Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 646

 

   

                                                     

 

 

 

 

 

 

 

Б.Отгонбатад холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Дэлгэрдалай,

Ялтан Б.Отгонбатын өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан, ялтан Б.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Отгонбатад холбогдох эрүүгийн 201726010709 дугаартай хэргийг 2017 оны 8  дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүрээ зуу овогт Бат-Очирын Отгонбат, 1963 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Молор мах менежмент” ХХК-д сахиулаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамж, 398 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 161 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 132 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  /РД:ХМ63121670/,

Б.Отгонбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Молор мах Менежмент” ХХК-ийн байранд өөрийн хүргэн болох Ц.Гантөмөртэй “хөзөр тоглолоо, больцгоо” гэж маргалдаж, улмаар архины шилний хагархайгаар хүзүүн тус газар нь хатгаж гэмтээсний улмаас Ц.Гантөмөр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан буюу Б.Отгонбат нь Ц.Гантөмөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан,

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Молор мах Менежмент” ХХК-ийн байранд иргэн Д.Жанчив-Юндэнг өөрөөс нь “болсон явдлын талаар асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Отгонбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,  мөн Д.Жанчив-Юндэнг өөрөөс нь “болсон явдлын талаар асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт Б.Отгонбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Б.Отгонбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Отгонбатыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбатыг 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

                Ялтны өмгөөлөгч Б.Энх-Амгалан, П.Отгонбаяр нар давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед Б.Отгонбат болон түүний өмгөөлөгчдийн хувьд хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаантай байсан бөгөөд шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан болно. Уг хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх энэ үед Б.Отгонбат нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал бий болоод байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Б.Отгонбатад анхан шатны шүүхээс хүлээлгэсэн 8 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

            Ялтан Б.Отгонбат давж заалдах гомдолдоо: “...8 жилийн нээлттэй хорих ангид биеэр эдлэх ял авсан. Хүргэн Гантөмөрийн амь насыг хохироосон гэмт хэрэгтээ маш их харамсан гэмшиж байна. Миний авсан 8 жилийн ялыг хөнгөлж өгнө үү...” гэжээ.                                                                                       

                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Отгонбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Молор мах Менежмент” ХХК-ийн байранд өөрийн хүргэн болох Ц.Гантөмөртэй “хөзөр тоглолоо, больцгоо” гэж маргалдаж, улмаар архины шилний хагархайгаар хүзүүн тус газар нь хатгаж гэмтээсний улмаас Ц.Гантөмөр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан буюу Б.Отгонбат нь Ц.Гантөмөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Ялтан Б.Отгонбатын мөрдөн байцаалтанд сэжигтнээр байцаагдаж, мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цаг хүртэл манай байгууллагын ажилчид мах буулгаж, ачсан юм, тухайн үед би манааны ажилтай байсан.  Тэгээд хамаг автомашин техникээ явуулчихаад хашааны хаалгаа түгжчихээд, манаачийн пүткэндээ орсон. Манаачийн пүткэнд миний урьд нь аваад талыг нь уучихсан байсан “Хараа”  нэртэй архи байсан ба би ганцаараа уг тал шил архийг уусан. Тэгээд би жаахан согтчихсон байна лээ. Би байгууллагын бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг учраас гарч эргүүл хийж байтал манай оффисын гал тогооны өрөөний цонх гэрэлтэй байхаар нь яваад ортол манай хүргэн Гантөмөр, байгууллагын галч Батаа, гагнуурчин Ган, ачигч Жанчив нар хөзөр тоглоод байж байсан. Би тэгээд хүргэн Гантөмөрт хандан унтаж амархад яадаг юм гээд зандарсан юм шиг байна лээ, тэгсэн чинь манай хүргэн Гантөмөр босч ирээд миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохьсон, тэгэхээр нь би уурлаад эргэж гараад, хаанаас авснаа санахгүй байна, нэг архины шил аваад гадаа довжоон дээр хагалаад, тухайн  архины шилний цорго хэсгийг бариад буцаж ороод хүргэн Гантөмөрийн хүзүү рүү нь нэг удаа хатгасан. Тэгээд хэн нэгэн намайг хүн алчихлаа ш дээ гэж хэлж байгааг сонсоод сэргэсэн, тэгээд нэг мэдсэн чинь шалаар нэг цус болчихсон, хүргэн Гантөмөр хувцас сольдог өрөөнд ороод унасан байна лээ, тэгээд төд удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 148-149/,

Ялтан Б.Отгонбатын яллагдагчаар байцаагдаж, мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед гэж санаж байна манааныхаа путканд ороод 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи тал шил байсныг би ганцаараа уусан юм. Тэгтэл манай байгууллагын оффисын гал тогооны өрөөний цонх гэрэлтэй байсан, тэгэхээр нь ортол манай байгууллагын ажилчид болох Ган, Жанчив, Батаа, амь хохирогч Гантөмөр нар байцгааж байсан. Би ороод та нар эртхэн унтаж амархад яадаг юм гэж хэлсэн, тэгтэл манай хүргэн Гантөмөр босч ирээд миний урдаас “юу гээд байгаа пизда вэ” гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа цохиод авсан, тэгээд би манараад, согтолттой байсан болохоор ухаан орж гараад, тэгээд нэг мэдэхэд баруун гартаа архины шилний хагархай хэсэг барьчихсан, талийгаач харин хүзүүгээ барьж аваад хүзүүнээс нь их цус гарч байгаа харагдсан, тэгээд миний хажуугаар зөрөөд хувцас сольдог өрөө рүү яваад орсон, тэгээд тухайн үед манайхны хэн нь яг хэлснийг мэдэхгүй чи хүн алчихлаа ш дээ гэж орилж байсан ба би талийгаачийн араас нь ортол талийгаач хувцас сольдог өрөөний шалан дээр уначихсан, тухайн үед талийгаачийн хүзүүнээс их цус гарч байсан. Тэгээд л тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна, нэг ухаан орсон чинь цагдаа дээр хүргэгдэж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 151-152/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батболдыг байцаасан тэмдэглэлд: “...Талийгаачийн ажил явдалд нийт 7 000 000 төгрөгийн оршуулгын зардал гарсан байгаа. Гэхдээ энэхүү зардлыг нэхэмжлэхгүй. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-ийн 34-35 /,

гэрч Ц.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэсэн: “...манай ах, дүү нар энэ талаар ярилцсан юм. Тэгээд нэгийг нь алдчихаад нөгөөг нь хэцүү газарт хийчихнэ гэхээр үлдэж байгаа хүмүүстээ шаналалтай гэж бодож байна. Манай ах дүү нарын зүгээс талийгаачийнхаа хадам аавд ямар нэгэн гомдол санал байхгүй. Болсон асуудал хэдийгээр харамсалтай ч нэгэнт хадам аав нь болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...” /1хх-ийн 34/,

гэрч Д.Жанчив-Юндэн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “…намайг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны үүрээр 04 цагийн үед өрөөндөө унтаж байхад хамт ажилладаг Батаа ах хаалга нүдэж сэрээгээд доор хүн үхчихлээ гэж хэлсэн, тэгэхээр нь гэрийнхээ хувцастай доошоо буугаад очтол нэг давхрын хувцас сольдог өрөөнд талийгаач Гантөмөр ах шалан дээр хэвтчихсэн, хажууд нь Ган ах сөхөрч суугаад хүзүүн дээр нь дараад сууж байсан ба Отгонбат ах дээр очоод “юу болсон юм бэ Отгоо ах аа” гэж асуутал Отгонбат ах миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохиод “ална шүү пизда минь чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд дахин намайг цохих гээд давшлахад нь би 2 гарыг нь бариад хойшоо болж, дээшээ гарч өрөө рүүгээ орсон. Би дээшээ гарч хувцсаа өмсөөд буцаад буугаад иртэд Т.Отгонбат ах байхгүй болсон байсан, тэгээд захирал, Батаа ах, Урантуяа, Цогнамжил, Ган ах, Уугаа эгч нар байсан ба эмнэлэг цагдаа дуудсан гэж байсан. Тухайн үед хүмүүс их сандарсан байдалтай байсан. Эмнэлэгийн автомашин ирэх дөхөөд хашааны хаалгыг нээх шаардлага гараад, тэгээд цоожны түлхүүрийг намайг аваад ир гэсэн боловч би айгаад захирал Цэцэгийн хамтаар харуулын путканд очсон, Батаа ах захирал Цэцэг бид 3-ыг харуулын путканд очиход Отгонбат ах орон дээрээ ямар ч ухаангүй унтаж байсан, Отгонбат ахыг Цэцэг захирал сэрээх гэсэн боловч сэрээгүй, тэгээд Цэцэг захирал Отгонбат ахын халаасыг ухтал түлхүүр гарч ирээгүй, тэгээд буцаж очиж хашааны хаалгыг лантуугаар цоожийг нь цохиж эвдлэж нэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77/,

гэрч С.Батаа мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2017  оны 4 дүгээр сарын 12-ны орой махаа буулгаж дуусаад бид нар тэндээ хонохоор болсон юм, учир нь маргааш нь тог тасраад амрах юм чинь гэж бодоод бүгд хоносон юм. Тэгээд бид нар ажил дууссан юм чинь ганц шил архи хувааж уухаар болж Ган дэлгүүр лүү явж нэг шил 1 литрийн хэмжээтэй Алтан Чингис архи авчирсан. Байгууллагын цайны газрын өрөөнд Ганы авчирсан архийг Жанчиваас бусад нь хувааж ууцгаасан. Жанчив архи уухгүй гээд уугаагүй. Архи хувааж ууж суухдаа бид нар муушиг тоглосон юм. Биднийг архиа хувааж ууж суух үед Отгонбат ах орж ирж бидний ууж байсан архинаас нэг 2 удаа татсан. Архи дуусч байх үед Бямбаа, Жанчив, Цогнамжил нар амарлаа гээд өрөөнөөс гарцгаасан, дараа нь Отгонбат ах гаднаас орж ирээд хөзрөө больцгоо гэх утгатай юм ярьсан, яг юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна, тэгтэл Гантөмөр уурлаад тэр 2 маргасан, төд удалгүй Гантөмөр, Отгонбат ахын нүүр лүү нэг удаа цохьсон. Тэгээд Гантөмөр өрөөнөөс гараад хажуу талын хувцасны өрөө рүү орсон, Отгонбат ах харин цайны газраас гараад гадагшаа гарах шиг болсон.Учир нь тэр хоёр 2 тийшээ салаад явж байгаа харагдсан. Төд удалгүй Ган болохоо байлаа гэж орилхоор нь цайны газрын өрөөнөөс гараад хувцас солих өрөөний үүдэнд очтол Ган Гантөмөрийг тэврээд суучихсан, тухайн үед Гантөмөрийн хүзүүнийх нь хажуу хэсгээс цус гарч байсан, тэгээд цагдаа түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83/,

гэрч Ч.Ган мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгаас 25 тонн мах тээвэрлэгдэж ирээд шөнийн 01 цаг хүртэл буулгаж дууссан. Манай байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манайх тог тасрана гэсэн тул 13-ны өдөр амрах ёстой байсан юм. Тэгээд маргааш амралтын өдөр юм чинь гээд манай байгууллагын ажилчид болох Батаа, Гантөмөр, Бямбаа, Цогоо, Жанчив бид нар ажлаа дуусгаад алжаал тайлах зорилгоор нэг шил архи авч уухаар тохирсон юм. Цогоо, Жанчив 2 архи уугаагүй. Тэгээд би ганцаараа автомашинтай байсан болохоор би дэлгүүр явж 1 л хэмжээтэй Алтан Чингис нэртэй архи авчирч бид нар цайныхаа газарт хувааж уусан. Биднийг архи хувааж ууж байхад манай манаач ах Отгонбат гаднаас орж ирээд 2-3 удаа бидний ууж байсан архинаас татсан. Архи дуусах үед буюу 4 цагийн үед Цогоо, Бямбаа, Жанчив нар унтлаа гээд дээшээ гарсан юм. Цайны газрын өрөөнд би, Гантөмөр, Батаа 3 хөзөр тоглоод байж байтал гаднаас Отгонбат ах гаднаас нилээн согтуу орж ирсэн. Отгонбат ах орж ирээд  наад тоглоомоо боль гэж хэлээд ширээ гараараа хүчтэй цохиод авсан, тэгээд Гантөмөр босч ирээд таньд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Отгонбат ахын нүүр лүү нэг удаа гараараа цохьсон, тэгтэл Отгонбат ах эргэж гараад явсан, Гантөмөр би амарлаа гээд хажуу талын хувцасны өрөө рүү орж хувцсаа солих гээд орсон. Батаа бид 2 цайны газарт юм яриад сууж байтал Гантөмөр гарснаас хойш 1-2 минутын дараа цайны газрын үүдэнд пижигнэх чимээ гарсан, тэгээд би гартал Гантөмөр хувцасны өрөөний хаалга түшчихсэн, хүзүүнийх нь баруун хэсгээс гэж санаж байна цус олгойдож ихээр гарч байсан, тухайн үед Отгонбат ах байхгүй гараад явчихсан байсан...” /1хх-ийн 87/,

гэрч Х.Цогнамжил мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...өглөө 4 цагийн үед манай хамт ажилладаг Батаа ах хаалга нүдээд “алив босоорой доор нэг юм болчихлоо, Гантөмөр ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Жанчив бид 2 доошоо нэг давхарт буугаад иртэл хамт ажилладаг Гантөмөр хувцас сольдог өрөөний дотор шалан дээр хүзүүнээс нь цус гарсан байдалтай, Ган ах түүнийг тэвэрч суугаад хүзүүн дээр нь гараараа дарж байгаа харагдсан. Тухайн үед их цус байсан болохоор би харж чадаагүй. Удалгүй цагдаа, түргэн ирээд Гантөмөр ахыг эмч нар үзээд аваад явсан. Тухайн үед манай дарга Цэцэг эмнэлэг рүү Гантөмөр ахын араас явахдаа биднийг хувцас сольдог өрөөг цэвэрлэчихээрэй гэж хэлсэн болохоор тэр хавийг цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91/,

гэрч М.Ууганзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 4 цаг 18 минутанд гэртээ унтаж байхад гар утсанд дуудлага ирсэн. Манай нөхөр Ган над руу “Отгоо ах хүн алаад хаячихлаа, хурдан 103 дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд хувцсаа өмсөөд оффис рүү явж очоод дотогш ортол Отгонбат ах хувцас сольдог өрөөний үүдэнд зогсоод амандаа “пизда...” гэж хэлээд зогсож байсан, тэгээд би хувцас сольдог өрөөний шалаар бөөн цус болчихсон, хурдлаарай түргэн дуудаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94/,

гэрч Ч.Цэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...намайг унтаж байх үед 4 цаг 30 минутын үед Ууганзаяа над руу утсаар “Цэцэгээ эгчээ Отгонбат ах Гантөмөрийг шилээр хүзүү рүү нь хатгачихлаа цус гараад тогтохгүй байна та хурдан буугаад ир” гэж хэлсэн. Тэгээд би гутлаа өмсөөд л доошоо буусан чинь хувцас сольдог өрөөний хувцасны шүүгээний дэргэд Гантөмөр атрилдаад хэвтэж байсан, харин Ган хажууд нь хүзүүг нь дараад сууж байсан учраас Отгонбатын байсан харуулын путка руу очсон. Путка руу ороход Отгонбат ямар ч ухаангүй орон дээрээ дээш хараад согтуу хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 807 дугаар: “...талийгаач дээрхи хүзүүний хатгагдсан шарх, гүрээний судасны гэмтлээс үүссэн хурц цус алдалтын дараах цус багадалтанд орж зүүн тал бөмбөлгийн хажуу ховдол, зулай, чамархай хэсгийн цус хомсорлоор нас баржээ...” /1хх-ийн 104-106/ гэх,

               

                Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 511 дугаар дүгнэтэд: “...Б.Отгонбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Отгонбат нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /1хх-ийн 122-123/ гэх,

           

            Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэлийн хуулбар /1хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 1-7/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 9/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-12/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 18-24/, Гэмтэл согог судлалын өвчний түүх /1 хх-ийн 61-76/, хураан авах тогтоол /1 хх-ийн 99-101/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос Б.Отгонбатыг  2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Молор мах Менежмент” ХХК-ийн байранд иргэн Д.Жанчив-Юндэнг өөрөөс нь “болсон явдлын талаар асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүх  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг журамлаж хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 гэсэн заалт байхгүй, харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  уг заалт байгаа тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ.

Ялтан Т.Отгонбат нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Ц.Гантөмөрийн  зүй бус харилцаа нөлөөлсөн, улмаар амь хохирогч талаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд шинээр ирүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна. 

Иймд ялтан Т.Отгонбат, болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, П.Отгонбаяр нарын  “хорих ялыг багасгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,1.5  дахь  заалтуудыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дүгээр сарын  5-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

            “1” дэх заалтын “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,34 дүгээр зүйлийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “ гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5” гэж,

“4 дэх заалтын: “Шүүгдэгч Б.Отгонбатыг 8 /найм/ жилийн хугацаагаар” гэснийг “Шүүгдэгч Б.Отгонбатыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ                                            

                                    ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                           

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ