| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01335/И |
| Дугаар | 01375 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 01375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын 10-1 тоотод оршин суух Лхамхүү овогтой Санжаасүрэн /РД-58082011 /,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын 10-1 тоотод оршин суух Санжаасүрэн овогтой Лхагва /РД-81091322 / нарт хариуцагдах 10 407 358.46 төгрөг гаргуулах,зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Б.Бат-Орших, хариуцагч нарын төлөөлөгч С.Амар, прокурор Ч.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Лхамхүү овогтой Санжаасүрэн нь 2014 оны 04 сарын 15-нд Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс № 3405/134 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /Хорин сая/ төгрөг жилийн 24% хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаатайгаар авсан.Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум ,17-р баг, Эрдэнэ, туул 10 гудамж, 1 тоот 60.7 мкв хувийн сууц, 794 мкв газрын хамт, Мззап Х-ТгаП суудлын автомашин, бараа материал, гэрийн эд хогшил зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 болон 3.2.5 дахь заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 01 -ны өдөр зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Зээлийн гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг тус тус хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Л.Санжаасүрэнгээс зээлийн үндсэн төлбөр 8,475,599.35 төгрөг, зээлийн хүү 1,453,088.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,440.70 төгрөг, нотариатын хөлс 5000 төгрөг, нийт 9,979,128.62 /Есөн сая есөн зуун далан есөн мянга нэг зуун хорин найман төгрөг жаран хоёр мөнгө / гаргуулж өгнө үү.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 сарын 15-ны №3405/134 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Зээлийн гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.1.2016-09-05-ны өдрөөс хойш үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөлт огт хийгдээгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 8,475,599.35 төгрөг, зээлийн хүү 395,682.90 төгрөгөөр нэмэгдэж нийт 1,848,771.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,547.04 төгрөгөөр нэмэгдэж 77,987.74 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5000 төгрөг, нийт 10,407,358.46 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Зээлдэгч зээлийн гэрээний графикт хугацаа удаа дараа хэтрүүлж байсан тул 2015 оны 9 сар,11 сар,2016 оны 1 сард зээл төлөх мэдэгдэл өгч байсан.6 сарын 6 –нд гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн.Зээлийг графикийн дагуу төлөхөөр гэрээ байгуулж үүрэг хүлээсэн.Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагваа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Төрийн банкны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргаж байна.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 -д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч гэх/ нь менгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар,зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнз”гэж заасан бөгөөд зээлдэгч банк хоёрын хооронд хийсэн гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 36 сар буюу 3 жил байхаар тогтоож 2014.04.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна.
Гэтэл уг хугацаа нь дуусаагүй байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож үндсэн зээлээ нэхэмжилж байгааг зөвшөөрехгүй байна.Барьцаалбар эд хөрөнгийн хувьд ч гэсэн ялгаагүй зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлогдох бөгөөд уг гэрээний хугацаа дууссаны дараа л үл хөдлөх эд хөрөнгөнөөс бусад эд хөрөнгийг худалдан борлуулах тухай асуудал яригдах боломжтой юм.Энэ талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зохицуулсан байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай хуулинд ч адилхан утгатай заалт байдаг юм.Зээлийн гэрээг байгуулахдаа зээл төлелтийн хуваарьт хугацаа тогтоосон боловч энэ нь гэрээний ерөнхий хугацаа болох 36 сар гэсэн хугацаандаа багтаж байгаа учраас үүнийг тусдаа хугацаа гэж үзэх боломжгүй байна Энэ нь нэг талын давуу эрхийн хүрээнд хийгдэж буй гэрээний нэг илрэл бөгөөд зээлээ төлөх хугацаа хэтэрсэн гэж үзэх нь зохимжгүй юм Тэхээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцсон мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн хувьд бол хуваарьт хугацааны үлдэгдэл гэж үзэж байгаа учраас дахин нягтлан шалгасаны үндсээ дээр төлж болох бөгөөд зээлийн хүү нэмэгдэл хүү нь өөрчлөгдөх үндэслэлтэй юм гэжээ.
Хариуцагч нарын төлөөлөгч хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлжлийг зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг нэхэмжилж байгаа нь үндэсгүй. 36 сарын хугацаа дуусаагүй байгаа тул хариуцагч нар үүргээ зөрчөөгүй гэж үзэж байна.Энэ хугацаа дууссаны дараа барьцааны зүйлийг худалдах эрх үүснэ.Зээлийн төлбөрийг графикт оруулсан нь буруу.Мөн хүү нэмэгдүүлсэн хүүг яаж тооцоод байгаа нь мэдэгдэхгүй байна.Хариуцагч нар зээлээ гэрээний хугацаанд багтааж төлнө гэж байгаа гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор:Нэхэмжлэлийг хангах үндэстэй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болох зээлийн гэрээ,барьцааны гэрээ,мэдэгдэл 5ш зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10,407,358.46 төгрөг гаргуулах,төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.
Зохигчдын хооронд 2014 оны 04 сарын 15-нд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нар 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг Төрийн банкны Орхон салбараас жилийн 24% хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаатайгаар авсан,зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум ,17-р баг, Туулын 10-р гудамж, 1 тоот 60.7 мкв хувийн сууц, 794 мкв газрын хамт, Ниссан экстрэйл маркийн суудлын автомашин, бараа материал, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан болох нь нотлогдсон.Гэрээ байгуулсан талаар хариуцагч маргаагүй.
Мөн хариуцагч нэр зээлийн төлбөр төлөх графикт хугацааг 2015 оны 9,11 сар,2016 оны 1,3 саруудад хэтрүүлсэн тул 2016-5-31-нд банкны зүгээс гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн болох нь хэрэгт авагдсан мэдэгдлүүд,нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.
Хариуцагчийн төлөөлөгч “Гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг нэхэмжилж байгаа нь үндэсгүй. 36 сарын хугацаа дуусаагүй байгаа тул хариуцагч нар үүргээ зөрчөөгүй гэж үзэж байна” гэж маргасан нь үндэслэлгүй.Зохигчид гэрээ байгуулахдаа зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт сар бүр хувааж төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн гэж үзнэ.Гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй тул зээлээ хэдийд ч төлсөн болно гэж тайлбарлах нь буруу.Гэрээний талууд тохиролцож зээлээ сар сард хувааж төлөхөөр гэрээ байгуулсан тул энэ хугацааг зөрчих нь үүргийн зөрчилд тооцогдоно.
Гэсэн хэдий ч, нэхэмжлэгч Төрийн банк хариуцагч нараас 2016-09-05-ны өдрөөс хойшхи төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8,475,599.35 төгрөг, зээлийн хүү 395,682.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,987.74 төгрөг, нийт 10,407,358.46 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.Өөрөөр хэлбэл хариуцагчийн үүргийн зөрчлийн хэмжээг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагч “нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй,хүү,нэмэгдүүлсэн хүүг яаж тооцсон нь мэдэгдэхгүй байна” гэж маргаж байгаа тохиолдолд шүүх зөвхөн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ,мэдэгдлүүдийг үндэслэн хариуцагч нар 10,407,358.46 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй.Эдгээр баримтууд нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан,зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд төлөх үүргээ зөрчиж байсныг нотлохоос биш яагаад 10,407,358.46 төгрөг гаргуулах үндэстэй болох тухай төлбөрийн хэмжээг нотлохгүй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болоно.
Хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг төрйин санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул Төрийн банкны Орхон салбарын Л.Санжаасүрэн, С.Лхагва нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10,407,358.46 төгрөг гаргуулах,төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 187112 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ