Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0002

 

 

 

 

 

 

 

 

 

   2019           12           23                                       2020/ШЦТ/02

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Ш-,

хохирогч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Хөхөө харуул овогт  Баттулгын Ш-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 19050400011143 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн  Мөрөн суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.......... ” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт, .... аймгийн .... сумын ... дугаар баг ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо 34 дүгээр байрны 09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөхөө харуул овогт Баттулгын Ш

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан тэгчинлэн хийдийн хойд талын автобусны буудлын орчим иргэн Н.Б-гийн  биед халдан нүүрэн тус газарт нь  гараараа цохиж түүний эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, 2 шүдний булгарал, 3 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Ш мэдүүлэхдээ: “Би Гандангийн автобусны буудал дээр байж байсан. Тэнд зогсож байхад миний утас алга болчихсон байсан. Миний хажууд 5, 6 залуу зогсож байсан. Би тэр залуучуудаас утсаа асуухад миний утсыг авсан байсан. Харанхуй байсан болохоор царайг нь харж чадаагүй. Тэгээд би тэр залуучуудад зодуулчихаад булан тойроод гартал нэг улаан цамцтай залуу гарч ирэхээр нь би цохисон. Тэр залуучуудын хамгийн сүүлд намайг цохисон нь улаан цамцтай харагдахаар нь би андуураад цохичихсон байсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би цохъё гэж санаатай цохиогүй” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б-гийн мэдүүлэхдээ: “Би тухайн орой найзынхаа тайлан тоглолтыг үзчихээд тараад явж байсан. Гандангийн буудал дээр буугаад түцнээс тамхи авчихаад эргээд явж байгаад замын хажууд тамхиа асаах гээд зогсож байсан чинь нэг үл таних залуу ирээд намайг хоёр удаа цохисон. Тухайн үед миний нүүр хавдсан байсан. Хоёр шүд унасан. Шүдний эмнэлэгт үзүүлэхэд хажуу талын 3 шүд чинь бас суларсан байна, унана гэж хэлсэн. Дээд 4 шүд, доод 1 шүд байхгүй болсон. Би Шд шүдээ эмчлүүлье гэж хэлж байсан ч таг алга болсон. Одоогоор эмчлүүлсэн зүйл байхгүй. Нэг шүд нь 2.500.000-3.500.000 төгрөгийн хооронд гэж хэлсэн. Би 5 шүд хийлгэх гэж байгаа. Ойролцоогоор 15.000.000 төгрөг болно гэсэн. Энэ мөнгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан тэгчинлэн хийдийн хойд талын автобусны буудлын орчим иргэн Н.Б-гийн  биед халдан нүүрэн тус газарт нь  гараараа цохиж түүний эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, 2 шүдний булгарал, 3 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Н.Б-гийн “2019 оны 10 дугаар сарын 05-ны орой манай найз Гантуяагийн тайлан тоглолт болсон. Тэрийг үзээд дараа нь хүлээн авалтанд ороод архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд хүлээн авалтаас 01 цаг өнгөрч байхад гараад шууд такси бариад явж байгаад Гандангийн хойд талын автобусны буудал дээр нь буугаад түцнээс тамхи аваад эргээд таксируугаа явж байх хоорондоо тамхи асаах гээд зогссон чинь хажуунаас үл таних хүн ирээд миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь  би газар унасан. Миний ам хамарнаас цус гарсан. Тэгээд би уг залуучуудад хандан та нар хүн андуураад байна гэсэн чинь уг залуучуудын нэг нь улаан цамцтай нь мөн биз дээ гэж хэлээд .... ХӨҮ гэсэн цагаан өнгийн суудлын автомашинд суугаад яваад өгсөн. Тэгээд би ТҮЦ-ний залуугийн гар утсаар эхнэр болох Цэрэндулам руу холбоо бариад шууд цагдаагийн газар ирсэн. Миний согтолт гайгүй байсан. Болсон зүйлийг сайн санаж байна. Уг залуучуудыг урьд нь харж байгаагүй. Яг намайг цохисон залуу нь 20 гаран насны залуучууд байх шиг байсан. Би сайн харж чадаагүй. Одоо харвал танихгүй. Тухайн үед гудамж харанхуй байсан болохоор би харж чадаагүй.

... Намайг цохисон залуу богино бараан өнгийн куртиктэй залуу байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10-12 дугаар хуудас/

“... Одоогоор эмчилгээ хийлгээгүй. Харин 2 шүд  авхуулсан. Эм авч уусан баримт байгаа. Цаашдаа эмчилгээ хийлгэнээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12153 дугаартай:

“1. Н.Б-гийн биед уруулд шарх, цус хуралт, 2 шүдний булгарал, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Б.Шы яллагдагчаар өгсөн “Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.

... Тэр хүнийг өөр хүнтэй андуурч хоёр удаа нүүр лүү нь цохисон. Гараараа цохисон. Би хоёр удаа цохисон. Ийм аймар гэмтэл учирна гэж бодоогүй. Уг гэмтлийг би учруулсандаа харамсаж байна. Би баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг барагдуулна. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг  /хэргийн 51-53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ш-ы иргэн Н.Б-гийн  биед халдан нүүрэн тус газарт нь  гараараа цохиж түүний эрүүл мэндэд уруулд шарх, цус хуралт, 2 шүдний булгарал, 3 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт хохирогч Н.Б- эмчилгээ хийлгэсэн талаархи баримт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Н.Б- гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Шы хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөхөө харуул овогт  Баттулгын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ш-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ш баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Б- гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ