Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0005

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч  Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Хүрэлбаатарын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905043641326 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, ........ оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1 ... дүүргийн ... дүгээр хороо .... мянгат ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Хүрэлбаатарын Б-

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 3 дугаар гудамжны 48 тоотод Х.Г-тэй “архи уулаа, хоолны гурил авчирсангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант, танхилзуур ясны хугарал, дух, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: “Дүүгээ дуудахаар нь очсон. Айраг өгөхөөр нь уусан. Дүүгээ зодсон нь үнэн. Миний буруу” гэв.

 

          Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо .......... дугаар гудамжны ... тоотод Х.Г-тэй “архи уулаа, хоолны гурил авчирсангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант, танхилзуур ясны хугарал, дух, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Х.Г-ийн “2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хойд ээжийн дагавар хүүхэд  Б- манай гэрт ирээд  юм ярьж байгаад бид хоёр 0,33 литрийн архи дэлгүүрээс аваад ууж дуусаад дахиад дэлгүүрээс 2 ширхэг лааз пиво авч уугаад дууссан. Тэгээд би хөдөөнөөс авчирсан 5 литр айраг гаргаж ирээд ууж байхад Б- гэнэт уурлаад хоорондоо маргалдсан. Тэгээд байж байхад намайг Б- газарт унагаагаад миний дээрээс хөлөөрөө дэвсэх үед миний зүүн хөлний шилбэ хэсэг рүү хөлөөрөө  өшиглөсөн чинь миний хөл аймар өвдөөд би босож чадахгүй байсан. Тэгээд байж байсан чинь миний охин Өнөрөө ирээд цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа ирээд Б-ыг аваад явсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг рүү явсан.

          ... Миний зүүн хөлний шилбэний 2 яс хугарсан. Хойд ээжийн дагавар хүүхэд Б- учруулсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 11 дүгээр хуудас/

          “... би дэлгүүр гараад ирэхэд Б- ах намайг хоолны юм авсангүй гэж уурласан. Хоолны гурил авч ирсэнгүй гэж уурлаад би бас өөдөөс нь  ганц  нэг үг хэлсэн байх. Тэгээд маргалдаад хашааны үүдэнд түлхээд намайг өшиглөсөн.

          ... Өмнө нь эмчилгээ хийлгэсэн баримтаар 625.735 төгрөг болсон. Энэ мөнгийг би охины дансаар хүлээж авсан. Одоо  надад дахин хагалгаанд орсон 105.000 төгрөг, уураг хийлгэсэн 241.000 төгрөг бас эм тарианы мөнгө байгаа. Үүнийг баримтаар  өгнө. Би гомдолтой байгаа. Б-д хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Дахин эмчилгээ хийлгэж зардлаа гаргуулна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Өнөржаргалын “... Намайг очиход Б- ах аавыг хашаан дотор машины хаалганы дэргэд хэвтүүлээд дээрээс нь өшиглөж байсан. Би боль гэж хэлээд Б-ыг ааваас холдуулах үед Б- гэр лүү ороод заазуур барьж авсан. Тэгээд эргээд заазуураа тавьчихаад гарч ирээд дахин аавын хөл рүү нь өшиглөсөн. Би цагдаа дуудсан байсан учир ааваас Б- ахыг холдуулахад намайг цохих гэж гараа далайсан. Цохиж чадаагүй. Б- ах манай аавын хөл рүү өшиглөөд би дүүгээ зодож байна, хамаагүй гээд уурлаад цохиод байсан. Цагдаа 10 минутын дараа ирсэн. Б- ах хашаагаар гараад явсан. Цагдаа нартай хамт очоод энэ хүн гээд Б- ахыг зааж өгсөн. Би 103 дуудаад аавыг аваад эмнэлэг явсан. Аавын зүүн хөлийг өшиглөж хугалсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13331 дугаартай:

          “1. Х.Г-ийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, дух, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

          Яллагдагч Х.Б-ын “Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо ........ тоотод очсон. Г- архи ууж байсан. Надад пиво өгөхөөр нь пивоноос уусан. Хөдөөнөөс айраг ирсэн байсан. Би бас айрагнаас уусан. Тэгээд би ахын зүгээс Г-эд хандаж архи битгий ууж бай, ажил төрөл хий гэхэд чамд хамаагүй гэхээр нь яахаараа надад хамаагүй байдаг юм, би залуу наснаасаа хойш ажил хийж та нарыг хооллож ундалж өдий хүргэсэн гэхэд  та том ах болохоор хооллож ундалсан мөнгөө нэхэж байгаа юм уу гэхээр нь би тийм биш чамайг манай аав, ээж архиар угжиж хүн болгоогүй шүү гэхэд чамд ямар хамаатай юм зайл гэж хөөсөн. Би гэрээс нь гараад хашаа руу явж байхад Г- араас ирээд надтай маргалдаад байсан. Хашааны машин ордог хаалганы дэргэд Г- намайг цохих гэхэд би Г-ийг түлхсэн чинь хашааны хаалга руу унасан. Унахаар нь хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед Г-ийн охин Өнөрөө орж ирж таарч та хоёр бол ах дүү хүмүүс байж гээд салгаад цагдаа дуудчихсан. Удалгүй цагдаа ирээд намайг  аваад автомашинд суулгаад явсан.

Би Г-ийг түлхэж унагаагаад өшиглсөн. Тэр үед Г- газраас босч ирээгүй. Цагдаа удалгүй ирж намайг аваад явсан. Г-ийг хүүхэд нь өргөж гэрт нь оруулсан байх. Намайг цагдаагийн автомашинд суух хүртэл Г- газар хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Б- нь Х.Г-тэй “архи уулаа, хоолны гурил авчирсангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант, танхилзуур ясны хугарал, дух, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт  авагдсан баримтаар хохирогч Х.Г-эд 1.0.73.750 төгрөгний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчээс 625.735 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл төлбөр болох 448.015 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Х.Г- гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийн нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Х.Б-ын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Хүрэлбаатарын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б-  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-аас 448.015  төгрөг гаргуулж Х.Г-эд олгосугай.

 

7. Хохирогч Х.Г- згэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Прокуророос Г.Энхбатад холбогдуулан “Хүнийг алах” гэмт хэргийг  “онц харгис хэрцгийгээр” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мөн зүйл, хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц хэрцгий  арга  гэдэгт  хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон,  ийм үйлчилгээ үзүүлэх  бодис зориуд хэрэглэсэн эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулан ойлгоно.

Хавтаст хэрэгт “Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1183 дугаартай дүгнэлтэд “...1.Талийгаач Ч.Ганбатын цогцост хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн 150 мл цус хуралт, хуйхны  шарх, цус хуралт, зулгаралт, дух, 2 хөмсөгний голд, 2 шанаа, зүүн хацар, хамрын нуруу, 2 чихний дэлбээ, эрүү, ооч, хүзүү, зүүн тохой, нуруу, баруун өгзөгний зулгаралт, 2 сарвуу, зүүн бугалга, баруун тохойн зулгаралт, цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлий, 2 шилбэ, баруун шууны цус хуралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач дээр хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хураа, хуйхны шарх, цус хуралт, зулгаралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доох цусан хураа, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь шинэ, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 84-87 дугаар хуудас/ авагдсан бөгөөд амь хохирогч буюу талийгаач Ч.Ганбатад олон тооны шархыг шүүгдэгч Г.Энхбат учруулжээ.

Дээрх амь хохирогчид учирсан олон тооны шархаас үзвэл Г.Энхбатыг “Хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж үзэх боловч  онц харгис хэрцгий гэдэг нь  эмнэлгийн ойлголт биш учраас дээрх байдал нь шүүх эмнэлгийн шинжилгээнд хамаарахгүй юм.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Г.Энхбат нь өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 10-14 дүгээр хуудас/ гэрч П.Батгэрэлийн “...Ганбат нь үхчихээр нь би адъяалаар бүтээж, тэргэн дээр түрж аваачаад өгсдөг шаттай арын гудамжинд аваачаад тавьчихсан  гэж л хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас  53 дугаар хуудас/ Г.Энхбатын сэжигтэнээр өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед сэрээд Ганбатыг хөөе босоод цай чанаадах гэж хэлсэн чинь хөдлөх хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь очоод харсан чинь Ганбат нас барчихсан байсан юм. ...” гэсэн мэдүүлгүүдээр  амь хохирогчийг нас барсан болохыг шүүгдэгч мэдсэн үедээ гэмт хэргээ нуун далдлахын тулд цогцсыг зөөвөрлөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 25 дугаар гудамжны 1070 тоот хашааны зүүн талд аваачиж хаяжээ.

Иймд Г.Энхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.