| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01368/И |
| Дугаар | 01387 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 01387
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Төмөр тууз” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-нд хариуцагдах 2,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төмөр тууз” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2010 оноос Орхон аймагт төмрийн худалдаа эрхэлж ирсэн болно.2013 оны 10-р сарын 23-ны өдөр өмнө нь манайхаас төмөр худалдаж авдаг байсан “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийн захирал Ц.Чулуунбаатар ирж, хүйтэрэхээс өмнө хийх шаардлагатай яаралтай захиалгат ажил байгаа юмаа. Та зээл өгч туслаач. Одоохондоо мөнгө төгрөгний бололцоо байхгүй байна. Хоёр долоо хоногийн дараа гэхэд төлбөрөө төлнө гэсний дагуу 2 850 000 /Хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгний үнэ бүхий материал зээлээр олгосон юм.Гэвч дээрх мөнгийг одоо хүртэл өгөлгүй даруй 3 жил болох гэж байна. Энэ хугацаанд Ц.Чулуунбаатартай ажил дээр нь удаа дараа очиж уулзаж, утсаар ярьж хэлж байсан бөгөөд тухай бүр нь элдэв шалтгаан тоочин хойш тавьсаар сүүлдээ утсаа авахаа больж, уулах ч боломжгүй байдалд хүрсэн.Төлбөрөө төлчих болов уу гэж өнөөг хүртэл хүлээсний эцэст хууль хяналтын байгууллагад хандахаас аргагүй байдалд хүрч байна. Иймд “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-аас 2850000 төгрөгний төлбөрийг гаргуулж өгч манай ажилд туслана уу гэжээ.
Нэхэмжлэгч “Төмөр тууз” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай Төмөр тууз ХХК нь 2016 оны 09 сард “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-иас 2,850,000 төгрөгний нэхэмжлэл гарган өргөдөл өгсөн юм.Дээрх мөнгийг 2016-10-17-нд “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ны захирал Чулуунбаатар нь төлсөн болно.Одоо манайд ямар нэг санал гомдол байхгүй бөгөөд дээрх өрийг барагдуулж өгсөн танай байгууллагад баярласнаа илэрхийлье гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төмөр тууз” ХХК хариуцагч “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-д холбогдуулан 2,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Төмөр тууз” ХХК-иас гаргасан 2,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Төмөр тууз” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 сарын 19-ний өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ төлсөн 60,550 төгрөгнөөс 30,275 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-иас 30,275 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Төмөр тууз” ХХК-д олгосугай.
3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ