбөрийн хэмжээг зөвшөөрч маргаагүй тул зээлийн гэрээ болон барьцааны гэрээ,мэдэгдлүүд,хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэсэн болно.
Хариуцагч “бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд орсоны улмаас цаашид зээлийг графикийн дагуу төлж чадахгүй болсон” тухайгаа тайлбарлаж байх тул гэрээг хугацааны өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2-д гэрээг хугацааны өмнө цуцлах тохиолдлуудыг заасан ба үүний 6.2.6-д”зээлдэгчийн...санхүүгийн байдал...муудаж доройтсон ...”бол,6.2.9-д “зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг зогссон....” гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцлах үндэстэй.Энэ тохиолдолд зээлдүүлэгч/нэхэмжлэгч/ гэрээг цуцалснаас үүссэн хохирол эд хөрөнгийн алдагдал ,олох ёстой байсан орлогоо хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай мэдэгдэл хариуцагчид өгөөгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй бөгөөд харин шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаар гэрээг цуцлаж төлбөр,алдагдал, олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн гэж үзэх үндэслэлтэй.Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас үндсэн зээлийн төлөгдөөгүй төлбөр, хүү,нэмэгдүүлсэн хүү,гэрээ цуцалснаас гарсан нотариатын зардал зэргийг гаргуулах,үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан Л.Жавхлан,Ч.Хоролсүрэн нараас 5 155 891 төгрөг гаргуулан Төрийн банкны Орхон салбарт олгосугай.
2.Иргэний хуулийн 227.1,227.3-д заасан шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,894,916 төгрөгний хэсийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийн үүргээ сайн дураар эс гүйцэтгэвэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум, Их залуу баг 52а гудамж 05 тоот 48м2 хувийн сууц, 1043м2 газрыг дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 131 816 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч нараас 97444 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ