Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2017/0856/З |
Дугаар | 922 |
Огноо | 2017-12-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 922
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т гийн Ц
Хариуцагч: Авлигатай тэмцэх газар.
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э, гэрч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Т гийн Ц би Авилгатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан ба 2015 оны 3 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан тус улсын Оснабуркын Их сургуулийн магистрын сургалтад 2.5 жилийн хугацаатай суралцахаар болж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Авилгатай тэмцэх газрын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 тоот тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн билээ. Тэтгэлэгтэй суралцах болсонтой холбоотойгоор 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулах 16 тоот гэрээг байгуулж тухайн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “... Суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн, эх орондоо ирэхэд нь тус гэрээний дагуу ажилд авч 2 буюу түүнээс дээш жил ажиллуулах үүргийг байгууллагад хүлээлгэсэн” байна.
Би гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сард сургуулиа амжилттай төгсөж, 8 дугаар сарын 31-ний өдөр эх орондоо эргэн ирсэн ба ажилд эргэн орох хүсэлтээ байгууллагадаа өгсөн боловч хууль ёсны ямар нэгэн үндэслэлгүйгээр буюу өмнө ял шийтгэгдэж байсан гэж өрөөндөө дуудан амаар хэлэн буцаан авахаас татгалзасан байна. Үнэндээ би насанд хүрээгүй байх үедээ буюу 15 настай байхдаа хэрэгт шалгагдсан боловч насанд хүрээгүй байсан учир хэрэг шийтгэх тогтоолыг 1 жилээр хойшлуулж шийдвэрлэсэн ба тухайн хугацаанд ямар нэгэн хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцох талаар 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т заасны дагуу ялгүйд тооцогдсон тул ял шийтгэлгүй билээ. Гэтэл одоогоос 16 жилийн өмнөх хэргийг сөхөж хууль бус шаардлага тавьж байна. Гэхдээ энэхүү үндэслэлээ ямар нэгэн бичгийн хэлбэрт оруулж захиргааны акт үйлдээгүй хирнээ миний орон тоон дээр өөр хүн авч гэрээ байгуулан ажиллуулж байгаа нь өөрөө захиргааны хууль бус үйлдлийг илэрхийлж байна.
Тиймээс би дараах үндэслэлээр миний ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлэхээс хууль ёсны үндэслэлгүйгээр татгалзаж байгаа захиргааны үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1. Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ажилтны ажил албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хэвээр хадгалагддаг ба ажилтан ажилдаа эргэн ирэхэд ажил олгогч түүнийг буцаан авах үүрэгтэй байдаг.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажил олгогчийн санаачлагаараа ажлаас халахыг хориглоно гэж 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан байдаг.
3. Ажил олгогч нь заасан хугацаанд сургуулиа амжилттай төгсөөд ирсэн тохиолдолд 2 буюу түүнээс дээш жилийн хугацаагаар ажиллуулах талаар тохиролцсон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн
4. Ямар нэгэн захиргааны акт үйлдэлгүйгээр ажилд эгүүлэн авахаас татгалзаж, хэвээр хадгалагдаж буй орон тооны ажилд өөр хүн авч ажиллуулж байгаа
5. Хэрвээ ажил олгогч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ажилтныг ажилд нь эгүүлэн авахгүйгээр шийдвэрлэсэн бол энэ талаар захиргааны акт үйлдэж, тэр актыг мэдэгдэж, танилцуулж, сонсгох ажиллагаа хийх үүрэгтэй боловч энэ ажиллагааны нэгийг нь ч хийгээгүй зэрэг байдлаар хууль зөрчиж миний хууль ёсны эрхийг зөрчиж байна.
Тиймээс ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьд эрхэлж байсан албан тушаал болох Авилгатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтний орон тооны ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 112 тоот шийдвэрээр ажил олгогчийг хууль ёсны дагуу асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон боловч орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бус эс үйлдэл гаргаж байна.
Иймд ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Ц нь Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу сургалтаар явах болсны улмаас Авлигатай тэмцэх газраас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тоот тушаалаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн. Т.Ц нь 2012 онд анх Авлигатай тэмцэх газарт ажилд орсон бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16 дугаартай сургалтын гэрээг байгуулсан. Энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2-т “Т.Ц г сургуулиа амжилттай төгсөөд буцаад ирсэн тохиолдолд ажилд нь буцаан авч 2-оос дээш жилийн хугацаанд ажиллуулах үүргийг хүлээсэн” байдаг.
Гэрээнд заасны дагуу Т.Ц нь суралцаж байх хугацаандаа сурлагын дүнг байгууллагын хүний нөөцийн алба руу илгээж байсан бөгөөд тус сургуульдаа онц үнэлгээтэй суралцсан. Т.Ц гийн суралцсан сэдэв нь ажиллаж байсан ажилтай нь холбоотой байсан учир мэдлэг, чадвараа дээшлүүлж нийгэмд хэрэгтэй зүйлийг хийх хүсэлт эрмэлзэлтэйгээр эх орондоо буцаж ирсэн. Авлигатай тэмцэх газраас Т.Ц г сурч байх хугацаанд нь ирж ажилдаа ор гэж дуудсан. Т.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дипломоо гардаж авах учир 2017 оны 09 дүгээр сард очъё гэхэд Авлигатай тэмцэх газрын хүний нөөцийн албанаас яаралтай ир гэсэн учир билетээ урагшлуулж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад ирж байгууллагын дарга Э.Бтай 08 дугаар сарын 31-ний өдөр уулзахад өмнө нь гэмт хэрэгт шийтгэгдэж байсан учир ажилд буцаан авах боломжгүй гэсэн хариуг хэлсэн байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд “анх ажилд орж байгаа хүн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан бол авахгүй” заалт байсан боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Т.Ц нь насанд хүрээгүй байх үедээ буюу 15 насандаа хэрэгт шалгагдаж байсан баримт байдаг бөгөөд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар 1 жилийн хугацаанд ял хойшлогдож, ялгүйд тооцсон байдаг бөгөөд энэ нь нэхэмжлэгч Т.Ц г ажилд буцаан авахаас татгалзах үндэслэл болохгүй.
Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд гомдолд ямар шалтгаанаар татгалзсан тухайг тодруулах зорилгоор тухайн гомдлыг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч Т.Ц нь ажилдаа орохоор Авлигатай тэмцэх газарт өргөдөл бичиж өгсөн бөгөөд хариуцагчаас бичгээр ямар нэг хариу өгсөн зүйл байдаггүй бөгөөд ажилд авахаас татгалзсан үндэслэлээ биечлэн уулзаж хэлэхдээ хууль бус үндэслэлээр татгалзаж байгаа нь Т.Ц гийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчсөн учир үүнийг тодруулахаар гэрчээр дуудсан.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн агуулгаас харахад төрийн албан хаагч нь хуульд заасан үндэслэлээр ажил үүргээс түр чөлөөлөгдөж, түүний дараа чөлөөлөгдсөн үндэслэл нь арилмагц ажлын байрандаа буцаан ажиллах эрх нээгдэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Авлигатай тэмцэх газар нь нэхэмжлэгч Т.Ц г ажилд буцаан авч ажиллуулах үүргийг хүлээсэн. Төрийн албаны зөвлөлөөс 2009 оны 99 дүгээр тогтоолоор төрийн албанд анх орох иргэнийг нөөцөд авах тухай журмыг баталсан байдаг. Энэ журмын 2.2-т төрийн жинхэнэ албан хаагч нь сургалтаар явж байгаа бол төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэхээр тусгасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц нь тухайн түр чөлөөлөгдсөн үндэслэл нь арилмагц байгууллага тэргүүн ээлжинд буцаан авах үүрэг хүлээсэн ба гэрээний үүргийг хүлээж ажилд буцаан авахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргах ёстой шийдвэрээ гаргалгүйгээр үүргээ биелүүлэхгүй байгаа Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргын хууль бус үйлдлийг тогтоож, энэхүү хууль бус эс үйлдлийн улмаас учирсан хохирол болох нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийг ажилд орох тухай өргөдлийг өгсний дараа шийдвэрлэх үүрэг нь хариуцагч байгууллагад байгаа. Үүний дагуу захиргааны байгууллага бичгээр ямар нэг хариу өгөөгүй бөгөөд биечлэн уулзаж амаар хариу өгөхдөө захиргааны актад дурдсан үндэслэл нь хууль бус байна. Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч талаас гомдол гаргахад тухайн гомдлын хариуд Авлигатай тэмцэх газрыг Т.Ц г ажилд буцаан томилох тухай шийдвэр гаргах талаар дурьдсан. Үүний дараа Э.Б даргатай Т.Ц бид 2 хамт очиж уулзахад хуулийн зөвлөхтэй уулзахгүй гээд Т.Ц той уулзаж орон тоо байхгүй учир ажилд буцаан авах боломжгүй гэсэн хариуг дахин өгсөн учир тухайн гаргаж байгаа шийдвэрээ бичгээр гаргаж өгөхийг шаардсан. Т.Ц анх ажилдаа буцаан орох гээд 2017 оны 08 дугаар сарын 31-ий өдөр ирэхэд орон тоо байсан бөгөөд тухайн орон тоонд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д.Бат-Оргилыг авсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд нөөцөөс сонгон шалгаруулах талаар огт заагаагүй. Т.Ц г сургуулиа төгсөөд ирмэгц ажилд авч 2 жилээс дээш хугацаанд ажиллуулна гэж захиргааны байгууллага үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан байж түүнийгээ хуулиас давсан гэрээ байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар төрийн алба тогтвортой буюу мэргэшсэн байх шаардлагатай. Үүний дагуу гадаадад суралцаад ирсэн боловсон хүчнийг мэргэшлийн дагуу авч ажиллуулах ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа хүнд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглосон байдаг. Миний ажиглаж байгаагаар Э.Б дарга нь Т.Ц д ялгаварлал үзүүлж н.Бат-Оргилыг тухайн сул орон тоонд томилсон байна. Хариуцагч талаас хуульд зааснаар нөөцөөс авахаас илүүтэй тухайн байгууллага дотор ажиллаж байгаа хүнээр нөхнө гэж заасан учраас Т.Ц той байгуулсан гэрээг дагах үүрэг байхгүй гэж хэлж байна. Гэтэл хууль нь гэрээнээс дээгүүр хүчин чадалтай акт боловч хуульд заасан зохицуулалтыг нарийвчлан зохицуулах гэж талууд хоорондоо гэрээ байгуулж тохиролцдог. Тийм учраас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Т.Ц г нэг тэргүүнд ажилд авах үүрэг хариуцагч талд байсан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч Т.Ц г ажилд буцаж орох тухай хүсэлтээ өгөхөд үүний хариуд ямар нэг албан бичгээр хариу өгөөгүй, ажилд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг ажилд томилох боломжтой байсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон гаргуулах нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 120-45 тоотод оршин суух иргэн Т гийн Ц гоос гаргасан “...Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 112 тоот шийдвэрээр ажил олгогчийг хууль ёсны дагуу асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон боловч орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бус эс үйлдэл гаргаж байгаа... тул ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж, урьд эрхэлж байсан албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулахаар” шүүхэд хандсан нэхэмжлэлэд холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Т.Ц нэхэмжлэлдээ “Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ажилтны ажил албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хэвээр хадгалагддаг ба ажилтан ажилдаа эргэн ороход ажил олгогч нь түүнийг буцаан авах үүрэгтэй байдаг, ...ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халахыг хориглоно гэж 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан. Ажил олгогч нь заасан хугацаанд сургуулиа амжилттай төгсөөд ирсэн тохиолдолд 2 буюу түүнээс дээш жилийн хугацаагаар ажиллуулах талаар тохиролцсон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.” гэжээ.
Т.Ц г Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаар тушаалаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Судалгаа шинжилгээний албанд ажилтнаар туршилтын хугацаагаар, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар мөн албаны ажилтны ажлын байр /албан тушаал/-д тус тус томилж, улмаар түүний гаргасан хүсэлтийг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмыг дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна., 8.1.3 ...Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал хамаарна. ” гэж тус тус зааснаар Т.Ц Авлигатай тэмцэх газар ажиллаж байхдаа төрийн тусгай албан тушаалыг эрхэлж, төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарч байжээ.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан.
Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх, түүнтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрхийн актаар дараах байдлаар зохицуулсан байдаг. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.”, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 1 дэх хэсгийн 1.2-т “Энэхүү журмын зорилго нь төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан хүний нөөцөөр нөхөн хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино., 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна., 2.2.1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ..., гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон, ...мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, мөн журмын дөрөв дэх хэсэг /Нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа/-ийн 4.2-т “Энэхүү журмын 2.2.1...-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй.” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг /Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө./-т заасныг баримтлан Т.Ц төрийн албанаас түр чөлөөлөгдөж, түүний эрхэлж байсан Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтны албан тушаалын сул орон тоо гарахад тус байгууллагад ажиллаж байгаа албан хаагчийг томилж, орон тоог нөхсөн.
Одоогоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо байхгүй болно.
Нэхэмжлэгч Т.Ц нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус буюу дээр дурьдсанаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуульд
тодорхой зааж, зохицуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 35 дугаар зүйл /Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах/, 40 дүгээр зүйл /Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах/-д заасан үндэслэл төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй юм.
Дашрамд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдаад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албанаас түр чөлөөлсөн заалт ч байхгүй болохыг харж болно.
Дээр дурьдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд болон Авлигатай тэмцэх газрын хүний нөөцийн бүртгэлээс үзэхэд Т.Ц нь төрийн жинхэнэ албаны нөөцийн санд бүртгэлтэй байх тул Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст сул ажлын байр гарсан тохиолдолд Т.Ц г тус байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн жагсаалтаас нэр дэвшүүлэн томилогдох, гэрээнд зааснаар 2 буюу түүнээс дээш жил ажиллах эрхтэй нээлттэй юм.
Гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ гэсэн агуулгаар хууль тогтоомжийг зөрчих эрх Авлигатай тэмцэх газарт олгогдоогүй тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нэгэнт нэхэмжлэгч Т.Ц гийн төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд нэр дэвших замаар томилогдох эрх нь нээлттэй байсаар байхад “миний хууль ёсны эрхийг зөрчсөн... төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ажилтны ажил албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хэвээр хадгалагддаг ба ажилтан ажилдаа эргэн ороход ажил олгогч нь түүнийг буцаан авах үүрэгтэй байдаг 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг болон ажил олгогч нь заасан хугацаанд сургуулиа амжилттай төгсөөд ирсэн тохиолдолд 2 буюу түүнээс дээш жилийн хугацаагаар ажиллуулах талаар тохиролцсон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
2. Нэхэмжлэлд “... ямар нэг захиргааны акт үйлдэхгүйгээр ажилд эргүүлэн авахаас татгалзаж, хэвээр хадгалагдаж байгаа орон тооны ажилд өөр хүн авч ажиллуулж байгаа. Хэрвээ ажил олгогч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ажилтныг ажилд нь эргүүлэн авахгүйгээр шийдвэрлэсэн бол энэ талаар захиргааны акт үйлдэж, тэр актыг мэдэгдэж, танилцуулж, сонсгох ажиллагааг хийх үүрэгтэй боловч энэ ажиллагааны нэгийг нь ч хийгээгүй зэрэг байдлаар хууль зөрчиж, миний хууль ёсны эрхийг зөрчиж байна ” гэжээ.
Т.Ц гоос Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан гомдлыг харъяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, судлан үзээд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 17 дугаар зүйлд зааснаар Авилгатай тэмцэх газрын төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн болон Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст сул ажлын байр гарсан тохиолдолд томилогдох эрх нь нээлттэй тухай хариуг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн .
Дээрх тохиолдолд захирамжилсан шинж бүхий захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Авлигатай тэмцэх газрын Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин түүнийг ажил албан тушаалд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох тухай захиргааны акт гаргуулахаар тусгаж байгаа нь хууль бус буюу үндэслэлгүй байна.
Иймд Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмыг баримтлан дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Ц гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар захиргааны санаачлагаар сургалтад суух үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бол нөөцөд бүртгэлтэй байна гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журамд “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж нөөцөд бүртгэгдсэн нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд түүнийг томилох хүртэл хугацаанд нөөцөд байхаар тогтоосон. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд төрийн байгууллагын сул орон тоог ямар үндэслэл журмын дагуу нөхөх талаар тодорхойлсон байдаг. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу тус байгууллагад ажиллаж байгаа албан хаагчийг тухайн албан тушаалд томилж, орон тоог нөхсөн. Хэрвээ энэ хуулийн 17.1-д зааснаар сул орон тоог нөхөх боломжгүй бол 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нөөцөөс авах зохицуулалттай.
Т.Ц г сургуулиа төгсөж ирсний дараа ажилд буцаан авахаар байгуулсан гэрээнд “хуульд нийцүүлэн” гэж заасан. Хууль тогтоомжид буюу Төрийн албаны тухай хуульд дээрх байдлаар зохицуулсан.
Нэхэмжлэгч талаас тухайн сул орон тоонд дотор ажиллаж байгаа албан тушаалтны хүсэлтийг харгалзахгүйгээр өөрийг нь томилох ёстой байсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн байгууллага дотор ажиллаж байгаа албан хаагч давуу эрхтэй байна. Тийм учраас дотор ажиллаж байгаа ажилтны хүсэлтийг харгалзан тухайн албан тушаалд томилсон.
Гэрээг хууль бус гэж үзээгүй. Гэрээнд заасны дагуу сургуулиа төгсөөд ирэхэд томилох тухай асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасантай уялдуулна гэсэн агуулгатай. Хэрвээ хууль зөрчсөн гэрээ гэж үзсэн бол Т.Ц г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу чөлөөлөхгүй бөгөөд суралцах хугацаанд нь 2 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байсан. Гэрээг мөрдөхдөө хууль тогтоомжийн хүрээнд мөрдөнө.
Хэрвээ сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17.4-т зааснаар нөөцөөс нэр дэвшүүлж Т.Ц г ажилд авах боломжтой. Бид ажилд томилоогүй тул цалин олгох боломжгүй, ажилд томилоогүй үндэслэл нь хуульд нийцсэн тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гэрчээр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Б мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Гадаад харилцааны яам руу шилжих хүсэлтээ гаргаж шилжсэн бөгөөд тухайн ажлын байрны сул орон тоо гарч ирсэн. Үүний дараа Т.Ц ажилд буцаан орох тухай хүсэлтээ байгууллагад ирүүлсэн байсан. Үүнийх нь дагуу Т.Ц гоос сургуулиа төгссөн эсэх талаар тодруулахад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр очих боломжтой гэсэн хариу өгсөн. Үүний дараа Авлигатай тэмцэх газарт олон нийттэй харилцах ажилтан н.Бат-Оргил тухайн ажлын байранд ажиллах хүсэлт гаргасныг үндэслэн Төрийн албаны тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу шилжүүлэн ажиллуулсан.
Т.Ц той 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уулзсан. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын эхээр Т.Ц нь хуулийн зөвлөхтэйгээ ирж уулзсан бөгөөд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан тухайгаа хэлж байсан. Т.Ц г тухайн ажлын байранд ажиллах сул орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан. Нөөцөд бүртгэгдсэн байгаа учир сул орон тоо гарах юм бол ажилд буцаан авах боломжтой гэж нэхэмжлэгч Т.Ц д хэлсэн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өөр улсад суралцахаар явж байгаа учраас тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдөж нөөцөд бүртгэгдэнэ. Нэгэнт нөөцөд бүртгэсэн учраас мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоо гарсан тохиолдолд Т.Ц г нөөцөөс сонгон авч ажиллуулах боломжтой.
Тухайн үед Т.Ц той уулзахдаа өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан талаар ярьсан. Анх Т.Ц г ажилд ороход цагдаагийн байгууллагаас ирсэн лавлагаагаар ялтай хугацаа нь дууссан байсан учир бидэнд мэдэгдээгүй. Гэхдээ ажилд авахаас татгалзах үндэслэл нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх нь биш. Сул орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр томилоогүй байгаа. Сул орон тоо гарахаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нөөцөөс нэр дэвшүүлж томилох боломжтой.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ц нь Авлигатай тэмцэх газарт холбогдуулан “Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах байдлаар хууль тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Т.Ц нь Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаар тушаалаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Судалгаа шинжилгээний албанд ажилтнаар туршилтын хугацаагаар, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 150 дугаар тушаалаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст ажилтнаар, туршилтын хугацаа дуусч 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар “магистрын сургалтад 2 жилийн хугацаагаар суралцах болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгджээ.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.2, 8 дугаар зүйлийн 8.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2-т тус тус зааснаар Т.Ц Авлигатай тэмцэх газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа төрийн тусгай албан тушаалыг эрхэлж, төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамаарч байжээ.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, уг хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх, төрийн албаны нөөцөд байх, улмаар төрийн албанд буцаан томилогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 17 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байна.
Иймд энэ харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахгүйн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах зохицуулалт хамааралгүй, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн үед түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдахгүй, энэ үндэслэлээр чөлөөлөгдсөн үед түүний ажлын байрыг сул орон тоо гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар нөхнө.
Төрийн жинхэнэ албан хаагчийг 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, түүнтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрхийн актаар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар “3 сараас дээш хугацаагаар суралцах болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг мөн зүйлийн 23.5-д төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцохоор заажээ.
Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмаар төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх, төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх харилцааг зохицуулсан бөгөөд журмын 2-т зааснаар нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн 2 дэд хэсэгтэй, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөж мөн зүйлийн 23.5-д заасан төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдсон төрийн жинхэнэ албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүрэлдэхүүн хэсэгт хамаарахаар, 4.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй.” гэж заажээ.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч Т.Ц нь мөн зүйлийн 23.5-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн бөгөөд түүний төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хүчин төгөлдөр байх нь.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Оснабуркын Их сургуулийн магистрын сургалтад 2.5 жил суралцахаар болсон Т.Ц той ажил олгогч Авлигатай тэмцэх газар “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулах” 16 тоот гэрээг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн, эх орондоо ирэхэд нь тус гэрээний дагуу ажилд авч 2 буюу түүнээс дээш жил ажиллуулах” үүргийг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч нь “гэрээнд заасны дагуу сургуулиа төгсөөд ирэхэд нь ажилд авч ажиллуулах үүрэгтэй, сул орон тоо байсан” гэж, хариуцагч нь “сургуулиа төгсөөд ирэхэд нь ажилд авч ажиллуулах гэрээний заалтыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар сул орон тоог нөхсөн, ийнхүү нөхөх боломжгүй тохиолдолд 17.4-т зааснаар нөөцөөс нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой” гэж тайлбарлан маргажээ.
Т.Ц гийн ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст ажилтны сул орон тоо гарсныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж зааснаар тус газрын Тамгын хэлтсийн олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан комиссар Д.Бат-Оргилыг тухайн ажлын байранд ажиллах хүсэлт гаргасныг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар шилжүүлэн томилж ажиллуулжээ.
Дээрх ажлын байр буюу сул орон тоо гарсантай холбогдуулан нэхэмжлэгч Т.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилогдох хүсэлтээ тус газарт ирүүлсэн, сургуулиа дүүргэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ирж, 8 дугаар сарын 31-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргатай уулзсан болох нь хариуцагчаас ирүүлсэн хүсэлт, түүн дээр хийгдсэн цохолтууд, Тамгын хэлтсийн дарга З.Бын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх хэдий ч энэ сул орон тоонд тус байгууллагад ажиллаж байгаа ажилтныг томилсон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.
Учир нь “сургуулиа төгсөөд ирэхэд нь ажилд авч ажиллуулах” үүрэг хариуцагчид хүлээлгэсэн “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулах” 16 тоот гэрээг хуульд нийцүүлэн хэрэглэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн нэхэмжлэгчийг ажилд томилохдоо мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нөөцөөс нэр дэвшүүлэх журмаар томилох ба уг заалтыг “17.1-д зааснаар сул орон тоог нөхөх боломжгүй үед” л хэрэглэхээр хуульд нарийвчлан зохицуулжээ.
Иймд хэдийгээр сургуулиа төгсөөд ирэхэд нь сул орон тоо байсан ч ажилд томилоогүй, уг сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчаас нөхсөн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй, ажилд томилсон шийдвэр гаргаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна.
Т.Ц гийн гомдлыг Төрийн албаны зөвлөл 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 112 тоотоор “... гэрээний дагуу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр” хариуцагч байгууллагад шилжүүлсэн нь түүнийг ажилд томилохыг даалгасан үр дагавар үүсгэх шийдвэр биш тул хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгахгүй.
Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажилд авахаас татгалзсан шийдвэр гаргаагүй тул ямарваа захиргааны акт гарахгүй юм.
Хариуцагч сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нөөцөөс нэр дэвшүүлж Т.Ц г ажилд авах боломжтой хэмээн тайлбарлаж байгааг, мөн “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулах” 16 тоот гэрээ нь түүнийг ажилд томилж, 2 жил ажиллуулах хүртэл хүчинтэйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэгч Т.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА