Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/09

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Хохирогч: Д.Ч-,

Хохирогч:Ж.П-

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш- овгийн Д-ын Б-т холбогдох эрүүгийн 1827001410103 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, яс үндэс торгууд, дээд боловсролтой түүх, нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ___ хороо ___ байрны ___ тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш- овгийн Д-ын Б- /РД:___/, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газарт асфалтан замд ___ улсын дугаартай “___” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2 дахь заалт “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Ч-, хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, хохирогч Ж.П-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, БНХАУ-ын иргэн Л-ы амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- нь мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган сумаас гарсан. Тэгээд замдаа нэг газар хоносон. Тэгээд 08 дугаар сарын 07-ны шөнө хөдлөөд 08 дугаар сарын 08-ны өглөө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын тэнд аваар гаргасан. Тухайн үед би машин барьж явсан. Миний буруу гэв.

Хохирогч Д.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би ээлжийн амралтаа аваад эхнэр, охин, хүү, бэр бид хэд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Шаргалжуултын амралтанд амрах гээд гарсан. Замдаа “Элсэн тасархай” дээр хоноод өглөө нь цайгаа уучихаад хөдлөөд явсан. Машиныг миний хүү барьж явсан. Тэгээд аав гээд хэлэхээр нь харсан чинь нэг машин өмнөөс ороод ирсэн. Тухайн үед бид гэмтэж бэртсэн. Тэгээд Өвөрхангай аймгийн эмнэлэгт 1 хоног хэвтсэн. Миний хувьд тухайн үед нуруугаар өвдөөд байсан. Би эхнэр хүүхдүүдээ цааш нь Өвөрхангай аймаг руу явуулчихаад өөрөө Улаанбаатар хотоос крантай машин дуудаад үлдсэн. Тэгээд шөнө нь Өвөрхангай аймаг орсон. Тэгээд Өвөрхангай аймаг ороход дотуур цус алдалттай байсан. Өвөрхангай аймагт нэг хоног эмчилгээ хийгээд маргааш нь онгоцоор Улаанбаатар хот орсон. Очоод Гэмтэл согог үндэсний төвд хагалгаанд орсон. Тэгээд гэмтэлд дэлүүгээ авахуулсан мөн 3 хавирга хугарсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэвтээд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би гэмтлийн эмнэлэгээс гарсан. Гэхдээ миний бие сайжраагүй. Гэртээ эмчилгээ хийлгэж байсан. Шингэн хуримтлагдсан гээд сүүлдээ тэр нь нэмэгдээд байсан. Тэгээд эмнэлэгээр яваад 09 дүгээр сарын 06-нд 1 дүгээр эмнэлэгт хэвтсэн. Тэр өдрөө шууд анагаах ухааны их сургуулийн “Эрхэс” гэдэг эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгээс гараад 2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 28-ны хооронд “Хос шинс” гэдэг сувилалын газар эмчилгээ хийлгэсэн. Энэ хооронд эдгэж тэнхрэхгүй байсан. 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд миний уушиг устсан байсан. Уушигны ус авсан. Тэгээд би 23 хоног гуурстай явсан. Ингээд би Цэргийн төв эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хэвтсэн. Би нийт 6 эмнэлэг дамжиж 40 гаран хоног хэвтсэн. Эмнэлэгээс гарсанаас хойш бол бие сайжирч байгаа боловч биеийн зовиур бүрэн арилаагүй, мөн эм тариа байнга хэрэглэж байгаа. Д.Б- нь 08 дугаар сард надтай уулзсан. Тэгээд би бодит хохирлыг бол ах нь төлүүлнэ илүү дутуу зардал гарах юм бол тэр зардлыг бол нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 29 500 000 төгрөг өгсөн. Тухайн үед бид нар гомдолтой гэж байсан боловч өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлсөн эмчилгээний зардал өгсөн байгаа учир энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж миний зүгээс хүсэж байна. Зардал, баримтын хувьд бид шунахайн сэдэлтээр илүү дутуу баримт гаргаж өгөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Эмчилгээний зардлын хувьд манай эхнэр эмч учраас зарим газар хөнгөлөлттэй эмчлүүлж байсан. Эм тариа, эмчилгээний зардалд нийт 2 сая гаруй төгрөг гарсан гэхдээ үүнийг бол нэхэмжлэхгүй. Ийм зардал ер нь гарсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Үлдсэн төлбөрийн хувьд өнөөдөр өглөө бид нар уулзаад үлдэгдэл 15 000 000 төгрөгөө 2 хувааж төлөхөөр тохиролцсон байгаа. Цаашид эхнэр, манай бэр 2-ын эмчилгээний зардал их гарвал бид иргэний журмаар нэхэмжлэнэ. Тухайн үед бид өөрсдөө төлж болохоор зардал гарах юм бол бид заавал нэхэмжлэхгүй. Манай бэрийн хувьд харьцангуй гэмтэл бэртэл ихтэй байгаа. Миний хувьд 3 хавирга хугарсан, нойр булчирхай гэмтсэн, дэлүү авахуулсан, уушиг гэмтсэн энэ тал дээр бол эмчилгээнүүд хийгдсэн байгаа гэв.

Хохирогч Д.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Замд манай хүү Т- автомашиныг жолоодсон. Бид нарын өмнөөс гэнэтхэн автомашин ороод ирсэн. Тэгээд осол гарсан. Зам тээврийн ослын улмаас миний бие гэмтсэн. Улаанбаатар хотод ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Миний биеийн байдал сайжирч өгөхгүй байна. Би гомдолтой гэж хэлэхгүй, бид нарын эмчилгээ, сувилгаанд гарсан бүх зардлыг /эд материал, эрүүл мэндийн/ хохиролыг төлчихвөл юу байхав дээ. Ослын улмаас үнэхээр эрүүл мэндээр хохирол хүлээсэн. Хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилэх болно. Би ослын дараагаар Өвөрхангай аймгийн төв болон Улбаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд Нэгдүгээр төв эмнэлэгт хагалгаанд орсон. Улмаар Нэгдүгээр эмнэлэгт ор байгаагүй учир Анагаах ухааны их сургуулийн “Эрхэс” эмнэлэгт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэрний дараагаар уламжлалт эмчилгээний сувилалд хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Миний нойр булчирхай гэмтсэн байсан. Тэгээд Нэгдүгээр эмнэлэг дээр хагалгаанд орж гуурс тавиулсан. Сувилалд хэвтэж эмчилгээ хийлгэсний дараагаар Цэргийн төв эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Миний эмчилгээ сувилгаанд 11 112 127 төгрөгний зардал гарсан. Түүний баримт байгаа тээврийн хэрэгслийн үнэлгээ гарсан бодит хохиролд 25 475 000 төгрөгний үнэлгээ гарсан тул түүнийг нэхэмжлэх болно. Мөн цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлыг нэхэмжилнэ. Одоогоор Б- 21 500 000 төгрөг өгсөн байна. Миний хохирол бүрэн барагдаагүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176-180 дугаар хуудас/,

Хохирогч Ж.П- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд ослын улмаас атгаал яс хугарсан. Одоогийн байдлаар импланттай явж байгаа. Одоо 2019 оны 02 дугаар сарын дундуур дахин рентгенд харуулаад шаардлагатай бол авахуулна. Одоогоор бол миний гар хязгаарлагдмал хөдөлж байгаа. Ер нь бол тодорхой хэмжээнд ажил хийх боломжтой байгаа боловч хөдөлгөөний хязгаарлалт бол байгаа. Гэхдээ энэ нь цаг хугацааны явцад эдгэх байх гэж бодож байна. Би бол эх хүн, эмч хүн зовлон бол цаг хугацааны явцад мартагддаг юм байна. Би Д.Б-ийг ер нь болгоомжтой явахгүй дээ гэж боддог. Гэхдээ энэ хүнийг одоо уучилсан. Д.Б- нь санаатайгаар ийм осол гаргаагүй учир одоогийн байдлаар гомдолгүй гэв.

Хохирогч Ж.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний хүү Т-ыг автомашин жолоодож явж байхад нэг автомашин мөргөсөн. Гэнэт автомашин урсгал сөрж мөргөсөн. Тэрний улмаас зам тээврийн осол гарсан. Одоогоор нарийн тооцоо гарсан зүйл байхгүй байна. Түүнийг баримтаар нэхэмжлэх болно. Миний нөхөр Д.Ч-, бэр Х- болон миний эмчилгээ дуусаагүй байгаа цаашид хаана, хэрхэн эмчилгээ сувилгаа хийлгэхийг хэлж мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-189 дүгээр хуудас/,

Хохирогч М.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний биеийн байдал хүнд хэцүү, хүний асаргаанд орсон. Заавал хүний тусламжтай орноос босож хөдөлж байна. Манай нөхрийн жолоодож явсан автомашины урд талаас авто машин урсгал сөрж ирээд мөргөсөн. Түүнээс болж осол гарсан гэж бодож байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-185 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л-мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...Талийгаач Л- нь миний төрсөн дүү байгаа юм. Би төрсөн эгч нь бид хоёр эцэг, эхээсээ гурвуул, нэг эгчтэй миний аав, ээж хоёр нас барсан. Талийгаач Л- 1964 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Бор тал аймагт төрсөн. Талийгаач Хятад улсын иргэн бөгөөд хувийн бизнесийн ажил хийдэг байсан. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өглөө мэдсэн. Видео чат нь надад байдаг. Тэгээд над руу Д.Б- холбогдсон. Тэгээд муу мэдээтэй байна гэж хэлсэн. Миний дүү архи огт уудаггүй хүн байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх түүнд байдаг, олон жил жолоо барьсан. Хэрэв тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол осол гаргах хүн биш бид нар талийгаачийг автомашин жолоодож яваад осол гаргасан гэхэд эргэлзэж байсан. 2018 оны 02 дугаар сар буюу цагаан сарын үеэр мэдсэн. Тэрнээс хойш хамт амьдрах болсон. Талийгаач Д.Б-тэй хамт манайд ирсэн. Миний дүү Д.Б-тэй цуг амьдарч байсан. Түүнийг би мэдэж байна. Би болсон хэргийн талаар ойлгож мэдсэн. Нэгэнт зам тээврийн осол болсон. Д.Б- манай дүүтэй гэр бүл болох гэж байсан тул түүнээс нэхэмжилэх зүйл байхгүй. Гомдол санал огт байхгүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-197 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Миний ах Т- аав гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргэж харсан. Тэгтэл бид нарын автомашины өмнөөс буюу урд талаас автомашин урсгал сөрж мөргөсөн. Тэгээд зам тээврийн осол гарсан. Миний толгой, зүүн хөл, гар өвдөх болсон. Миний эмчилгээ, сувилгаанд тодорхой хэмжээний зардал гарсан байна. Түүнийг миний ээж П- баримтаар нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар хуудас/,

Гэрч Ч.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг явж байхад гэнэт өөдөөс явж байсан цагаан шаргал өнгийн жийп автомашин миний явж байсан урсгал руу сөрөөд ороод ирсэн. Тэгээд би тухайн үед баруун гар тал руугаа рүлээ дараад тухайн автомашин манай автомашины зүүн талаас мөргөж манай машин замын хажууд онхолдсон анх мөргөлдөх үед эмэгтэй хүн жолоодож байсан 1 эрэгтэй хүн тэгээд машин жолоодож байсан эмэгтэй хүн нийт 2 хүн л явсан. Тэр машинаас эрэгтэй хүнийг гаргаж байсан хүн бол замын хүн байсан. махлаг 40 гаруй насны эрэгтэй хүн байсан. саарал өнгийн “приус-20” маркийн автомашинтай хүн байсан. Машины улсын дугаарыг хараагүй. Тухайн осол болох үеийн зам бол ямар ч эвдэрэлгүй байсан, мөн цаг агаар бороо ороогүй, шороо шуураагүй нартай хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний эгч Д.Б- ___ улсын дугаартай шаргал өнгийн “___” маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан явдлыг би ойлгож мэдсэн. Надад нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/,

Гэрч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Одоо бид нарын хооронд ямар нэгэн мөнгө төгрөгний тооцоо байхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 219 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9953 тоот актын:

1.Д.Ч-ын биед хэвлий, цээжний битүү гэмтэл, дэлүүний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн 9, 10, 11-р хавирганы хугарал гэмтэл учирч уг гэмтлийн улмаас дэлүүг авах мэс засал хийлгэжээ.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс дэлүүний урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул мөн журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  

4. “Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30 хувь тогтонги алдагдуулна..”.гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 227 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9952 тоот актын:

1.Ж.П-ын биед зүүн атгаал чөмөгний далд зөрөөтэй хугарал, тархины доргилт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй... гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 235 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9954 тоот актын:

1. М.Х-ы биед зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн хоншоорын урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын далд хугарал, зүүн эгэмний зөрөөтэй далд хугарал, сээрний 4-12-р, бүсэлхийн 1-р нугамын их биеийн шахагдсан хугарал бүсэлхийн 1-4-р нугамлын баруун хажуугийн сэртэнгийн зөрөөтэй хугарал, зүүн атгаал чөмөгний далд зөрөөтэй хугарал, тархины доргилт, хуйхны няцарч хууларсан шарх зүүн нүдний зовхины цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс зүүн зулай ясны шугаман хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул мөн журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4. Дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна ... гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 243 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

1.2. Талийгаач Л-ы цогцост хийсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээгээр дээрх дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байх шарх, зулгаралт, гэмтлийн өнгө, байдлаар тогтоогдож байна. Талийгаач Л- нь авто ослын хавсарсан гэмтлийн улмаас зүрхний баруун хана урагдан цээж, хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 17-19   дүгээр хуудас/

Шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 09 тоот шинжээчийн дүгнэлт:

1. ___ улсын дугаартай “___” маркийн автомашин жолооч Д.Б- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 85-15 УНЦ улсын дугаартай “___” маркийн автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь хэрэгт авагдсан материалуудаас тогтоогдохгүй байна

2. ___ улсын дугаартай “___” маркийн автомашин жолооч Д.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7А, 8.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохихцуулагч, цагдаагийн хошууч Ц.Алтан-Эрдэнийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн №5521 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн “___” маркийн  автомашины явах эд анги, жолооны механизм гэмтэлтэй байна.

2. Дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй .

3. Дээрхи гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гархад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 75-76 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн №5659  тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн “___” маркийн автомашины явах эд анги, жолооны механизм, тоормосны механизм гэмтэлтэй байна. Тоормосны механизмын гэмтэл нь осолд нөлөөлсөн байж болно.

2. Тоормосны механизмын бүрэн бус байдал болон тээврийн хэрэгслийн эсрэг урсгал руу орсон нь зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 92-94 дугаар хуудас/ зэрэг болно. 

Есөнзүйл сумын эрүүл мэндийн төвийн дуудлагын журналд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн 2 хуудас бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 132-135 дугаар хуудас/

Хохирогч Д.Ч-ын хохирол нэхэмжилсэн баримтуудыг хүлээн авсан тэмдэглэл, эмчилгээний хохирлын баримтууд /11 112 127/ төгрөг /1 дүгээр хх-ийн 136-152 дугаар хуудас/

Хохирогч Ж.П-ын хохирол нэхэмжилсэн баримтуудыг хүлээн авсан тэмдэглэл, хохирлын баримтууд /2 569 684/ төгрөг /1 дүгээр хх-ийн 160 дугаар хуудас/

Хохирогч М.Х-ы хохирол нэхэмжилсэн баримтууд бодит хохирол 2 469 371 төгрөг сургуульдаа явсан билетний зардал 1 710 000 төгрөг /1 дүгээр хх-ийн 163-169 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг “Гарц” гэх газарт асфалтан замд ___ улсын дугаартай “___” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2 дахь заалт “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Ч-, хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, хохирогч Ж.П-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, БНХАУ-ын иргэн Л-ы амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Ч-, М.Х-, Ж.П- нарын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 176-180, 183-185, 187-189 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Линингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195, 196-197 дугаар хуудас/, гэрч Ч.Дуламсүрэн, Ч.Т- нарын мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 191-192, 212-213 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9953, 9952, 9954 тоот актууд /2 дугаар хх-ийн 227, 235, 243 дугаар хуудас/,  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 17-19 дүгээр хуудас/, Шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн №5521 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 75-76 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн №5659 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 92-94  дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-т Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүхээс Д.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний биед хүндэвтэр, хүнд, 1 хүний биед хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоос 29.500.000 төгрөгийг төлж, 15.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хохирогч Д.Ч-, хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ж.П-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэрэг мөн БНХАУ-ын иргэн Л-ы амь насыг хохирсон байдал зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд “...Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эрүүл мэнд зэргийг нь харгалзан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхээр бол шүүдэгч Д.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хэрвээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг хэрэглэх бол хорих ял оногдуулаад 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү ” гэв.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хохирогч Д.Ч-, хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ж.П-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэм хор арилаагүй мөн энэ хэргийн улмаас БНХАУ-ын иргэн Л-ы амь насыг хохирсон байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 2 жил 5 сарын хорих ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч Д.Б-т оногдуулсан уг 1 жилийн хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаа буюу 3 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ч- баримтаар 38893376 төгрөг, хохирогч М.Х- баримтаар 6728800 төгрөг, хохирогч Ж.П- баримтаар 3941734 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч Д.Б-, хохирогч Д.Ч- хохирогч Ж.П- нар харилцан тохиролцож үлдэх хохирлоос 15.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож илэрхийлсэн тухай баримтаа ирүүлснийг хохирогч Д.Ч- хохирогч Ж.П- нар болон түүний өмгөөлөгч Н.Болд нар мөн хүлээн зөвшөөрсөн тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлдэг тул шүүгдэгч Д.Б-ээс хохирол 15.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ч- хохирогч Ж.П- нарт олгох нь зүйтэй байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч Д.Ч- хохирогч Ж.П-, хохирогч М.Х- нар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирүүлсэн шүүгдэгч Д.Б-ийн “В” ангилалын 582776 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Улаанбаатар хот Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалын 582776 дугаарын үнэмлэхийг Улаанбаатар хот Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлэхийг, Д.Очирхуягийн эзэмшилд байх ___ улсын дугаартай шаргал өнгийн land Cruiser 80 маркийн автомашины 01762211 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Д.Бямбадоржид буцаан өгч, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг  тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш- овгийн Д-ын Б-ийг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д-ын Б-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Д-ын Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг Улаанбаатар хот Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Б- нь, хохирогч Д.Ч-, М.Х-, Ж.П- нарт эрүүл мэндэд нь учирсан хохиролд 29.500,000 төгрөгийг төлж, үлдэх хохирол 15.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийсэн, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч Д.Ч-, М.Х-, Ж.П- нар нь шүүгдэгч Д.Б-ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ___ улсын дугаартай Дагвасүрэнгийн Очирхуягийн эзэмшлийн №01762211 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгож, Д-ын Б-ийн №582776 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Улаанбаатар хот Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд тус тус даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Б- нь 15. 000. 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Б-ээс 15.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн хуууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА