| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/0093/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/97 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/97
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Ж.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө- овогтой Ж-ы Т-т холбогдох эрүүгийн 1927002260090 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ баг ___ тоотод оршин суух Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснааар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 07 сар сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 979 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 төгрөгөөр торгох, 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө- овогтой Ж-ы Т- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ж.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт Ц.Х-ын толгойд пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т- нь мэдүүлэхдээ:”.. Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос тэмцээнд оролцохоор ирсэн. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц. Х-тай хамт архи уусан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Би Ц.Х-ыг хүн өмөөрлөө гэх шалтгааны улмаас Ц.Х-ын толгой руу пивоны шилээр цохисон байсан...” гэв.
Хохирогч Ц.Х- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ”...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 10 минутын орчим Д.Э-, Ж.Т- бид гурав 75 гр 2 шил архи Орхон голын гүүрний ард хувааж уусан. Бид нар архи ууж дуусаад орой 21 цаг 10 минутын орчим Хархорин сумын төв рүү орж Д.Э-г гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд байж байсан чинь Б- машин руу шагайсан чинь Ж.Т- уурлаж машинаас буугаад Ж.Т-, Б- нар хоорондоо маргалдсан. Тухайн үед би машинаас буугаад Ж.Т-ыг салгаж машинд суулгасан өөрөө машины арын суудал дээр сууж байсан чинь Ж.Т- уурлаж би Б-г өмөөрөөд гэж хэлээд хажуудаа байсан пивоны шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь машинаас бууж О-ийн бааранд орж толгойны цусаа угаасан.Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. Харин би нэгдсэн эмнэлэг рүү явж толгойдоо 5 ширхэг оёдол тавиулсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/
Гэрч Д.Э- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цаг 00 минутын орчим Хархорин сумын Эрдэнэзуугийн гудамжинд байрлах Б- бааранд найз М-, Б- бид гурав тус бүр 3 шил пиво уучихаад гараад ирсэн чинь Б- бааранд баарны гадаа Ц.Х- нар машинтай ирээд зогсож байсан. Тухайн үед М- бид хоёр бааранд 30 орчим минут болоод баарнаас гарсан чинь Б- баарны гадаа Ц.Х-ын толгойноос цус гарчихсан хажууд нь Ж.Т- нилээд ууртай зогсож байсан. Тэр үед би яагаад байгаа юм бэ та нар гэж хэлсэн чинь Ж.Т- чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгээд би буцаад бааранд орсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №481 тоот:
“...1. Ц.Х-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Цаашид амь насанд аюулгүй гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ж.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг дэвсгэрт Ц.Х-ын толгойд пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
гэрч Д.Э-ын мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №481 тоот актын “...1. Ц.Х-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Цаашид амь насанд аюулгүй гэмтэл байна. 4.Дээрхи гэмтлүүд нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой. 5. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 22 хуудас/, хохирогч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Т-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Ц.Х-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ж.Т- түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч Ж.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ц.Х-ын биед учирсан “...духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм. Хохирогч Ц.Х- нь “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ илэрхийлсэн баримт, мэдүүлэг /ХХ-ийн 8-10 хуудас/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Т- Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ж.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, Ж.Т- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 /таван зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Х- нь “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй,” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр овогтой Ж-ы Т- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Т-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Т- нь 550 000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ж.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА